Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 184/2019/01533/И |
Дугаар | 210/МА2021/01818 |
Огноо | 2021-12-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/01818
2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 210/МА2021/01818 |
Я.Г-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Я.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдох
Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагч Б.Тын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Нтой зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Б.Н гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул би шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Ноос 45 738 000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тус үл хөдлөх хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч борлогдоогүй. Иймээс 2017 оны 12 дугаар сард дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Би шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон ч Б.Т-ын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн миний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн болохыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэх хариу өгсөн.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Т нь Б.Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт би гуравдагч этгээдээр оролцсон. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Т-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэснээр тэрээр нэхэмжлэлээ татан авсан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Нэхэмжлэгч, нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид уг асуудлаар намайг шүүхэд нэхэмжлэлээ гаргахад саад болохгүйг дурдсан. Иймд намайг Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Т-оос Б.Н-ын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/00240 дугаар шийдвэрээр Я.Г-н өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийгээгүй бол Я.Г-н нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөрөөс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.Тын нэр гарсан байдаг. Нэхэмжлэгч Я.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох үндэслэл байхгүй ба газар эзэмших эрх ч байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Я.Г-н нэхэмжлэлийн шаарлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Би Я.Г-ээс 20 000 000 төгрөгийг хүүтэй зээлэхдээ тухайн үед миний нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Би зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Я.Г-н өмчлөлд шилжүүлсэн. Миний зээлсэн 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг Б.Тын хадам эцэг Ц.Ц, хадам эх С.О нар нь хүүгийн хамт төлөхөөр амлаж надаас зээлж авсан боловч зээлээ төлөөгүй бөгөөд уг хөрөнгийг янз бүрийн арга заль хэрэглэн Б.Тын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байна. Миний хувьд Ц.Ц, С.О нар зээлсэн 10 000 000 төгрөгөө Я.Гэд төлсөн тохиолдолд уг газрыг буцааж өгөхөд ямар ч асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбарлаж, зээлдэгч нарт удаа дараа хэлж байсан. Иймд Я.Гээс зээлсэн мөнгөнөөс Ц.Цагаандорж, С.О нар авсан зээлээ төлөөгүй тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг Б.Тын нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Сонгинохайрхан дүүрэг,тоот хаягт байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Нын гуйлтаар бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Миний үл хөдлөх хөрөнгийг Б.Н нь шилжүүлэн авмагцаа Я.Гээс 20 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд нь тавьж гэрээ хийсэн байсныг хожим мэдсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө 2008 оноос өнөөдрийг хүртэл миний эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд Я.Г-н нэр дээр бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан шинэчилсэн бүртгэл хийх хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийг Я.Г-н нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийгээгүй бол нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохоор шийдвэрлэсэн.
Дээрх хугацаа өнгөрч улсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийлгэж, уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр намайг бүртгэсэн. Иймд Иргэний хуулийн 56.4, 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган Б.Т-ыг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Я.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Бодит байдал дээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Б.Т, Б.Н нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэхээс өмнө маргаан бүхий эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар буюу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрт тооцон нэхэмжлэгч Я.Гэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн улсын бүртгэлийн байгууллага 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж бүртгэхийг даалгасан байдаг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Ц овгийн Я.Г /РД:/ Сонгинохайрхан дүүрэг,тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.Тын Сонгинохайрхан дүүрэг,тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2019/06807 дугаар захирамж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 640 төгрөг, хариуцагч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т, Б.Н нараас тус бүр 193 320 төгрөг нийт 386 640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Гэд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Анхан шатны шүүхээс барьцааны зүйлийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг Я.Гэд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Я.Г нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг өмчилж аваагүй. Харин шүүхийн шийдвэрийн дагуу 45 738 000 төгрөгийн төлбөрөө барагдуулах хүсэлтэй учраас хариуцагчаар Б.Ныг татсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр зөвхөн нэг талын гаргасан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.
2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар Б.Тыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг анхан шатны шүүх өөрөөр тодорхойлсон. Хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэдгийг нотолсон баримт, шийдвэр байхгүй бөгөөд Я.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авах хүсэлтэй гэдгээ илэрхийлэн өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийг, шилжүүлэн аваагүй байгаа болно. Өөрөөр хэлбэл шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг нь тогтоогдоогүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлж өрөөсгөл дүгнэлт хийсэн.
3. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор хэлцлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иймээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь Я.Г-н өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө буцаад Б.Тын өмчлөлд шилжих үр дагавар үүсэхгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
4.Я.Г нь Б.Ноос шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө авах хүсэлтэй учраас энэ хэрэгт хариуцагчаар татсан. Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 45 738 000 төгрөг гаргуулж Я.Гэд олгох шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс төлбөр төлүүлэх шүүхийн 1772 дугаар шийдвэр хүчинтэй байх тул Б.Н нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
5.Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар Б.Ныг татсан бөгөөд шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9398 дугаар захирамжаар үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Б.Ныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар татах үндэслэлгүйг тайлбарласныг дурдах нь зүйтэй гэж хэрэгт байхгүй захирамжийн дугаар бичиж тайлбарласан. Хариуцагч тал шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9398 дугаар захирамж гарсан тухай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлж дүгнээгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Тын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр үндэслэлээ ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар барьцааны зүйлийг миний өмчлөлд шилжүүлсэн, ... Б.Тын гомдлоор миний бүртгэлийг хүчингүй болгосон, ... Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүхэд хандсан гэх агуулгаар тайлбарлажээ.
Хариуцагч Б.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Тоос Б.Нын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд ...шүүхийн шийдвэрээр тооцсон... Я.Г-н өмчлөлд бүртгэсэн бүртгэл хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд ... хүчинтэй, ... тухайн эд хөрөнгө Б.Тын өмч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг... гэсэн үндэслэл заан маргажээ. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж ... бэлэглэлийн гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ... хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул үр дагаврыг арилгуулна гэж үндэслэлээ тайлбарласан байна.
Хариуцагч Б.Нын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.
Хэрэгт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд нотлох баримтаар авагдсан байна.
Уг баримтуудаас үзвэл, Б.Н нь Я.Гтэй 2008 оны 11 дүгээр саын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, Я.Г нь Б.Нод 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Нын өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, талбай бүхийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Б.Н гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас Я.Г нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 45 738 000 төгрөг гаргуулан Я.Гэд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаж, түүнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /1хх-6-11/
Төлбөр төлөгч Б.Н төлбөрийг төлөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад борлогдоогүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцааны зүйлийг төлбөрт тооцон төлбөр авагч Я.Гэд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Я.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх-105-108, 123/
Дээрх хэргийн баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Я.Гэд төлөх төлбөрөөсөө чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
Б.Тын хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Нод 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр Б.Н нь өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Б.Т шүүхэд нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр тус бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзжээ. /1хх-41-42, 96-98/
Б.Т нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Я.Г-н нэр дээр бүртгэсэн улсын бүртгэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 240 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар хариуцагч байгууллагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, тоотод байрлах 100 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****дугаартэй барилгыг Я.Г-н нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дах заалтаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, тоотод байрлах 100 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Я.Г-н нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. /1хх-43-48/
Энэ хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч Б.Т нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 7/933 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 301 тоот мэдэгдэл зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /1хх-153, 168-169/
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд байна.
Дээрхээс дүгнэхэд, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 240 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Я.Г-н тоот барилгын өмчлөх эрх хүчингүй болж, хариуцагч Б.Т өмчлөгч болсон байх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Я.Г-н өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Тодруулбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Тын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч Я.Г-н өмчлөлд шилжсэн барьцааны зүйлийн өмчлөх эрхийн улсын бүртгэл нь дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байдаг.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г тоотод байрлах үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг үндэслэсэн өмчлөгч нь хариуцагч Б.Т байх тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь энэ үйл баримтыг өмнө нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.
Мөн хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хэрэгт байхгүй шүүгчийн захирамжийн дугаар бичиж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчид холбогдуулан гаргах ёстой. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч Я.Г, хариуцагч Б.Н нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх дээрх хуульд нийцүүлэн тайлбарлаж шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШЗ2021/09398 дугаар захирамж гаргажээ. /2хх-73-74/
Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дахин дурдсан нь оновчгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх алдааг залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02700 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Я.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Б.Тын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт, 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Я.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 386 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай. гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дугаарлалтыг 3, 4, 5 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД