Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0792

 

 “Азиа мобайл технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийн төлөөлөгч Б.Амар, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Азиа мобайл технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Б.Дэмчигсүрэн, Ю.Амарсанаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.12, 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.1.4, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.2.21, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “Азиа мобайл технологи” ХХК-ийн “Нийслэлийн тээврийн газрын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 дугаар дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай акт, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийн төлөөлөгч Б.Амар давж заалдах гомдолдоо: “Манай компани нь Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/025/01 тоот "Дуудлагын такси үйлчилгээг зогсоох тухай" улсын байцаагчийн акт, 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Улсын байцаагчаас захиргааны зөрчил ногдуулах шийтгэврийн хуудсыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан билээ

Энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг бүхэлд нь дараах үндэслэлүүдээр үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрт "Нийслэлийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд даргын хамт хамтарсан "Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж"-ийн дагуу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, шалгалт хийх удирдамжийг гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн Монголын такси эрхлэгчдийн холбоо хяналт шалгалт хийхэд байлцсан нь дээрх хуулийн 5.5-д заасан "Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулж болно" гэж заасныг зөрчөөгүй байна" гэжээ.

Нийслэлийн тээврийн газрын дарга Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд даргын хамтарсан "Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж" нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.9 дэх хэсгийг тус тус зөрчсөн байтал дурдсан заалтуудыг шийдвэр гаргахдаа хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйл нь төрийн хяналт шалгалт хийх зарчмыг тодорхойлсон бөгөөд Төрийн хяналт шалгалт хийхэд эдгээр зарчмуудыг зайлшгүй баримтлах шаардлагатай билээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д "...хяналт шалгалт нь хараат бус байх" гэж заасан байх бөгөөд энэ нь тус хуульд заасан хяналт шалгалтууд уг зарчимд үндэслэх ёстойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулахдаа хараат бус байх зарчмыг алдагдуулахгүйгээр оруулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулах хэмжээ хязгаар нь тухайн зарчмаар хязгаарлагдаж байгаа бөгөөд хэрэв хараат бус байдалд нөлөөлж болзошгүй бол тухайн төрийн байгууллага, мэргэжлийн бусад байгууллага, иргэнийг татан оролцуулах хууль зүйн боломж байхгүй болно. Гэгтэл хяналт шалгалтыг хийлгүүлэх өргөдөл, мэдээлэл гаргагчийг хяналт шалгалтад татан оруулсан нь дээрх заалтад нийцсэн гэж үзэхээргүй байна.

"Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж"-д зааснаар "хяналт шалгалтыг явуулахад гарах зардал, үйлчилгээ, автомашиныг Нийслэлийн тээврийн газар, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хариуцна" гэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх..." гэж заасныг мөн зөрчсөн байгаа юм. Энэхүү төсвөөс санхүүжих тухай заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.3 дахь заалт нь мөн хараат бус байхтай нягт холбоотой заалт билээ.

Дээрхээс үзвэл хяналт шалгалтад татан оруулсан төрийн бус байгууллага нь өргөдөл, мэдээлэл гаргагч мөн хяналт, шалгалтыг санхүүжүүлэгч нь байгаа нь улсын байцаагчийн хяналт шалгалт нь хуульд нийцээгүй гэх үндэслэл болж байна.

Мөн "Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж"-ийн 3.5 дахь хэсэгт нийтийн такси үйлчилгээ эрхлэх, гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй, такси дуудлагын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нэр бүхий компаниудыг дурдаад үйл ажиллагаанд шалгалт хийх гэж заасан байдаг. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан "Хяналт, шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно" гэснийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн удирдамжаар хяналт шалгалт хийсэн. Шалгалт хийгдсэний үндсэн дээр тэмдэглэл үйлдэж, нэг хувийг шалгуулагч этгээдэд өгч, гарын үсэг зуруулах ёстой. Үүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д заасан байдаг. Тэмдэглэлд шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, улсын байцаагчийн санал, дүгнэлтийг зайлшгүй тусгасан байх ёстой. Гэтэл энэ тэмдэглэл хийгдээгүй бөгөөд шалгалтыг ямар нөхцөлд, хуульд зааснаар явуулсан эсэхийг тодорхойлох баримт бичиг байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Азиа мобайл технологи" ХХК нь хэдийгээр автомашингүй, жолоочийг авч ажиллуулдаггүй хэдий ч, хэн гэдэг жолооч хаанаас зорчигчийг авсан, хаана хүргэсэн, хэн дуудлага өгсөн зэрэг мэдээлэл бүхий программ хангамжаар дамжуулан жолооч болон зорчигчийг холбож, байнгын шинжтэй ашиг олохоор төлөвлөж байгаа нь дуудлагын такси үйлчилгээ эрхэлдэг гэж үзэхээр байна" гэжээ.

Ийнхүү дүгнэхдээ, Easyride платформыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага" MNS 5122:2013 стандартын 4-ийн 4.1.91-т заасан хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамж буюу такси үйлчилгээний дуудлага хүлээн авч, нийт явсан замыг байршлаар нь тодорхойлох технологи ашиглан тооцооллож, дэлгэцэнд харуулах үйлдлийг гүйцэтгэдэг программ хангамж гэж үзсэн байна. Гэтэл Easyride ухаалаг утсанд суурилсан платформыг иргэд зөвхөн Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээг байгуулахад ашигладаг бөгөөд такси үйлчилгээнд ашигладаггүй. Энэ талаар манай аппликэйшнийг суулгах үед хэрэглэгчдэд санал болгодог гэрээний саналд тодорхой тусгасан байдаг билээ. Тиймээс "Азиа мобайл технологи" ХХК-ийг такси үйлчилгээ эрхлэн явуулдаг гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн такси компаниудын жолооч нар Easyride платформыг ашиглах боломжтой. Тухайн платформыг ашиглагч нь "Азиа мобайл технологи" ХХК-ийн хувьд хэрэглэгч болохоос бус тус манай компанид ажилладаг жолооч болохгүй.

"Азиа мобайл технологи" ХХК нь гар утасны платформ зохиогч компани бөгөөд Easyride платформоос гадна өөр олон төрлийн платформ гаргахаар төлөвлөж байгаа. Манай компани Харицааны холбооны газраас “Easyride платформыг хэрэглээнд гаргахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагатай юу?” гэсэн хүсэлт гаргахад "Шаардлагагүй" гэсэн албан тоот хариу ирүүлсэн ба тус нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан боловч шүүгч шийдвэртээ тусгаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон "Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага" MNS 5122:2013 стандарт нь такси үйлчилгээ эрхэлдэг, аж ахуйн нэгжид хамаарах бөгөөд платформыг ашиглагч этгээдүүдийн гаргасан зөрчил нь манай компанид хамааралгүй юм. Учир нь "Азиа мобайл технологи" ХХК нь мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулагч компани билээ. Манай компанийг такси дуудпагын үйлчилгээ эрхэлдэг гэж үзэхээр бол такси дуудлагын үйлчилгээг хэрхэн эрхлэх талаар хүчин төгөлдөр дүрэм журам байх ёстой бөгөөд энэ талаар зохицуулсан хүчин төгөлдөр дүрэм журам одоогоор байхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Азиа мобайл технологи" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврээр торгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасантай нийцэж байна" гэжээ.

Гэтэл шалгалт явуулсан удирдамж нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж гарсан, цаашлаад ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хамтран хяналт шалгалт явуулж компанийн нууцтай холбогдох бичиг баримт гаргахыг шаардах эрх хуулиар олгогдоогүй байхад шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгуй байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Дуудлагын таксийн үйлчилгээг түр зогсоох тухай” 5/025/01 дүгээр актаар нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийг Нийслэлийн тээврийн газартай “Дуудлагын таксийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” байгуулалгүй дуудлагын таксийн үйлчилгээг эрхэлсэн, дуудлагын таксинд үйлчилж байсан суудлын автомашинууд нь Автотээврийн тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй, жолооч нар нь мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тус компанийн дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг дээрх зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоохоор шийдвэрлэж, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0100745 дугаар шийтгэврээр нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарт хяналт шалгалтад холбогдох баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан гэсэн үндэслэлээр 192 000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Дээрх маргаан бүхий актууд нь Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.15, 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.2.21, Стандарчтчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.1, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 4.1.2, 4.1.7, 7.1.2, 9.1-д заасантай тус тус нийцсэн байна.

Тодруулбал, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ”нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг; “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 4.1.2-д “Таксийн үйлчилгээ: таксийн зориулалтын зогсоолоос эсвэл дуудлагаар энэхүү стандартын 7-д заасан үйлчилгээг зорчигчдод үзүүлэх тээвэрлэлт”, 4.1.7-д “Дуудлагын таксийн үйлчилгээ: урьдчилсан захиалга өгсөн таксийн үйлчилгээ”, 7.1-д “Таксийн үйлчилгээний захиалгыг дараах хэлбэрээр авна. Үүнд: 7.1.2. Харилцах утсаар тээвэрлэгчийн хүлээн авсан дуудлагаар, эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамжаар дамжуулан хүлээн авсан дуудлагаар” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК нь хувийн автомашинтай жолооч болон иргэд хоорондоо аппликэйшнээр дамжин холбогдож, дуудлага өгч, дуудлага авах зориулалт бүхий EasyRide хэмээх интернэтэд суурилсан программыг хэрэглээнд гаргаж, улмаар ашиг олохоор төлөвлөн ажиллаж буйг “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 4.1.7-д заасан хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулсан такси үйлчилгээний программ хангамжаар дамжуулан хүлээн авсан дуудлагын таксийн үйлчилгээг үзүүлж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь таксийн үйлчилгээг үзүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг харгалзалгүй, тухайн программыг ашиглахыг хүссэн бүх жолооч нартай Аппликэйшн ашиглах гэрээг байгуулж, улмаар тухайн жолооч нар нь тус программын тусламжтайгаар дуудлагын таксийн үйлчилгээг үзүүлж байх тул нэхэмжлэгчийн “манайх такси үйлчилгээ эрхэлдэггүй, MNS 5122:2013 стандарт нь такси үйлчилгээ эрхэлдэг, аж ахуйн нэгжид хамаарах бөгөөд платформыг ашиглагч этгээдүүдийн гаргасан зөрчил нь манай компанид хамааралгүй” гэх тайлбар үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагч нараас нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийг дуудлагын таксинд үйлчилж байсан суудлын автомашинууд нь Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 /Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ/, 10 дугаар зүйлийн 10.2 /Тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ: 10.2.21.тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх/, 3 дугаар зүйлийн 3.1.15 /тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг/, “Такси үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын 9.1 /Жолооч нь тухайн ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 21-ээс дээш настай, 2-оос дээш жил жолоочоор ажилласан байна/-д заасан шаардлагуудыг хангаагүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тус компанийн дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг дээрх зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нараас дээрх зөрчлийг Нийслэлийн тээврийн газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн ажил хариуцсан дэд дарга нарын хамтран 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тогтоожээ.

Нэхэмжлэгч нь “...удирдамжид хяналт шалгалт явуулахад гарах зардлыг Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хариуцахаар зааж, өргөдөл, мэдээллийг гаргасан тус холбоог хяналт шалгалтад татан оруулсан  нь хяналт шалгалт хараат бус байх зарчмыг зөрчсөн, “хяналт шалгалттай холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно..." гэсэн хуулийн заалтыг зөрчсөн…” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Тус шалгалт нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт таксийн үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь Автотээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, улсын стандартуудад нийцэж буй эсэхийг шалгах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилготой байх тул "Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шугам замд шалгах арга хэмжээний нэгдсэн удирдамж"-ийн 3.5-д Нийслэлийн тээврийн газартай “нийтийн такси үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” байгуулаагүй такси дуудлагын үйлчилгээ эрхэлж байгаа нэр бүхий компаниудад шалгалт хийх талаар заасныг урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийсэн гэж үзэхгүй юм.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно” гэж заасны дагуу хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоог оролцуулсан байх тул хяналт шалгалт хараат бус байх зарчмыг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Азиа мобайл технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амар нь хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг улсын байцаагч нарт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нь шийтгэвэр гаргах үндэслэл болсон байх тул мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын шийтгэвэр нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулдийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасантай нийцсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

             ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН