Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/01468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Н/РД: /-д холбогдох

                                                             

Гэм хорын хохиролд 3 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Ц.Н, иргэдийн төлөөлөгч Л.Дэжидмаа, А.Оюунгэрэл, Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н нь миний сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг телевизүүдээр хямд гаргаж өгье гэж надаас 2016 оны 5-р сард бэлнээр мөнгө аваад үнийн дүнг нэмсэн хуурамч падаан бидэнд өгч мөнгө залилан авсан үйлдлүүд хийсэн юм. Энэ талаар би 2016 оны 7-р сараас цагдаагийн байгууллагад 2 удаа хандаж явсаар саяхан энэ хэргийг иргэний маргаан байна гэж үзэж 2020 оны 1-р сард хэрэгсэхгүй болгосон юм.

Прокурорууд авлига авсан гэж би хардаж буйгаа фейсбүүкээрээ би бичиж байна. Надаас Н мөнгө авсан үйлдэл, авсан мөнгөний тоо хэмжээ дээр маргаан байхгүй. Харин TB9-д тушаасан мөнгөний тоо хэмжээн дээр маргалдаж байна

1/ Н тв9-д тушаасан гээд Биндиръяа гэдэг хүнд 5 сая төгрөг өгсөн өөрийн компанийн баримт надад өгсөн юм Надад Нын компани хүнд мөнгө өгсөн баримт биш ТВ9 телевиз мөнгө авсан баримт хэрэгтэй байсан юм.

Үүнийг би тв9 дээр очиж шалгуулахад Биндиръяа 2 сая төгрөг тушаасан гэсэн баримт өгсөн юм. Иймд Н нь 2 сая төгрөг ТВ9-д тушаачихаад 5 сая

төгрөг өгсөн мэт хуурамч баримт надад өгч дундаас нь 3 сая төгрөгийг залилж авчихаад байгааг нэхэмжилж байна.

Н, Биндиръя хоёр миний 3 сая төгрөгийг дотроо яаж хувааж авсан нь, ямар тайлбар тавих нь сонин биш, ач холбогдолгүй юм. Бид тв9-тэй гэрээ байгуулсан болохоос Биндэрья гэдэг ажилтантай гэрээ байгуулаагүй

ТВ9 телевизийн хувьд нэвтрүүлгийн 1 минутын хөлсийг өмнөх 6 сарын дундаж тариф буюу 500 мянган төгрөгөөс илүү тогтоохыг Сонгуулийн тухай хуулиар хорьсон байсан тул үүнээс илүү тарифаар бодож хөлс авах эрхгүй юм.

2/ Бид ТВ9-тэй 4 удаагийн нэвтрүүлэг нэг бүрийг нь 500 мянган төгрөгөөр буюу нийт 2 сая төгрөгөөр гаргахаар 2016 оны 6-р сарын 19-нд гэрээ хийсэн бөгөөд 2 сая төгрөгийн нэхэмжлэл бидэнд өгсөн юм.

Н надад ТВ9-өөр 4 удаа нэвтрүүлэг гарсан гэж тайлан гаргаж өгснийг Харилцаа холбооны зохицуулах хороогоор шалгуулахад 2016 оны 6-р сарын 12-ны өдөр гарсан гэсэн нэвтрүүлэг гараагүй болохыг нотолсон тайлан Цагдаагийн байгууллагад ирүүлсэн юм

Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн үеийн бүх нэвтрүүлэг телевиз бүрээр, өдөр цаг, минутаар хадгалагдаж байгаа юм. Иймд 4 удаагийн нэвтрүүлэг гаргуулна гээд 2 сая төгрөг өгсөн байхад 3 удаагийн нэвтрүүлэг гаргасан тул нэг удаагийн нэвтрүүлгийн хөлс 500 мянган төгрөгөө бид эргүүлж авахаар бас нэхэмжилж байна.

Энэ 500 мянган төгрөгийг дотор нь ажилладаг хүний хувьд Биндирьяа хүний тушаасан мөнгөний оронд тооцуулсан бололтой байдаг.

Мөнгөний талаар ямар ч нотлох баримт хариуцагчид байхгүй. Энэ хүн анхнаасаа миний мөнгийг авъя гэж бодож байсан байна. Манай Д.Дөлбадрах хүүтэй хамт явж байгаад телевизүүд рүү орохдоо та наанаа хүлээж байж бай гэж байгаад ганцаараа орсон гэсэн. Энэ нь өмнө нь таньдаг хүмүүстэйгээ ороод хуйвалдах гэсэн шинж тэмдэг юм аа. Би энэ хүнийг гар дээрээ 82,000,000 төгрөг авсан гэдгийг сонгуулийн дараа мэдсэн. 82,000,000 төгрөгийг бэлнээр аваад дансаар 4,200,000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь огт худал юм. Тиймээс 3,500,000 төгрөгийг хурдан шийдвэрлэж өгөөч ээ. Сонгууль дөхөөд мөнгө төгрөг хэрэгтэй болчихоод байна.

Миний нэрээр биш өөр хүний нэрээр орж ирсэн мөнгийг миний нэвтрүүлгийн хөлс гэж бүртгүүлсэн байдаг. Бид Биндирьятай харьцаагүй тул Нын зальт үйлдлээс учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны УИХ сонгуулиар 71-р тойрогт нэр дэвшигч Н.Дийн сонгуулийн компанит ажилд нэр дэвшигчийн сонгуулийн штаб-д нэр дэвшигчийн хүү Н.Дөлбатын хүсэлтээр ажилласан. Тухайн үед ТВ-үүдээр нэр дэвшигчийн нэвтрүүлэг, реклам, мэдээг миний удирдаж ажилдаг Эн Эс Эм Эй ХХК/10 жилийн туршлагатай/, болон Лафорте ХХК/6 жилийн туршлага/-ийн мониторинг, маркетинг, видео студийн багийнхан ажилласан. Миний олон жилийн ажлын туршлага нэр хүндийг ашиглаж ТВ-үүдээр хямд үнэ, ашигтай байршлуудыг, намуудад ч өгөөгүй цагийг авч энэ хүн ашигласан /Хамгийн их үзэлттэй Боловсрол ТВ-ийн Яг түүн шиг шоуны финалын шатны нэвтрүүлэг яг эхлэхийн өмнө нэвтрүүлэг рекламаа цацсан гм/ ТВ-ийн зарласан үнээс 40%-50% хямд үнээр байршуулсан байдаг. Сонгуульд ялагдчаад багийг ахлаж байсан намайг мөнгө идлээ гэж хардаж цагдаагийн байгуулгаар 4 жил шалгуулж, миний бизнесийн нэр хүнд, ашиг орлого, сэтгэлзүйгээр дарамталж хохироож байна. Прокуророос энэ хэргийг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, залилах үйлдэл биш гэж тогтоосон.

Дийн хүү Дөлбаттай Бүх ТВ цацалт дээрээ гэрээ хийе гэхэд хүү нь хийгээгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа 5 сая төгрөгийг би Лафорте ХХК-ийн тамгаар баримт үйлдэж хүлээж авсан ба энэ нь гэрээ байгуулаагүй ч хэлцэл, тохиролцоо байсны үндсэн дээр хийгдсэн. Би хэлцэлээр тохирсон ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн. Тиймдээ ч цагдаагийн байгуулага гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоосон. ТВ9 телевизээр үндсэн үнийн тариф нь 6/11 хүртэл 1 мин-500 000 төгрөг, 6/11-15 хооронд-800 000 төгрөг, 6/16-21 хооронд 1 000 000 төгрөг, 6/21-27 хооронд-1 200 000 төгрөг гэсэн үнийн санал ТВ нь өгсөн ба үнэ хямдрахгүй гээд манайхтай харилцдаг менежер нь хэлсэн. Нийт үнийн дүнгээрээ 7 000 000 төгрөг болох байсныг ТВ9 телевизийн мэдээний албаны дарга Биндэръя/найз/ бүх өдрүүдийг хямдруулж 5 сая болгож явуулахаар өгсөн. Тухайн үед мэдээг манай багийнхан нэр дэвшигчийг сонгогчидтой уулзалт хийж байх явцад дагалдаж мэдээний дүрс болон текстийг манайхаас бэлэн өгөхөөр тохиролцож хямд үнэ авч байсан.

Тухайн үед ТВ-д олон нэр дэвшигчийн мэдээг бэлтгэх хүчин чадал байхгүй учраас бэлэн мэдээ авна гэж байсан. Энэ үед сонгуулийн өмнө бүх тохироо, цаг авах хэлцэл явагддаг учраас 5 сард мөнгөө өгч цагаа баталгаажуулсан. /ТВ9 гэрээ нь 6 сарын 19нд буюу сонгууль дуусаж байх уед сонгуүлийн ерөнхий хороонд зориулж хийсэн гэрээ/ Сонгуулийн үеэр нэр дэвшигчийн хуулийн багийнхан нь гэрээг нэр дэвшигч өөрөө бүх ТВ тэй хийх ёстой гэж байна гээд надаар бүх ТВ-үүдээр гуйлгаж өөрийн хүүгийн нэр дээр болон Н.Дийн нэр дээр гэрээг хийлгэсэн, мөн үнийн дүнг зардлаас хэтрэх гээд байна гээд хуурамчаар дүнгээ багасгаж бичүүлж гэрээ болон баримт авсан. Нягтлан гэх Оюунтунгалаг нь дүн нь хэтрэх нь дахиад багасга гээд гэрээ баримтыг хэд хэдэн удаа сольсон.

Тиймээс энэ хүний баримт болгон өгөөд байгаа гэрээ, мөнгөний баримт нь хуурамч/энэ нь Дөлбат, Оюунтулаг нарын мэдүүлэг, ба энэ хуурамч баримтаараа надаас мөнгө нэхэж байна. ТВ9 4 удаагийн мэдээг гаргасан. Гараагүй гээд байгаа мэдээ нь гарсан бөгөөд 6 сарын 12-ны өдөр сонгуульт ажлынхаа нээлтийг тойрогтоо хийсэн ба энэ нээлтэн дээр нь ТВ9 мэдээний албанаас сурвалжлагч сэтгүүлч нь өөрсдөө ирж мэдээ авсан байдаг. Мэдээ гараагүй гээд байгаа өдрийн бичлэг нь манай мониторингийн компанийн архивт хадгалагдан үлдсэн.

Тухайн үед сонгуулийн штабын хуульчид сонгуулийн процессыг удирдаж явуулах ёстой байсан. Хуулийн мэдлэг дутуу байгаагаас болж сонгуулийн зардал хэтрэх гээд байна телевизүүдтэй байгуулсан гэрээгээ өөрчилье, сонгуулийн штабын ерөнхий менежер болон нэр дэвшигч нар өөрсдөө гэрээгээ хийх ёстой юм байна тиймээс үнийн дүнгийн багасгаж гэрээ хийж өгөөч ээ гэж надад хэлсэн. Тэгээд 2, 3 удаа хийж байж гэрээний үнийн дүнгээ солиулсан. Тухайн үед гэрээг 2 удаа сольж байгуулсан. Одоо болохоор анхнаасаа 82,000,000 төгрөгийг авч залилсан, миний өмнөөс гэрээ байгуулах эрхгүй байсан гэж тайлбарлаж байна. Ингэх байсан юм бол анхнаасаа яах гэж гэрээ байгуулж мөнгө өгсөн юм. Бүх ажлуудаа хийлгэчихээд мөнгө авсан, мөнгө залилсан гээд миний нэр төрийг гутаагаад байгаа. Би энэ хүнээс болж 4 жилийн бизнесийн орлогоо алдсан. Тиймээс Н.Дийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбар гаргаж байна.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Ц.Нд холбогдуулан 3 500 000/гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Н нь би хэлцлээр тохирсон ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцож, Улсын Их Хурлын гишүүнд нэрээ дэвшүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, Телевизээр нэвтрүүлсэн 2016 оны сонгуулийн сурталчилгаанд тавьсан хяналтын дэлгэрэнгүй тайлан, мэдээний хуулбар, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 1/46 Хариу мэдэгдэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2016 оны сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож байсан болох нь хариуцагчийн “... нэр дэвшигч Н.Дийн сонгуулийн компанит ажилд нэр дэвшигчийн сонгуулийн штаб-д ... ажилласан” гэх тайлбараар тогоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үндэслэлтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ТВ9 сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид 5 000 000/таван сая/ төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хариуцагчийн “... 5 сая төгрөгийг би “Лафорте” ХХК-ийн тамгаар баримт үйлдэж хүлээж авсан ...” гэх тайлбар, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Медиа Холдинг” ХХК-ийн ТВ9 сувгаар нэхэмжлэгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх төлбөрт 5 000 000/таван сая/ төгрөгийг хүлээн авсан боловч “Медиа Холдинг” ХХК-д 2 000 000/хоёр сая/ төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, “Медиа Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн болон 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь ТВ9 сувгаар 1/нэг/ минут нь 500 000/таван зуун мянга/ төгрөгийн төлбөртэй 4/дөрөв/ удаагийн сурталчилгааны нэвтрүүлэг гарах ёстой байсан  боловч 3/гурав/ удаагийн нэвтрүүлэг гарсан гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь “Медиа Холдинг” ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаарх шаардлагаа жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ТВ9 сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид 5 000 000/таван сая/ төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь “Медиа Холдинг” ХХК-д 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, “Медиа Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн болон 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө ... хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь “Медиа Холдинг” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид 5 000 000/таван сая/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3 000 000/5000000-2000000=3000000/ /гурван сая/ төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 500 000/3500000-3000000=500000/ /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ц.Наас 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дт олгож, үлдсэн 500 000/таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ц.Наас 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дт олгож, үлдсэн 500 000/таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

               

 

                    ШҮҮГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ