Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01720

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэртэй “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Л, Дгад тус тус холбогдох газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өлзиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагч Дгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Элбэгзаяа, хариуцагч Ч.Л, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-аас М захыг худалдан авахдаа нийт 11 зүйлийн эд хөрөнгийг актаар, түүний дотор маргаан бүхий газрыг хүлээн авсан байдаг бөгөөд одоог хүртэл Дундговь аймгийн хүнсний захын үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхэлж байна.

Анх тус захыг худалдан авах үед Ч.Лгийн контейнер хашаанд байгаагүй гэдгийг бид ч, хариуцагч нар ч бүгд мэдэж байгаа. 2009 онд Ч.Л бараагаа агуулдаг контейнераа захын хашаанд түр байлгая гэж гуйсан. Гэтэл одоо тухайн газрыг суллаж өгөхгүй, өөрийн газар гэж маргаж байна.

Нөгөө талаар төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа ба 2004 онд “Т” ХХК-д хүнсний захын зориулалтаар 4517.5 м.кв газар олгож нэгж талбар бүрээр гэрчилгээ олгохыг Дга Газрын албандаа үүрэг болгосон. Гэтэл Газрын алба нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өөрт ногдсон ажлаа зохих ёсоор хийгээгүй байна.

“Т” ХХК нь эзэмшил бүхий газартаа тодорхой үйл ажиллагаа явуулж, өмчлөлийн эд хөрөнгө /бетонон хашаа, цементэлсэн талбай, бусад үл хөдлөх эд хөрөнгө/ байсаар байтал Ч.Л нь кадастрын зураглал хийсэн гэх үндэслэлээр өөрийн газар мэтээр маргаж байгаа тул “Т” ХХК нь маргаан бүхий газар /захын баруун өмнө байрлах контейнерын доорх 32 м.кв газар/-ын хууль ёсны эзэмшигч гэдгийг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Дгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-д аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 300 дугаар захирамжаар 4517.5 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. 2004 онд “Т” ХХК хүнсний захыг худалдан авахад маргаан бүхий газар дээрх контейнер байсан эсэхийг мэдэхгүй байна.

“Т” ХХК-д эзэмшүүлсэн 4517.5 м.кв газар нь 2013 он хүртэл аймгийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан.

Иймд Ч.Лгийн кадастрын зураг хийлгэх хүсэлтийн дагуу тус байгууллагын Геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн очиж хэмжилт хийж, Ч.Лгийн эзэмшлийн талбайн хэмжээг өөрчлөх тухай 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/566 дугаар захирамж гарсан гэжээ.

 

Хариуцагч Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 109 тогтоолоор “Т” ХХК-ийн газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн ба нэг шүүхийн шийдвэрлэсэн асуудлыг өөр шүүх шийдвэрлэх эрхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн кадастрын зураг дээр контейнер байгаа, газрыг маш тодорхой зурсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар “Т” ХХК нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” ХХК-ий хүнсний захын хашааны баруун урд хэсэгт байрлах контейнерын доорх 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дга, хариуцагч Ч.Л нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “М” ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн тухай 2 дахь заалтад барилга доорх 330 м.кв газар, барилгын зүүн талд байрлах 3570 м.кв, захын талбайн газар, 4 дэх заалтад барилгын баруун талд байрлалтай аж ахуйн хашааны 520 м.кв талбай бүхий газар дээрх бүгд 4420 м.кв газрыг хүлээлцлээ гэж талууд гарын үсэг зуралцаж хүлээлцсэн байна. Энэ байдлаас үзвэл Засаг даргын захирамжаар анх 4517.5 м.кв газар хангалттай олгосон нь харагдаж байна.

Анх хүлээн авсан газрыг 4420 м.кв-аас тооцвол “Т” ХХК нь одооны эзэмшиж байгаа 3800 м.кв-аас ч бага газар эзэмшихээр харагдаж байна. 2004 оны 08 сарын 06-ны өдрийн “М” ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн тухай актын 6-д захын эргэн тойрны бетонон хавтан хашаа гэж ийм өмч байгаа гэдгийг 2 тал харилцан тохиролцсон байдаг.

Харин 4420 м.кв газарт хашаан доторх бүх газрын хэмжээ гэж бичээгүй байгааг шүүх авч үзэхдээ бетонон хашаан доторх газар хүлээлцсэн 4420 м.кв газарт хамааралтай эсэхийг нягтлан тооцоогүй байна. “Т” ХХК нь 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 тоот дугаартай захирамжаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 4517.5 м.кв газрыг шинээр эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон нь Ч.Л газар хүлээн авснаас хойш болсон үйл явц байна.

Дгын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 341 тоот захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байршилтай “Т” ХХК-ний эзэмшлийн газраас Л.Эрдэнэцэцэг, Ц.Энхтуяа нарт орон сууцны зориулалтаар тус бүр 200 м.кв газрыг, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн эзэмшилд 178 м.кв газрыг тус тус шилжүүлж үлдэх 4000 м.кв газрыг “Т” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр захирамжид заасан байна.

Дгын 2010 оны 09 сарын 07 өдрийн А/413 тоот захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байршилтай “Т” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 4000 м.кв газраас 200 м.кв газрыг Н.Нацагдоржид зориулалтаар шилжүүлж тус тус эзэмшүүлэх гэсэн захирамж нь хүчин төгөлдөр байгаа ба аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0208470 тоот “Т” ХХК-д 3800 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосноор нотлогдож байхад анхан шатны шүүх  газрын м.кв-ыг нарийвчлан тооцож үзээгүй алдаа гаргаж асуудлыг “Т” ХХК-ийн талд шийдвэрлэсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 3/1425 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтсийн дарга, Захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, кадастрын хэлтсийн мэргэжилтэн, “Геомэл" ХХК-ийн кадастрын мэргэжилтэн нарын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт "Дгын 2010 оны 09 сарын 07 өдрийн А/413 дугаар захирамж, 0209470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Т” ХХК-ийн эзэмшсэн 3800 м.кв газрын кадастрын зургийн солбилцлын утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын кадастрын мэдээллийн сангийн зураган мэдээлэл шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнерээс урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь уг А/413 захирамжаар олгогдсон 3800 м.кв газарт хамаарахгүй гэж дүгнэсэн тул “Т” ХХК-ийн газар биш болох нь бүрэн нотлогдсон. /хх109-114/

Мөн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил ашиглалтад газрыг Аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 тоот захирамжийн дагуу хүлээлгэн өгсөн актад “Т” ХХК-ийн 4517.5 м.кв газрын байршлын схем тогтоосныг харахад схем зураганд маргаан бүхий 32 м.кв газар “Т” ХХК-ийн зураглалд ороогүй нь харагдаж байхад шүүгч анхааралгүй хандан хуулийг буруу хэрэглэсэн.

Ч.Л Дгын 2004 оны 02 сарын 11 өдрийн 32 тоот захирамжаар 480 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд цаг хугацааны хувьд Ч.Лд “Т” ХХК-ийн эзэмшил газрын захирамж гарахаас 9 сарын өмнө дээрх газрыг эзэмшүүлэхээр захирамжилсан. Аймгийн Засаг даргын 2004 оны 02 сарын 11 өдрийн 32 тоот захирамжаар олгогдсон 480 м.кв газарт 2009 оны 04 сарын 13 өдөр газрын кадастрын зураглалыг газрын албан мэргэжилтэн С.Отгонтөгс үйлдсэн.

Барилгын материалын дэлгүүрийн доорх талбай 20 м.кв, үйлчилгээний газар, дэлгүүрийн доорх талбай 130 м.кв, барилгын дэлгүүр 56 м.кв, эзэмшлийн сул талбай 278 м.кв тус тус орсон гэж бичиглэл хийсэн зураглалд “Буянтчандмань” ХХК Ч.Лгийн газарт маргаан бүхий 32 м.кв газар орсон байгаа нь зураглалаас тодорхой харагдаж байна.

Мөн 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрээ", 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Иргэн, хуулийн этгээдэд газар ззэмшүүлэх гэрээ"-д 480 м.кв газрыг Ч.Л эзэмшиж байгаа гэж гэрээнд тодорхой тусгасан.

Ч.Лгийн эзэмшлийн 633 м.кв газарт маргаан бүхий 32 м.кв газар орсон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Газар эзэмших эрх болон тухайн газрын мэдээллийн санд оруулсан, оруулаагүй эсэх, газрын давхцал түүнтэй холбогдсон маргаан нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай, иргэний шүүхийн маргаан бус төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой захиргааны маргаан юм.

Газар эзэмших эрх олгосон Засаг Дарга, түүнд харьяалагдах газрын албаны үйл ажиллагаанаас үүдсэн маргааныг иргэний журмаар хэлэлцэхгүй байхаар хуульчилсан.

Газар эзэмших эрх авах, хэрхэн ямар аргаар олж авсан нь иргэн хоорондын маргаан боловч иргэний маргаанд Засаг дарга хариуцагчаар оролцож байгаа нь тухайн маргааны агуулгыг аль төрлийн маргаан болох харьяаллыг зөрчсөн бөгөөд хариуцагчаар төрийн байгууллагыг оролцуулж шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал, шүүхийн харьяаллыг зөрчсөн гэх үндэслэлтэй.

3ахиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэсэн газрын маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэж шийдвэр гарган, үйл баримтыг дахин хэлэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ч.Л, Дгад тус тус холбогдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Т” ХХК-ийн хашааны баруун урд хэсэгт байрлах 32 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Дга зөвшөөрч, хариуцагч Ч.Л эс зөвшөөрч маргажээ.

 

“М” ХХК, Т.Дорж нарын хооронд 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “М” захыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу “М” ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн тухай акт үйлдэж, худалдагч “М” ХХК нь Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 330 м.кв талбай бүхий хүнсний захын нэг давхар барилга, барилгын доорх 330 м.кв газар, барилгын зүүн талд байрлах 3570 м.кв газар, барилгын баруун талд байрлалтай аж ахуйн хашааны 520 м.кв талбай бүхий газар, нийт 4420 м.кв газар, захын эргэн тойрны бетонон хавтан хашааг худалдан авагч Т.Дорж, С.Өлзиймаа нарт хүлээлгэн өгчээ. Уг актад хүнсний захын үүд, цэнхэр байшингийн баруун талын хэсэг газар нь нийтийн эзэмшлийн газар байхаар талууд дурдсан байна. /хх5, 52/

 

Т.Дорж нь “Т” ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулсан, Дгын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 дугаар захирамжаар “Т” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт /хүнсний зах/ худалдаа, үйлчилгээний зориулалтаар 4517,5 м.кв газрыг шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх6/

 

Хариуцагч Ч.Л нь Дгын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар 480 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байсан.

Дгын 2004 оны 32 болон 300 дугаар захирамжуудаар олгосон 480 м.кв болон 4517,5 м.кв талбай бүхий газрыг иргэд, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үед “М” ХХК нь өөрийн эзэмшлийн газрын хил заагийг тодорхойлж хашаа барьсан байсан ба газрын эзэмшлийн талаар талууд маргаангүй байжээ.

 

Гэрч С.Ганзоригийн “...1957 онд “М” ХХК захын объектыг бүхэлд нь дуудлага худалдаагаар худалдаж авсан. Дуудлага худалдаагаар худалдаж авсан объект буюу захын барилга, гадна талбай, бетонон хашааны хамт 2004 онд С.Өлзиймаад зарсан. Одооны “Т“ ХХК-д зарсан. ...Энэ контейнер захын хашааны гадна талд байсан юм. Захын хашааны яг урд талд залгаад барьсан 2 давхар улаан барилга баригдсан газар дээр энэ контейнер байсан юм. Тэр барилгыг барихын тулд контейнерыг захын хашааны дотор оруулаад тавьсан” гэх мэдүүлэг, гэрэл зураг/1хх198/-т контейнер байрлаж байгаатай ойролцоо байх бетонон хашааг оруулан улаан тоосгоор хана болгож байшин барьсан байдлыг талуудын тайлбар, дээр тогтоосон үйл баримтыг харьцуулан үнэлбэл Дгын 32 болон 300 дугаар захирамж хүчинтэй байх хугацаанд одоо маргаж буй контейнер байршуулсан 32 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч талын эзэмшилд хамаарч байжээ гэж дүгнэхээр байна.

 

Хожим Дгын 2007 оны 341, 2010 оны А/413 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайн хэмжээ багасгахад маргаан бүхий 32 м.кв талбайг нэхэмжлэгч бусдад шилжүүлээгүй байгаа байдлыг уг газар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэж дүгнэх юм.

 

Маргаан бүхий газарт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Ч.Лгийн хүсэлтээр кадастрын зураглалыг хийгдсэн ба уг кадастрын зураглалд үндэслэж Дга 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 тоот захирамжаар Ч.Лгийн газар эзэмших эрхийг 633 м.кв хэмжээгээр нэмж тодорхойлжээ.

 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын нэг нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь хамаарна.

 

Хүсэлт гаргагч Ч.Л нь Дгын 2004 оны 32 болон 300 дугаар захирамжаар маргаангүйгээр, бетонон хашаагаар хүрээлэгдсэн хэмжээгээр нэхэмжлэгчийн эзэмшлийг тодорхойлж байсан газраас 32 м.кв газрыг өөрийн эзэмшлийн гэж тодорхойлж кадастрын зураглал хийлгүүлсэн байна. Харин уг кадастрын зураглал хийх эрх бүхий этгээд нь Газрын тухай хуульд заасан зөрчил байж болзошгүй буюу бусдын эзэмшлээр тодорхойлж болох бетонон хашаан доторх газраас 32 м.кв хэмжээтэй хэсгийг тодруулахгүйгээр зураглал хийж өгсөн нөхцөл байдал тогтоогджээ.

 

Дгын 2004 оны 32 болон 300 дугаар захирамжаар эзэмшил газрын хил заагийн талаар маргаагүй байх үеийн эзэмшлийг тодорхойлох маргаан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасанд хамаарах тул Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх учиртай. Иймд хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Газрын кадастрыг хийлгэж, газрыг кадастрын мэдээллийн санд түрүүлж мэдээлэл оруулснаар газар эзэмших эрхийг тодорхойлохгүй юм. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр зохицуулсан юм.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. Уг дүгнэлтэд “Дгын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамж, 0208470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Т“ ХХК-ийн эзэмшсэн 3800 м.кв газрын кадастрын зургийн солбилцлын утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь уг А/413 дугаар захирамжаар олгогдсон 3800 м.кв газарт хамаарахгүй байна” гэжээ. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг маргаанд хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, дүгнэлтэд тогтоосон үйл баримт нь цаг хугацааны хувьд маргаанд хамааралгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дугаар тогтоолоор  2004 оны 32, 300 дугаар захирамжуудаар олгосон газар эзэмших эрхийн хил заагийг тогтоогоогүй байна.

 

Хариуцагч Ч.Лд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хүнсний захын хашаан доторх контейнер байрлаж байгаа 32 м.кв газрыг өмчлөх эрх хэлцлээр болон хуульд зааснаар үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу, уг алдааг дүгнэж залруулах боломжтой.

 

Талуудын хооронд үүссэн маргаан нь газар эзэмших эрхэд хамааралтай. Иймд хариуцагч Ч.Л нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг үндэслэлгүйгээр олж авсан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан тул түүний эрхийг сэргээж шийдвэрлэснийг зөв гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА