Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0347

 

2017 оны 05 сарын 17 өдөр                  Дугаар 221/МА2017/0347                  Улаанбаатар хот

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.ЛхагваС, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд Т М Ө СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.С-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн Т М Ө сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтайван давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 128/ШШ2017/0208 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэрт үндэслэхдээ: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно" гэсэн заалтаар тайлбарлан "Т М Ө" сууц өмчлөгчдийн холбоог 03 дугаар тогтоол гарснаар тус холбоог байгуулагдсан гаж үзсэн байна. Гэтэл энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,4-т "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно" гэсэн заалтаар бол холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж заасан байгаа боловч уг холбоог зохион байгуулах хурал нь бүх гишүүдийн хурал биш байсан гэдэг нь нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримтаар нотлогдож байдаг. Энэ нь дараах хуулийн дараах заалтууд, - Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн, -9 дүгээр зүйл. Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, - 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно, - 7 дүгээр зүйл 7.1-т Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, -            7.2-т Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, - 7.2.6-т холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах, - 7.2.1-т холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн Сууц өмчлөгчдийн холбооны тухай гол гол заалтуудыг зөрчин байгуулагдсан нь баримтаар нотлогдсон байдаг.

Энэ нь "Т М Ө" сууц өмчлөгчдийн холбоог Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчиж байгуулагдсан байгааг бүх гишүүдийн хурлын ирц, хурлын тэмдэглэлгүй байгааг шалгаж үзэлгүй эсвэл байхгүйг нь мэдсээр байж Хан-Уул дүүргийн засаг дарга 2009 онд гэрчилгээ олгож, батламжилсан нь захиргааны хууль бус үйл ажиллагаанаас иргэний эрх зөрчигдөж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" 128/ШШ2017/0208 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн засаг даргын 2009 онд "Т М Ө" СӨХ-д гэрчилгээ олгож батламжилсан үйлдлийг хүлээн зөвшөөрүүлж, Тус гэрчилгээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Б.С нь ... Т М Ө СӨХ нь бүх гишүүдийн хурал хийлгүйгээр байгуулагдсан, өөрөөр хэлбэл хууль бусаар байгуулж, бүртгүүлсэн... Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн төлөөлөл болж чадахгүй, өөрөө өөрсдийгөө сонгосон. Бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр, удирдах зөвлөл болсон хэдхэн хүмүүс дур мэдэн үндэслэлгүй, төлбөрийг удаа дараа нэмж, нэхэмжилж хохирол учруулж байн ... байрны харуул хамгаалалт муу эд анги алдагдах, машин мөргөх, шүргэх явдал байнга гарч хохирол учирдаг ... орон сууцны цэвэрлэгээ муу хийгддэг... гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос Өргөө хотхоны орон сууцуудын Т М Ө СӨХ-г Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Т М Ө СӨХ-г хүлээн зөвшөөрсөн тушаал шийдвэр, Хан-Уул дүүргийн Засаг даргын батламжилсан 2009 оны 12 дугаар сарны 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр Т М Ө сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.

            Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга ... тус холбоог хуулийн дагуу байгуулагдаагүй, хууль бус холбоо гэж үзэж байгаа тохиолдолд ... бүх гишүүдийн хурлаар өөрчлөн байгуулах боломжтой ... Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно гэж зааснаас бусад тохиолдолд холбоог татан буулгахыг хориглосон байгаа тул холбооны гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны 51 дүгээр гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... Б.С ... Хан-Уул дүүргийн  дугаар хороо, гудамжны байрны тоот ... хууль ёсны өмчлөгч ... гэсэн тэмдэглэгээ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаас үзвэл Б.С нь өөрийн өмчлөлийн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзсэн тохиолдолд маргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх ... сууц өмчлөгчдийн холбоо нь захиргааны байгууллага биш ... зохион байгуулах хурлын шийдвэр гарч хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцох тул ... хурлын үйл ажиллагаа ... төлбөр өндөр тогтоосон, орлого, зардал, санхүүгийн тайлан, баримтыг сууц өмчлөгч гишүүддээ үзүүлдэггүй гэх асуудал асуудал нь захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй ... Бүх гишүүдийн хурлаар байгуулагдсан Т М Ө сууц өмчлөгчдийн холбоо хүсэлт гаргаснаар ...  дүгээр гэрчилгээ олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасантай нийцсэн ... гэж зөв дүгнэжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т ...холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно гэж Сууц өмчлөгчдийн холбоог байгуулагдсанд тооцох нөхцөлийг, 18 дугаар зүйлийн 18.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй, 18.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх үндэслэл бүрдэх нөхцөлийг тус тус хуульчилжээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Х Ө хотхоны Сууц өмчлөгчдийн холбоог зөвшөөрсөн айлуудын жагсаалт, Т М Ө сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т М Ө СӨХ-нд гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт, Т М Ө Сууц өмчлөгчдийн холбооны 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт орших Х Ө хотхоны бүх гишүүдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт орших Х Ө хотхоны бүх гишүүдийн хурлын 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Т М Ө СӨХ-г байгуулсан тухай 03 дугаар тогтоол, зэрэг баримтуудыг үндэслэн Т М Ө Сууц өмчлөгчдийн холбоонд 51 дүгээр гэрчилгээг олгожээ.

Өөрөөр хэлбэл, Х Ө хотхоны оршин суугч иргэд хуралдаж, Т М Ө сууц өмчлөгчдийн холбоог байгуулах тухай шийдвэрийг гаргасан, улмаар эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан, энэ тохиолдолд буюу тус хотхоны оршин суугчдын сууц өмчлөгчдийн холбоо байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар маргаагүй, тус СӨХ-г байгуулсан хурлын шийдвэрийг хууль бус болохыг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй байсан тухайн нөхцөлд Хан-Уул дүүргийн Засаг дарга нь холбоог бүртгүүлэх хүсэлт, дээр дурдсан баримтуудыг үндэслэн Т М Ө сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1-д заасанд нийцсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн Т М Ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал хийсэн эсэх талаар буюу байгуулагдсантай холбоотой, мөн тус холбооны үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх асуудлаар харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй.

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн маргасан ... хурал хууль бусаар зохион байгуулагдсан, шийдвэр хууль бус ... харуул хамгаалалт муугаас эд анги алдагдах, машин мөргөх, шүргэх явдал байнга гарч хохирол учирдаг ... орон сууцны цэвэрлэгээ муу хийгддэг... гэх үндэслэлийн талаар дүгнэлт хийж, харьяалан шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлд дурдсан тус үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т М Ө сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн 51 дүгээр гэрчилгээг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ