| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 128/2018/0135/З |
| Дугаар | 260 |
| Огноо | 2019-09-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 260
“У т” ХХК-ийн гомдлын шаардлагатай,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт
шалгалтын тасгийн татварын улсын байцаагч
О.Болдбаатар, Ц.Цэвэлмаа, Ч.Энхтуяа нарт
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Ц.Цэвэлмаа, Ч.Энхтуяа нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0314 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6, 6.12, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын тус тус баримтлан “У т” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Болдбаатар, Ц.Цэвэлмаа, Ч.Энхтуяа нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0314 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...”У т” ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутагт үйл ажиллагаа явуулж байсан учир Газрын тухай хуулийн 7.6 дах хэсэгт зааснаар газрын төлбөрөө НИТХ-аас тогтоосон үнээс 3 дахин өндөр төлөх ёстой юм. Гэтэл татварын хяналт шалгалтын явцад уг төлбөрийг хот тосгон бусад суурин газрын суурь үнээр бодож /3 дахин бага/ төлбөрөө өгдөг байсан нь тогтоогдсон. Өөрөө хэлбэл улсын тусгай хамгаалалттай газар ашиглаж өөртөө давуу эрх эдэлсэн хэрнээ төлбөрөө төлөөгүй гэсэн үг юм.
4. “Уорлд трэвел" ХХК нь 2009 оны 07 сарын 22-ны өдрийн 797 тоот Улсын тусгай хамгаалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 3 талт гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу 5 жил “У т” ХХК нь уг газрын ашигласан. 2013.09.16-ны өдрийн 2008/797 тоот гэрээгээр газрын гэрээг дахин хийсэн ч Хан-уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй. Гэсэн хэдий ч "Уорлд трэвел” ХХК нь газраа ашигласаар л байсан, мөн төлбөрөө төлж байсан. Эндээс үзвэл талууд уг гэрээг хүчин төгөлдөр хэмээн зөвшөөрч байсан гэж үзэж болно. Гэрээний талууд уг асуудал дээр маргадгүй. 2012-2016 онд талуудын байгуулсан гэрээ засвартай, гэрээнд 1 тал гарын үсэг зураагүй ч “У т” ХХК нь улсын тусгай хамгаалттай газар нутгийг ашиглаж байсан нь маргашгүй үнэн. 5 жил /зөвхөн шалгалт орсон хугацаа/ тусгай эрх эдэлчхээд түүнийхээ төлбөрийг төлөхгүй гэж маргах нь шударга бус юм.
5. Хэргийн материалд хэргийг шийдвэрлэхэд зохих материалууд хангалттай тодорхой авагдсан гэж үзэж байна. Жишээ нь “Уорлд трэвел”ХХК-ийн 2012- 2016 оны газрын төлбөрийн тооцоолол, түүнийг хэрхэн тооцсон үндэслэл бүгд хэрэгт авагдсан байгаа болно.
6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0314 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагчийн үйл ажиллагааг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, энэ талаар дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
8. Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №232201790 дугаартай шийтгэлийн хуудсаар “У т” ХХК-ийн захирал Р.Бадралыг 2012-2016 онуудад нийт 1,226,158,500.0 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлж, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр: 1. “... нөхөн төлүүлэх газрын төлбөрийн 30 хувьтай тэнцэх 367,847,550.0 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсугай” гэж; 2. “оногдуулсан шийтгэлийн 367,847,550.0 төгрөг, хохирлын 1,226,158,500.0 төгрөг, нөхөн төлбөрийн 232,950,684.0 төгрөг нийт 1,826,956,734.0 төгрөгнөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн ... дансанд торгууль, алданги 600,798,234.0 төгрөгийг, Хан-Уул дүүргийн Газрын албаны дансанд ... газрын төлбөр 1,226,158,500.0 төгрөгийг /төлж/ ... сайн дураараа биелүүлэхийг даалгасугай” гэж шийдвэрлэжээ.
9. Уг “шийтгэлийн хуудас”-т зөрчлийг тодорхойлсноос үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагчийг “газрын төлбөр дутуу төлсөн” гэх үндэслэлээр буруутгаж, улмаар “дутуу төлсөн” гэх газрын төлбөрийн дүнгээр зөрчил гаргасан гэжээ.
10. Гэтэл, захиргааны хэргийн шүүх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ “шийтгэлийн хуудас”-т хууль зүйн дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл, газрын төлбөр дутуу төлсөн гэх зөрчил нь “татварын зөрчил” буюу Татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд татвар төлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдож байгааг огт дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
11. Үүний зэрэгцээ, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны материалаас үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд уг зөрчилд холбогдогчийн оролцоог хэрхэн хангасан нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, “У т” ХХК нь анхнаасаа “газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн, зөрчил гаргаагүй” гэж маргаснаас үзвэл, Татварын байцаагч нар нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т заасанд хэрхэн нийцэж байгааг дүгнэж, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг хүчингүй болгосныг анхаарч, магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байна.
12. Иймд, дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан “нотлох баримт бүрэн бүрдсэн” гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2019/0314 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ