Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 73

 

                               “Азиа мобайл технологи” ХХК-ийн

                           нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амар, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Ю.Амарсанаа, Б.Дэмчигсүрэн, Б.Одгэрэл, тэдний төлөөлөгч Э.Энхтөр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0792 дугаар магадлалтай, “Азиа мобайл технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн  10.9.7, 10.9.12, 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн  16.1.4, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.21, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан “Азиа мобайл технологи” ХХК-ийн “Нийслэлийн тээврийн газрын тээврийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Дуудлага такси үйлчилгээг зогсоох тухай” 5/025/01 тоот акт, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Шийтгэврийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0792 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-иас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэлийн тээврийн даргын дарга Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн ажил хариуцсан дэд даргын хамтарсан “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж” нь Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 5.4, 5.9-д заасныг зөрчсөн байтал дурдсан заалтуудыг шийдвэр гаргахдаа хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.            Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалт хийх зарчмыг тодорхойлсон бөгөөд эдгээр зарчмуудыг зайлшгүй баримтлах шаардлагатай билээ. Гэтэл хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн  бус мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулах хэмжээ хязгаар нь тухайн зарчмаар хязгаарлагдаж байгаа бөгөөд хэрэв хараат бус байдалд нөлөөлж болзошгүй бол тухайн төрийн байгууллага, мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулах хууль зүйн боломж байхгүй болно. Гэтэл хяналт шалгалтыг хийлгүүлэх өргөдөл, мэдээлэл гаргагчийг хяналт шалгалтанд татан оруулсан нь дээрх заалтад нийцсэн гэж үзэхээргүй байна. “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-д зааснаар “хяналт шалгалтыг явуулахад гарах зардал, үйлчилгээ, автомашиныг Нийслэлийн тээврийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хариуцна” гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.3-т заасныг зөрчсөн байгаа юм. Энэхүү төсвөөс санхүүжих тухай заалт нь Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 4.1.3-т заасан хараат бус байхтай нягт холбоотой заалт билээ. Дээрхээс үзвэл хяналт шалгалтад татан оруулсан төрийн бус байгууллага нь өргөдөл, мэдээлэл гаргагч мөн хяналт шалгалтыг санхүүжүүлэгч нь байгаа нь улсын байцаагчийн хяналт шалгалт хуульд нийцээгүй гэх үндэслэл болж байна. Энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хэдий ч чухам ямар үндэслэлээр ийнхүү Төрийн бус байгууллага төрийн хяналт шалгалтыг санхүүжүүлж байгаа нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг хийгээгүй. Мөн “таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн 3.5-д нийтийн таксийн үйлчилгээ эрхлэх, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй, такси дуудлагын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нэр бүхий компаниудыг дурдаад үйл ажиллагаанд шалгалт хийх гэж заасан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т заасан хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн  удирдамжаар хяналт, шалгалт хийсэн, шалгалт хийгдсэний үндсэн дээр тэмдэглэл үйлдэж, нэг хувийг шалгуулагч этгээдэд өгч, гарын үсэг зуруулах ёстой. Үүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9-д заасан байдаг. Тэмдэглэлд шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, улсын байцаагчийн санал, дүгнэлтийг зайлшгүй тусгасан байх ёстой. Гэтэл энэ тэмдэглэл хийгдээгүй бөгөөд шалгалтыг ямар нөхцөлд, хуульд зааснаар явуулсан эсэхийг тодорхойлох баримт бичиг байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх “Easy ride” платформыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 4.1.9-д заасан хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан такси үйлчилгээний програм хангах буюу такси үйлчилгээний дуудлага хүлээн авч, нийт явсан замыг байршлаар нь тодорхойлох технологи ашиглан тооцоолж, дэлгэцэд харуулах үйлдлийг гүйцэтгэдэг програм хангамж гэж үзсэн байна. Гэтэл “Easy ride” ухаалаг утсанд суурилсан платформыг иргэд зөвхөн Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээг байгуулахад ашигладаг бөгөөд такси үйлчилгээнд ашигладаггүй. Энэ талаар манай аппдикэйшнийг суулгах үед хэрэглэгчдэд санал болгодог гэрээний саналд тодорхой тусгасан байдаг. Тиймээс “Азиа мобайл технологи” ХХК-ийг такси үйлчилгээ эрхлэн явуулдаг гэж үзэх боломжгүй. Түүнчлэн такси компаниудын жолооч нар “Easy ride”  платформыг ашиглах боломжтой. Тухайн платформыг ашиглагч нь “Азиа мобайл технологи” ХХК-ийн хувьд хэрэглэгч болохоос бус тус манай компанид ажилладаг жолооч боломжгүй. Манай компани Харилцаа холбооны зохицуулах газраас “Easy ride” платформыг хэрэглээнд гаргахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг тодруулсны дүнд хэрэглээнд гаргасан болно. Манай компанийг такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэг гэж үзэхээр бол такси дуудлагын үйлчилгээг хэрхэн эрхлэх талаар хүчин төгөлдөр дүрэм журам байх ёстой бөгөөд энэ талаар зохицуулсан журам одоогоор байхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-иас интернэтэд суурилсан “Easyride” хэмээх утасны аппликэйшн зохиож, хэрэглээнд гаргасан байх бөгөөд энэхүү програмыг ашиглан жолооч болон таксийн үйлчилгээ авах иргэд хоорондоо холбогдон, дуудлагын таксийн үйл ажиллагаа явагддаг байна.

Нийслэлийн тээврийн газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас хамтран 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийг баталж, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт” явуулжээ.

Шалгалтаар “Азиа мобайл технологи” ХХК-ийн “Easyride” програмыг ашиглан дуудлагын такси үйлчилгээ үзүүлэгч, жолооч нар Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн зүүн гар талдаа жолооны хүрдтэй , зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр үйлчилсэн, зарим тохиолдолд жолоочийн үнэмлэхгүй байсан зөрчил илэрсэн тул 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дүгээр актаар “тус компанийн дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагаа”-г түр зогсоосон байна.

Нэхэмжлэгч “манайх таксийн үйлчилгээ эрхэлдэггүй, таксинд явах нэг ч автомашин байхгүй, зөвхөн “Easyride” аппликэйшнг хэрэглээнд гаргасан байхад дуудлагын таксийн үйл ажиллагаа явуулсан гэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

“Азиа мобайл технологи” ХХК-ийн “Easyride” програмыг ашиглан хэрэглэгч дуудлага өгч, жолооч дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг байх бөгөөд энэхүү аппликэйшнийг ашигласны төлбөрт зохих орлого олдог тус компанийг “зөвхөн програм зохиосон” гэдгээр дуудлагын такси үйл ажиллагаа явуулдаггүй гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл, “Easyride” програм нь такси дуудлага хийх хэрэгсэл бөгөөд үүний тусламжтайгаар дуудлагын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаж байх тул агуулгын хувьд дуудлагын таксийн үйл ажиллагаа гэж үзсэн үндэслэлтэй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх Автотээврийн тухай хууль, Стандарчтчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч “холбогдох шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгсэл, жолоодох эрхгүй этгээдээр дуудлагын такси үйлчилгээ үзүүлсэн” гэж акт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч хууль тогтоомжийн хүрээнд тавигдсан нөхцөл, болзол, шаардлагыг хангуулан програмыг ашиглах эрх нь нээлттэй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2016/0792 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН