Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 582

 

Б.Д-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209  дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаар магадлалтай, Б.Д-д холбогдох 1811020950683 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчээс 21,325,850 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн боловч хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг гаргаад зогсохгүй мөрдөн байцаалтын ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн байдлаар явагдсан болохыг огт анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэжээ. Б.Д нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь гарцаагүй боловч хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдээгүй, харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт нь биш харин огт үйлдээгүй гэмт хэргийнх нь төлөө ял шийтгэл хилсээр оногдуулсан гэсэн гомдлыг миний бие гаргасан болно. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн гэм буруутай байдлаас шалтгаалан хохирогч Т.Г нь амь насаа алдахад хүрсэн нөхцөл байдал үүссэн байх боловч бодит байдалд хохирогч Т.Ганхүүгийн өөрийнх нь шууд үйлдэл нь шүүгдэгчийг хохирогчийн эсрэг идэвхтэй үйлдэл хийхэд хүргэсэн болохыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоож хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийн үйлдэлд нь тохируулан зүйлчлэх үүргийг мөрдөгч, прокурор нарт хуулиар хүлээлгэсэн, харин шүүх хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг хянах, зүйлчлэл тохироогүй нөхцөлд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдсэн эрүүгийн хэрэгт нь тохирсон зөв зүйлчлэлээр тохирсон ял шийтгэлийг оногдуулах үүрэгтэй болно. Мөрдөгч прокурор нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зүйлчлэлийн хувьд буруу зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдлийг нь залруулах боломжтой байсан гэж үзэж байна. Б.Д нь  санаатайгаар хүн алах гэмт хэргийг үйлдээгүй учир түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилбэл хэргийн бодит байдалтай нийцнэ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. Хохирогч Т.Г миний үйлчлүүлэгчийн үзүүлсэн үйлдлийн улмаас шууд нас бараагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, өөрөөр хэлбэл гэмтэл авсан даруйдаа шууд амь нас нь эрсдэлд орж нас бараагүй бөгөөд эмчилгээний явцад үүссэн тархины хавагнал нас барах шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл хохирогч нь гэмтэл аваад шууд нас бараагүй, эмнэлэгт хүргэгдэн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэс ажилбар хийгдэж мэс заслын үеэр гарсан хүндрэлгүй байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал нь эмчилгээ даахааргүйгээр хүндэрсний улмаас 6 хоногийн дараа нас барсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо хохирогчийг шууд алах гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруутгасан нь үндэслэлгүй байна.

Гэрч Д.Ц-ийн мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгчийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийх гэж түрүүлэн хөдөлсөн болох нь тогтоогддог. Үүгээрээ хохирогчийн өөрийнх нь зүй бус үйлдэл нь миний үйлчлүүлэгчийг өөрийгөө хамгаалан хохирогчийн эсрэг үйлдэл хийж хүнд гэмтэл авах хэмжээнд хүртэл цохиход хүргэсэн байдаг. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж шүүх хэргийг хянахдаа гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хувийн байдал зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж, ял шийтгэлийг шударгаар оногдуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Хэргийн оролцогчид бүгд санаандгүй байдлаар таарч нэгнийдээ цугларан архи согтууруулах ундаа уусны улмаас нэг иргэн хохирч нас барсан асуудал нь харамсалтай боловч Б.Д ямар нэгэн өс хонзон болон санаатай үйлдлээр хүний амь насыг хохироогоогүй, харин хохирогчийн өөрийнх нь гаргасан хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийнх нь улмаас хоромхон зуурын хугацаанд хариу үйлдэл үзүүлж хавсарч унагасны улмаас хохирогч хүнд гэмтэл авсан байдаг. Энэ нь дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр бус гэрч Алтанхуяг, Гансүх нарын мэдүүлгээр тогтоогддог ба хамгийн гол нь ямар нэгэн архи дарс уугаагүй байсан хэргийн бодит байдлыг харсан цорын ганц гэрч Д.Ц-ийн өгсөн “....хар футболктой залуу цохих гэж байгаа юм уу тэврэх гэж байгаа юм уу байдалтай цагаан майктай залуу руу очиход дагуулаад алгадсан юм уу түлхсэн үү харж чадаагүй боржур давуулаад зам дээр унагаачихсан... ” гэх удаа дараагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад миний үйлчлүүлэгчийг шууд санаатайгаар хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илт үндэслэлгүй шийдвэр болох юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б-өөс хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх тухай хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан боловч ихэнхийг нь хангахаас татгалзан шийдвэрлэж байсан нь хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтооход саад учруулсан гэж үзэхэд буруудахгүй юм. Мөн хохирогчтой хамт явсан Д.А нь “...архи авахуулж уух гээд Г-тэй араас нь дагаад гарсан би Гансүхийн араас нь хөөж байх үед тэр хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй.... ” гэсэн мэдүүлэг, мөн Т.Гансүхийн “...Алтанхуяг гартаа юм барьчихсан архи авч өг гээд хөөгөөд байсан.. ” гэх мэдүүлгүүдээр Д.Алтанхуяг болон хохирогч Т.Г нар нь шүүгдэгч болон Т.Г нараас архи нэхэн ална гэж заналхийлэн өөрсдийн зүгээс зүй бус авир гарган шүүгдэгч болон Т.Г нарыг нэгийг нь биеэ хамгаалах, нөгөөг нь амь насаа хамгаалан зугтан зайлах байдалд хүргэсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй байх тул мөрдөгч, прокурор, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан болохыг нотолж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д “шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж иргэний үндсэн эрхийг нь тодорхой хуульчилсан байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй, миний үйлчлүүлэгчийн гэм буруутай нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, ял шийтгэл оногдуулж хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байхад илт хууль бус дүгнэлтийг хийж, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг зөрчиж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өмгөөлөгч Д.Б-ийн хэргийн бодит байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийн дагуу ажиллагаа хийлгүй орхигдуулснаар хэргийн бодит байдал тогтоох, үүнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Нөгөө талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг заавал нотлогдсон байх нөхцөл байдал огт нотлогдон тогтоогдоогүй байхад зөвхөн амь насыг нь аврах боломжгүй гэмтэл учруулсан гэх шалтгаанаар зүйлчилж ял оногдуулсан нь шударга бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон цагдаагийн ажилтнуудын гаргасан хууль бус алдаатай ажиллагааны золиос нь миний үйлчлүүлэгч болох учиргүй юм. Шинжээчийн            4862 дугаартай дүгнэлтээр Б.Д-ийн гэмт хэрэгт холбогдохдоо өмсөж явсан цагаан майк, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн торон пүүз зэрэгт шинжилгээ хийгээд уг хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь бүгд хуучин элэгдэл хорогдлын гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан хар өнгийн пүүзний зургаас харж дүгнэлт хийхэд гэрч Ц-ийн хэлсэнчлэн “өшиглөхөд их хэмжээний дуу чимээ гарах” гутал биш болох нь тодорхой ойлгомжтой байх учир гэрчийн өшиглөж гэмтээсэн болохыг харсан гэх мэдүүлэг нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч хохирогчийг орхиод явсны дараагаар хохирогчийг өөр тийш нь зөөсөн, мод налуулан суулгасан, гулсуулан унагаж байхыг харсан, бусдаар өргүүлэн үүрээд даахгүй байсан гэх мэт агуулгатай мэдүүлгийг гэрч Ц өгсөн байдаг. Мөн хохирогчид олон тооны гэмтэл учирсан гэх боловч 1115 дугаартай дүгнэлтэд “...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөх үед зулгаралт олон удаагийн үйлдлээр нидрэгдэх, үрэгдэх, унах үед үүснэ. Энэ 2018 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна, ... шарх цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэжээ.

Хохирогч нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө бүх гэмтлийг нэгэн зэрэг аваагүй, өмнө нь ч хөнгөн зэргийн бусад гэмтлийг авсан болохыг сэжигтэн Т.Г-ийн өгсөн “...Манлай ахын гэрт архи ууж байхад Ганхүү цамцаа тайлахад Г-ийн цээж энд тэндээ хөхөрсөн байсан, бусад хэсгийг хараагүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхэд илт эргэлзээ гарч буй үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу Б.Д-ийг үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон зүйлчлэлээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 57, 59, 64, 66, 67, 68, 70 дугаар талд авагдсан баримтуудаас бусад нь 53-55 дугаар талд гарган өгсөн хохирлын тооцоонд хамааралтай байж болохоор баримтууд бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэхэд эргэлзээтэй, тамга тэмдэг гарын үсэггүй, хаанаас ямар аж ахуйн нэгжээс авсан болох нь ч тодорхойгүй, гарын үсэггүй, хэдийгээр НӨАТ-ын баримтууд байсан ч бүрэн гүйцэд уншигдахгүй, хэдэн төгрөгийн тооцоо хийсэн баримт нь ч зарим нь харагдаж гаргагдахгүй баримтууд байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Г-г цохиж унаган толгой руу нь өшиглөж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Д-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Г-г цохиж унаган толгой руу нь өшиглөж, амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраа амь хохирогч Т.Г түрүүлж шүүгдэгчийг цохих гэж довтолсон, хүчийг нь давуулан хавсарснаас унан гэмтэл авч, 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь хүнд гэмтлийн улмаас амь хохирох хэргийн шинжтэй, мөн шаардлага хангаагүй нотлох баримтаар хохирол гаргуулсан гэсэн агуулгатай гомдол гаргажээ.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.Д нь амь хохирогч Т.Г-г эхэлж цохиж унагаасан, улмаар толгой руу нь өшиглөсөн болохыг хэргийн шууд гэрч Д.Цэндсүрэн мэдүүлсэн байх бөгөөд уг үйл баримтад эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Амь хохирогч Т.Г нь шүүгдэгч Б.Д-д цохиулсны улмаас газар унасан байхад нэмж толгой руу нь өшиглөснөөс үзэхэд хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатайгаар алсан гэж үзнэ.

Хэдийгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Т.Г нь шүүгдэгчид зодуулсны улмаас хүнд гэмтэл авч, эмнэлэгт 6 хоног эмчлүүлж байгаад нас барсан боловч амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй гэмтэл болохыг шинжээчийн 1115 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ө-ээс 24,825,854 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг нь хангахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцжээ.

Учир нь талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардлаас 4,948,000 төгрөгийн НӨАТ-ын баримтуудын огноо нь бүдэг, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа боловч худалдан авалт хийсэн “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК болон “Нью семетри” ХХК-иас ирүүлсэн энэ талаарх тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 209  дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадраагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН