Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/02321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Б/РД: /-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С.Б/РД: /,

                                                     

Автозогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тагийн Д миний бие “Нэмүт констракшн” ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил ХД69 дүгээр байрны 8 тоотын 54.41 м.кв, 9 тоотын 100.23 м.кв талбай бүхий орон сууцуудыг 2 автомашины зогсоолын хамт захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэмж 1 автозогсоолыг захиалсан.

Дээрх орон сууцнуудыг 1 м.кв талбайг 650 ам доллараар, авто зогсоолыг 16000 ам доллар, нэмж захиалсан 1 автомашины зогсоолыг 8000 ам доллараар үнийг тохиролцсон.

Байр ашиглалтанд ороход төлбөрөө дутуу төлсөн тул авто зогсоолуудыг барилга барьсан тал барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн ажилтан болох Н.Бын нэр дээр гаргасан байдаг.

Бид төлбөрөө бүрэн төлж дуусаад гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр шилжүүлэхийг шаардахад Н.Б Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах хэрэг болоод үүргийн гүйцэтгэлийн барьцаанд таны авто зогсоолыг барьцаалсан байгаа удахгүй чөлөөлөөд өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн.

Дээрх авто зогсоолуудыг гэрээгээр худалдан авч төлбөрийг төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтын зардлыг төлсөөр байгаа болно.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар автозогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11-р хороо Стадион Оргил ХД69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эднийх 3 гаражийнхаа төлбөрийг бүрэн төлсөн. 2011 онд тендерийн баталгаанд голомт банкинд тавьсан. Би энэ компаниас гарсан.

Уг авто зогсоолуудыг Таг овогтой Дийн нэр дээр болгохыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/02 дугаартай “Албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-оор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, дэслэгч М.Үүлэнсолонго нь Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ216/00816 дугаар тогтоол, 265 дугаар гүйцэтгэх баримт бичигт холбогдох төлбөр төлөгч Н.Б/ЧП73081067/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055, Ү-2206019056, Ү-2206019057, Ү-2206019058 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 06 дугаар хэсэг ХД/69 дүгээр байрны зоорийн газарт байрлах 18 тоот авто зогсоолыг 9,345,000 төгрөгөөр, 19 тоот авто зогсоолыг 9,400,000 төгрөгөөр, 20 тоот авто зогсоолыг 9,400,000 төгрөгөөр, 21 тоот авто зогсоолыг 9,300,000 төгрөгөөр, 22 тоот авто зогсоолыг 9,300,000 төгрөгөөр, 23 тоот авто зогсоолыг 9,300,000 төгрөгөөр 2020 оны 04 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд С.Б нь ялагчаар тодорч, дуудлага худалдааны орлого нийт 56,050,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлсөн.

Иргэн Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр уг авто зогсоолуудыг чөлөөлж, иргэн С.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн байна.

Иймд нэхэмжлэгч Т.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Д хариуцагч Н.Бт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Б нь эднийх гаражийнхаа төлбөрийг бүрэн төлсөн, авто зогсоолуудыг Т.Дийн нэр дээр болгохыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал нь иргэн С.Б үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь “Нэмүт констракшн” ХХК-тай 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалагч иргэдтэй байгуулах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ болон “Авто зогсоол захиалагч иргэдтэй байгуулах гэрээ”/цаашид “Авто зогсоол гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээ болон Авто зогсоол гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1, 2-ын 1, 2, 3-ын 1-т зааснаар “Нэмүт констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Удирдлагын академийн зүүн урд талд баригдаж буй байр, 1-р орцны 3-р давхрын 8 тоотын 54.41 мкв, 9 тоотын 100.23 м.кв өрөө бүхий орон сууц, мөн автомашины 2 зогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийн, хүлээн авч өмчлөх, зогсоолын 16 000/арван зургаан мянга/ ам.долларыг төлөх, “Нэмүт констракшн” ХХК 2010 оны 1-р улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Авто зогсоол гэрээний 1, 2, 3-ын 1-т зааснаар “Нэмүт констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Удирдлагын академийн зүүн урд талд баригдаж буй байрны авто зогсоолыг 8 000/найман мянга/ ам.доллараар, 2010 оны 1-р улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор 100% барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь Авто зогсоол гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

“Нэмүт констракшн” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн Гэрээ болон Авто зогсоол гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ болон Авто зогсоол гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Нэмүт констракшн” ХХК нь Гэрээ болон Авто зогсоол гэрээнд заааснаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны 3/гурав/ ширхэг авто зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгч, нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглаж байгаа болох нь “Нархан өргөө” СӨХ-д гаражийн төлбөр төлсөн Төрийн банкны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 3/гурав/ ширхэг авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч өмчлөгчөөр бүртгэгдээгүй буюу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэг, Гэрээний 3-ын 11, Авто зогсоол гэрээний 3-ын 9-д зааснаар “Нэмүт констракшн” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болох нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна.

 

“Нэмүт констракшн” ХХК нь Гэрээ болон Авто зогсоол гэрээнд заасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны зоорийн давхрын 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгчөөр өөрийн ажилтан байсан Н.Быг бүртгүүлсэн болох нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч автозогсоолуудын төлбөрийг төлсөн, авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргаж байх ба нэхэмжлэгч нь 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 91.1-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж заасан.

 

Гэрээ болон Авто зогсоол гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь автогсоолуудыг                                                                                                                                                                                                                                       хууль ёсоор эзэмшиж байх ба хариуцагч нь Гэрээ болон Авто зогсоол гэрээний талд хамаарахгүй гуравдагч этгээд байх тул хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нь 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч гэж тооцогдоно.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасан.

 

Гэрээ болон Авто зогсоол гэрээний 3-ын 10, 3-ын 9-д зааснаар нэхэмжлэгч нь 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын үнийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч гэж үзнэ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны зоорийн давхрын 18, 19, 20, 21, 22, 23 дугаар авто зогсоолуудыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах дуудлага худалдаа явуулж иргэн С.Б нь ялагчаар тодорсон болох нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/02 дугаар тогтоолд албадан дуудлага худалдааны ялагч С.Бд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрх үүссэн талаар дурдсан болох нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/02 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6649 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил, ХД-69 дүгээр байрны улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудыг битүүмжилсэн байх тул С.Бд өмчлөх эрх шилжих болможгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр, цагийг товлож талууд ... мэдэгдэнэ.” гэж заасан.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Бд 18, 19, 20 дугаар авто зогсоолуудыг өмчлөх эрх шилжээгүй байх ба орлогыг хуваарилан уг ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийг 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагчийн эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Дийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД-69 дүгээр байрны зоорийн давхрын улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Дийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил ХД-69 дүгээр байрны зоорийн давхрын улсын бүртгэлийн Ү-2206019053, Ү-2206019054, Ү-2206019055 дугаарт бүртгэлтэй 18, 19, 20 дугаар авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ