Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 51

 

 

 М.Ш, Э.Б, Г.Д

Э.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А, Э.А,

шүүгдэгч Б.Б, Э.Б, Э.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ш, Э.Б, Г.Д, Э.Д, Б.Б нарт холбогдох 201510000241 дугаартай, 3 хавтас 725 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, Э.Д, Э.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А, Э.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б -д холбогдуулан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,

Ш /,

Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар,

Д -нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар

Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Б, Г.Д нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд 2015 оны 08 дугаар сарын 17-ны орой иргэн С.Оийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийж түүний 1 072 000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50 000 төгрөгийг дээрэмдсэн,

шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр яллагдагч М.Штэй бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 08 дугаар сарын 29-ний орой бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Н.А, Б.Б нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож иргэн Б.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар иргэн Н.Агийн 30 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгжийг  дээрэмдсэн,

шүүгдэгч М.Ш нь яллагдагч Э.Бтэй бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 29-ний орой бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэн Н.А, Б.Б нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож иргэн Б.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, улмаар иргэн Н.Агийн 30 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгжийг  дээрэмдсэн,

шүүгдэгч Э.Б, Э.Д нар нь бүлэглэн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой ялимгүй зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч иргэн Э.Оийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Б нь Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах төв сааданд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийж иргэн Б.Бын 6000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Шийн хохирогч Н.Агийн 30000 төгрөгийн бөгжийг дээрэмдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг,

шүүгдэгч М.Шт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг,

шүүгдэгч Э.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Э.Бнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, бүлэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Дыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Шийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Дг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Бнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, мөн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар,

шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар,

шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 5 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч М.Шт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бнийн цагдан хоригдсон 267 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Э.Б, Г.Д, М.Ш, Э.Д, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Д, М.Ш, Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Оийн шүүгдэгч Э.Дгээс нэхэмжилсэн 100000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Э.Д, Э.Б нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Д, М.Ш нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

            Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хохирогчийг айлган сүрдүүлж, зодож дарамтлаагүй бөгөөд утас түрийвчийг нь гуйж аваад дор нь буцааж өгсөн, мөн би Э.Дтэй нийлж Э.Оийг зодож танхайрсан зүйл байхгүй тул танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хохирогчийн зүй бус харилцаанаас болж Э.Оийг нэг удаа алгадсан ба зодож танхайрсан зүйлгүй. Энэ талаар гэрч Б, Эрдэнэчулуун нар мэдүүлсэн. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, бие муу аавын хамт амьдардаг ба өөр асран хамгаалах хүнгүй ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Быг айлгаж дарамталж 6000 төгрөгийг аваагүй, гуйж авсан. Шүүхээс оногдуулсан ялыг хууль бус гэж үзэж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д нь шалтгаангүйгээр Э.Оийг зодож танхайраагүй, хохирогчийн зохисгүй харилцаанаас үүдэлтэй буюу тодорхой сэдэлттэй болох нь гэрч Б /хх 144-145/, Б.Эрдэнэчулуун /хх 133-134/, шүүгдэгч Э.Д нарын мэдүүлгээс харагддаг тул Э.Дгийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй ба гэрч С.О, Б.Үлэмж, А.Өнөмөнх, хохирогч Б.Бнарын мэдүүлгээр утас болон мөнгийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж авсан идэвхитэй үйлдэл огт хийгээгүй нь харагддаг тул Б.Бд холбогдох зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох,  мөн шүүгдэгч Э.Бнийн танхайрсан үйлдэл нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдоогүй тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 146 дугаар зүйлд зааснаар өөрчилж, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Э.Б, Г.Д нар нь бүлэглэн хохирогч С.Оийн 1.072000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон 50.000 төгрөгийг дээрэмдсэн, мөн шүүгдэгч Э.Б нь давтан үйлдлээр шүүгдэгч М.Штэй бүлэглэн хохирогч Н.А, Б.Б нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолж, Б.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан,  хохирогч Н.Агийн 30.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бөгжийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж шүүгдэгч Э.Б, Г.Д, М.Ш нарыг тус тус Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар,  шүүгдэгч Э.Б, Э.Д нар нь бүлэглэн танхайрч хохирогч Э.Оийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж  шүүгдэгч Э.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар, шүүгдэгч Б.Бг хохирогч Б.Бын 6000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар тус тус яллуулахаар анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Учир нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт сонсгосон ялыг хөнгөрүүлсэн буюу яллах дүгнэлтээс хүндрүүлж шийдвэрлэсэн.

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Бын 6000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг бусад шүүгдэгч нартай бүлэглэж хамтран үйлдсэн нь тогтоогдохгүй байхад хэргийг нэгтгэсэнийг шүүх анхаараагүй. Иймд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу нэгтгүүлэх шаардлагатай эсэхийг тогтоолгох.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэснийг анхан шатны шүүх зөрчиж шүүгдэгч Э.Бнийг давтан үйлдлээр танхайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 гэсэн хуулийн зүйлчлэлийг нэмж ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан байна. Иймд шүүгдэгчийг давтан үйлдлээр танхайн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг мөрдөн байцаалтад шалгаж тогтоолгох шаардлагатай байна.

            Прокуророос шүүгдэгч нарыг яллуулахаар ирүүлсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог бүрэн тодруулж, тогтоогоогүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36, 39 дүгээр зүйлүүдэд зааснаар гэмт хэргийн хамтран оролцогч, гэмт хэрэгт хамаарагсдын алин болох, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд дээрх нөхцөл байдлуудад үндэслэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Эдгээр ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч З.А, шүүгдэгч Э.Б, Б.Б, Э.Д,  Э.Бнийн өмгөөлөгч Э.А нарын давж заалдсан гомдлууд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, Э.Д, Э.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.А, Э.А нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БОЛОРМАА

                         ШҮҮГЧИД                                                              М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            А.САЙНТӨГС