Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00092

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00092

 

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01831 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э-, Д.Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37,644,760 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.        102600571451 тоот хэрэглээний зээлийн гэрээгээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээл 31,100,431 төгрөг,

1.2.        хүү 6,459,073 төгрөг,

1.3.        нэмэгдүүлсэн хүү 85,254 төгрөг,

1.4.        нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 37,661,260 төгрөг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Зээлдэгч Д.Э-, Д.Б- нар ТБ ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 19/39 тоот гэрээгээр 35,000,000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8 дугаар байр 143 тоот, З0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 19/39 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр зээлдэгч Д.Э-ын ТБ ХХК дах 105000582082 тоот харилцах дансанд 35,000,000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлсэн. Зээлдэгч нар 19/39 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт-1 эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 17-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлж, биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан ч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээлээ төлөөгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 3,899,568 төгрөг, хүү 4,851,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,048 төгрөг, нийт 8,762,141 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 31,100,431 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,459,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,254 төгрөг, нийт 37,644,760 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан өдрөөс 103 хоногийн хугацаа өнгөрсөн тул тухайн хугацааны хүү 2,316,940 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,307 төгрөг, нийт 2,542,247 төгрөгийг нэмэх, мөн хүүг дахин шалгах явцад өмнөх нэхэмжлэл гаргасан харилцааны менежер Г.Эрдэнэцэцэг хүүг буруу тооцоолж үндсэн хүү 4,636,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329,852 төгрөг, нийт 4,966,612 төгрөгийн хүү дутуу тооцсон. Иймд үндсэн зээл 31,100,431 төгрөг, хүү 13,412,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 640,414 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг буюу 7,508,861 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 45,170,121 төгрөг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн 37,644,760 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд Д.Э-, Д.Б- бид эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э-, Д.Б- нараас 37,661,260 /гучин долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран/ төгрөгийг гаргуулж ТБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Э-, Д.Б- нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000393 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байр, 143 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,457 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-, Д.Б- нараас 416,457 /дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж ТБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүхэд гаргасан бичиг баримтын хүүгийн тооцоолол буруу байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт өгч оролцсон. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасанд гомдолтой.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч нараас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Д.Э-, Д.Б- нарт холбогдуулан талуудын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19/39 тоот зээлийн гэрээгээр зээл 31,100,431 төгрөг, хүү 6,459,073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,254 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 37,644,760 төгрөг гаргуулах, зээлдэгч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8 дугаар байр, 143 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар 37,644,760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх1-3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг бөгөөд шүүхэд хандан хүсэлт гаргахаас өөр юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал 2021 он 10 дугаар сарын 06-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн үндсэн эрхийг мөн хуулийн 105 дугаар зүйлд заасан хүсэлттэй адилтган тайлбарлаж, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01831 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД