Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 609

 

Э.О-д оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар шүүгчийн захирамж, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Э.О-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Э.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаарын сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил хорих ял, 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 6 сар хорих ял, 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, заримыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Э-ын О.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.О-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн саналыг хэрэгсэхгүй болгохдоо хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт оногдуулах ял өөрчлөгдөөгүй, ялтны эрх зүйн байдал дээрдээгүй гэсэн үндэслэл заасан байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Э.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 5 жил 9 сар 14 хоног хорих ял болгон, Э.О-д оногдуулсан 5 жил 9 сар 14 хоногийн хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 6 сар 6 хоногийн хорих ялыг хасаж, эдлэх ялыг 5 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Э.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ялыг дүйцүүлэн хасахдаа 2015 оны Эрүүгийн хуулиар “танхайн сэдэлтээр, ялтай байхдаа” гэх хэргийг хүндрүүлэх шинжийг халсан байсныг анхаарч үзээгүй болно. Дээрх ял хүндрүүлэх шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул хорих ялыг хасаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Э.О нь ялтай байх хугацаандаа танхайн сэдэлтээр бусдыг алахыг завдсан гэх хэрэгт 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн хэрэгт тохирсон байна. Давж заалдах шатны шүүх 6 жилийн хорих ялаас “кэйс 4” гэх аргачлалаар 2 сар 17 хоногийн ялыг хасаж тооцсон байна. Энэ аргачлалыг бол сайн мэдэхгүй. Эрүүгийн хуулийг харьцуулаад үзэхэд дээд хэмжээнээс тооцвол хасагдахаар, доод хэмжээнээс нь тооцвол хасагдахааргүй байна. Хуулиар бол дээд хэмжээнээс нь хасах ёстой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх гурван үндэслэлийг тодорхойлсон байна.

Дээрх гурван үндэслэлийн “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамааруулан ойлгодог билээ.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасаж тооцно.

Давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод, дээд хэмжээтэй нийцүүлэн ялтан Э.О-гийн хорих ялыг 5 жил 9 сар 14 хоног хорих ял болгож, уг ялаас биечлэн эдэлсэн 6 сар 6 хоногийн хорих ялыг хасаж, нийт эдлэх ялыг 05 жил 03 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасахаар зохицуулснаас үзэхэд зөвхөн ялыг нийцүүлэн хасахаас бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг өөрчилж, дахин хянах эрх хуулиар олгогдоогүй болно.

Иймд ялтан Э.О-гийн гаргасан “гэмт хэргийн хүндрүүлэх шинж хасагдсантай холбоотойгоор ялыг хасах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хууль буцаан хэрэглэх талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн тул ялтан Э.О-гийн үлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, нотлогдсон байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Э.О-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН