Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0086

 

2020 оны 02 сарын 04 өдөр           Дугаар 221/МА2020/0086                          Улаанбаатар хот

“У...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, У.А, хариуцагч О.Б, Ц.Ц, Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “У...” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У...” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үл зөвшөөрөн дараах тайлбарыг хүргэж байна.

Газрын алба газрын төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож гэрээнд тусгуулах үүрэгтэй байхад энэ үүргийг газар ашиглагч хүлээх мэтээр тайлбарлах боломжгүй гэж шүүх үзсэн.

2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ нь гурван талт гэрээ билээ. Талууд гэрээгээр төлбөрийг тохирсон нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Гэвч Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ашиглах газар нь Газрын төлбөрийн тухай хуулинд тодорхой заагдсан байхад хууль зөрчиж гэрээг 3 дахин бага төлбөртэй хийсэн байгаа юм.

2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д дээрх хуулийн заалтыг зааж өгсөн нь талууд тусгай хамгаалалттай газар нутаг ашигласны төлбөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үнээс 3 дахин өндөр төлбөртэйг мэдэж байсан, мөн гэрээндээ тусгасан нь харагдаж байгаа юм. Тийм байтал нэхэмжлэгчийг төлбөрийг тогтоодоггүй тул буруутгах үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй гэх тооцоо нийлсэн акт байхад татварын улсын байцаагч 2012, 2013 онд газрын төлбөр төлөөгүй гэж үзсэн нөхөн төлбөр, торгууль, алданги тооцсон нь буруу.

Нэхэмжлэгч өөрөө газрын төлбөрийг тооцож тодорхойлоогүй, харин эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээ төлсөн үүнийг холбогдох газрын алба хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, түүнчлэн газрын төлбөрийг тооцож гэрээнд тусгах үүрэг нь холбогдох захиргааны байгууллагад ногдож байхад газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд газар ашиглагчийг буруутгасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн дагуу “тухайн хүн, хуулийн  этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан нөхцөл байдлыг хариуцагч тогтоогоогүй гэж шүүх үзсэн.

“У...” ХХК нь улсын тусгай хамгаалалттай газрын нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ газрын төлбөр төлөхдөө энгийн газрын үнээр төлбөрийг төлж байсан. Улсын тусгай хамгаалалттай газар ашиглаж өөртөө давуу эрх эдэлсэн хэрнээ төлбөрөө энгийн газрын үнээр төлсөн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг зарчим зөрчиж байна.

Хамгийн гол нь 5 жил /хяналт шалгалт хийсэн хугацаагаар/ гаруй хугацаанд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглачхаад энгийн газрын төлбөр төлнө гэж байгаа нь өөрөө шударга бус, завшсан үйлдэл юм.

Мөн Хан-Уул дүүргийн Газрын албанаас “У...” ХХК-ийг нийт 2,066,393,400 төгрөгийн төлбөр төлөх ёстой гэх албан бичиг татварын албанд өгсөн байдаг. /Хавтаст хэрэгт авагдсан/ Газрын алба, “У...” ХХК нь тооцоо нийлэх акт үйлдсэн нь үнэн боловч тооцоо нийлсэн акт нь төлбөрийн үлдэгдэлтэй, зөрчилтэй байдаг. Энэ тухай газрын төлбөрийн тооцоололд тодорхой байсаар байтал шүүх төлбөр төлчихсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн тул уг актуудаар газрын төлбөрийн хувь хэмжээг мөрдөх үндэслэлгүй гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61..3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн гэж ойлгож байгаа тул улсын байцаагч шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт дурдсан нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оы 5/39, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч газрын төлбөрийг төлж байсан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн жишиг төлбөрийг хүлээн зөвшөөрч байсан нь гэрээний үүргээ биелүүлж байснаас харагдаж байна гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын улсын байцаагч нь татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг шалгах эрх бүхий этгээд. Уг хуулийн дагуу “У...” ХХК-ийн 2012-2016 онд газрын төлбөрөө хуульд заасны дагуу төлбөл зохих хэмжээгээр төлсөн эсэх талаар хяналт шалгалт явуулсан.

“У...” ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 3 талт гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу 5 жил “У...” ХХК нь уг газрыг ашигласан. 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гэрээгээр газрын гэрээг дахин хийсэн ч Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй. Гэсэн хэдий ч гэрээг баталж байгаагаа “У...” ХХК-ийн захирал Р.Б-д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/591 тоот албан бичгээр илэрхийлсэн байдаг. Уг хугацаанд “У...” ХХК нь газраа ашигласаар л байсан, мөн төлбөрөө төлж байсан. Эндээс үзвэл талууд уг гэрээг хүчин төгөлдөр хэмээн зөвшөөрч байсан гэж үзэж болно. Гэрээний талууд уг асуудал дээр маргадаггүй.

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0920 тоот шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1. Өмнө нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар тогтоолын 10 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй. Зөрчлийн захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна.

2. “У...” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт тусгай хамгаалалттай газар нутгийн “Б” нэртэй 30 га талбайг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаар шийтгэлийн хуудсаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч “У...” ХХК-ийг 2012-2016 оны газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчил гаргасан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл ийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3-д тус тус заасны дагуу торгох шийтгэл оногдуулжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар ашиглах тухай гэрээнд тусгана. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж тус тус зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газрын төлбөрийг тооцоход Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн дээрх зохицуулалт үйлчлэх ёстой байна.

Үүнээс үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй тохиолдолд газрын төлбөрийн хэмжээг хуулиар тодорхой зохицуулсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх “газар ашиглагчийн “төлбөл зохих газрын төлбөр”-ийн хэмжээ нь эрх бүхий захиргааны байгууллага болон газар ашиглагчийн хооронд байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр тодорхойлогдохоор байхад хариуцагч татварын улсын байцаагч нар ... хариуцлагыг газар ашиглагчид ногдуулсан” гэж дүгнэх болсон үндэслэл тодорхойгүй, эрх зүйн эрэмбийн хувьд газрын төлбөрийн хэмжээг хуульд тодорхой заасан энэ тохиолдолд ямар үндэслэлээр уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, харин гэрээнд заасан төлбөрийн хэмжээ үйлчилнэ гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

3. Мөн анхан шатны шүүх “газрын төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож, гэрээнд тусгуулах үүрэгтэй байхад энэхүү үүргийг газар ашиглагч хүлээх мэтээр тайлбарлах боломжгүй” гэж дүгнэсэн байх бөгөөд гэрээ байгуулсан захиргааны байгууллага газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу тогтоох үүрэгтэй бөгөөд хууль тогтоомжийн дагуу тогтоосон эсэхийг татварын алба хянах эрхтэй. Үүний дагуу татварын алба хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа учир энэ талаар хариуцагчийн маргаж буй “гэрээний талууд ямар нөхцөлтэй гэрээ хийсэн нь өөрсдийнх нь асуудал харин Татварын албаны зүгээс газар ашиглагч “У...” ХХК хуульд заасны дагуу төлбөрөө төлсөн эсэхийг шалгана” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “2013 ... 2016 оны гэрээний төлбөрүүд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцсон төлбөр болох тухайд хэргийн оролцогчид маргаагүй” гэж дүгнэжээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “У...” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны газрын төлбөр төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтын хамрах хугацаанд буюу 2012, 2013 онуудад 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гурван талт гэрээ, 2014, 2015, 2016 онуудад 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гурван талт гэрээ тус тус үйлчилж байжээ.

2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 797 тоот улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга болон “У...” ХХК-ийн хооронд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслэж 5 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээний 1.6-д газрын төлбөрийн хэмжээг нэгжийн төлбөр 88 төгрөг, бүгд 26,400 мянган төгрөг байхаар заасан боловч гэрээний 2.3-т газар ашигласны төлбөрийн хувь хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ногдуулахаар мөн зохицуулсан байна.

Мөн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гурван талт гэрээний 2.4-д газрын төлбөрийн хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор тогтоож, нэгжийн үнэ 792 төгрөг, нийт 1 жилд 237,600,000 төгрөг байхаар тогтоожээ. Дээрх гэрээнүүд батлагдах үед тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагчийн төлөх газрын төлбөрийн хувь хэмжээг зохицуулсан хууль болох 1997 онд батлагдсан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

Үүнээс үзвэл, 2009 болон 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг ялгаатай тогтоосон байхад анхан шатны шүүх “эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр төлсөн” гэж дүгнэсэн нь дээрх хоёр гэрээнд хоёуланд нь хамаарна гэж үзэх үндэслэлгүй, уг гэрээнүүдэд ялгаатай байдлаар тогтоосон газрын төлбөрийн талаар энэ магадлалын хянавал хэсгийн 2-т заасан асуудлаар дүгнэлт хийсний үндсэн дээр уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг шалган тогтоосны үндсэн дээр гомдол гаргагч хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ