Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2022/00080

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/00080

 

Д.Б-, С.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02638 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-, С.М- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш-12 СӨХ-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 7,965,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Биднийг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 340,000 төгрөгөөр тооцож 3,060,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 2 сар, 3 дугаар сарын ажлын 16 хоног /3 сар ажлын 22 өдөртэй бөгөөд тушаал гарсан өдөр хүртэл/ тооцон 1, 2 сарын цалинг 340,000 төгрөгөөр /680,000 төгрөг/, 3 сарын ажлын 16 өдрийг ажлын нэг өдрийн цалин хөлсийг 15,455 төгрөгөөр бодоход 247,280 төгрөг, нийт 3,982,804 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор авах үндэслэлтэй байна. Бид дээрх тооцоог гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн сарын ажлын хөлсийг 340,000 төгрөгөөр тооцсон. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт Д.Б-д 3,982,804 төгрөг, С.М-д 3,982,804 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч С.М-, Д.Б- нар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халагдсан ба энэ асуудлыг 3 шатны шүүхээр хэлэлцэж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авч, уг тушаалыг нэхэмжлэгч нарт гардуулсан, СӨХ-ны зүгээс нэхэмжлэгч нарыг ажилдаа эргэн ороорой хэмээн мэдэгдсэн боловч одоог хүртэл ажилдаа ирэхгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй байсаар байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, шийдвэрийг биелүүлсэн. Мөн нэхэмжлэгч нарын ажлын байрыг хадгалсаар байгаа ба нэхэмжлэгч нар ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй ажлын үр дүнд цалин хөлс тооцож олгох боломжгүй. Мөн нэхэмжлэлд 2019 он, 2020 онд ажил үүргээ гүйцэтгэсэн тухай нотлох баримт авагдаагүй байна. Иймд манай СӨХ-ны зүгээс ажлаа хийгээгүй ажилтанд цалин хөлс тооцож олгохгүй. Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаартай тогтоолын хянавал хэсэгт Ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи хугацаанд ямар нэг олговор, цалин хөлс олгоогүй байх тул нэхэмжлэгч нарт энэ өдрөөс хойшхи давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь зүйтэй, ...нэхэмжлэгч нар нь тэдэнд олгох олговорт холбогдуулан гомдол гаргаагүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Манайх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож олгосон ба олговрын хэмжээ, түүнийг олгох хугацааны асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн тул үүнээс хойшхи хугацааны энэ нэхэмжлэлд дурдсан 2019 оны нийт 8 сар, 2020 оны нийт 3 сарын олговрыг нэмж олгохгүй, хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш-12 СӨХ-ноос 3,752,727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д, 3,752,727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М- нарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 460,154 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш-12 СӨХ-ноос 135,037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлд Ш-12 СӨХ давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоол гарсан ч сайн дураар биелүүлэхгүй, биднийг хохироосоор байна гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгч нарыг Улсын дээд шүүхийн 001/ХТ2020/00053 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762..1 дэх хэсэгт заасныг дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргалгүй, харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх тогтоол хүчин төгөлдөр болсныг нотолж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналаа.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн цалин хөлстэй холбоотой маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч Ш-12 СӨХ нь Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00053 тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Д.Б-, С.М- нарыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ш-12 СӨХ-ны үйлчлэгч, жижүүрийн ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 2,151,620 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх16-22, 26/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар тогтоосон бөгөөд уг хугацаанаас хойш нэхэмжлэгч нарыг ажилд томилох 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааг мөн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Хариуцагч Ш-12 СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан боловч ажилдаа ирэхгүй байгаа гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь тэднийг ажилд нь эгүүлэн томилох тушаал гарсан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан бөгөөд уг тушаал гарснаас хойш ажлаа хийхгүй, ажилдаа ирэхгүй байгаа эсэх нь өмнөх цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон, ногдох цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр /11 сар, 16 хоног х 320,000 төгрөг/ 3,752,727 төгрөгийг хариуцагч Ш-12 СӨХ-ноос гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН