| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0392/Э |
| Дугаар | 564 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 564
Т.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 727 дугаар магадлалтай, Т.Сд холбогдох 1911004400132 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 12 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Могойн нүдэн овогт Т.С нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Сыг “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Соос 1.418.620 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Т.Сыг “заазуур, лоом ашиглан олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Сын хувьд 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа.
Т.С “мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “заазуур булаацалдан зодолдож байхдаа олон тооны шарх үүсгэсэн” талаар мэдүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 94-95 дахь талд авагдсан криминалистикийн шинжээч Г.Ганзоригийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 823 тоот “Т.Сын хэрэг болох үед ... өмсөж явсан хувцас ... шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал цамцны зах хурц иртэй зүйлийн 8 удаагийн үйлчлэлээр 450 мм хэмжээтэй зүсэгдэж таслагдсан, хагас энгэрийн 1, 2, 3 дахь товчнууд хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэгдэж таслагдсан байна” гэх дүгнэлт зэргээс харахад Т.С, амь хохирогч нар заазуур булаацалдах явцад олон тооны шарх үүсгэгдэх боломжтой байсныг харуулж байна.
Хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан 1919 тоот “Т.Сын биед зүүн зулай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ” гэсэн дүгнэлт гарсан. Т.Сын биед үүссэн дээрх гэмтэл нь өөрийгөө хамгаалах явцад үүсэх боломжтой гэж үзэж байна.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу амь хохирогч эхэлж Т.С руу заазуур авч дайран 2 удаа биед нь гэмтэл учруулаад дараа нь дахин лоом барьж довтолсон байдал, амь хохирогч, шүүгдэгч нар аль аль нь согтуурсан байсан, хохирогчийн архи уухаараа агсамнаж, догшин авир гаргаж хутга, мэсний зүйл хэрэглэж байгаа зүй бус байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчлэн цагдаагийн байгууллагад биеэр очиж мэдүүлэг өгсөн гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Шүүгдэгч Т.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өнөөдрийг хүртэл 76 настай ээжтэйгээ хамтдаа амьдарч байгаа ар гэрийн нөхцөл байдал зэргийг шийтгэх тогтоолд тусгаж өгөөгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Т.Сын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэл тохирсон. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Д.Бт суурь ясны хөндлөн хугарал, зулай ясны бүрэн бус хугарал, баруун чамархай, дух, зулай хуйхны цус хуралт, баруун чамархайн булчингийн няцрал, хуйх нүүрэнд зүсэгдсэн шарх, 2 талын 9 хавирганы хугарал, баруун эгэмний хугарал, 2 уушигны бүрэн авчилт, баруун сарвууны шарх, баруун сарвуу дунд, долоовор хурууны шивнүүр дэх бүрэн бус хугарал, шөрмөсний тасрал, зүүн зовхи, нүдний алим, баруун бугуй, чихний дэлбээнд цус хуралт, зүүн мөр цээжинд зулгаралт гэмтлүүд үүссэн бөгөөд талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас барсан гэж тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Сын өмсөж явсан цамцны заханд 8 удаагийн үйлчлэлээр зүсэгдсэн, 3 товч таслагдсан ул мөр шинжилгээгээр илэрсэн...түүний биед зүүн зулай шархтай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч шөрмөсний тасралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнийг амь хохирогчийн буруутай үйлдэлтэй холбоотой ба Т.Сд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Шүүх Т.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Т.Сд оногдуулсан хорих ялаас хасах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Сд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 613 тоотод иргэн Д.Бтай хамт архидан согтуурч, улмаар заазуур, лоом ашиглан түүнийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэн өвтгөн шаналгаж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Т.С, амь хохирогч Д.Б нар хамт архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар Д.Б нь Т.С руу заазуур, дараа нь лоом хэрэглэн довтлох үед Т.С амь хохирогч Д.Бтай тэмцэлдэн түүнээс заазуур, лоом зэргийг булаан авч, дээрх зэвсгийн чанартай зүйлүүдийг ашиглан Д.Бт олон тооны шарх гэмтэл учруулж алсан талаар шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Т.Сын биед зүүн зулай, баруун эрхий хурууны шарх, эрхий хуруу өргөгч булчингийн шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэн, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.
Иймд гэмт хэрэг гарахад амь хохирогч Д.Б гэртээ согтуугаар агсам тавьж, заазуур болон лоом хэрэглэн Т.С руу довтолсон зохих буруутай үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч Т.С нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 15 жил хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, амь хохирогч Д.Бын биед учирсан гэмтлийн шинж чанараас харахад шүүгдэгч Т.С нь Д.Быг онц харгис хэрцгийгээр алсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Д.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Сыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН