Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01717

 

Б.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ж-гийн хариуцагч О.Д, Ж.С нарт холбогдуулан гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч О.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2012 онд Ж.С нь Б.Ж-д ..нүүрсний лицензтэй, бүх зүйлийг нь шалгасан, ашигтай бизнесийн санаа байна, захирал нь танил, итгэлтэй хүн... гэх байдлаар О.Дгийн компанийг худалдан авах санал гаргасан. Үүний дагуу тус компанийг тэнцүү 180 000 000 төгрөг гаргаж, нийт 360 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Б.Ж- нь О.Дд бэлнээр 20 600 000 төгрөг, үлдэх 160 000 000 төгрөгт нь 105 000 ам.долларын үнэ бүхий Хаммер эйч2 маркийн автомашиныг өгсөн. Ж.С компанийг худалдаж авах ажлыг хариуцаж байгаа учир автомашиныг О.Дд өгнө гэж хэлээд аваад явсан. Ингээд Нарука ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Ж-, Ж.С нар бүртгүүлсэн. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой бүх зардлыг Б.Ж- ганцаар хариуцаж ирсэн. Улмаар энэ компанийн үйл ажиллагааг авч явахын тулд бусдаас их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй зээлж авч, өөрийн болон ээжийнхээ байрыг төлбөрт нь алдсан. Тухайн үед буюу 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Ж-, Ж.С нар нь Нарука ХХК-ийг тусгай зөвшөөрлийн хамт худалдаж авсан боловч хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Мөн компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэхээр байна. О.Д, Ж.С нар нь бэлэглэл, хувьцаа шилжүүлэх гэрээ хийх үедээ Нарука ХХК-ийн эзэмшлийн, Говь-Алтай аймгийн Алтай сумын Гурван хайрхан гэх газар орших ашигт малтмалын хайгуулын 15440Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй 722.21 гектар талбайтай газарт их хэмжээний нүүрсний нөөц байгаа, бид нар шалгасан, урьдчилсан хайгуул хийсэн гэж Б.Ж-г хуурч, төөрөгдүүлснийг 2018 оны 10 дугаар сард олж мэдсэн. Учир нь, 2018 оны 10 дугаар сард Н.Алтанхуяг ахлагчтай мэргэжлийн геологичдийн баг 6 хоног ажиллаад тус талбайд нүүрсний ямар ч илэрц байхгүйг тогтоосон бөгөөд Б.Ж-д анх өгсөн зураг талбай дээр цооног ухаж, нүүрс гаргасан байгаа цэг нь Нарука ХХК-ийн эзэмшлийн талбайгаас өөр цэгт байгааг тогтоосон. Энэ талаар Ж.Сод мэдэгдэн гэрээний дагуу төлсөн мөнгөө авах, О.Дтэй уулзуулахыг шаардсан боловч ...О.Д ахтай ойрд уулзаагүй, хүлээж бай, би өөрөө зохицуулна... гэсэн. Б.Ж- нь Нарука ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд маш их хэмжээний мөнгийг бусдаас өндөр хүүтэй зээлж, зээлийн хүүд 120 305 400 төгрөг төлсөн, мөн тухайн компанид сүүлийн 6 жилийн хугацаанд зарцуулсан зардал нь 23 306 570 төгрөг, нийт 143 611 970 төгрөг болж байна. Иймд Б.Ж-, Ж.С, О.Д нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Нарука ХХК-ийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу иргэд, банкнаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 120 305 400 төгрөг, Нарука ХХК-ийн сүүлийн 6 жилийн хугацааны үйл ажиллагаанд зарцуулсан 23 306 570 төгрөг, нийт 324 211 970 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.С нь Нарука ХХК-ийн хувьцаа эзэмшигч ба хариуцагч биш. Б.Ж-тэй адил хохирол хүлээсэн этгээд. Ж.С О.Дтэй уулзаж, компанийг худалдаж авах асуудал эхэлсэн нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч талын тайлбарласан шиг хоосон газар санал болгож, залилсан зүйл байхгүй. Зэргэлдээ газраас илэрц гарсан учраас Нарука ХХК-ийг худалдан авч, үйл ажиллагаа явуулах болсон. Талууд компанийг өгч, авалцахдаа үнэ тохиролцоогүй, эрх шилжүүлж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч 6 жилийн хугацаанд компанийг ажиллуулж, татвар төлж, тайлан тооцоо гаргаж яваад өөрийн буруугаас тусгай зөвшөөрлөө хураалгасан. Б.Ж- өгсөн, авснаа буцаая гэж байгаа бол лицензийг буцаан өгөх ёстой. Талууд анх гэрээ байгуулахдаа Х лицензийн эрсдэлийн талаар буюу тухайн газраас илэрц гарч ирэх эсэх нь тодорхойгүй байдлыг ойлгож, хамтдаа үүрэг хүлээхээр болсон. Компанийн хувьцаа эзэмшигч нар асуудлыг дотроо компанийн тухай хуулиар шийдэх боломжтой байхад Ж.Сыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Ж.С Б.Ж-г хуурсан бол компанийн 50 хувийг эзэмшихгүй байх байсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч компанийн төлбөрт автомашин өгсөн гэх боловч баримт нь байдаггүй. Талуудын хооронд өгсөн, авсан зүйл, тодорхой баримт байхгүй. Эрсдэлээ хамт үүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нарука ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр Ж.С, О.Д нар шилжүүлж авсан нь үнэн. Компанийг шилжүүлж авахад ямар нэгэн төлбөр яригдаагүй, Ж.С нь энэ гэрээний дагуу О.Дд мөнгө төлөөгүй, аливаа үүрэг хүлээгээгүй, тэр ч бас энэ гэрээнээс болж хохирсон тул хариуцагч биш гэжээ.

Хариуцагч О.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд нэхэмжлэгч тал компанийн эрх үүргийг шилжүүлэн авч, компанийн үйл ажиллагааг 6 жил явуулсан. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Б.Ж-, О.Д нарын байгуулсан гэрээний дагуу талуудад өгсөн, авсан зүйл байдаггүй. 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу О.Д компанийн хувьцааг бэлэглэсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар О.Д гэрээний дагуу Б.Ж-гээс хариу төлбөр аваагүй. Нэхэмжлэгч тал төлбөрт Хаммер эйч2 маркийн автомашин өгсөн гэх боловч Б.Ж- О.Дд 12 000 000 төгрөг өгсөн гэсэн баримт байдаггүй, компанийн эрх шилжүүлж авснаас хойш 4 удаагийн үйлдлээр дансаар О.Дд 8 600 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч О.Д нь Ж.С, Б.Ж- нарт компанийн эрх шилжүүлсний дараа хайгуулын ажил хэрхэн хийх талаар буюу шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгч 1-2 жил байнгын холбоотой байсан гэж тайлбарладаг. Үүнтэй холбоотой гарсан зардал гэж О.Дд 8 600 000 төгрөг төлсөн. Б.Ж- Хаммер эйч2 маркийн автомашиныг хүнээс зээлээр худалдаж авсан гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу П.Аюушжаваас Б.Ж-д автомашин шилжсэн эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй байна. Ашиг олох зорилгоор 6 жилийн хугацаанд лицензээ сунгуулаад явж байсан. Компанийн 50 хувийн эзэмшигч нь Ж.С 50 хувийн эзэмшигч нь Б.Ж- байсан. Компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, ашиг олохоор өөрөөсөө гаргасан уг зардлыг хариуцагчаар татагдсан О.Дгээс гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хувьд автомашиныг хүлээж аваагүй учраас зээлтэй холбоотой асуудал нь хариуцагчид хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Б.Соронзонболд, О.Д нарын хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 76 дугаар зүйлийн 76.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Соронзонболд, О.Д нараас 168 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 155 611 970 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 077 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Соронзонболд, О.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 2 077 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Б.Ж- нь Нарука" ХХК-ийг худалдан авсны зарим төлбөрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран нь шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бус хамтран нэхэмжлэгч байна гэдгийг хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд сануулсан боловч шүүх энэхүү процессын алдаанд дүгнэлт хийх бус хариуцагч нараас 8 600 000 төгрөгийг тэнцүү хувиар гаргуулах болсонтой санал нийлэхгүй байна. Түүнчлэн, хэргийн үйл баримтыг шүүх буруу үнэлсэн. Дээрх шилжүүлсэн гэх 4 удаагийн шилжүүлэг нь Нарука ХХК-ийн өмнөх захирал болох О.Дгээс Б.Ж-, Ж.С нарт үйл ажиллагаагаа явуулахад нь туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, өөрийн ноу хауг ашиглан дэмжлэг үзүүлсний төлбөрт төлөгдсөн талаар тайлбарлаж, шилжүүлгийн огноог нь харахад 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш хамгийн сүүлд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр н.Батнарангаас шилжүүлэг хийгдсэнийг шүүх харгалзан үзээгүй. Хариуцагч нарын зүгээс О.Д болон Б.Ж- нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар ямар нэгэн маргаангүй болно. 2012 онд нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С нар нь О.Дгээс Нарука ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авахыг хүссэнээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Улмаар О.Д нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Ж-, хариуцагч Ж.С нартай бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан, компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн өгсөн. Ж.С нь хариуцагч болох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь О.Дгээс Нарука ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авч 50, 50 хувь эзэмшиж эрсдэлээ хамт үүрч ирсэн байхад Ж.Сыг хамтран хариуцагчаар тэнцүү хэмжээгээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу тодорхой бус бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж хэргийн нотлох баримтаар хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн юм. 2009 онд үйлдвэрлэгдсэн Хаммер эйч2 загварын автомашин нь тухайн үед 160 000 000 төгрөгийн ханштай байгаагүй бөгөөд энэхүү үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Мөн энэхүү 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнд 2009 оны мөнгөлөг саарал өнгөтэй Хаммер эйч2 маркын 1690 УНА улсын дугаартай гэсэн байх бөгөөд шүүхээс нотлох баримтаар гаргуулсан Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 240 тоот лавлагаанд өмнөх өмчлөгчийн мэдээллээс үзэхэд П.Аюушжав нь энэ гэрээ хийсэн хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байсан байх бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд өмчлөгч байж байгаад Д.Доржбат гэх хүн рүү шилжүүлсэн байна. Мөн лавлагаагаар тухайн гэрээнд заагдсан хугацаанд 1690 УНА гэсэн дугааргүй харин өөр дугаартай байсан байх бөгөөд энэхүү дугаарыг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд дурдсанаас хавьгүй сүүлд авсан байгаа нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх энэхүү нотлох баримтуудыг буруу нэг талыг барьж үнэлсэн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө П.Аюушжав нь тухайн үед буюу 2012 онд АНУ-аас шинэ автомашин оруулж ирээд 2012 онд Б.Ж-тэй гэрээ байгуулан зарсан гэх бөгөөд Ж.С нарыг танихгүй гэсэн байдаг. Гэтэл нотлох баримтаас харахад тухайн автомашины өмчлөгч нь 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Б.Төмөр гэж хүн байна. Энэхүү нотлох баримтыг үндэслэн талуудын мэтгэлцээнийг үл харгалзан нэг талыг илтэд хууль зөрчиж нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлж шийдвэр гаргасан байна. Түүнчлэн талуудын хооронд бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхээс үл шалтгаалан нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгуулна гэсэн. Хэрэв шүүхийн дүгнэснээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол шүүхээс хэрэгт ямар ч хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт өрөмдлөгийн үйл ажиллагаагаар нүүрсний илэрц байхгүй гэдгийг тогтоосон гэх 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдрүүдэд ажилласан товч тайлангаар хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоолж, шаардах эрх нь үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөвөөр үнэлж дүгнэсэн, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан байх ба энэ хэрэгт ямар ч хамааралгүй хуулийн зохицуулалт байна. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсний үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тусгасан байдаг.

Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Ж-гээс хариуцагч нарт өгсөн гэх 8 600 000 төгрөг, 160 000 000 төгрөгийн үнэлгээтэй автомашины үнийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа, нэхэмжлэгч Б.Ж-гийн тус гэрээний дагуу өөртөө хүлээн авсан 722.21 гектар талбайд дугаар 15440Х хайгуулын тусгай тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа нь хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа /он залуу/, хайгуулын үйл ажиллагаа явагдаагүй Нарука ХХК-ийг өөрийн хүлээн авсан байдлаар нь нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч О.Дд олгуулах талаар нэг ч тусгаагүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулсан нотлох баримтад тухайн тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хугацаа нь дууссан бөгөөд дахин хуулиараа сэргээх ямар ч боломжгүй болсон талаар хариуцагч талаас дурдаад байхад шүүх энэхүү үйл баримт, нотлох баримтуудыг үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн үнэлгээ нь тухайн хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ, тусгай зөвшөөрлийн хугацаа, хэд дэх жилдээ байгаа, тухайн газартай ойролцоо газарт нь ашигт малтмал илэрсэн эсэхээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул хийж тус газарт ашигт малтмал илэрвэл үнэлгээ хэдэн арав дахин нэмэгдэх ба тус газарт ашигт малтмалын илэрцгүй бол тусгай зөвшөөрөл нь ямар ч хэрэгцээгүй, үнэлгээгүй болж үлддэг. Б.Ж- нь Нарука ХХК-ийн үйл ажиллагааг 6 жилийн турш удирдаж, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан, өрөмдлөг хийлгэж, ашигт малтмалын илэрц байгаа эсэхийг тогтоолгоход илэрцгүй газар гэх хариу гарсны дараагаар дээрх нэхэмжлэлийг гаргаж, компанийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь хариуцагч нарт хариуцуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч Ж.С, О.Д нарт холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Нарука ХХК-ийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г нэг талаас эрх шилжүүлэгч О.Д, нөгөө талаас эрх хүлээн авагч Б.Ж-, Ж.С нар байгуулж, уг гэрээгээр Нарука ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийн хувьцааг эзэмших эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хариуцлагыг эрх хүлээн авагчийн мэдэлд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон. /1хх 14/ Мөн өдөр тухайн компанийн дүрмийн сангийн 100 хувь буюу нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг, 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг О.Дгээс Б.Ж-, Ж.С нарт хариу төлбөргүйгээр бэлэглэх талаар тохиролцоо бүхий Хувьцаа бэлэглэлийн гэрээ /1хх 15/ байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын тайлбарыг харьцуулан үнэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Нарука ХХК-ийн хувьцааг Ж.С, Б.Ж- нар нь О.Дгээс хариу төлбөртэйгөөр хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ гэх нэртэй хэлцлээр О.Д нь Нарука ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувь буюу нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг, 1 000 000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Б.Ж-, Ж.С нарт шилжүүлэх, хувьцаа хүлээн авагч нар нь тодорхой хэмжээний хариу төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тохиролцоо хийгдэж, үүнийг халхавчлах зорилгоор дээрх хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэг талаас компанийн хувьцаа бэлэглэх, нөгөө талаас бэлэг хүлээн авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй тул талуудын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /1хх18-28/, зохигчдын тайлбараар Б.Ж-, Ж.С нар нь дээрх гэрээнүүдийн дагуу компанийн эрх, хувьцааг хүлээн авч, 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар нэхэмжлэгч Б.Ж- нь 6 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагааг хариуцан явуулсан үйл баримт тогтоогдсон тул халхавчлагдсан хэлцэл болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул уг гэрээг амаар байгуулж болно. Хувьцааны эрх шилжүүлэх бүртгэл хийгдэх үүднээс бичгийн хэлбэрт оруулсныг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж дүгнэхгүй юм.

 

Хэлцэл хүчин төгөлдөр байх нь уг хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах юм. Иймд шүүхийн шийдвэрээр хувьцаа бэлэглэсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар томъёолсон шаардлагыг хэрэгжүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ нэхэмжлэгч шаардах эрхтэй ба талуудын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч О.Д, Ж.С нарт холбогдуулан гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/02448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул О.Д, Ж.С нарт холбогдуулан гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнийн дүнд төлсөн 180 600 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 143 611 970 төгрөг, нийт 324 211 970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 915 дугаартай Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай захирамжаар хариуцагч О.Д, Ж.С нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 095 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН