Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 645

 

 Б.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ц.Майбаяр,

            шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраа,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Дид холбогдох эрүүгийн 1811020950683 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................, 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Тэнүүн Огоо” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-286 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

            Б.Д нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Ганхүүг цохиж унаган, толгойн тус газарт нь өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .......................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дид оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Дийн цагдан хоригдсон 227 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Доос хохирлын 21.325.850 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн байх боловч хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг гаргаад зогсохгүй мөрдөн байцаалтын ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн байдлаар явагдсан болохыг огт анхаарч үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тухайн эрүүгийн хэргийг шалгасан прокурор, мөрдөгчийн ажиллагаа нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй” гэж хуульчлагдсан байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн гэм буруутай байдлаас шалтгаалан хохирогч Т.Ганхүү нь амь насаа алдсан байх боловч хэргийг буруу зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлснийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдээс өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүх хэргийн зүйлчлэлийг залруулах боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ганхүү нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч тархины хавагналын улмаас нас барсан байдаг. Хохирогч нь гэмтэл аваад шууд нас бараагүй, эмнэлэгт хүргэгдэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэс ажилбар хийгдэж, мэс заслын үеэр гарсан хүндрэлгүй байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал нь эмчилгээ даахааргүйгээр хүндэрсний улмаас 6 хоногийн дараа нас барсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хохирогчийг шууд алах гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруутгасан нь өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчид маань оногдуулсан ялын хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэхэд хүргэж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 973 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол” үйлдэхдээ гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ч үндэслэл муутай байсан атал дээрхи зүйлээр зүйлчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байснаа “хохирогч нас барсан, Дэмчигдоржийн учруулсан гэмтэл нь амь насыг аврах боломжгүй гэмтэл, энэ гэмтлийн улмаас нас барсан” гэх шалтгаанаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 148 тоот тогтоолоор зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь илт үндэслэлгүй байсан. Шүүх хэргийг хянахдаа гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн өөрийн мэдүүлэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хувийн байдал зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж ял шийтгэлийг шударгаар оногдуулах үүрэгтэй байсан. Хэргийн оролцогчид бүгд санаандгүй байдлаар таарч, архи уусны улмаас нэг иргэн нас барсан асуудал нь харамсалтай боловч миний үйлчлүүлэгч ямар нэгэн өс хонзон, хувийн санаатай үйлдлээр хүний амь насыг хохироогоогүй, харин хохирогчийн өөрийнх нь гаргасан хүч хэрэглэхээр заналхийлсэн зүй бус үйлдлийнх нь улмаас хоромхон зуурын хугацаанд хариу үйлдэл үзүүлж хавсарч унагаасны улмаас хохирогч хүнд гэмтэл авсан байдаг. Энэ нь дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр бус харин бусад оролцогчид болох гэрч Алтанхуяг, Гансүх нарын мэдүүлгээр тогтоогддог ба хамгийн гол нь ямар нэгэн архи дарс уугаагүй байсан, хэргийн бодит байдлыг харсан цорын ганц гэрч Д.Цэндсүрэнгийн өгсөн “...хар футболктой залуу цохих гэж байгаа юм уу, тэврэх гэж байгаа юм уу байдалтай, цагаан майктай залуу руу очиход дагуулаад алгадсан юм уу, түлхсэн үү харж чадаагүй боржур давуулаад зам дээр унагаачихсан...” гэх удаа дараагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад миний үйлчлүүлэгчийг шууд хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь илт үндэслэлгүй шийдвэр болсон. Мөн хохирогчтой хамт явсан Д.Алтанхуяг нь “...архи авхуулж уух гээд Ганхүүтэй араас нь дагаад гарсан, би Гансүхийн араас нь хөөж байх үед тэр хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй...”, мөн Т.Гансүхийн “...Алтанхуяг гартаа юм барьчихсан архи авч өг гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлгүүдээр Д.Алтанхуяг болон  хохирогч Т.Ганхүү нар нь шүүгдэгч  болон Т.Гансүх нараас архи нэхэн ална гэж заналхийлэн өөрсдийн зүгээс зүй бус авир гарган шүүгдэгч болон Т.Гансүх нарыг нэгийг нь биеэ хамгаалах, нөгөөг нь амь насаа хамгаалан зугтан зайлах байдалд хүргэсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй байх тул мөрдөгч, прокурор, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан болохыг нотлож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д “шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж иргэний үндсэн эрхийг нь тодорхой зааж өгч хуульчилсан байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан баримтууд нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байсаар байхад миний үйлчлүүлэгчийн гэм буруутай нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шууд хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж хууль зөрчсөн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг заавал нотлогдсон байх нөхцөл байдал огт нотлогдон тогтоогдоогүй байхад зөвхөн амь насыг нь аврах боломжгүй гэмтэл учруулсан гэх шалтгаанаар зүйлчилж ял оногдуулсан нь шударга бус байна. Мөн үйлчлүүлэгчийн маань өмгөөлөгч Д.Баттөрөөс гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах нөхцөл байдал ямар ямар нөхцөл байдлуудаар үүсэж байгаа тухай хүсэлтийг нь шүүх анхаарч үзээгүй нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгч Д.Баттөрийн удаа дараа хүсэлт гарган хэргийн бодит байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийн дагуу ажиллагаа хийлгүй орхигдуулснаар хэргийн бодит байдал тогтоогдох боломжгүй, үүнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өмгөөлөгч Д.Баттөрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ “тэмдэглэл, гэрэл зураг, огноо зөрсөн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд нөхөн гүйцэтгэх боломжгүй, ...хяналтын камерт ороогүй...” гэх мэтээр хүний хувь тавиланг шийдвэрлэх асуудалд хайнга хандсан нь хууль зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон цагдаагийн ажилтнуудын гаргасан хууль бус алдаатай ажиллагааны золиос нь миний үйлчлүүлэгч болох учиргүй. Иймд анхан шатны шүүх, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхэд илт эргэлзээ гарч буй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх буюу миний үйлчлүүлэгчийг үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон зүйлчлэлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулах үүрэгтэй байсан. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг анхнаасаа шалгахдаа үйлчлүүлэгчийн маань эрх ашгийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон байхаас гадна мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Дээрхи бүх баримтуудаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудтай тохирохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох олон талын нөхцөл байдлыг шүүх анхааралгүй орхигдуулсан, дүгнэлтэд ач холбогдолтой нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бэхжигдсэн байхад шүүгдэгчийн хувьд цагаатгах талын баримт байж болохоор баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлүүдийг огт зааж өгөөгүй зэргээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол илт үндэслэлгүй гарсан тогтоол гэж үзэн уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Ц.Майбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял сонсгосон бөгөөд хохирогч нас барж, шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл тогтоогдсон бөгөөд тухайн гэмтлийг Б.Дийн үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирч нас барсан бөгөөд тухайн гэмтэлд эмчилгээ зөв хийгдсэн боловч амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл хэмээн дүгнэсэн. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Д нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Ганхүүг цохиж унаган, толгойн тус газарт нь өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэгийн “...7 дугаар сарын 26-ны өдөр би хүүгээ бусдад зодуулаад гэмтлийн эмнэлэгт байгаа гэдгийг мэдсэн. Эмнэлэгт очиход ухаангүй, цээжний зүүн хэсэгт хөхөрсөн, 2 бөөр, зүүн суганы орчим шархтай байсан ба тархиндаа гэмтэл авсан, өглөө 7 цагт хагалгаанд орсон гэж эмч хэлсэн. 27-ны өдөр дахин хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 8 дугаар сарын 01-ний 21:14 цагт нас барсан. Миний хүүг зодож амь насыг нь хохироосон хүнд маш их гомдолтой байна. Эмчилгээ болон оршуулгын зардалд зарцуулсан 24.825.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1 хх 46-49/,

 

гэрч Д.Цэндсүрэнгийн “...Тухайн өдөр би харуул хамгаалалтанд гарч байсан. Шөнийн 00 цаг 30 минутын орчим манай байгууллага гадаа бараа буулгачихсан, би хаалга онгойлгоод бараагаа хараад сууж байсан. Тэр үед караоке баар, цайны газар хоёрын дундаас Б.Д нэг хүнтэй хамт гарч ирээд такси барих гээд зогсож байсан. Такси ирэхгүй нилээн удсан. Тэгээд цаанаас нь нэг хүн гараа алдалчихсан гүйгээд, араас нь нэг залуу алхаад ирж байсан. Гараа алдлаад гүйж байсан залуу нь Б.Д дээр гүйж ирээд хашлага даваад унасан. Хашлага даваад унахад нь Б.Д нэг өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд тэр хүн босоогүй. Тэр үед бороо шивэрч байсан. Би 10-20 минут орчим харж сууж байхад тэр залууг зам дээр хэвтэж байхад машин дайрчих гээд байсан. Надад гар утас байхгүй байсан учраас хажуу талын жижүүр 2 эмэгтэйд энд нэг залуу зам дээр босохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа, эмнэлгийн байгууллага дуудсан. Г.Гансүхийг Д.Алтанхуяг араас нь хөөгөөд нисдэг машины замын эсрэг талд гараад, тэгээд Д.Алтанхуяг газар хэвтэж байсан залуу руу яваад Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Д.Алтанхуяг газар унасан залууг даахгүй байгаа бололтой өргөж дийлэхгүй байсан. Цаанаас нь караокеноос баахан залуучууд гарч ирэхэд Д.Алтанхуяг миний Монголын ах дүү нар надад тус болооч гээд орилсон ч тэр залуучууд ирж туслаагүй. Цаад талаас нь дахиад нэг залуу ирээд нийлээд өргөсөн ч даахгүй байсан. Тэгсэн чинь өмнө нь караокеноос гарч ирсэн залуучуудын нэг нь ирж хамт өргөөд Д.Алтанхуягын нэг талын мөр нь дээр Ганхүүг тавьж өгсөн. Д.Алтанхуяг даахгүй байгаа бололтой замаас гаргаад хашлага налуулаад тавьсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд авч явсан. ...” /1 хх 77-79/,

 

гэрч Г.Гансүхийн “...Т.Манлайбаатарын гэрт Ганхүү, Д.Алтанхуяг, Б.Д бид нар архи уусан. Орой болоход Б.Д намайг “ах явъя” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр гараад явсан. Араас талийгаач Ганхүү, Д.Алтанхуяг хоёр гарч ирсэн. Д.Алтанхуяг намайг архи авч өг гээд гартаа юм барьчихсан хөөгөөд байсан. Би зам гараад зугтаагаад гүйсэн. Тэгээд буцаад ирэхэд Ганхүү газар уначихсан, Б.Д такси бариад зогсож байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад явсан. ...” /1 хх 96-98/,

 

гэрч Д.Алтанхуягийн “...Г.Гансүх, Б.Д хоёрыг гараад явахаар нь архи авахуулж уух гээд Ганхүүтэй араас нь дагаад гарсан. Би Г.Гансүхийг араас нь хөөж байх үед Б.Д, Ганхүү хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй. Нэг харахад Ганхүү газар уначихсан байсан. Тэгээд Г.Гансүх, Б.Д хоёр таксинд суугаад явсан. Би нэг хүүтэй хамт Ганхүүг өргөж авч явж байгаад даахгүй болохоор нь “за больё” гээд хашлага налуулж суулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд эмнэлэг рүү явсан. ...” /1 хх 91-92/,

 

гэрч М.Ариунболдын “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цаг 47 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан ухаангүй хүн байна гэсэн дуудлага, мэдээлэл авч, дуудлагын дагуу очиход Түмэндэмбэрэлийн Ганхүү гэх 40 настай эрэгтэй хүн байсан ба согтуу байдалтай газар хэвтэж байсан. Биед нь үзлэг хийхэд толгой зүүн талаар язарсан шархтай, цус гарч хавдсан байдалтай, хүн өөрөө нилээн их согтолттой, асуухад асуултанд хариулах чадваргүй байхаар нь жолооч дуудаад хагас суугай байдалтай суулгаж, биед нь үзлэг хийхэд ил харагдах шархгүй, хүзүү орчимд жижигхэн улаалттай, хөл гаранд унасных уу мэдэхгүй жижиг зулгаралттай байсан. Ингээд дамнуурган дээр тээвэрлээд машин дотор оруулж шарханд боолт хийж, яаралтай тусламж үзүүлж гэмтлийн эмнэлэгт хүлээлгэж өгсөн. ...” /1 хх 73-74/,

 

гэрч Х.Энхцэцэгийн “...2018 оны 7 дугаар сарын 26-ны 01 цаг өнгөрч байхад ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад гадаа үүдэн дээрээ салхилаад зогсож байхад манай төвийн хойно байрлах баригдаж байгаа өндөр барилгын манаач дуудлага дуудаад өгөөч, манай хажуу талын машин зам дээр 1 залууг 2 залуу нь цохичихоод явчихлаа, үхчих шиг болчихлоо гэхээр нь би албаны 9590 гэсэн дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд түргэн дуудсан. Цагдаа ирэх хугацаанд хойд талын зам руу харахад нэг залуу хөдөлгөөнгүй зам дээр хэвтэж байсан. Эрээн хөндлөн судалтай майктай, цагаан саарал өнгийн өмдтэй залуу нь орилж чарлаад зугтааж байгаад эргэж зам дээр хэвтэж байсан хүн дээр ирээд чирч замаас гаргаад түргэний машинд суугаад явсан. ...” /1 хх 86/,

 

гэрч Т.Бауржаны “...2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайрхан 113 дугаар чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Жижүүрийн Хайрхан 10-с 00:55 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бест төвийн замын эсрэг талын Хаадын өргөө караокены гадаа 2 хүн нэг хүнийг цохиод нөгөө хүн нь ухаан алдаад уначихсан юм шиг байна гэж дуудлага ирсний дагуу цагдаа, жолооч Ганзоригийн хамт очиж шалгахад ногоон эрээн өнгийн шорт, бор шаргал өнгийн гэрийн углааш, дээд талаараа цэнхэр өнгийн футболк өмссөн 40-45 орчим насны эрэгтэй хүн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд зүлгэн дээр дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. ...” /1 хх 87-88/,

 

шинжээч Ө.Сарангэрэлийн “...Дээрх гэмтлийг аваад идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Энэ тохиолдолд амь хохирогчид үүссэн гэмтлүүд нь явганаас унахад үүссэн гэмтлүүд биш, харин толгойд хүч үйлчилж буюу цохиход үүссэн гэмтлүүд байгаа юм. Дагз ясны шугаман хугарал гэмтэл нь хатуу хальсан доорхи цочимог цус харвалтуудыг үүсгэж байгаа юм. ...” /1 хх 169-170, 2 хх 151-152/ гэх мэдүүлгүүд,

 

гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-7/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8, 12-13/, хяналтын камер шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /1 хх 27-35/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 80-85/, хохирлын баримтууд /1 хх 56-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1709, 8386 дугаартай дүгнэлтүүд /1 хх 123-126, 189-190/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Дэмжигдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 8 жил хорих ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраа нь “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ганхүү нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч тархины хавагналын улмаас нас барсан байдаг. Хохирогч нь гэмтэл аваад шууд нас бараагүй, эмнэлэгт хүргэгдэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэс ажилбар хийгдэж мэс заслын үеэр гарсан хүндрэлгүй байсан боловч биеийн эрүүл мэндийн байдал нь эмчилгээ даахааргүйгээр хүндэрсний улмаас 6 хоногийн дараа нас барсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хохирогчийг шууд алах гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруутгасан нь өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчид маань оногдуулсан хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэхэд хүргэж байна. ...Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг анхнаасаа шалгахдаа үйлчлүүлэгчийн маань эрх ашгийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон байхаас гадна мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин миний үйлчлүүлэгчийг гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өнөрцэцэг, гэрч Д.Цэндсүрэн, Г.Гансүх, Д.Алтанхуяг, М.Ариунболд, шинжээч эмч Ө.Сарангэрэл нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд хохирогч Т.Ганхүү нь гэмтэл авсанаасаа хойш 6 хоногийн дараа нас барсан боловч амь нас нь аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас нас барсан байх тул өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Бадраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                                                           Д.МЯГМАРЖАВ