Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 799

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Азиа мобайл технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа  нарт холбогдох 

“Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дугаар дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай акт, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Амар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани нь гар утасны хэрэглээний программ хангамж, веб хуудас хөгжүүлэх чиглэлээр голлон ажилладаг мэдээллийн технологийн компани бөгөөд бидний ухаалаг утсанд зориулан хөгжүүлсэн  “EasyRide” платформ нь автомашин өмчлөгч болон унаа, үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэдийг хэрэгтэй мэдээллээр хангах, ухаалаг, дөхөм аргаар холбох, хэрэгцээтэй тохиолдолд уулзуулах зориулалттай интернэтэд суурилсан программ хангамж юм.

Гэтэл Нийслэлийн Тээврийн газрын дарга болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд дарга Ж.Жаргалсайхан нар хамтран 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж” гаргаж улмаар тухайн арга хэмжээний хүрээнд манай компанийн үйл ажиллагааг шалгалаа. Энэхүү  шалгалтын  удирдамж  нь  хууль  тогтоомжийг  зөрчиж  гарсан мөн манай байгууллагад торгох арга хэмжээ авч улмаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дүгээр улсын байцаагчийн акт үйлдснийг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Энэ шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн. Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны холбогдох этгээдүүд оролцсон. Гэтэл Такс үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гаргасан өргөдлийн дагуу  хяналт шалгалтын ажил явагдсан. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргасан этгээдийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оролцуулсан. Энэ нь Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хараат бус байх зарчмыг алдагдуулж байна. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт хяналт шалгалтыг ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан. Гэтэл удирдамжид зааснаар хяналт шалгалтыг явуулахад гарах зардал, үйлчилгээ, авто машиныг Нийслэлийн тээврийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хариуцна гэсэн байдаг. Энэ нь хуульд заасан хараат бус, хөндлөнгийн байх гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасан. Гэтэл удирдамжийн 3.5 дахь хэсэгт нийтийн такси үйлчилгээ эрхлэх, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй, такси дуудлагын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нэр бүхий компаниудыг дурдаад үйл ажиллагаанд шалгалт хийх гэж заасан. Энэ нь эдгээр компаниуд такси дуудлагын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлж байна гэж ямар ч хяналт, шалгалтгүйгээр дүгнээд дүгнэлтээ батлахын тулд удирдамж гаргаж, шалгалт хийжээ. Өрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтыг тухай хуулийг зөрчсөн удирдамжаар хяналт шалгалтыг хийсэн. Шалгалт хийгдсэний үндсэн дээр тэмдэглэл үйлдэж, нэг хувийг шалгуулагч этгээдэд өгч, гарын үсэг зуруулах ёстой. Үүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан байгаа. Тэмдэглэлд шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, улсын байцаагчийн санал, дүгнэлтийг зайлшгүй тусгасан байх ёстой. Гэтэл энэ тэмдэглэл огт хийгдээгүй. Тэгэхээр шалгалтыг ямар нөхцөл байдалд, хэрхэн явуулсныг тодорхойлох баримт бичиг байхгүй.

Манай компани нь “EasyRide” хэмээх платформыг хэрэглээнд гаргасан бөгөөд уг платформ нь автомашины жолооч нар болон хэрэглэгч нар манай компанийн ямар нэгэн оролцоогүйгээр хоорондоо аппликэйшнээр дамжин холбогдон дуудлага өгч дуудлага авах зориулалт бүхий платформыг хэрэглээнд оруулсан болно.

Манай компанийн хувьд ямар нэгэн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй зөвхөн платформийг хэрэглээнд гаргасан бөгөөд энэхүү платформоор дамжуулан хэрэглэгчид хоорондоо холбогддог болно. Хэрэглэгч өөрт шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийг манай платформоор дамжуулан захиалга өгөх боломжтой юм.

Энэ нь хувь иргэдийн хоорондын харилцааг боловсронгуй, амар хялбар болгох зориулалттай бөгөөд Иргэний хуулийн дагуу талууд тухайн автомашинаар тодорхой хугацаанд үйлчилгээ авах хэлцэл хийх боломж, нөхцлөөр хэрэглэгч нарыг хангаж байгаа болно. Мөн Автотээврийн тухай хуульд Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулах тухай ямар нэгэн заалт байхгүй юм. Иймээс манай компани Нийслэлийн Тээврийн газартай такси үйлчилгээг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Актад “Гар утсанд хөгжүүлсэн танай “EasyRide” платформыг ашиглан дуудлагын  таксинд үйлчлүүлж байсан дуудлагаар ирсэн суудлын автомашинууд нь Тоёота маркийн Приус загварын машин байсан нь Автотээрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын стандартад нийцсэн зүүн гар талдаа жолооны хүрдтэй зорчигчийг баруун гар талруугаа буулгаж суулгах нөхцлийг хангасан, автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Уг автомашин болон жолооч нь манай компанитай ямар нэгэн хамаарал байхгүй өөрийн хувийн өмчийн автомашиныг ашиглан тээвэрлэлт хийдэг жолооч болно. Манай компани зөвхөн платформыг хэрэглээнд оруулсан юм.

Тухайн платформоор дамжуулан хэрэглэгч болон жолооч нар холбогдож байгаа бөгөөд тухайн автомашин өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ хэрхэн ямар хүрээнд ашиглах талаарх нөхцөл байдалд компанийн зүгээс хяналт тавих боломжгүй юм. Мөн компани өөрийн өмчлөлийн автомашингүй мөн манай компани ямар нэгэн жолоочийг ажилуулдаггүй болно. Өөрөөр хэлбэл манай компани зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ болон такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэггүй юм.

Тухайн   хяналт   шалгалтын   удирдамжаар   Монголын   Таксийн   үйлчилгээ эрхлэгчдийн   холбоо   оролцож   байсан   бөгөөд  төрийн   хяналт   шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд оролцсон хяналт шалгалт байсан, энэхүү ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд нь байгууллагын мэдээллийг шаардах, мөн ашиглах эрхгүй юм.

2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн "Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж" нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж огт гомдол гаргаагүй бөгөөд харин “Монголын такси үйлчилгээ эрхлэгчидйн холбоо”, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хяналт шалгалт хийхээр уг удирдамжид заасан нь Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасан “Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байгаа бөгөөд гомдлыг шийдвэрлэж дуусаагүй байна. 

Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага биш, тухайн хяналт шалгалтад хамрагдах такси үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага бөгөөд албан бичигт дурьдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх хэсэгт заасан заалт нь улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн бүрэн эрхэд хамаарах заалт, мөн тодорхой мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд оролцуулах зохицуулалт бөгөөд төрийн бус байгууллагад бүхэлд нь хяналт шалгалт хийх эрх олгох тухай заалт биш билээ.

Манай компани такси үйлчилгээ болон дуудлагын такси, такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэггүй болно. Хяналт шалгалт хийх явцад манай компани дээр хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй, ямар бичиг баримтыг хэдий хугацаанд гаргаж өгөх, хэдий хугацаанд ямар үндэслэлээр үйл ажиллагаа зогсоох талаар албан ёсоор шаардлага, акт гаргаагүй, дүнг нь ямар хугацаанд мэдэгдэх нь тодорхойгүй, хугацаа заагаагүй тул манай компанийн зүгээс дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Харин хяналт шалгалт явагдсанаас хойш 2 сарын дараа тухайн хяналт шалгалтын актыг үйлдэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шалгалтын бүрэлдэхүүнд Монголын Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо оролцож байсан бөгөөд төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд оролцсон, хэрэглэгчдийн нууцтай холбоотой баримт байсан тул баримтыг гаргаж өгөөгүй. Энэ нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автотээврийн тухай хуулийн 3.1.11 дэх хэсэгт “нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтиин тээврийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт таксийн үйлчилгээг ойлгоно гэж заасан байдаг. Такси үйлчилгээ эрхлэхэд Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан Таксийн үйлчилгээний ерөнхий шаардлага болох MNS 5122:2013 стандартыг баримтлах шаардлагатай.

Уг стандартын 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт Дуудлагын таксийн үйлчилгээг урьдчилсан захиалга өгсөн таксийн үйлчилгээг ойлгох бөгөөд мөн 7 дугаар зүйлд Таксийн үйлчилгээнд тавих шаардлагыг зааж өгсөн байдаг ба Таксийн үйлчилгээний захиалгыг таксийн зогсоолоос, харилцах утсаар тээвэрлэгчийн хүлээн авсан дуудлагаар эсхүл хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан такси үйлчилгээний программ хангамжаар дамжуулан хүлээн авсан дуудлагаар авахаар заасан байна. Гэтэл “Азиа мобайл технологи” ХХК нь тус газраас эрх олгогдоогүй байхад “Easyride” харилцаа холбооны хэрэгсэл ашиглан таксийн дуудлагын үйлчилгээг иргэд хооронд харилцан хүлээн авч, хувийн автомашинтай иргэд таксийн үйлчилгээ эрхэлж байгаа нь тус компани таксийн дуудлагын үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм.

Энэ нь Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ", 9.3 дахь хэсэгт “Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ", мөн хуулийн 10 дугаар зүйлд тээвэрлэгчийн эрх , үүргийг заасан бөгөөд 10.2.3 дахь хэсэгт “”Нийтийн тээврийн үйлчилгээ  эрхлэхдээ   гэрээ  байгуулсан  байгууллагатай тохиролцсон  цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, 10.2.4 дэх хэсэгт “Өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар хугацаанд нь гэрээ байгуулсан байгууллагад гаргаж өгөх гэж тус тус заасан байна.

Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ буюу таксийн үйлчилгээг зайлшгүй эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр эрхлэх бөгөөд дээрх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Таксийн дуудлагын үйлчилгээг эрхлэх аж ахуйн байгууллага, иргэд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эсхүл нийтийн тээврийн хэрэгсэлд эсхүл нийтийн тээврийн такси үйлчилгээ эрхлэх эрх бүхий гэрээт байгууллагын тээврийн хэрэгслээр дамжуулан эрхэлж болох бөгөөд стандарт, шаардлага хангасан тохиолдолд тухайн байгууллагатай манай газар гэрээ байгуулснаар Харилцаа холбооны Зохицуулах хороонд бүртгүүлж тусгай зөвшөөрөл авч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээнд нийтийн тээврийн такси дуудлагын үйлчилгээ эрхлэх чиглэлээр тэмдэглэгээ хийлгэх шаардлагатай юм.

Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулан зохион байгуулах бүрэн эрхтэй.

Уг бүрэн эрхийн хүрээнд түүний эрх олгосон байгууллага болох Нийслэлийн Тээврийн газар нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/64 дүгээр захирамжаар батлагдсан дүрмийн  1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Нийслэлийн   Засаг даргын  тээврийн  талаар  баримтлах  бодлого,  үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх, холбогдох шийдвэрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Тус газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь хэсэгт Такси үйлчилгээг орчин үеийн, тохилог, хүрээлэн буй орчинд ээлтэй, хотын өнгө үзэмжийг нэмсэн, түргэн шуурхай, аюулгүй байдлыг хангасан тээврийн зохих шаардлагыг бүрэн хангасан үйлчилгээнд хүргэх, таксины тоог хүртээмжтэй болго, такси бүрийг Нийслэл хотын газрын зураг, хайлтын системтэй болгох, тасалбарын төхөөрөмж, байршил тогтоогч суулгах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд ажил үйлчилгээний гэрээ байгуулах, дүгнэх, цуцлах, үйл ажиллагаанд түвшин тогтоох үүрэгтэй.

2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар хамтран Таксиин үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээнии нэгдсэн удирдамжийг баталснаар тус байгууллагад шалгалт хийгдсэн бөгөөд уг шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу гүйцэтгэсэн бөгөөд Монголын Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь уг шалгалтын явцад мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад баигууллага, шинжээч шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно” гэж заасны дагуу оролцсон болно.

Стандартын 4.1.2 дахь хэсэгт такси үйлчилгээг таксины зориулалтын зогсоолоос эсвэл дуудлагаар энэхүү стандартын 7 дахь хэсэгт заасан үйлчилгээг зорчигчдод үзүүлэх тээвэрлэлтийг ойлгоно гэж заасан. Стандартын 7 дахь хэсэгт такси үйлчилгээнд тавигдах шаардлагыг зааж өгсөн. Такси үйлчилгээг  2 хэлбэрээр авна. Стандартын 7.1.1 дахь хэсэгт Таксийн зогсоолоос, 7.1.2 дахь хэсэгт харилцах утсаар тээвэрлэгчийн хүлээн авсан дуудлагаар, эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан такси үйлчилгээний программ хангамжаар дамжуулан хүлээн авсан дуудлагаар такси үйлчилгээг авна гэж заасан. Стандартын 4.1.9 дэх хэсэгт Хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан такси үйлчилгээний программ хангамж гэдэг нь такси үйлчилгээний дуудлага хүлээн авч, нийт явсан замыг байршлаар нь тодорхойлох технологи ашиглан тооцоолж, дэлгэцэд харуулах үйлдлийг гүйцэтгэдэг програм хангамжийг хэлнэ гэж зааж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэгч компанийн “EasyRide” платформ нь такси үйлчилгээний программ хангамжид орж байгаа.

Үйлчилгээ эрхлэх эрхийн талаар авч үзэхэд Стандартын 7.2 дахь хэсэгт такси дуудлагын үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар Такси дуудлагын үйлчилгээний журмаар зохицуулагдахаар журамлаж өгсөн.

Нийслэлийн тээврийн газрын 2015 оны А/45 дугаар тушаалаар батлагдсан Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээ байгуулах болон нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэрхэн гүйцэтгэж байгааг аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хугацааг сунгах журам батлагдсан. Энэ журамд гэрээ байгуулах талаар зааж өгсөн. Уг журмын 3 дугаар зүйлд такси дуудлагын үйлчилгээнд зохицуулалт хийх, хяналт тавих, удирдлага зохион байгуулалт хийх талаар тусгасан. Журмын 3.1 дэх хэсэгт тээврийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагын эрхийг зааж өгсөн. Журмын 3.1.1 дэх хэсэгт такси дуудлагын үйлчилгээ эрхлэгчтэй хамтран ажиллах гэрээг байгуулах, цуцлах, бүртгэх эрхтэй гэж заасан байгаа. “Азиа мобайл технологи” ХХК-д эрх олгогдоогүй байхад харилцаа холбооны хэрэгсэл ашиглан такси дуудлагын үйлчилгээг иргэд хооронд харилцан хүлээн авч хувийн авто машинтай иргэд такси үйлчилгээ эрхэлж байгаа нь хууль бус гэж үзэж Авто тээврийн улсын байцаагч нар акт тавьсан.

Байгууллагын эрхийн хувьд Авто тээврийн тухай хуулийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа буюу дуудлагын такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд заавал гэрээ байгуулж, тайлан мэдээг өгөх ёстой. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тээвэрлэгчийн эрх үүргийг зааж өгсөн. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар хугацаанд нь гэрээ байгуулсан байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй гэж зааж өгсөн. Тэгэхээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэн дуртай этгээд гүйцэтгэхгүй. Заавал эрх олгогдож, удирдлага, зохион байгуулалт, хяналтад байх үйлчилгээ.

Гэрээ байгуулан такси дуудлагын үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл буюу нийтийн тээврийн такси үйлчилгээг эрхлэх эрх бүхий байгууллагын тээврийн хэрэгслээр дамжуулан үйлчилгээ үзүүлж болно. Үйлчилгээний шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй жолооч иргэдэд үйлчилж болохгүй.

Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь такси үйлчилгээг эрхэлдэггүй. Такси үйлчилгээ эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллага. Энэ холбоо такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлөл ороод байгаа учраас манай байгууллагад өргөдөл гаргасан. Үүний дагуу Замын цагдаагийн газартай хамтран такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгах нэгдсэн удирдамжийг баталсан. Удирдамжийн хүрээн хяналт, шалгалтыг явуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно гэж заасан. Хуулийн хүрээнд хяналт шалгалтын бүрэлдэхүүн батлагдаж, түүний дагуу шалгалт хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Азиа мобайл технологи” ХХК нь “Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дугаар дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай акт, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

“Азиа мобайл технологи” ХХК нь хувийн автомашинтай жолооч болон хэрэглэгчийг компанийн оролцоогүйгээр хоорондоо аппликэйшнээр дамжин холбогдон дуудлага өгч дуудлага авах зориулалт бүхий EasyRide хэмээх интернэтэд суурилсан программ хангамжийг  /программ гэх/ хэрэглээнд гаргажээ.  

Уг программыг суулгасан жолооч нь явсан дуудлага бүртээ тодорхой хэмжээний төлбөр төлөх зохицуулалттайгаар уг компани ашиг олно гэж тооцоолсон байна. 

Нэхэмжлэгч нь манай компани зөвхөн хэрэглээнд уг программыг гаргасан, өөрийн гэсэн автомашингүй, жолоочийг ажиллуулдаггүй, такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэггүй учир актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Нийслэлийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд даргын хамтарсан “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр баталж, уг удирдамжийн дагуу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, шалгалт хийх удирдамжийг  гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хяналт шалгалт хийхэд байлцсан нь дээрх хуулийн 5.5-д заасан “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагчийн 2016 оны 5/025/01 дугаар актаар  тус компанийн дуудлагын такси үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дээрх зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоосон байна. 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдаж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн “Таксийн үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын /цаашид стандарт гэх/ 4-ийн 4.1.2-т таксийн үйлчилгээ гэж таксийн зориулалтын зогсоолоос эсвэл дуудлагаар энэхүү стандартын 7-д заасан үйлчилгээг зорчигчдод үзүүлэх тээвэрлэлт гэж, 7-ын 7.1 таксийн үйлчилгээний захиалгыг дараах хэлбэрээр авна. Үүнд: 7.1.2 “харилцах утсаар тээвэрлэгчийн хүлээн авсан дуудлагаар, эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамжаар дамжуулан хүлээн авсан дуудлагаар” гэж, 4.1.91 хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамж гэж “такси үйлчилгээний дуудлага хүлээн авч, нийт явсан замыг байршлаар нь тодорхойлох технологи ашиглан тооцооллож, дэлгэцэнд харуулах үйлдлийг гүйцэтгэдэг программ хангамж”, 4.1.7 дуудлагын такси үйлчилгээ гэж “урьдчилсан захиалга өгсөн таксийн үйлчилгээ” гэж заасан байна. 

“Азиа мобайл технологи” ХХК нь хэдийгээр өөрийн автомашингүй, жолоочийг авч ажиллуулдаггүй хэдий ч хэн гэдэг жолооч хаанаас зорчигчийг авсан, хаана хүргэсэн, хэн дуудлага өгсөн зэрэг мэдээлэл бүхий программ хангамжаар дамжуулан жолооч болон зорчигчийг холбож, байнгын шинжтэй, ашиг олохоор төлөвлөж ажиллаж байгаа нь дуудлагын такси үйлчилгээ эрхэлдэг гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч компани нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн эрхийн үнэмлэх, даатгалд хамрагдсан тээврийн хэрэгсэлтэй ямар ч жолооч нартай “Аппликэйшн ашиглах гэрээ”-г  байгуулж, программыг суулгаж өгсөн нь Стандартын 6-ын 6.1-д Такси нь “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандарт болон дараах шаардлагыг хангасан зүүн гар талдаа жолооны хүрдтэй суудлын автомашин байна...”, 9 Таксийн жолоочид тавих шаардлага 9.1 жолооч нь тухайн ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 21-ээс дээш настай, 2-оос дээш жил жолоочоор ажилласан, 9.2 нийтийн тээврийн мэргэшсэн жолоочийн сургалтанд хамрагдаж үнэмлэх авсан байна. 9.3 Жолооч нь таксийн үйлчилгээ үзүүлэх нутаг дэвсгэр, гудамж замын сүлжээг сайтар мэддэг, харилцааны өндөр соёлтой хүн байна”, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 “Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.”, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.21 “тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 

Иймд актын тодорхойлох хэсгийн 2, 3 дахь үндэслэлээр тавьсан улсын байцаагчийн акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.7 “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох”, Автотээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.1.”хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;” гэж заасан хуулийн хүрээнд гарсан байна.

Харин актад Нийслэлийн тээврийн газартай “Дуудлагын такси үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” байгуулаагүй нь Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.”, хариу тайлбарт Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1. “Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, буруу шаардлагыг тавьсан байна. 

Өөрөөр хэлбэл тээвэрлэлт гэдэг нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг хэлэх бөгөөд Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ нь мөн хуулийн 380 дугаар зүйлд заасны дагуу тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хоорондын харилцааг зохицуулсан гэрээ болохоос Нийслэлийн тээврийн газар такси үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд хоёрын хооронд заавал гэрээ байгуул гэсэн хуулийн зохицуулалт биш байна. Иймд энэ үндэслэлийг шүүх хүлээн аваагүй болно. 

Мөн “Азиа мобайл технологи” ХХК нь дуудлагын такси үйлчилгээ эрхэлдэггүй, программ хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж компанийхаа үйл ажиллагааны чиглэлд сүүлд тусгасан  байх тул Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6 дахь хэсэгт зааснаар үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Харин цаашид дуудлагын такси үйлчилгээ эрхлэх бол дүрэмдээ тусгах нь зүйтэй юм.  

 “Азиа мобайл технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарыг хяналт шалгалтад холбогдох баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэсэн үндэслэлээр 192000 төгрөгөөр 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврийн хуудсаар  торгожээ.

Нэхэмжлэгч баримт бичгийг гаргаж өгөөгүй үндэслэлээ шалгалтын бүрэлдэхүүнд Монголын Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо оролцож байсан бөгөөд төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш, ашиг сонирхлын зөрчил бүхий этгээд оролцсон байсан тул гаргаж өгөөгүй гэжээ. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ”Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, ...үүрэгтэй.” зааснаар иргэн, хуулийн этгээд хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг улсын байцаагч нарт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй “Азиа мобайл технологи” ХХК-д мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй байна.

 “Азиа мобайл технологи” ХХК нь уг EasyRide хэмээх интернэтэд суурилсан программ хангамжийг олон нийтэд түгээхдээ хууль, журамд нийцүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд шүүх хүрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Такси дуудлагын үйлчилгээний журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй  байх тул шүүх дээрх журмыг үндэслэж хэргийг шийдвэрлээгүй болно. 

   

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн 10.9.7, 10.9.12, 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.4, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.21 , 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “Азиа мобайл технологи” ХХК -ийн “Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дугаар дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай акт, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ