Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01424

 

О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан,

С.Анар нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1529 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Чулуунцэцэгт холбогдох

Хөрөнгө оруулсан 660 944 193 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 124 374 443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх нарын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Г.Тунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар хариуцагч Ш.Чулуунцэцэгтэй 2012 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран ажиллах аман хэлцэл байгуулж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах, 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгыг тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, худалдан авах, цаашид үйлчилгээний төв болгож тохижуулах, ашиг олох зорилгоор ажиллаж эхэлсэн. Ш.Чулуунцэцэг нь эхний ээлжинд өөрөөсөө 1 400 000 ам.доллар гаргаж дээрх обьектыг худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч О.Одбаяр нь 2013 оны 01 дүгээр сард банкнаас зээл авч 700 000 ам.долларыг Ш.Чулуунцэцэгт төлж үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн ба 2012 оны 9 дүгээр сард Ш.Чулуунцэцэгийн зүгээс С.Гэрэлтуяад 452 000 000 төгрөг шилжүүлэн өгч уг обьектыг зориулалтын дагуу засч тохижуулах ажлыг С.Гэрэлтуяа хариуцан ажиллаж байсан. С.Гэрэлтуяа тохиролцсоны дагуу уг ажиллагаанд зориулан 490 715 000 төгрөг өөрөөсөө гарган ажлаа хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байгаа. Түүнчлэн С.Гэрэлтуяа, Ш.Чулуунцэцэг нар тус тусын оруулсан хөрөнгөө баталгаажуулсан баримтыг хамтран үйлдэж 2013 оны 3 дугаар сарын 27-нд нотариатаар гэрчлүүлсэн. С.Гэрэлтуяа нь өөрийн хүү О.Одсайхан, дүү С.Анар нарын хамт 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан. Нэхэмжлэгч тал уг цэнгээний газрын ерөнхий интерьерийг гаргуулж, зураг төслийн дагуу засал хийлгэх, тохижуулахын тулд шаардлагатай барилгын материал багаж, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээл болон Хятадаас, хөгжмийг Англи улсаас худалдан авсан. 2012 оны 12 дугаар сард 4 хүн Хятад улсын Бээжин хотод шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг судлах, бизнесийн шинэ санаа, шийдэл олох, бараа материал худалдан авах зорилгоор томилолтоор зорчиж байсан. Талууд байгуулсан үйлчилгээний цаашид хамтран ажиллуулж олох ашгийг тэнцүү хуваах зорилготой байсан тул “Центро” ХХК-ийг 50:50 хувиар хувьцаа эзэмшиж гүйцэтгэх захирлаар С.Анарыг томилон ажиллуулж байсан. Хариуцагч нь эдгээр бүх үйл ажиллагааны туршид байнга, тодорхой мэдээлэлтэй байсан. Оффисын хэсэг, ресторан. шөнийн клуб, бүжгийн заал, зэргийг засаж тохижуулах бүх ажлыг С.Гэрэлтуяа, О Одбаяр. О.Одсайхан, С.Анар нар гүйцэтгэхдээ хариуцагч талыг төлөөлөн Ш.Чулуунцэцэг. Ш.Мягмарсүрэн. Х.Төрцэцэг нарыг ажиллуулж байхдаа хариуцагч Ш.Чулуунцэцэг ажлын явцдаа байнга хяналт тавьж том үнийн дүнтэй гэрээ хэлцлийг хийхдээ зөвшилцөж ажиллаж байсан. Ш.Чулуунцэцэг нь засвар тохижуулалтын ажилд оруулах мөнгөө С.Гэрэлтуяагийн дансанд 3 хувааж мөнгөн хэлбэрээр шижүүлдэг байсан. С Гэрэлтуяа нь өөрийн оруулах мөнгийг шууд худалдан авалт хийдэг байсан. Талуудын дээрх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэрээний шинж чанарыг агуулж, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч тал мөнгөн хэлбэрээр болон өөрсдөө хөдөлмөрлөх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж ажилласан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.7 дахь хэсэгт зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдахыг С.Гэрэлтуяад даалгасан байх ба ажил гүйцэтгэгч нартай гол хэлцэлүүдийг хийхэд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасан харилцан зөвшилцөж байсан болно. С.Гэрэлтуяа хамтран ажиллах гэрээнээс гарсан нь уг ажиллагаанд хохирол учруулахааргүй байгаа. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс гарсан тал болох нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үр шимээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийн бүртгэлээс хасагдах хэлцлийг 2013 оны 3 дугаар сарын 27-нд хийж үл хөдлөх хөрөнгө худалдан авахад оруулсан 750 000 000 төгрөгөө буцаан авч, хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг бүрэн шилжүүлэн өгсөн ба энэ асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй. Харин өөрийн зүгээс засан тохижуулахад оруулсан хөрөнгийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар нэхэмжилж байгаа болно. Үйл ажиллагаа 70 хувьтай явж байхад буюу 2013 оны 3 дугаар сард талуудын хооронд үл итгэлцэл үүсч, хэл амаа ололцоход төвөгтэй байдлыг хариуцагч Ш.Чулуунцэцэг үүсгэсэн, гаргасан зардлыг үндэслэлгүй худлаа байна гэж С.Гэрэлтуяаг байнга шүүмжилдэг болсон. Иймд цаашид үйл ажиллагааг явуулахад бэрх болсон учраас С.Гэрэлтуяа нь биечлэн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, бүтээж бий болгосон тоног төхөөрөмж тэдгээрийг худалдан авахад зарцуулсан мөнгөний баримтуудаа Ш.Чулуунцэцэгт хүлээлгэж өгсөн. Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нар Ш.Чулуунцэцэгтэй хамтарч ажиллагааг үргэлжлүүлсэн. С.Анар, О.Одсайхан нар мөн С.Гэрэлтуяагийн хамт ажиллахаа больсон. 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар С.Гэрэлтуяагаас сар болгон тогтмол цалин авч ажиллаж байсан гэдэгт маргахгүй. С Анар, О.Одсайхэн нар С.Гэрэлтуяагийн хүүхдүүд учраас эхнээсээ ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Гэхдээ О.Анар, О.Одсайхан нар гол ажил үүргийг гүйцэтгэж, гадаад дотоод худалдан авалт, засвар тохижилтын ажиллагааг удирдаж, ямар ч цалин хөлс авахгүйгээр ажиллаж байсан тул Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарын авч байсан цалинтай дүйцэх хэмжээний цалинг нэхэмжилсэн. Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэхэд талууд гар бие оролцож, 2013 оын 3 дугаар сар хүртэл С Гэрэлтуяа нарын бий болгож орхисон хэмжээнд байгаа зүйлүүдийг бодитоор Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарыг оролцуулж үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийлгэхдээ Ш.Чулуунцэцэгийн бий болгосон бусад зүйлсийг үнэлгээний дүнд оруулахгүй байх зарчмыг барьж ажилласан. Энэ шинжээчийн дүгнэлтээр нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан болох нь харагдаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь дотроо 4 зүйлтэй, үүнийхээ 2, 4 дэх төрлөөс татгалзаж. 546 944 193 төгрөг нэхэмжилсэн. Үүнд 484 210 158 төгрөг нь мөнгөн хэлбэрээр С.Гэрэлтуяагийн оруулсан дүн, мөн мөнгөн бус хэлбэрээр 62 733 035 төгрөг болж байгаа бөгөөд үүнд С.Анар, О.Одсайхан нарын цалин 24 000 000 төгрөг багтаж байгаа. Иргэний хуулийн хамтран ажиллах тухай гэрээний заалтыг үндэслэж, хамтран ажиллах гэрээ нь одоог хүртэл дуусгавар болоогүй зөвхөн оруулсан хөрөнгөө тодорхойлж гаргуулан авахаар талууд маргалдаж байгаа тохиолдолд шүүхээр шийдвэрлэх үеийг хүртэл хамтран ажиллах гэрээний нөгөө тал хөрөнгөнөөс олж байгаа ашгийг тоймлож, тэр ашгаас өөрийн оруулсан хураамжтай дүйцэх хэмжээний ашиг авах ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ш.Чулуунцэцэг нь “Төгс Монгол трейд” ХХК-д уг үйлчилгээний төвийг түрээслүүлж, түрээсийн мөнгийг банкны дансанд хүлээж авдаг байсан. “Төгс Монгол трейд” ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, энэ орлогоос өөрийн оруулсан хөрөнгөтэй дүйцүүлж, ашиг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь ашгийн 20 хувь буюу 114 000 000 төгрөг болно. Иймд нийт 660 944 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Чулуунцэцэг 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 498.74 м.кв талбайтай: мөн 2 дугаар давхрын 689 м.кв талбайтай шөнийн клуб, ресторан пабын зориулалтаар тохижуулан ашиглаж байсан обьектыг худалдан авсан. Улмаар түрээслүүлэхээр ярилцаж байх үед, нөхрийн найз болох н.Төмөртогтох сонсоод “засвар хийгээд зориулалтын дагуу хамтарч үйл ажиллагаа явуулья” гэсэн саналыг Б.Цэрэндоржид тавьсан. Энэхүү саналыг бид хүлээн авсны дараа н.Төмөртогтох нь “засварын хүмүүс авчирч, засвараа 350 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон гээд засварын багтай ирж уулз” гэхэд н.Төмөртогтохын хамтрагч О.Одбаяр гэх залуу цуг ирсэн байсан. н.Төмартогтох нь О.Одбаярыг өөрийн найз дээрх үйл ажиллагаанд хамтарч ажиллана гэснийг нөхөр бид 2 зөвшөөрч, тэдэнтэй худалдаж авсан обьектын хүмүүстэй ярилцаж байтал О.Одбаяр нь би өөрөө мэргэжлийн баг ольё гэж тохиролцсон. Ингээд 2 хоногийн дараа Next Natur гэх засварын компани олсон гэж хэлсэн. Үүний дагуу уг компани дээр О.Одбаяр, түүний гэргий С.Гэрэлтуяа. Б.Цэрэндорж нар очиж уулзсан. Уг компани зураг төсөл, засварын ажлыг хөлстэйгээ нийт 600 000 000 төгрөгт бүх юмаа хийгээд түлхүүрээ хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл О.Одбаярын эхнэр С.Гэрэлтуяа нь “үгүй, хүнд зүгээр мөнгөө өгөхгүй би энд цуг байж засварын үйл ажиллагааг хянана” гэснийг бид хоорондоо ярилцан зөвшөөрсөн. Ийнхүү тохиролцохдоо дээр дурдсан зураг төсөл, засвар, түүний ажлын хөлсний зардлыг ч гэсэн 2 тал 50 хувиар гаргахаар болсон. Гэвч С.Гэрэлтуяа нь өөрийн хүү болон дүү О.Одсайхан, С.Анар нартай хуйвалдан засварын зардлыг огт үндэслэлгүйгээр өсгөж, хууль бусаар баримт цуглуулан биднээс тохиролцсоноосоо их мөнгө нэхсэн. Нөхөр бид 2 засвар болон тоног төхөөрөмжийн зардалд зориулж нийт 452 000 000 төгрөгийг С.Гэрэлтуяад өгсөн. Энэ мөнгийг С.Гэрэлтуяа хэрхэн яаж, юунд зарцуулсан талаар одоог хүртэл тайлагнаагүй байгаа ба мөн өөрөөсөө хэдэн төгрөгийг засварын зардалд гаргасан талаар бидэнд мэдэгдэж байгаагүй. Засварын ажлыг гүйцэтгэж байх явцад бидний зүгээс С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нарт удаа дараа засварын зардлыг үндэслэлгүйгээр хэт өсгөж байсан талаар, мөн засварын үйл ажиллагаанд болон түүний зардлын тооцоонд манай талаас хяналт тавьж, 2 талын гарын үсэгтэйгээр мөнгө зарцуулж байхыг шаардаж, маргалдаж байсан бөгөөд энэхүү хууль ёсны шаардлагыг С.Гэрэлтуяа хүлээж аваагүй. Эцэст нь миний бие тухайн обьектод хийсэн засварын ажлын төсвийг мэргэжлийн хүнээр гаргуулан авснаар С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нар нөхөр бид хоёрыг хууран мэхэлж, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт их мөнгө авч байсныг мэдсэн бөгөөд цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй гэдгийг тэдэнд хэлсэн. Нөхөр бид хоёр нэхэмжлэлд дурдсан хүмүүсээс зөвхөн О.Одбаяртай л хамтарч ажиллах тухай тохирсон ба харин бусад хүмүүстэй хамтарч ажиллах тухай яриагүй. Өөрөөр хэлбэл С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нар хамтын үйл ажиллагааны оролцогчид биш. Тиймээс миний хувьд засварын ажлын зардалд зориулж тохиролцсон ёсоороо өөрийнхөө мөнгийг өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт энэхүү обьектод хамтран өмчлөгчөөр С.Гэрэлтуяа орж мөнгөө өгөөд, сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасуулсан байдаг Үүнээс хойш 600 000 000 төгрөгийн засварын ажил хийсэн. Тиймээс энэхүү обьектыг ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар гардан гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг Б.Цэрэндорж, Ш.Чулуунцэцэг нар хийсэн. Тиймээс 114 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах ... обьектийг 1 400 000 ам.доллараар худалдаж авсан. С.Гэрэлтуяатай 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажилласан. Гэтэл энэ хугацаанд 452 000 000 төгрөгийг С.Гэрэлтуяад засварын мөнгө гэж өгсөн боловч 452 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдээгүй. Хятад улсаас авсан бараа бүтээгдэхүүн хэт өндөр үнээр бичигдсэн тул шалгаж үзэхэд 124 374 443 төгрөгийн зөрүү гарсан байна гэж хэлэхэд С.Гэрэлтуяа нь энэхүү тооцоог би өөрөө бүрэн хариуцна гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Тиймээс үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн 124 374 443 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Э.Уянга нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон өмгөөлөгч Г.Банзрагч шүүх хуралдаан гаргасан тайлбарт: ... Ш.Чулуунцэцэг, түүний нөхөр н.Цэрэндорж нар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад мөнгө нь дутсан учраас О.Одбаяраас 100 000 000 төгрөг бэлнээр зээлж аваад зээлсэн мөнгөө эргүүлж төлөх үед тэдний зүгээс 50x50 хувиар хөрөнгө оруулж хамтран ажиллаад олсон ашиг орлогоо хуваая гэсэн санал тавьсны дагуу хамтран ажиллаж эхэлсэн. Ш.Чулуунцэцэгийн зүгээс 452 000 000 төгрөг оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлд дурдсаны дагуу 512 000 000 төгрөг бэлнээр оруулснаас гадна 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл бүтэн 6 сар С.Гэрэлтуяа, С.Анар, С.Одсайхан нар ямар ч цалин хөлсгүй ажиллаж заслын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн, ихэнх эд хогшил, бараа материалыг Бээжингээс худалдан авсан. Энэ хугацааны ажлын хөлс, бизнесийн санаа, шийдэл зэрэг шууд бус хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бүх оруулсан шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаа үндэслэн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оруулсан хөрөнгө болон олох ёстой байшин ашиг орлогоо нэхэмжилсэн байгаа. Бээжингээс авсан бараа материалын хувьд баримтын зөрүү гарсныг хүлээн зөвшөөрсөн, тийм ч учраас шүүхэд аль аль баримтыг нь өгсөн бөгөөд нэхэмжлэлийн дүнгээ гаргахдаа эх баримтыг үндэслэн тооцож гаргасан. Мөн энэхүү баримтын зөрүүнээс маргаан үүссэн учраас талууд шинжээч томилуулан бодит хөрөнгийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл батлагдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Центро клубийн барилгын засварын ажил 689 428 323 төгрөг, эд хогшил 422 666 154 төгрөгөөр нийт 1 000 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө үнэлэгдсэн байдаг. Засварын ажлын хөлсөнд Некст натур компанид 200 000 000 төгрөг өгсөн болохыг хариуцагч маргахгүй байгаа учраас Некст натур компанийн Ж.Чинтулгаар үлдэгдэл засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байдаг Гэтэл хариуцагчийн тайлбарлаж байгаачлан өөрөө 452 000 000 төгрөг өгснөөс 124 374 443 төгрөгийг завшсан бол үндсэндээ 320 000 000 орчим төгрөг л одоо байгаа 1 тэр бум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгө бий болсон байж таарна. 320 000 000 төгрөг нь засварын ажилд зарцуулсан 200 000 000 төгрөг хасахад цаана нь 120 000 000 төгрөгөөр бүх бараа материал, эд хогшлыг Бээжингээс худалдан авч, бусад бүх ажил, урсгал зардлыг гаргасан болно. Энэ нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй. Хариуцагчийн шаардах эрх тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчийг яаж завшаад, яаж хохироосон нь мөн 124 000 000 төгрөгийг хэрхэн тооцсон, түүнийг яаж нотолж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн балгас байсан байшинг худалдаа үйлчилгээ явуулах орчин үеийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгосон бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл уг газрыг сарын 38 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа атал яаж хохирсон нь огт ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Щ.Чулуунцэцэгээс 522 944 193 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 138 000 000 төгрөг, хариуцагч Ш Чулуунцэцэгийн 124 374 430 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 227 950 төгрөгийг хариуцагчийн төлсөн 779 830 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 1 392 671 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 772 671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Одбаяр нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч О.Одбаяр нараас 2 000 000 төгрөг, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 6 000 000 төгрөг тус тус гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний тав” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1529 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 484 211 158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, О.Одбаяр нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176 733 035 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш.Чулуунцэцэгийн 124 374 443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “...2 772 671 ...” гэснийг “...2 579 006 ...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Чулуунцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3 552 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг  шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүсэлтэнд үндэслэлгүй дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг доорх байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах итгэмжлэлийг Г.Тунгалагад 2014 оны 1-р сарын 24-ны өдөр аливаа хугацаагүйгээр, С.Гэрэлтуяад 2013 оны 12-р сарын 04-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар тус тус олгосон байдаг. Хэрэгт авагдсан итгэмжлэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Тунгалаг нь 2014 оны 1-р сарын 24-нөөс 2015 оны 1-р сарын 24-ний өдрийг хүртэл оролцсон байна. Гэтэл шүүхээс 2015 оны 1-р сарын 24-ний өдрөөс 2015 оны 5-р сарьн 27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд нэхэмжлэл О.Одсайхан, С.Анар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлтуяад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг танилцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх зөрчлийг арилгуулахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа шаардсан боловч шүүх нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нарт өмгөөлөгчөөс хууль зуйн туслалцаа үзүүлж байгаа гэж үзэж хүсэлтийг хүлээн аваагүй юм. Шүүхээс нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нарт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь өмгөөлөгч Г.Банзрагчийн нэхэмжлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх нь ИХШХШ тухай хуулийн 34-р зүйлд зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр үүсээгүй байхад “Одгэрэл энд партнерс” ХХН-ийн 2014 оны 5-р сарын 16-ны өдрийн итгэмжлэл гэх албан бичгийг нэхэмжлэгч нарын хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй адилтган үзэж нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхгүй өмгөөлөгч Г.Банзрагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчаас нотлох баримт албадан гаргуулж, шинжээч томилон захирамж гаргаж, шүүх хуралдаанд оролцуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм. Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн 2015 оны 1-р сарын 24-ний өдрөөс 2015 оны 5-р сарын 27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааг давж заалдах шатны шүүхээс 2016 оны 5-р сарын 12-нд дахин итгэмжлэлийг олгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байгаа иь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс ИХШХШтухай хуулийн 34-р зүйлд тодорхой заасан өмгөөлөгчөөр оролцох хуулийн зохицуулалтыг хуулиар тогтоогоогүй мэтээр “Одгэрэл энд партнерс” ХХН-өөс өмгөөлөгч Г.Банзрагч, Э.Уянга нарыг томилсон үйлдлийг хуульд нийцсэн мэтээр үзсэн нь үндэслэлгүй байна. 2.Нэхэмжлэгч тал 2013 оны 12-р сарын 12-нд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжинд 1 892 670 төгрөгийг дутуу төлж, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 14 хоногоор хойшлуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12-р сарын 18-ны өдрийн 55/90 дугаартай захирамж гаргасан байдаг. Дээрх захирамжийн хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгч нараас дутуу төлсөн тэмдэгтийн хураамж болох 1 892 670 төгрөгийг төлөөгүй бөгөөд дахин хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгч Б.Мөнхжаргал 2014 оны 1-р сарын 06-ны өдрийн 359/5735х дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлага болох 660 944 193 төгрөгийг бүхэлд нь шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа нь ИХШХШтухай хуулийн 65-р зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс ИХШХШтухай хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12-р сарын 24-ний өдрийн 4 дугаар зөвлөмжийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлэх үүрэгтэй байтал тухайн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, хариуцагч Ш.Чулуунцэцэг нарыг Хан-Уул дүүргийн 2-р хороо То Вангийн гудамж 34 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 689 м.кв талбай бүхий барилгын засварын ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн талаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн боловч тухайн засварын ажилд нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, хариуцагч Ш.Чулуунцэцэг нарыг хэдэн төгрөг оруулсан талаарх дүгнэлтийг зөв дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Шүүхээс талуудын оруулсан хөрөнгийг дүгнэхдээ “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосон байх бөгөөд тухайн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хүсэлт болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05-р сарын 14-ны өдрийн 6712х дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 2-р хороо То Вангийн гудамж 34 тоот хаягт байрлах 19-р хорооллын Үйлчилгээний төвийн баруун жигүүрийн 1, 2-р давхарт байрлах Ү-2206007753 улсын бүртгэлийн дугаартай баар ресторан, караоке зориулалттай үйлчилгээний цогцолборын баар, ресторан, караоке үйлчилгээний барилгын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэл, барилгын засварын ажилд нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг тогтоолгох зорилготой байсан юм. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч нар шүүгчийн захирамжийн дагуу 2014 оны 6-р сарын 26, 27-ны өдөр, 7-р сарын 8-ны өдөр, 8-р сарын 13-ны өдрүүдэд барилгын засвар, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэлийн үнийг тогтоохоор ажилласан байх бөгөөд шинжээч нарыг үнэлгээ хийх үед маргалдаж буй барилгын засварын ажилд 625 234 098 төгрөгний хөрөнгө оруулалтыг хариуцагч Ш.Чулуунцэцэгээс нэмж оруулж тухайн барилга ашиглатанд бүрэн орсон байсан юм. Түүнчлэн нэхэмжлэгч С.Гэрлтуяаг засварын ажлаас гарах үед тухайн барилгын засварын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан талаар гэрч Чинтулга, Мягмарсүрэн, Төрцэцэг нар мэдүүлсэн байна. Гэрч нарын дээрх мэдүүлгийг тэргүүлэх зэргийн төсөвчин Ц.Сарангэрэл, төсөвчин Н.Мартбаяр, Н.Шүхэрдулам нарын гаргасан ажлын төсөв баталгаажуулж байгаа юм. Түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05-р сарын 14-ны өдрийн 6712х дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт Шинжээч нарт Эрүүгийн хуулийн 254, 255, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14-т зааснаар эрх, үүрэгтэй танилцуулахыг даалгасан байна. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллаггад ажилладагүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан байна. Шүүхийн зүгээс шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үүргийг талилцуулаагүй, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулаагүй, ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 17.4.-т зааснаар шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурах, өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцдаг байна. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 01-р сарын 16-ны өдрийн 26 дугаартай хөрөнгө оруулалтыг үнэлсэн тайланд төсөвчин Ж.Насанжаргал, Г.Төгөлдөр нар төсөв гаргасан талаар төсөвчингийн тэмдгийг дарж баталгаажуулаагүй байхад тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Хөндлөнгийн Аудитын 2013 оны 5-р сарын 31-ний өдрийн дүгнэлтийг төсөвчин гаргасан эсэх нь тодорхойгүй төсөвчиний тэмдэг дарагдаагүй байхад тухайн дүгнэлтийг үнэлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ямар нотлох баримтаар нотолж буйгаа тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийг хангаж буй нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, О.Одбаяр нарт 484 211 158 төгрөг олгож шийдвэрлэсэн хэдий ч дээрх төлбөрийг хамтын ажиллагаанд хэрхэн оруулсныг тогтоогүй хирнээ ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хэнд нь хэдэн төгрөгийг ямар шаардлагад нь хамааруулан ямар нотлох баримтыг үндэслэл гаргаж буй нь тодорхой бус зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэж байгаагаас үзэхэд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гаалийн Ерөнхий газраас О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нарын нэр дээр 2012 оны 9-р сараас 2013 оны 3-р сар хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлэг бүрдүүлэн бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн талаар лавлахад Гаалийн Ерөнхий газрын 2014 оны 5-р сарын 5-ны өдрийн 03-3/1757 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарыг гаалиар мэдүүлэн аливаа бараа, бүтээгдэхүүн худалдан аваагүй болохыг тодорхойлсон болно. 5. Түүнчлэн нэхэмжлэгч С.Гэрэлтуяа өөрийн гаргаж өгсөн тооцоо болон 2013 оны 2-р сарын 9-ний өдөр Ш.Чулуунцэцэгт гаргаж өгсөн албан бичгээр засварын тооцооны зөрүү болох 87 251 099 төгрөгийг өөрөө хариуцахаар хүлээн зөвшөөрч, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоор байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар. Нэхэмжлэгч нар нь 2013 оны 12 дугаар сард хариуцагч Ш.Чулуунцэцэгт холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1.Барилгын засварт оруулсан хөрөнгө болох 482 830 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн авах, 2.Хариуцагч талын буруугаас болж өөрт учирсан хохирол болох 24 742 000 төгрөг, 3.Хамтран нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нар нь өөрт учирсан хохирол гэж 36 000 000 төгрөг, 4.С.Анар, Одсайхан нарын Бээжин хотод ажилласан зардал 3 378 193 төгрөг, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 546 944 193 болно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ С.Гэрэлтуяа нь харилцан тохиролцсоны дагуу уг үйл ажиллагаанд зориулан 490 715 000 төгрөгийг өөрөөсөө гарган ажиллагаа хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байна гэж нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх заалтаас зөрүүтэй үнийн дүнг бичсэн, нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй, тодорхой бус нэхэмжлэл гаргасан. 2015 оны 02 дугаар 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж; нэмэгдүүлж бичгээр гаргахдаа: Үндсэн нэхэмжлэлийнхээ 4 шаардлагын 2, 3, 4 дэх шаардлагаас татгалзаад харин “Центро” үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулсан цагаас хойш олсон ашгийн 50 хувийг, мөн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх заалтаар нэхэмжилсэн 482 830 000 төгрөгийг тухайн үеийн юаний ханшаар бодсон. Юаны ханш огцом өссөн тул зөрүүг нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 2015.02.16-ны өдрийн 4990 дугаартай шүүх хуралдаан хойшлуулсан захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дурьдсан мөртлөө уг асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2015 оны 04 дүгээр 03-ны өдөр Г.Тунгалаг дахин нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн. Ингэхдээ Үндсэн 4 нэхэмжлэлийн шаардлагын 2, 3, 4 дүгээр шаардлагаас татгалзаж, тэдгээрийн оронд нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн нийт дүн 546 944 193 төгрөгийг мөн Ш.Чулуунцэцэг нь “Центро” төвийг “Төгс Монгол” трейд ХХК-д түрээсэлж олсон ашгийн 20 хувь 114 000 000 гаргуулах хүсэлтэй байна гэж нэхэмжлэл гарган тус шүүхээс хариуцагч талд уг нэхэмжлэлийн хувийг гардуулан тайлбар авсан байдаг. Тэгтэл нэхэмжлэгч талаас анх гаргасан 4 шаардлагын нийлбэр үнийн дүн нь 546 944 193 төгрөг бөгөөд хоёр, гурав, дөрөв дэх шаардлагаасаа татгалзсан бол 482 830 000 төгрөгийн шаардлага үлдэх ёстой байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дээрх 484 210 158 төгрөг дээр мөнгөн бус хэлбэрээр С.Анар, О.Одсайхан нарын оруулсан хөрөнгө 62 733 035 төгрөг, ашгийн 20% буюу 114 000 000 төгрөг, бүгд 660 944 193 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн гэж тайлбарласан болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас аль нь ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар огт дүгнээгүй бөгөөд нэхэмжлэлийн өөрчлөгдсөн, нэмэгдсэн шаардлагуудаас эцсийн байдлаар нэхэмжлэгч нь хариуцагчаас юу нэхэмжилж байгааг зааглан тогтоолгүй зөвхөн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. 2.Шинжээчийн дүгнэлтийн талаар: а/Шүүхээс томилсон шинжээч нь дүгнэлт гаргахаасаа өмнө Эрүүгийн хуулийн холбогдох заалттай танилцсан эсэх нь тодорхойгүй, шүүх шинжээчид мөн хуулийн заалтыг тайлбарлан өгдөгүй байх тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлан”-г шүүх хуульд заасан журмаар гаргасан нотлох баримт гэж дүгнэх үндэслэлгүй байсан. б/Дээрх тайлангаар “Центро” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сард гарсан зардлыг товчоолон толоохдоо санхүүгийн ямар баримтыг үндэслэснээ заагаагүй бөгөөд шүүхээс шинжээчид тавьсан 3 дах асуултад хариулаагүй гэж үзэхээр байна. Шүүх нь “хариуцагчаас “Центро” клубт ашиглах зорилгоор авсан бараа, тоног төхөөрөмжийн санхүүгийн баримтад үндэслэн тэдгээрийн зах зээлийн үнэлгээг бодитой тогтоолгох” гэсэн байхад шинжээч нь уг асуултад “санхүүгийн бүх баримтыг үндэслэл болгоогүй” гэж хариулжээ. Түүнчлэн энэ хэрэгт дээрх компани хэргийн оролцогчоор оролцоогүй байна. в/Талуудын хүсэлтээр шүүх шинжээч томилохдоо “Центро” ХХК-ийн клубийн байранд хийгдсэн засварын ажлын нийт төсвийг тодорхойлсон үнэлгээ үндэслэлтэй эсэх гэсэн асуулт тавьсан ба хэн, хэзээ гаргасан төсөв үндэслэлтэй эсэхийг шинжээчээр тогтоолгох гэсэн болохоо шүүгчийн захирамжинд заагаагүй юм. г/“Центро” ХХК-ийн клубийн байранд нэхэмжлэгч зардал гарган засвар хийлгэсэн бол энэ асуудалд хариуцагч Ш.Чулуунцэцэг ямар хамааралтай нь ойлгомжгүй бөгөөд тус компанийн нэрийн өмнөөс хариуцагч үүрэг хүлээхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. д/Нэхэмжлэгч нь тухайн байрны засварын ажил 50-70%-тай байхад буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ноос хамтын ажиллагаагаа зогсоосон, энэ талаар зохигч маргаагүй байхад шинжээч 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “тайлан” гаргахдаа 2013 оны 4 дүгээр сараас хойш “Центрорайс” ХХК-иас уг байрны засварын ажил, тоног төхөөрөмжид зарцуулсан 500 000 000 гаруй төгрөг засварын зардалд орсон эсэх, нэхэмжлэгчид шилжүүлсэн 452 000 000 төгрөгөөс гадна хариуцагчаас засварын ажлын зардалд 200 000 00 төгрөгийг Чинтулгад хүлээлгэн өгсөн тухай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн баримтад дурдсан энэ мөнгө засварын зардалд орж тооцогдсон эсэхийг дүгнээгүй юм. е/Шинжээчийн тайлангаас үзэхэд бүх хөрөнгийг БНХАУ-ын зах зээлд байгаа үнээр үнэлсэн гэсэн байх бэ Монголд зарагдаж байгаа үнээс 5-10% илүү үнэтэй байсан гэжээ. Хятадаас авчирсан хөрөнгө тул гааль, тээврийн зардалд 24 808 110 төгрөгийг гарсан зардалд оруулсан нь баримтанд үндэслэгдээгүй, нэхэмжлэгч нар нь хилээр бараа оруулан мэдүүлэг гаргаагүй, татвар төлөөгүй байдаг. Иймд шинжээчийн “тайлан” нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт болохгүй. 3.Шүүх нотлох баримтыг үнэлсэн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй. Тухайлбал: а.нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримт гэж “2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сард гарсан зардлын товчоо” гэх баримтыг шүүхэд өгсөн ба энэ товчоонд талуудаас гарсан гэх зардлыг нэхэмжлэгч өөрөө зохион тооцсон байдаг. Энэ баримтаар бол нэхэмжлэгч нь уг байранд 484 211 158 төгрөгийн зардал гаргаснаар харагдах боловч энэ дүнд Одсайхан, Анар нар хувьдаа ашигласан гэдгийг С.Гэрэлтуяа хүлээн зөвшөөрч хариуцагчид буцаан төлөх баримт үйлдсэн 87 251 099 төгрөг, нэхэмжлэгч нь Хас, ХААН банкнаас авсан зээлдээ төлсөн хүү 24 742 206 төгрөг багтсан байна. Энэ баримт нь ИХШХШТХ-ийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна уг зардлын товчоог хариуцагч танилцаж баталгаажуулаагүй. б.Хариуцагч нь дээрх баримтад заасан үнийн дүнг зевшөөрөөгүй тул тэргүүлэх зэргийн төсөвчин Ц.Сарангэрэл, төсөв зохиогч Н.Март, Н.Шүхэрдулам нараар 2013 онд тухайн байранд хийсэн засварын ажлын төсвийг гаргуулсан ба төсөвт өртөг нь 416 885 284 төгрөг, тоног төхөөрөмж нь 80 000 000 төгрөг гэсэн тооцоо гарсан. в.Шүүхээс томилсон шинжээч нь зардлын талаар илт зөрүүтэй дээрх 2 баримтыг харьцуулсан талаар тайландаа тусгаагүй гэсэн байхад шүүх шийдвэртээ ... шинжээч нар талуудаас гаргаж ирүүлсэн баримтад үндэслэж... гэж дүгнэсэн бөгөед шинжээч нь дээр дурдсан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад бичигдсэн үнийн дүнг 1 төгрөгөөр нэмэгдүүлэн зардлын товчоог гаргасан байгааг шүүх анхаарсангүй. Түүнчлэн шүүх гарсан зардлын талаарх нотлох баримтыг цаг хугацааны байдалтай нь буюу нэхэмжлэгч засварын ажлыг дуусаагүй байхад буюу уг эд хөрөнгө 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжсэнээс хойш гарсан зардлын талаар огт дүгнээгүй юм. г.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зардлын хэмжээг тодорхой тогтоож дүгнээгүй атлаа хариуцагчаас 522 944 193 гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ дүнд юуны үнэ багтаж байгаа нь ойлгомжгүй болсон. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүй, нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байхад “бодит хөрөнгийн үнэ 38 733 035 төгрөг”-ийг шаардсан мэтээр магадлалын хянавал хэсэгт бичсэн байна. Түүнээс гадна нэхэмжлэгч нь ...484 211 158 төгрөгийн зардал гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс ийм хэмжээний мөнгө засварын зардалд гарсан байна гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болох нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтанд заасан дүнтэй явцав таарч байгаагаар тайлбарлагдана. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “шинжээчийн тайлан”-г хууль ёсны нотлох баримт гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 40.2 дах заалтад нийцсэнгүй. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдлын хүрээгээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй атал хэрэгт авагдсан “Центро” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд энэ хэрэгт хамааралтай эсэх, уг компанийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг иргэн Ш.Чулуунцэцэг яагаад хариуцах болсон үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэртэй уялдуулан дүгнэлгүй, шийдвэр хууль ёсны, бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Эцэст нь хэлэхэд хариуцагч нь дансаар 452 000 000 төгрөг, засварын хөлс 200 000 000 төгрөгийг бэлнээр Чинтулгад, нэхэмжлэгч нь хамтын ажиллагаагаа зогсоосон 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш “Центрорайс” ХХК-иас тухайн барилгын засвар, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлд 500 000 000 гаруй төгрөг зарцуулагдсан талаар гэрч Мягмарсүрэн, Цэрэндорж нар мэдүүлсэн, холбогдох баримтыг шүүхэд өгсөн байхад нэхэмжлэгч нар 484 000 000 төгрөгийг уг барилгын засварт оруулсан байх бодит боломжгүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох 1 ч санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд өгөөгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хан-Уул дүүргийн 2 хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн барилгын баруун жигүүрийн 1, 2 давхарт байрлах бар, ресторан, караоке, үйлчилгээний барилгын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад, дотоод засал чимэглэл, барилгын засварын ажлын зардалд оруулсан хөрөнгийн талаар талууд маргааныг үүсгэжээ.

Нэхэмжлэгч нар 660 944 193 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үүний 484 210 158 төгрөг нь С.Гэрэлтуяагийн мөнгөн хэлбэрээр оруулсан дүн, мөнгөн бус хэлбэрээр 62 733 035 төгрөг болж байгаад С.Анар, О.Одсайхан нарын цалингийн 24 000 000 төгрөг багтаж байгаа, мөн оруулсан хөрөнгөнд түрээсийн жишгээр дүйцүүлэн ашиг тооцож, 114 000 000 төгрөг гэсэн агуулгаар нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон байна.

Хариуцагч сөрөг 124 374 443 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг, засвар болон тоног төхөөрөмжийн зардалд зориулж 452 000 000 төгрөг өгсөн, авсан барааны үнэ хэт өндөр байсан тул шалгаж үзэхэд 124 374 430 төгрөгийн зөрүү гарсныг С.Гэрэлтуяад хэлэхэд өөрөө хариуцна гэж бичиг хийж өгсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хөндлөнгийн аудитын дүгнэлт” гэх баримтыг гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байх ба уг баримтанд “...С.Гэрэлтуяагийн зүгээс 484 211 158 төгрөгийн хөрөнгө оруулалт бэлнээр хийсэн нь тодорхой байна...” гэжээ. /хх-2 боть 224-230/

Хариуцагч барилгын засварын дүнг тодорхойлуулж “Сentro клубийн засварын ажлын төсөв” гэсэн баримт ирүүлсэнд хөрөнгө оруулалтын хэмжээг Төсөвт өртгийн нийт дүн нь 496 885 284 төгрөг гэжээ. /хх-3 боть 220-250, 4 боть 1-14/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу тус байгууллага 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 тоот үнэлгээний тайлангаа гаргасан бөгөөд уг тайлангийн дүгнэлтэд барилгын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэл засварын ажилд нийт 10 66 517 071 төгрөгийн зардал гарсан гэж тогтоосны дараа, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 216 тоот үнэлгээний тайлангаар дээрх дүгнэлтэд зарим эд зүйлийн үнэ ороогүй орхигдсоныг тооцож, 45 568 406 төгрөгийг зардлыг нэмж тооцуулахаар шүүхэд ирүүлжээ. /хх-4 боть 18-29 дүгээр тал, 204-207 дугаар тал/

Барилгын засвар, зардлын дүнгийн талаарх дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийг оролцогчдийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилно гэж, шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-д заажээ.

Маргааны зүйл болох барилгын засвар, зардалд оруулсан хөрөнгийн тооцоог талуудаас гаргаж буй санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн шүүхээс тогтооход хүндрэлтэй гэж үзэн мэргэжлийн байгууллагаар талуудын хөрөнгө оруулалтын дүнг гаргуулахаар шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 6712Х тоот захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Харин шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

Хуулийн дээрх заалтын дагуу Шүүхийн шинжилгээний бус байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч нарт шүүгчийн захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах, хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, шинжээчээр ажиллахад татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгах, мэргэжил ур чадвартай нь танилцах ажиллагааг шүүхээс хийгээгүй байна.

Иймээс тус байгууллагаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт цуглуулах, хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүйгээс нотлох чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй юм.  

Түүнчлэн шүүх шинжээчээс санхүүгийн анхан шатны баримтанд үндэслэн нийт хэдэн төгрөгийн зардал гарсанд үнэлгээ тогтоолгохыг хүссэн байхад шинжээчийн дүгнэлтийн 3-т “Центро клубт хийгдсэн хөрөнгө оруулалт, засварын ажлыг тухайн барилгад орсон бодит хэмжээгээр нь тухайн үеийн үнээр тооцож гаргасан тул санхүүгийн баримтыг үндэслэл болгоогүй гэж зааж байгаа нь шүүхийн хүссэн хариуг бүрэн тодруулаагүй гэж үзнэ. Мөн дүгнэлтэд талуудаас оруулсан хөрөнгийн хэмжээг ялгаж зааглаагүй байх тул дүгнэлтээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорсон гэж үзэх боломжгүй болжээ.

Дээрх нэрлэн заасан 3 төрлийн үнэлгээний баримтуудад маргааны зүйлд хийсэн засварын зардал, хөрөнгийн дүнг өөр өөрөөр гаргасан байх ба хэргийн нотлох баримтын бодит хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх 660 944 193 төгрөгийн нэхэмжлэлээс 522 944 193 төгрөг хангасан үндэслэл, нотлох баримтыг заагаагүй орхисон, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр 484 211 158 төгрөгийн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр оруулсан гэж тайлбарласан байна” гэж нэхэмжлэлээс 484 211 158 төгрөг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байх бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийн баримтанд үндэслэн зохигчдын маргаантай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1529 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 200 878 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР