Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 223/МА2021/00026

 

                                                          

 

 

“Б з” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Б з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А сервис” ХХК, “Т А” ТӨХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “А-Сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннашийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан /онлайнаар/, хариуцагч “А-Сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч “Т А” ТӨХК-ийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Б з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Лүн сумын төвд "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд "Т А” ТӨХК, "А-СЕРВИС” ХХК хоорондоо туслан гүйцэтгэх гэрээтэй хамтран ажиллаж байсан. Уг хоёр компани нь хугацаандаа ажлаа хийж дуусгаж чадахгүй байсан тул манай "Б з" ХХК нь 2014 оны 10 сарын 27-ний өдөр "Т А ТӨХК-тай асфальт бетон хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр 40 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. "Т А” ТӨХК нь төслийн санхүүжилтийг "А-СЕРВИС” ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр "А-СЕРВИС" ХХК хариуцна гэдэг тайлбар өгдөг. "А-СЕРВИС ХХК-аас 2017 оны 07 сарын 09-ний өдрийн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50.000.000 /тавин сая/ төгрөгөөс Ниссан Навара маркийн 07-40 УНА улсын дугаартай, VSKCVNB40U0031609 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй авто машиныг 25.000.000 төгрөгт тооцон авсан. Мөн 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 17-ны өдөр төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү. “Т А” ТӨХК-ийн өмгөөлөгчийн хувьд хэлцэл хийгдээд үүрэг өөр хуулийн этгээд дээр шилжсэн тул манай ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж байна. Иргэний хуулийн 236-р зүйлд заасан хууль зүйн үндэслэл үүсээгүй. Үүрэг нь дуусгавар болоогүй, өнөөдөр хэн аль нь хариуцагчаар татагдаад явж байгаа. Төв аймгийн Лүн сумд ерөнхий гүйцэтгэгчээр А сервис ХХК ажиллаж байсан. “А Сервис” ХХК “ТЗМ” гэдэг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “ТЗМ” ХХК нь “Т А” ТӨХК-тай гэрээтэй, “Т А” ТӨХК нь манай Б з ХХК-тай гэрээтэй. Манай “Б з” ХХК, “Т А” ТӨХК-гаас ажил гүйцэтгэх гэрээгээр мөнгөө нэхэхээр санхүүжилт орж ирээгүй байна гэдэг тайлбар өгөөд А сервис ХХК-с төлбөрөө ав гэдэг. А сервис ХХК-аас төлбөрөө нэхэхээр манайх “ТЗМ” ХХК-тай хөлс тооцоогоо хийгээд дуусчихсан гэж тайлбарладаг. “Т А” ТӨХК нь “ТЗМ” ХХК-аас төлбөр тооцоогоо нэхэж Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, энэ нэхэмжлэлээсээ татгалзсан юм билээ. Тэр асуудлыг шийдсэн шүүгчийн захирамжид “А Сервис” ХХК нь “Б з” ХХК-д 50.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж дурдсан байдаг. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-т: Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж зааснаар Б з ХХК нь гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг нөгөө тал хүлээж авсан. Гэтэл хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлэхгүй яваад байдаг. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар 20.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Т А” ТӨХК-ийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Б з" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэсэн нь ямар үндэслэлээр энэ хоёр компаниас нэхээд байгаа, чухам аль компаниас нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь ойлгомжгүй, шүүхийг ялгаж зааглаад учрыг нь олоод гаргуулж өгнө үү? гэсэн утгатай ойлгомжгүй нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 10 сарын 7-ний өдөр манай “Т А” ТӨХК-тай асфальт бетон хучилтын замын ажлыг гүйцэтгэхээр 40 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. “Т А” ТӨХК нь төслийн санхүүжилтийг "А Сервис-т шилжүүлсэн гэдэг бөгөөд манай компани ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэхээр "А сервис ХХК хариуцна гэдэг тайлбар өгдөг гээд "А сервис ХХК-аас 2017 оны 07 сарын 09-ний өдрийн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протоколд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгөөс Ниссан Навара маркийн 07-40 УНА улсын дугаартай VSKCVNB 4000031609 арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй авто машин 25,000,000 төгрөгт тооцон авсан. Мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр аваад 30,000,000 төгрөгийн төлбөр авсан. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2017 оны 07 сарын 17-ны өдөр төлнө гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй гэж өөрсдөө гэрээ байгуулаагүй А сервис ХХК-тай үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж энэ компаниас үлдэгдэл 50,000,000 төгрөгийн зарим хэсгийг авсан гэж бичсэн нь “Т А” ТӨХК-ийн хэлээд байгаа төслийн санхүүжилтийг "А-Сервис ХХК хариуцна гэснийг баталж байна. Мөн хариуцагч “Т А” ТӨХК 2017 оны 01 сарын 14-ний өдөр Төв аймгийн шүүхэд захиалагч “ТЗМ” ХХК-ний захирал Л.Эрдэнэбаатараас 2014 оны 07 сарын 04-ний өдрийн 26 тоот гэрээгээр тохиролцсон ажлын санхүүжилт болох нийт 428.043,228 төгрөгийн үлдэгдэл 72.865.445 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч “ТЗМ” ХХК шүүхэд хариу тайлбар өгөхдөө: 2014 онд МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэхээр “А-сервис” ХХК шалгарсан. “ТМЗ” ХХК толгой компани болгон туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. "Т А" ТӨХК-ийн гүйцэтгэсэн ажлын сүүлийн санхүүжилтээс 50,000,000 төгрөг санхүүжигдээгүй дутуу байгаа бөгөөд энэ санхүүжилтийг Ерөнхий гүйцэтгэгч "А сервис" ХХК-аас аваагүй байгаа. “Т А” ТӨХК-ийн нэхэмжилж байгаа 50,000,000 төгрөгийг одоо авах боломжтой боловч одоо болтол ерөнхий гүйцэтгэгч компани санхүүжилт хийгээгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч "А сервис" ХХК-с гадна зам талбайн ажилтай холбоотой санал гомдол гарч байгаа тул санхүүжилтийг түр хойшлуулсан байгаа гэсэн тайлбар бидэнд өгдөг гэсэн байна. Мөн шүүхэд хариуцагч “ТМЗ” ХХК-ний захирал Л.Эрдэнэбаатар дахин 2017 оны 04 сарын 20-ний өдөр тайлбар өгөхдөө: 2017 оны 02 дугаар сарын сүүлээр санхүүжилтийн зарим болох 8,000,000 төгрөг орсон. Үүнийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн ерөнхий гүйцэтгэгч барилгын материал өгснийг 9,400,000 төгрөгийн материалыг нэхэмжлэгч байгууллагад өгөхөөр тохирсон. Одоо 3.500.000 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчид өгнө. Ингээд 22.900.000 төгрөгийн төлбөр барагдана, үлдэгдэл санхүүжилт 50.000.000 төгрөгийг "А Сервис " ХХК нь “Т А” ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч "Б з ХХК-д өгөхөөр харилцан тохирсон гэж бичиж өгсөн. Манай компани нь Төв аймгийн анхан шатны шүүхэд хариуцагч “ТЗМ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх явцад 8,000,000 төгрөг, А сервис ХХК нь 50,000,000 төгрөг, мөн “ТМЗ” ХХК нь 9,495,280 төгрөгийг тус тус "Б з ХХК-д шилжүүлэхээр албан тоотуудыг хүргүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбар өгсөн. Ингээд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч хэлж тохирохдоо үлдэгдэл санхүүжилтийг "А сервис" ХХК нь туслан гүйцэтгэгч "Б з" ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэж 2017 оны 04 сарын 20-ы өдөр 151/ШШ201700412 тоот шүүгчийн захирамж гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч "Б з" ХХК-ийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч нь “Төв АЗАА” ТӨХК биш "А-Сервис” ХХК хариуцах ёстой юм. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байгаа “Т А” ТӨХК, “А Сервис” ХХК-ийн тооцоо нийлсэн Протокол нь бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл юм. Энэ хэлцлийн дагуу “Б з” ХХК-д хөлс төлөх үүрэг “А Сервис” ХХК-д шилжсэн. Тодруулбал энэ хэлцлийн дагуу манай компани төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн. Иймд “Т А” ТӨХК уг төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т: Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ, гэж заасан. Тооцоо нийлсэн протокол нь үүрэг шилжээд өөр этгээдэд очоод байгааг баталгаажуулсан хэлцэл. Бичгээр хийх хэлцэл нь талууд баримт бичиг үйлдэж харилцан гарын үсэг зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ. Тэгэхээр энэ протокол нь хэлцэл байна гэж үзэж байна. Иймд “Т А” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “А-Сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014-2015 онд хэрэгжих "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч Төв аймгийн засаг даргатай 2014 оны 6 дугаар сард 14 тоот гэрээг байгуулан ажилласан. Дээрх ажлын хүрээнд манай компани "Т А" ТӨХК болон "Б з" ХХК-тай ажлын гэрээ хэлэлцээр байгуулж байгаагүй болно. "Б з" ХХК-тай төлбөр төлөх протоколыг манай компанийн менежер байгуулсан бөгөөд автозамын ажлын төлбөрийг "ТЗМ" ХХК-тай тооцоог хийсэн. Одоо манай компани "ТЗМ" ХХК-тай төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон. Иймд энэхүү төлбөрийг манай компани төлөх үндэслэлгүй учир энэхүү маргааныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөх тухай протокол бол хэлцэл биш юм. Энэ бол хоорондоо мөнгө хүлээлцсэн тэмдэглэл. Бид нар 30 сая төгрөг төлсөн, энэ нь “ТЗМ” ХХК-д өгөх байсан тооцооноосоо тэмдэглэл үйлдээд “Б з” ХХК-д 30.000.000 төгрөг төлсөн асуудал. Одоо манай компани ТЗМ ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй. Манай компани “Т А” ХХК-тай болон Б з ХХК-тай хуулийн ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Манайх зөвхөн “ТЗМ” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулсан, бүх санхүүжилтээ “ТЗМ” ХХК-д цаг хугацаанд нь өгөөд одоо бол ямар нэгэн тооцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “А-Сервис” ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б з” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б з ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А сервис ХХК-иас 257.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б з ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А-Сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннаш давж заалдах гомдолдоо: “..."А-Сервис" ХХК нь "Б з" ХХК-ийн өмнө хууль болон гэрээгээр төлбөрийн үүрэг хүлээгээгүй тухайд:

1. Тус "А-Сервис" ХХК нь 2014 онд Төв аймгийн "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, айл өрх, байгууллагыг цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч, Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 тоот гэрээг байгуулсан ба улмаар туслан гүйцэтгэгчээр "ТЗМ" ХХК-ийг ажиллуулахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан.

Ингээд уг төслийн хүрээнд "ТЗМ" ХХК нь хэсэгчилсэн төлөвлөгөө болон бусад тохиролцсон ажлын зураг төслүүдийг боловсруулах, нийгмийн салбарын барилгуудын гадна фасадны засвар, ариун цэврийн өрөө шинээр байгуулж, цэвэр ус, ариутгах татуургад холбох, дулааны эх үүсвэр нэмэгдүүлэх, гадна зам талбайн ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14/36 тоот "Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар манай "А Сервис" ХХК нь Ерөнхий ажил гүйцэтгэгч, Туслан гүйцэтгэгч "ТЗМ" ХХК-ийн хувьд захиалагч болсон болно.

Дээрх гэрээгээр "ТЗМ" ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, доголдолгүй ажлын үр дүнг "А Сервис" ХХК-д хүлээлгэн өгөх, "А Сервис" ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээсэн.

Харин "ТЗМ" ХХК нь "Т А" ТӨХК-ийг туслан гүйцэтгэгчээр, "Т А" ТӨХК нь "Б з" ХХК-ийг тус тус туслан гүйцэтгэгчээрээ авч ажиллуулсан байдаг ба Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг Захиалагчийн өмнө хариуцах хууль зүйн үр дагавартай байдаг тул хуулийн уг зарчим, зохицуулалтын дагуу "ТЗМ" ХХК нь өөрсдийн гэрээ байгуулсан "Т А" ТӨХК-ийн ажлын үр дүнг, "Т А" ТӨХК нь өөрсдийн туслан гүйцэтгэгч болох "Б з" ХХК-ийн ажлын үр дүнг тус тус хариуцах учиртай.

Иймээс "А Сервис" ХХК-ийн зүгээс барилгын ажлын баталгаат хугацаанд "ТЗМ" ХХК-д тус компанийн болоод туслан гүйцэтгэгч компаниудынх нь ажлын үр дүн, доголдолтой холбоотой асуудлыг тавьж, ажлын үр дүнд илэрсэн доголдлыг арилгасны дараа үлдэгдэл ажлын хөлс болох 50,000,000 төгрөгийг өгөх боломжтой талаар тохиролцсон байдаг бөгөөд энэ талаар манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан.

Гэтэл "ТЗМ" ХХК нь манай компанийн тавьсан шаардлагын дагуу доголдлыг бүрэн хэмжээнд арилгаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д "Доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй." гэж заасныг баримтлан ажлын хөлсийг бууруулан тооцсон тул бидний хооронд өглөг, авлагын асуудал байхгүй болно.

2. Анхан шатны шүүх 20,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэхдээ "...хх-ийн 10 дахь талд авагдсан "Протокол"-оор "А Сервис" ХХК нь 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна" гэж нотлох баримтыг илтэд нэхэмжлэгч талд ашигтайгаар, хийсвэрээр дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь дээрх 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн " А Сервис" ХХК болон “Т А" ТӨХК-ний хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол"-оор манай компани "Б з" ХХК-д 50,000,000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Протоколын эхний хэсэгт "ТЗМ" ХХК-тай туслан гүйцэтгэгчээр хамтран оролцсон автозамын "Т А" ТӨХК-ийн ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгнөөс 25,000,000 төгрөгт тооцож автомашин, бэлнээр 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөв" гэснийг уг 50,000,000 төгрөг нь "ТЗМ" ХХК болон "Т А" ХХК-ийн хоорондох төлбөр тооцоог илэрхийлэхээс бус "Б з" ХХК-д төлөгдөх ёстой ажлын хөлсний үлдэгдэл гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм. - Хэрэв 50,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 30,000,000 төгрөгийг тухай өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа бол үлдэгдэл 20,000,000 төгрөгийг "А Сервис" ХХК нь "Б з" ХХК-д хэзээ, хэрхэн төлж дуусгах талаар протоколд тусгах нь гарцаагүй байсан.

Гэтэл протоколд 5,000,000 төгрөгийг 2017.07.17-ны өдөр төлнө гэснээс өөр ямар ч тохиролцоо байхгүй буюу 15,000,000 төгрөгийг хэзээ төлөх талаар тохиролцоо хийгээгүй нь "А Сервис" ХХК нь "Б з" ХХК-д нийт 50,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Иймээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчиж, нотлох баримтыгтал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй.

3. Эцэст нь "А Сервис" ХХК нь "ТЗМ" ХХК-д ажлын хөлсний өр төлбөртэй байх нөхцөлд "А Сервис" ХХК-иас төлбөр шаардах эрхийг "ТЗМ" ХХК, "ТЗМ" ХХК-иас төлбөр шаардах эрхийг "Т А" ТӨХК, "Т А" ТӨХК-иас "Б з" ХХК шаардах эрхтэй байх бөгөөд шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасны дагуу шилжүүлсэн байх учиртай.

Гэтэл "А Сервис" ХХК нь "ТЗМ" ХХК-д ажлын хөлсний үлдэгдэлтэй эсэх, "А Сервис" ХХК-иас ТЗМ" ХХК-д төлбөр төлөхөөс татгалзах татгалзал, гаргах шаардлага байгаа эсэхийг тодруулалгүйгээр "А Сервис" ХХК-ийн огт оролцоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд "ТЗМ" ХХК болон "Т А" ТӨХК-ийн хооронд хийгдсэн тохиролцоог үндэслэн эдгээр компаниудын хооронд ажлын гүйцэтгэлийн талаар маргаан байхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Зүй нь "ТЗМ" ХХК нь "А Сервис" ХХК-ийн өмнө доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгч ажлын хөлсийг бүрэн хэмжээгээр шаардах эрхтэй үед "Б з" ХХК нь "ТЗМ" ХХК, "Т А" ТӨХК-ийн шаардах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан бол "А Сервис" ХХК-иас ажлын хөлс шаардах эрхтэй юм.

Гэтэл "А Сервис" ХХК нь "ТЗМ" ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлгүй, энэ талаар “ТЗМ" ХХК ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг, эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгч компани бүрэн хүлээн зөвшөөрдөг нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг бөгөөд ийм ч учраас "Б з" ХХК нь "А Сервис" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байсан болно.

Бидний хувьд туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулсан "ТЗМ" ХХК-тай ажлын хөлсний үлдэгдэлгүй болсон байхад хууль болон гэрээгээр шаардах эрхгүй этгээд болох "Б з" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, манай компанийг хийсвэр өр төлбөрт оруулж, "Б з" ХХК-тай гэрээтэй "Т А" ТӨХК буюу "Т А" ТӨХК-тай гэрээтэй "ТЗМ" ХХК-ийг үүрэг хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд дээрх компаниудын эрх, үүрэг өөрчлөгдсөн эсэх, шаардах эрх хуулийн хүрээнд шилжсэн эсэх, шаардах эрх шилжсэн бол үүрэг гүйцэтгэгч нь хэн эсэх, хариу гаргах шаардлага байгаа эсэхийг тогтоох нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой атал эдгээрийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн маргаантай харилцаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв сонгож хэрэглээгүй, материаллаг хуулийг буруу хэрэглэснийг зөвтгөн залруулж шийдвэрт зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б з” ХХК нь хариуцагч “Т А” ТӨХК болон хариуцагч “А-Сервис” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

“Б з” ХХК нь “Т А” ТӨХК-тай 2014 оны 10 сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Лүн сумын төвд 250 у/м асфальтбетон зам, сумын ЗДТГазар болон цэцэрлэгийн зам талбай, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 4400 мзам талбайн асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 20 000 000 төгрөг хариуцагч нарын хэн нь хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

2014 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд” Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээнд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт “А Сервис” ХХК шалгарч Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхийн тулд “А-Сервис” ХХК  ерөнхий ажил гүйцэтгэгчийн хувьд  туслан гүйцэтгэгчээр Төв Зуунмод /ТЗМ/ ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, туслан гүйцэтгэгч Төв Зуунмод /ТЗМ/ ХХК нь “Т А” ТӨХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, “Т А” ТӨХК нь “Б з” ХХК 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Дээрх хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлбол хариуцагч “А-Сервис” ХХК тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан  ажил гүйцэтгэх гэрээнд оролцогч болсон, “А-Сервис” ХХК нь  “Төв Зуунмод” ХХК-ийг татан оролцуулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч  болж Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасан туслан гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Мөн цаашлаад  ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдүүдийг татан оролцуулж, “Төв Зуунмод” /ТЗМ/ ХХК нь “Т А” ТӨХК-тай, “Т А” ТӨХК, “Б з” ХХК-тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар гэрээ тус бүрд талууд үүрэг хүлээж, ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй холбоотой зохицуулалт болох  Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасан эрх харилцаа үүссэн  гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүнг хүлээн авсан байдал, ерөнхий ажил гүйцэтгэгч “А-Сервис” ХХК нь захиалагчаас ажлын хөлсний санхүүжилтийг бүрэн хүлээн авсан талаар тус тус маргаагүй байна.

Хэрэгт “А Сервис” ХХК болон “Б з” ХХК-иудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн “А-Сервис” ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол”, “Т А” ТӨХК болон “ТЗМ” ХХК-ийн хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00412 дугаар захирамж,Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №116, 117 албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаАуд авагдсан байна.

Эдгээрээс үзвэл ажлын санхүүжилтийн талаар талууд тохиролцсон, “А-Сервис” ХХК нь туслан гүйцэтгэгч “Төв Зуунмод” ХХК-д төлөх ёстой санхүүжилтээс 50 000 000 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийг “Т А” ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч “Б з” ХХК-д төлөх, ингэхдээ “А-Сервис” ХХК нь “Б з” ХХК-д 25 000 000 төгрөгт тооцож Ниссан навара маркийн автомашин, 5 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 20 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. 

 Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл “Т А” ТӨХК “Б з” ХХК-тай 2014 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болоогүй Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих эрхийн харилцаа үүссэн байна.

Шаардах эрхийг эзэмшигч “Б з” ХХК-тай тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд болох “А-Сервис” ХХК өөртөө шилжүүлэн авсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон ба ийнхүү өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгджээ.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8-д заасан зохицуулалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгайлан шаардлага тавигдаагүй тул өр шилжих асуудлыг амаар болон бичгийн хэлбэрээр хийж болох бөгөөд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд санал хүсэлтээ бичгээр илэрхийлж, харилцан тохиролцож байсан байна.  

Иймээс  “А-Сервис” ХХК нь “Т А” ТӨХК-ийн “Б з” ХХК-д төлөх өрийг  өөртөө шилжүүлж авч  төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба төлбөрийг тодорхой хэмжээгээр Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан үүрэг гүйцэтгэгчийн өрийг “А-Сервис” ХХК автомашин болон 5 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулж байсан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан журмаар бүрэн хэрэгжүүлсэн байна.

Харин анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд үүрэг дуусгавар болгох Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.2, 236.3 дахь хэсэг, үүрэг дуусгавар болгох бусад үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэлт хийсэн байна. 

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч  нэхэмжлэгчээс хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад “Т А” ТӨХК-д холбогдох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх журмын зохицуулалт болох Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Дээрх нөхцөл байдалд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч “А-Сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннашийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д“ гэсний дараа “346 дугаар зүйлийн 346.1” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, “Т А” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч “А- Сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннашийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                  ШҮҮГЧИД                                                  М.МӨНХДАВАА

 

 

                                                                                 Т.ЭНХМАА