Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00014

 

 

 

Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн

үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 189/ШШ2021/00031 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ББХДХХҮХсийн нэхэмжлэлтэй хариуцагч БХДТБ ХХК-ийн 3007 дугаар салбарт холбогдох хамтран ажиллах гэрээний алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариун-Эрдэнэ, А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс санхүүждэг жижиг зээлийг 2013 оны 09 сарын 06-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл БХДТБ ХХК-аар дамжуулан олгох гэрээг “ТБ” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ дуусгавар болоход үлдэгдэл санхүүжилтийг хугацаандаа төвлөрүүлээгүйгээс 2015 оны 03 сарын 02-ны өдөр Үндэсний аудитын газраас 3/5 тоот албан бичгээр акт тавигдсан. Актын дагуу “ТБ” ХХК-д албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 10 сарын 27-ны өдөр 02-06-032/433 тоот албан бичгээр акт тавигдаж, тус хэлтсээс санхүүжилтийн алданги барагдуулах албан бичгийг актын хамт хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. Иймд БХДТБ ХХК-ийн салбартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан акт, албан шаардлагын дагуу 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангийн байгууллагаас авах авлага дансанд бүртгэгдсэн 5,485,745.20 төгрөгийн алданги төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

          2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: 2013 оны 09 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн сайд, Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Багахангай дүүргийн “ТБ” ХХК-ийн Өндөр толгой тооцооны төв тус тус оролцсон гурван талт гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нийт 200,000,000 төгрөгийг “ТБ” ХХК-д байршуулж, иргэдэд жижиг зээл олгох зорилготой байсан. Гэрээний хугацаа 2015 оны 12 сарын 31-ний өдөр дуусахад “ТБ” ХХК-аас 200,000,000 төгрөгийг Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал гэрээний 7.4-т заасны дагуу 0.1 хувийн алданги нэхэмжилж байгаа болов энэхүү заалт нь гэрээний хугацаанд банк 200,000,000 төгрөгийг Хөдөлмөр халамжийн хэлтэст төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох талаар юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрхийн талаар зохицуулсан байгааг анхаарах хэрэгтэй. Журмын 3.1, 3.2, 3.3-т заасны дагуу гэрээг “ТБ” ХХК-д танилцуулж, хянуулаагүй. Хамтран ажиллах гэрээг банкны гүйцэтгэх захирал баталдаг. Төлөөлөгчөөр тухайн салбарын хүн, эсвэл гэрээ байгуулсан этгээд гарын үсэг зурдаг бол захирал н.Ганхөлөг нь дур мэдэн байгуулсан. Журмын 5.3.1-д гэрээ байгуулсан этгээд өөрт оногдох эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулан ашиглаж гэрээ байгуулсан бол тухай албан тушаалтан өөрөө хариуцахаар заасан. Гэрээг эрх олгосон этгээд байгуулаагүй, гэрээнд зээл судалдаг эдийн засагч төлөөлж гарын үсэг зурснаар хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хохирол нөхөн төлүүлэхээр заасан хэдий ч нэхэмжлэгч талд бодитой хохирол учруулаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

          3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан ББХДХХҮХсийн нэхэмжлэлтэй хариуцагч Багахангай дүүрэг дэх ТБны 3007 дугаар салбарт холбогдох алданги 5,485,745.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч ББХДХХҮХэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсанаар шийдвэрлэжээ.

          4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

          а/. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй.

          б/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн тохиолдолд шүүх хуралдааныг товлодог. Бичгийн нотлох баримт он, сар байхгүй, гаргац муутай тохиолдолд шаардлага хангахгүй гэж үзэн буцаах, дахин гаргуулах эрх шүүхэд бий. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гол баримтуудыг хуульд заагаагүй журмаар гаргаж, цуглуулснаас бусад тохиолдолд гаргац муутай гэж үнэлэхээс татгалзах нь зохигч нар нотлох баримт гаргахад адил тэгш эрхтэй оролцох зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг тодруулаагүйн улмаас талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч ББХДХХҮХэс нь хамтран ажиллах гэрээний дагуу алданги, төлбөр 5,485,745.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагынхаа хариуцагчаар БХДТБ ХХК-ийн 3007 дугаар салбарыг тодорхойлжээ. /хх 1-2/

 

  1. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.6, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон “ТБ” ХХК-ийн 3007 дугаар салбар нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд байна. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч хуулийн этгээдийн эрхгүй байгааг шүүх анхаараагүйн улмаас түүнд холбогдуулан дээрх нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

  1.  “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс олгосон итгэмжлэлийн дагуу /хх 38/ “Налайх дүүрэг” салбарын харьяа “Өндөр толгой” тооцооны төвийн захирал нэхэмжлэлийг гардан авч /хх 34/, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус банкны “Налайх дүүрэг” салбарын захирал Б.Лхагва-Очир, А.Энхсанаа, Э.Ариун-Эрдэнэ нар оролцжээ. /хх 86, 104-105/ Хэрэгт “ТБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй, Ө.Гантөр нь нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон 3007 дугаар салбарыг төлөөлөх этгээдийг томилох эрхтэй эсэх, улмаар “ТБ” ХХК, уг банкны “Налайх дүүрэг” салбарын харьяа “Өндөр толгой” тооцооны төв, 3007 дугаар салбар зэргийн аль нь хариуцагчаар оролцох эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийн хувьд тодруулж, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солих боломжтой байжээ.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ба дээрх байдлаар хариуцагч тодорхой бус байгаа тохиолдолд энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн харьяаллыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэлт эсхүл түүний зөвшөөрснөөр тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч хуульд зааснаар тодорхой болсон тохиолдолд шүүхийн харьяалал өөрчлөгдөх боломжтой байна.

 

          Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулах буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах ажиллагааг хийх эрх хуулиар олгогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 189/ШШ2021/00031 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР