Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 519

 

Т.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч С.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаар магадлалтай, Т.Сд холбогдох 18090043160950 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тугчин овогт Т.С нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Сг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сгаас 118.565.570 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мт олгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.М шууд бус хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт Ж.М, Т.Сгийн Хаан банкны 5003470444 данс битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М /РД:ЧП65031170/, Т.С /РД:ЦБ68051964/-ын Хаан банкны 5003470444 данс битүүмжилснийг хүчингүй болгож, дансанд байршуулсан мөнгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.С гаргасан гомдолдоо: “...Т.С надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шударга бус хайнга хандаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хэт нэг талыг барьж бүрэн гүйцэт хийж чадаагүй материалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, мөрдөгч, прокурор хоёр хохирогч гэх С.Мтэй үгсэн хуйвалдаж, шударга бус хандан С.Мийн бусдыг хохироосон үйлдлийг нуун дарагдуулж, зохиомлоор уг хэргийг надад тохож ял тулгаж байгаад гомдолтой байна. Прокурор Энхжаргал нь хохирогч гэх Мтэй үгсэн тохиролцож хэрэгт ямар ч хамааралгүй нөхрийн минь дансыг хүртэл хууль зөрчин битүүмжилсэн. Би шүүх, цагдаа, прокурорын байгууллага хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж найдаж байсан боловч өнөөдрийг хүртэл шударга үнэнийг тогтоож өгч чадахгүй байгаад маш их гомдолтой байна. Иймээс миний холбогдсон хэргийг дахин тал бүрээс нь бодитой хянан шалгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн хэргийн жинхэнэ хэрэгтэн болох С.Мийг шалгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайжав гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч би шүүх хуралд гэрчээр Бумантуяаг оролцуулах хүсэлтийг гаргасан ба шүүх оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн атлаа гэрчээр шүүхэд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгч Төмөрхүү нь Бумантуяа гэх гэрч олдохгүй, хаягандаа байхгүй байна, хүсэлт гаргасан тал өөрсдөө олж ир гэж тайлбарласан төдийгүй хэргийн хугацаа дууслаа гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй, гэрч оролцуулах захирамжаа зөрчин шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн. Гэрч Бумантуяа нь хохирогч С.Мээс шилжүүлсэн мөнгийг Т.Сгаас хүлээн авч валютын ченж дуудан солиулж багц болгон С.Мийн нэр дээр бүртгэл үүсгэсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие мөрдөгч Төмөр, прокурор Энхжаргал нарт гэрчээр Ц гэгчийг байцаалгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч прокурор хүлээн авч шийдвэрлээгүй. Ц гэх гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн гол гэрч төдийгүй хохирогч Мээс 2017 оны 9 дүгээр сард шилжин ирсэн мөнгийг Т.Сгаар дамжуулан Ц өөрийн эзэмшлийн 5023224735 тоот ХААН банкны дансаараа 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3.760.000 төгрөгийг тус тус Т.Сгийн ХААН банкны 5024129045 тоот данснаас шилжүүлэн авсан депозит дансны хуулга хэргийн материалд нотлох баримтаар өгснөө үндэслэн хүсэлт гаргасан боловч гэрчээр Цоос нэг ч удаа байцаалт авсангүй. Мөн гэрчээр дуудаагүй. Б, Ц нар нь анх Монгол улсад хөрөнгө оруулалтын компанийг оруулж ирж багц худалдан авах хүсэлтэй бүх хүмүүсийн мөнгийг евро болгуулан бэлнээр авч, элсэн орсон хүмүүсийн сайтан дахь дансанд байршуулсан гэж хэлдэг байсан. Ц, Б нараас өөр хэн ч, хаашаа ч еврог шилжүүлдэггүй, мөн ямар данс руу шилжүүлдгийг мэдэх боломжгүй бөгөөд үүнийг элсэн орсон бүх хүмүүс гэрчилнэ.

Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байх "QUESTRAWORLD" гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Мт тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч; бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127.773.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, Т.С нь хохирогч С.Мийг мөнгө шилжүүлэх үед танихгүй төдийгүй, гэрч Бямбасүрэнгийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нотлогдоно. Мөн Бийн ухуулга сурталчилгаагаар С.М нь тухайн сүлжээнд элсэн орсноо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байтал Т.Сг хохирогч С.Мийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж дүгнэх нь логикийн хувьд боломжгүй. Т.Сгийн ямар ч үйлдэл хохирогч С.Мийг төөрөгдөлд оруулаагүй, бодит байдлыг нуугаагүй гэдэг нь тодорхой байгааг, мөн танихгүй хүн рүү хэний үгэнд итгэж элсэн орохоор мөнгө шилжүүлж байгаа нь тодорхой байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход, Сгийн Мт учруулсан гэх хохирлыг тооцоход, мөн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Мөн С.М нь "QUESTRAWORLD" гэх олон улсын хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид өөрөө сайн дураараа элсэн орсон төдийгүй өөрийн доор 14 хүн элсүүлсэн, тэдний ноогдол ашгийг 7 хоног бүр авч байсан талаарх мэдүүлгийг эцэслэн шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдаагүй бол С.М өөрөө Т.Сгийн адил зүйл ангиар гэмт хэрэгт холбогдох хууль зүйн үндэслэлтэй. Энэ ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийгээгүй нь иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль нэг мөр үйлчлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг анхаарна уу.

Т.С нь Мийн шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувьдаа авч завшаагүй, Б, Ц нарт өгснөө мэдүүлсээр байтал огт шалгаагүй. Хохирогчоор тогтоогдсон М нь ашиг олох зорилгоор өөрийн найз Бээс "QUESTRAWORLD" гэх олон улсын хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид өөрөө сайн дураараа элсэн орсон гэх үйл баримт гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа нь Сд залилах гэмт хэргийн субъектив талын сэдэлт, санаа зорилго огт байгаагүйг давхар нотолж өгч байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Мөн С.Мээс шилжүүлсэн мөнгийг Т.С нь өөрийн нөхөр Ж.Мын дансанд шилжүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь мөнгө нь нэг бүрийн шинжээр бус төрлийн шинжээр тодорхойлогдох тул Мийн мөнгө гэж дүгнэх нь өрөөсгөл юм. 2017 оны 4 сард Ж.М өөрөө энэ компанид өндөр багц худалдан авч элсэн орсон бөгөөд 7 хоног бүр ноогдол ашгаа авч байсан. 2017 оны 9 сараас өмнө Ж.Мын дансанд их хэмжээний мөнгө байсан нь банкны хуулгаас тодорхой харагдаж байна. Энэ нь Мээс 9 сарын сүүлээр шилжиж ирсэн мөнгийг Ж.Мд өгсөн гэж мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг няцааж байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Т.С өөрийн дансаараа С.Мээс мөнгө хүлээн авсан гэх үйлдэл нь залилах гэмт хэрэг биш төдийгүй Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь тодорхой тул эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байгааг анхаарч үзнэ үү.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 742 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Соронзонболд хэлсэн саналдаа: “Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Т.Сд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Т.С нь олон улсад хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг том компанид хөрөнгө оруулалт хийж, багц худалдан авч, ногдол ашиг авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх боломжтой. Үүнээс гадна шүүгдэгч Т.С нь хохирогчоос шилжүүлсэн мөнгийг Цд шилжүүлж байсан талаар удаа дараа мэдүүлэг өгсөн, Ц гэгч энэ хэрэгт огт шалгагдаагүй байх тул Цийн үйлдэл оролцоог шалгаж хэргийг нэг мөр шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Сд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Questraword” гэсэн хаягтай оффисын байранд хохирогч С.Мт тус компани нь олон улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компани, хөрөнгө оруулбал мөнгөө хоёр дахин өсгөж авна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд түүнээс 127.773.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Сгийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, түүнд 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдсан ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг шинээр тогтоох, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох боломжгүй тул хэргийг прокурорт буцаалгаж, энэ хэрэгт С.Мийг холбогдуулан шалгуулах талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд анхан болон шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С болон түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН