| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2020/05852/И |
| Дугаар | 210/МА2022/00031 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2022/00031
| 2021 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2022/00031 |
Ц.М-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03226 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч СЛ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 983 404 төгрөг, урамшуулал 4 580 000 төгрөг, нийт 34 563 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай СЛ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын менежерээр ажилласан. Анх компанийн бүх ажилтантайгаа байгуулдаг гэрээ гэж бэлдсэн гэрээг үзүүлж гарын үсэг зуруулсан. Нэг жилийн хугацаатай байгаа эсэхийг тодруулахад бүх ажилчидтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулдаг, жил бүр гэрээний хавсралтад гарын үсэг зурж сунгалт хийнэ гэсэн. Гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөх, гэрээг хугацаагүй байгуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч боломжгүй манай хуулийн компаниас бэлдэж өгсөн төсөл өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан. Элизабет хотхоны 215 дугаар байрны 510 тоот хаягт байрлах борлуулалтын албанд таван борлуулалтын менежерийн хамт Л- захирлаар удирдуулан 2015 оноос эхлэн 4 гаруй жил нэг ч алдаа дутагдал гаргалгүй, сахилгын зөрчилгүй ажилласан. Манай компанийн борлуулалтын журамд сард 1-2 орон сууцыг худалдан борлуулах журамтай байдаг бөгөөд миний бие ажиллах хугацаандаа 100 гаруй орон сууц худалдан борлуулж журмаар хүлээсэн үүргээ даван биелүүлсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр санхүүгийн албаны дарга ЛЖ- нь борлуулалтын албаны өрөөнд орж ирээд ёс бусаар авирлаж эхэлсэн ба ингэж болохгүй талаар хэлэхэд ... манай компаниас яв, чи хэрэггүй, чамайг ажлаас чинь халуулна... гэсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа ажлаас үндэслэлгүй халсан.
Санхүүгийн албаны дарга ЛЖ- нь үргэлж ажил дээр ажилчид руу ёс бусаар авирлаж, оффисын элдэв хэрэгслүүдийг хүмүүс рүү шидэж, эмэгтэй ажилтанд ажлын цагаар бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд гаргаж, ажилтнуудыг дарамтлан доромжилдог байсан бөгөөд 2019 оны 3 сард хүртэл манай байгууллагын нягтлан цагдаа дуудаж байсан. Түүнийг ч мөн адил ажлаас нь халсан. Манай компанийн удирдлагууд бүгд БНХАУ-ын иргэд бөгөөд миний бие бусад удирдлагуудад энэ талаар хандахад ямар ч үр дүнд хүрээгүй.
Худалдан борлуулсан орон сууц тус бүрээс урамшуулал тооцон олгож байсан тухайг хүлээн зөвшөөрч, холбогдох баримтуудыг гарган өгсөн бөгөөд ажиллаж байх хугацаандаа нийт 108 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд нийт 20 840 000 төгрөгийн урамшуулал авах ёстойгоос 16 260 000 төгрөгийг авсан бөгөөд 4 580 000 төгрөгийн урамшууллыг аваагүй. Иймд СЛ ХХК нь хууль бусаар буюу үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 29 983 404 төгрөг, урамшуулал 4 580 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СЛ нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг тул үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар менежер авч ажиллуулдаг. Ц.М-тэй 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын менежерийн албан тушаалд ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байсан тул бид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энэ талаар Ц.М-д танилцуулсан. Компанийн гүйцэтгэх захирлын тушаалын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг Ц.М-д гардуулж өгсөн.Борлуулалтын урамшуулал гэж ярьж байна. Өөрөө хөтөлж байсан гэж нэг баримт гаргаж өгсөн үүнийгээ сайн мэдэхгүй байна гэж хэлдэг. 108 орон сууц зарсан гэдэг нь үндэслэлгүй. 62 орон сууц зарсан байдаг. Хүмүүстэй тохирсон бол тохирсон хүнээсээ мөнгөө нэхсэн нь зүйтэй. Компанийн хувьд 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхөд цалин, хөлс, нөхөн олговор зэргийг өгсөн. Иймд Ц.М-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, урамшуулал олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч СЛ ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 29 983 404 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, урамшуулал 4 580 000 төгрөг гаргуулах тухай Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
СЛ ХХК-аас Ц.М-ийг уг компанид борлуулалтын менежерээр ажилд авахдаа түр ажлын байранд ажил авсан, уг ажил албан тушаал нь байнгын ажлын байр биш гэдгийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй.
Хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна 14.2 дахь хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал. шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байтал СЛ ХХК нь Ц.М-ийг эмэгтэй хүн, Монгол хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ...гадаадын аж ахуйн нэгж, байгууллага энэхүү хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэснийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй. 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан. Гэтэл хариуцагч СЛ ХХК байнгын ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд хугацааг сунгаж байгаа гэх боловч энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Түүнчлэн, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд хэрхэн байгуулах талаар Монгол улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д заасныг харгалзан үзээгүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэснийг зөрчсөн.
Хэрэв талууд байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзвэл 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил байх бөгөөд гэтэл гэрээний сунгалтыг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус сунгасан байх бөгөөд үүнээс хойш гэрээний сунгалт гэх зүйлийг хийгээгүй, хугацаагүй гэрээ хийгдсэн.
Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний 2.3 болон 7-д гэрээг цуцлах үндэслэлийг заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээг цуцлах талаар 2 тал огт харилцан тохиролцоогүй байна. СЛ ХХК байх бөгөөд Монгол улсад байнгын үйл ажиллагааг хугацаагүйгээр явуулахаар хуулийн этгээдийн гэрчилгээ авсан. Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
Хөдөлмөрийн гэрээний 1.1-д Ажлын байрны буюу албан тушаалын нэр гэдэгт борлуулагч гэж заасан бөгөөд ямар нэг төсөл хөтөлбөр гэж огт заагаагүй
Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний 1.2-т сарын үндсэн болон албан тушаалын цалин 900 000 төгрөг байхаар заасан байна. Гэрээний 1.3-т хөдөлмөрийн нөхцөл хэвийн, 1.4-т ажлын нэг өдөр буюу долоо хоногийн ажлын цаг нэг өдрийн ажиллах цаг 8, долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг, ажилтан 7 хоногийн 5 өдөр ажиллана. Компаниас гаргасан амрах хуваарийн дагуу амарна гэж тус тус заажээ. Хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс нь гэрээнд заагдсан ажлаар нь хангаж, ажлын зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө, 3.1.2-т ажил олгогч нь шилдэг сайн ажилтнаа олж тодорхойлон, тэднийг урт удаан хугацааны турш үр ашигтай ажиллуулахыг эрмэлзэж, сургалт, семинарт хамруулж, мэргэжлийн уд чадварыг нь дээшлүүлж, дадлагажуулж байна, 4.1.2-т ажилтан гүйцэтгэх ажил, үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажлын төлөвлөгөөнд заагдсан ажлаа бүрэн биелүүлж ажиллана гэж тус тус заажээ. СЛ ХХК нь Ц.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний заалтуудаас харахад байнгын ажлын байр. Ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэсэн заалтыг бүрэн хангасан. Нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч СЛ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 983 404 төгрөг, урамшуулал 4 580 000 төгрөг, нийт 34 563 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03226 дугаар шүүхийн шийдвэрийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасны дагуу үйлдэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүх шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дутуу бичигдсэн буюу шүүхийн шийдвэрийн 2 дах нүүр авагдаагүй байна. /хх221-226/
Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ш.ОЮУНХАНД