Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00619

 
 

 

Д.Батхүү, С.Мажиглхам нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01538 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Д.Батхүү

Нэхэмжлэгч: С.Мажиглхам

Хариуцагч: ШАРГА-12 СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/

 

нэхэмжлэл: олговорт тус бүр 3,980,000 төгрөг, нийт 7,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогосын хяналтын журмаар 2020.09.10-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогос, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Д.Батхүү, С.Мажиглхам нар ШАРГА-12 СӨХ-нд орцны жижүүрээр ажиллаж байсан ба гүйцэтгэх захирлын 2018.09.18-ны өдрийн 31 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Улмаар БГД-н ИХАШШ-н 2019.01.14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр, 2019.03.29-ний өдрийн 580 дугаар магадлал, хяналтын шатны 2020.02.04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа буюу 2019.03.29-ний өдөр хүртэлх олговорт 2,391,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул 2019.03.29-с хойш 2019.04-12 сарын цалин /1 сар 340,000 төгрөг/ 2,720,000 төгрөг, 2020.01-03 сарын цалин /1 сар 420,000 төгрөг/ 1,260,000 төгрөг, нийт 7,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч тус бүрд нь 3,980,000 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг ШАРГА-12 СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018.09.18-ны өдрийн 31 дугаар тушаалаар орцны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн боловч дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу ажилд нь эгүүлэн авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-д ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нар нь ажилд эгүүлэн томилсон тушаалыг гардан авсан атлаа ажлаа хийхгүй байгаа тул цалин олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2020/01538 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны баримтлан хариуцагч ШАРГА-12 сууц өмчлөгчдийн холбооноос нийт 7,640,000 төгрөгийг гаргуулж, Д.Батхүүд 3,820,000 төгрөг, С.Мажиглхамд 3,820,000 төгрөгийг тус тус олгох, нэхэмжлэлээс үлдэх 320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 142,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...7,640,000... гэснийг ...7,505,454... гэж, ...3,820,000... гэснийг ... 3,752,727... гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...137,830... гэснийг ...135,037... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 сарын 29-ний өдөр төлсөн 137,190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн үйл баримтын талаар Д.Батхүү, С.Мажиглхам нар манай Шарга-12 СӨХ-нд холбогдуулан ажилгүй байсан 2019.04 сараас 2020.03 сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 3,980,000 төгрөг, нийт 7,960,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч, татгалзлаа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учир нэмж олговор олгох үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласнаар харилцан маргасан. Учир нь Д.Батхүү, С.Мажиглхам нарыг анх ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болон түүнд ногдох олговрын асуудлыг 3 шатны шүүхээр буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2019.01.14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.03.29-ний өдрийн 580 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.04-ний өдрийн 001 /ХТ2020/00053 дугаартай тогтоолоор тус тус шийдвэрлэж дууссан. Тухайн үед Дээд шүүх нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг болон түүнд ногдох олговрын хэмжээг тооцоолох талаар талууд маргах явцад Нэхэмжлэгч нар нь тэдэнд ногдох олговрын хэмжээтэй холбогдуулан гомдол гаргаагүй, 2019.03.29-ний өдрийг хүртэл олговор олгох нь зүйтэй үзсэн. Энэ нь Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаартай тогтоолын хянавал хэсэгт дурдагдсанаар нотлогдоно. Хоёр. Шүүхийн шийдвэрүүдийн талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 181/ШШ2020/01538 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Манай талаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.07-ны өдрийн 1713 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч нарыг дахин олговортой холбогдуулан гаргаж буй энэ удаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай талаас 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж, Дээд шүүхийн тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, уг тогтоолд заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг 2019.03.29-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Иймд ИХШХШТХ-н 117.1 /65.1.6/ дэх хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй нь тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн заасан. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.04-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул ажилгүй байсан хугацааны олговрын асуудлыг ахин Анхан болон Давж заалдах шатны журмаар хэлэлцэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дөрөв. Хяналтын гомдлын хүсэлт ИХШХШТХ-ийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Батхүү, С.Мажиглхам нар 2020.04.10-ны өдөр Шарга-12 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 7,640,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 7,505,454 төгрөг болгон өөрчилжээ.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч нар ямар хугацааны олговор шаардсан нь тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

Хэрэгт, нэхэмжлэл, хариу тайлбар, хариуцагчаас олговор гаргуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 580 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2020 оны 001/ХТ2020/00053 дугаар тогтоол авагдсан байх боловч эдгээрийн хэмжээнд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжгүй байна.

Шүүх зохигчийн эрх, үүргийн талаар Д.Батхүү, С.Мажиг нарт анхан шатны шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө тайлбарлан танилцуулсан /хх23/ байх тул шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийг буруутгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 76 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө.

2. Нэхэмжлэгч нар ямар хугацааны олговор шаардсан, ажилтан хэзээ анх ажлаас халагдсан, шүүхээс хэзээ ямар шийдвэрүүд гарч байсан, ажилд эгүүлэн авах тушаалыг ажил олгогч гаргасан эсэх, гаргасан бол хэзээ гаргаж байсан, ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа шалтгаан зэрэг нөхцөл байдал тодорхой бус үлджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 128, 129 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохигчийн хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн баримтыг үнэлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01538 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 130,000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

 Б.УНДРАХ

 Г.ЦАГААНЦООЖ