Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 244

 

2016 оны 07 сарын 07 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00244

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 2 хэсэг Роял грийн Вилла 206 байр 203 тоотод оршин суух Одончимэдийн Одбаяр /УУ 66081215/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 2 хэсэг Роял грийн Вилла 206 байр 203 тоотод оршин суух Сэдбазарын Гэрэлтуяа /ХА 77042160/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 2 дугаар байр, 37 тоотод оршин суух Одбаярын Одсайхан /УЗ 89061495/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо Үйлдвэрийн 2 дугаар гудамжны 10 дүгээр байр 37 тоотод оршин суух Сэдбазарын Анар /УХ 88123075/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11-р хороо, 3 дугаар хэсэг Сөүл Рүял Каунти 311 дүгээр байр 203 тоотод оршин суух Шатархүүгийн Чулуунцэцэг /ЧП 65011062/-т холбогдох,

 

Хөрөнгө оруулсан 660 944 193 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хохиролд 124 374 443 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Г.Тунгалаг, нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч Г.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, гэрч Ж.Чинтулга, Б.Цэрэндорж, Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг, шинжээч Р.Зоригт, бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Г.Тунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч Чулуунцэцэгтэй 2012 оны 9 сараас эхэлж хамтран ажиллах амаар хэлцэл байгуулж, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах, 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгыг тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, худалдан авах цаашид үйлчилгээний төв болгож тохижуулах, ашиг олох зорилгоор ажиллаж эхэлсэн. Ш.Чулуунцэцэг нь эхний ээлжинд өөрөөсөө 1 400 000 ам.доллар гаргаж дээр дурдсан объектыг худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч О.Одбаяр нь 2013 оны 1-р сард банкнаас зээл авч 700 000 ам.долларыг Ш.Чулуунцэцэгт төлж үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн ба 2012 оны 9-р сард Ш.Чулуунцэцэгийн зүгээс С.Гэрэлтуяад 452 000 000 төгрөгийг мөн шилжүүлэн өгч уг объектыг зориулалтын дагуу засч тохижуулах ажлыг С.Гэрэлтуяа хариуцан ажиллаж байсан. С.Гэрэлтуяа нь тохиролцсоны дагуу уг ажиллагаанд зориулан 490 715 000 төгрөгийг өөрөөсөө гарган ажиллаа хийсэн болох нь энэхүү нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байгаа болно. Түүнчлэн С.Гэрэлтуяа, Ш.Чулуунцэцэг нар нь тус тусын оруулсан хөрөнгөө баталгаажуулсан баримтыг хамтран үйлдэж 2013.03.27-ны өдөр ХУД-ийн нотариатч С.Цэндээр гэрчлүүлсэн болно. Нэхэмжлэгч С.Гэрэлтуяа нь өөрийн хүү О.Одсайхан, дүү С.Анар нарын хамт 2012 оны 9 сараас 2013 оны 3 сарыг дуустал тасралтгүй ажилласан болно. Нэхэмжлэгч тал нь уг цэнгээний газрын ерөнхий интерьерыг гаргуулж, зураг төслийн дагуу заслыг хийлгэх, тохижуулахын тулд шаардлагатай барилгын материал багаж, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлээс болон Хятад улсаас, хөгжимийг Англи улсаас худалдан авч байсан. 2012 оны 12 сард дөрвөн хүн Хятад улсын Бээжин хотод шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг судлах,бизнесийн шинэ санаа, шийдэл олох,бараа материал худалдан авах зорилгоор томилолтоор зорчиж байсан. Талууд байгуулсан үйлчилгээний газраа цаашид хамтран ажиллуулж олох ашгийг тэнцүү хуваах зорилготой байсан тул Центро ХХК-г 50:50 харьцаагаар хувьцаа эзэмшин байгуулж гүйцэтгэх захирлаар С.Анарыг томилон ажиллуулж байсан. Хариуцагч нь эдгээр бүх үйл ажиллагааны туршид байнга, тодорхой мэдээлэлтэй байсан болно. Оффисын хэсэг, ресторан, шөнийн клуб, бүжгийн заал, зэргийг засаж тохижуулах бүх ажлыг Гэрэлтуяа, О.Одбаяр, О.Одсайхан, С.Анар нар гүйцэтгэхдээ хариуцагч талыг төлөөлөн Ш.Чулуунцэцэг, Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нарыг ажиллуулж байхдаа хариуцагч Ш.Чулуунцэцэг нь ажлын явцдаа байнга хяналт тавьж том үнийн дүнтэй гэрээ хэлцэлийг хийхдээ зөвшилцөж ажиллаж байсан. Ш.Чулуунцэцэг нь засвар тохижуулалтын ажилд оруулах мөнгөө Гэрэлтуяагийн дансанд 3 хувааж мөнгөн хэлбэрээр шилжүүлдэг байсан. Гэрэлтуяа нь өөрийн оруулах мөнгийг шууд худалдан авалт хийдэг байсан. Талуудын дээрхи үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 476.1-д заасанчлан ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэрээний шинж чанарыг агуулж байгаа. Иргэний хуулийн 477.2 зүйлд заасанчлан нэхэмжлэгч тал нь мөнгөн хэлбэрээр болон өөрсдөө хөдөлмөрлөх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж ажилласан. Иргэний хуулийн 478.7 зүйлд зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдахыг С.Гэрэлтуяад даалгасан байх ба ажил гүйцэтгэгч нартай гол хэлцлүүдийг хийхэд Иргэний хуулийн 478.1-д заасанчлан харилцан зөвшилцөж байсан болно. С.Гэрэлтуяа хамтран ажиллах гэрээнээс гарсан нь уг ажиллагаанд хохирол учруулахааргүй байгаа. Иргэний хуулийн 479.4-д зааснаар гэрээнээс гарсан тал болох нэхэмжлэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр шимээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийн бүртгэлээс хасагдах хэлцлийг 2013.03.27-ны өдөр хийж үл хөдлөх хөрөнгө худалдан авахад оруулсан 750 000 000 төгрөгөө буцаан авч хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг бүрэн шилжүүлэн өгсөн ба энэ асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй. Харин өөрийн зүгээс засан тохижуулахад оруулсан хөрөнгийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар нэхэмжилж байгаа болно. Үйл ажиллагаа 70 хувьтай явж байхад буюу 2013 оны 03 сард талуудын хооронд үл итгэлцэл үүсч, хэл амаа ололцоход төвөгтэй байдлыг хариуцагч Ш.Чулуунцэцэг үүсгэсэн, гаргасан зардлыг үндэслэлгүй худлаа байна гэж Гэрэлтуяаг байнга шүүмжилдэг болсон. Иймд цаашид үйл ажиллагааг явуулахад бэрх болсон учраас Гэрэлтуяа нь биечлэн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, бүтээж бий болгосон тоног төхөөрөмж тэдгээрийг худалдан авахад зарцуулсан мөнгөний баримтуудаа Ш.Чулуунцэцэгт хүлээлгэж өгсөн. Х.Төрцэцэцэг, Ш.Мягмарсүрэн нар нь Ш.Чулуунцэцэгтэй хамтарч ажиллагааг үргэлжлүүлсэн. С.Анар, О.Одсайхан нар нь мөн Гэрэлтуяагийн хамт ажиллахаа больсон. 2012 оны 09 сараас 2013 оны 03 сар хүртэл Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар нь Гэрэлтуяагаас сар болгон тогтмол цалин авч ажиллаж байсан гэдэгт маргахгүй байгаа. С.Анар, О.Одсайхан нар нь Гэрэлтуяагийн хүүхдүүд учраас эхнээсээ ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Гэхдээ О.Анар, О.Одсайхан нар нь гол ажил үүргийг гүйцэтгэж, гадаад дотоод худалдан авалт, завсар тохижилтын ажиллагааг удирдаж, ямар ч цалин хөлс авахгүйгээр ажиллаж байсан тул Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарын авч байсан цалинтай дүйцэх хэмжээний цалинг нэхэмжилсэн. Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгэээний төвөөр үнэлгээ хийлгэхдээ талууд гар бие оролцож, 2013 оын 03 сар хүртэл Гэрэлтуяа нарын бий болгож орхисон хэмжээнд байгаа зүйлүүдийг бодитоор Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарыг оролцуулж үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийлгэхдээ Ш.Чулууунцэцэгийн бий болгосон бусад зүйлсийг үнэлгээний дүнд оруулахгүй байх зарчмыг барьж ажилласан. Энэ шинжээчийн дүгнэлтээр нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан болох нь харагдаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2014 оны 04 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэлийн шаардлага нь дотроо 4 зүйлтэй, энэ 4 зүйлийнхээ 2, 4 дэхь төрлөөс татгалзаж, 546 944 193 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнд 484 210 158 төгрөг нь мөнгөн хэлбэрээр Гэрэлтуяагийн оруулсан дүн, мөн мөнгөн бус хэлбэрээр 62 733 035 төгрөг болж байгаа бөгөөд үүнд С.Анар, О.Одсайхан нарын цалингийн 24 000 000 төгрөг багтаж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хуулийн хамтран ажиллах тухай гэрээний заалтыг үндэслэж, хамтран ажиллах гэрээ нь одоог хүртэл дуусгавар болоогүй зөвхөн оруулсан хөрөнгөө тодорхойлж гаргуулан авахаар талууд маргалдаж байгаа тохиолдолд гаргаж шүүхээр шийдвэрлэх үеийг хүртэл хамтран ажиллах гэрээний нөгөө тал хөрөнгөнөөс олж байгаа ашгийг тоймлож, тэр ашгаас өөрийн оруулсан хураамжтай дүйцэх хэмжээний ашиг авах ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ш.Чулуунцэцэг нь Төгс Монгол трейд ХХК-д уг үйлчилгээний төвийг түрээслүүлж, түрээсийн мөнгийг банкны дансанд хүлээж авдаг байсан. Төгс Монгол трейд ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, энэ орлогоос өөрийн оруулсан хөрөнгөтэй дүйцүүлж, ашиг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь ашгийн 20 хувь буюу 114 000 000 төгрөг болж байгаа. Иймд нийт 660 944 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс талуудын тайлбараас үзэхэд хамтран ажиллаж ашиг олох зорилгоор худалдан авч цаашид олох орлогоо хувиарлах зарчмаар тохиролцсон гэдэг нь тодорхой байна. Гэхдээ талуудын хооронд бичгээр тохиролцсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 476.2-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл биш гэдэг нь тодорхой байна. Мөн Иргэний хуулийн 477.2-д зааснаар талуудын хувь хэмжээ болон ерөнхий зохицуулалтын талаар тусгаж өгсөн байдаг. Тиймээс нэр томъёоны хувьд хамтын ажиллагааны зорилгод хүрэхийн тулд дэмжиж байгаа амлалтыг ойлгодог, тиймээс мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, ажил үйлчилгээ гэх мэт зүйлүүд ордог. Иймд нэхэмжлэгч талын 3 хүн ямар нэгэн цалингүйгээр бүх үйл ажиллагааны ерөнхий гол ажил болон бизнесийн ашигтай зөвлөгөө өгч байсан учраас үнэлэх ёстой хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Иргэний хуулийн 479.1-д зааснаар талууд тохиролцоогүй бол бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байдаг. Тиймээс бусдын өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг амлалт байхгүй учраас нэхэмжлэгч нарын хувьд энэхүү хамтран ажиллах гэрээнээс гарах эрх нь нээлттэй байна. Гарахдаа өөрийн оруулсан хөрөнгийг Иргэний хуулийн 479.5-д зааснаар гэрээнээс гарч байгаа тал ногдол хувийг олгох талаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч тал нь ямар нэгэн бусдын өмнө хүлээсэн үүрэг байхгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг ашиглалтанд оруулж, түрээслүүлж, ашиг орлого олж байгаа нь тогтоогдсон учраас анх оруулсан хөрөнгийг мөнгө болон мөнгөн бус төлбөрийг нэхэмжлилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Ш.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Чулуунцэцэг миний бие нь 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 498,74 м.кв талбайтай, мөн 2 дугаар давхарын 689 м.кв талбайтай шөнийн клуб, ресторан пабын зориулалтаар тохижуулан ашиглаж байсан объектыг худалдан авсан. Улмаар түрээслүүлэхээр ярилцаж байх үед, нөхрийн найз болох Төмөртогтох сонсоод засвар хийгээд зориулалтын дагуу хамтарч үйл ажиллагаа явуулъя гэсэн саналыг Б.Цэрэндоржид тавьсан. Энэхүү саналыг бид хүлээн авсны дараа Төмөртогтох нь засварын хүмүүс авчирч, засвараа 350.000.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон гээд засварын багтай ирж уулз гэхээр нь очтол Төмөртогтохын хамтрагч О.Одбаяр гэх залуу мөн цуг ирсэн байсан. Төмөртогтох нь О.Одбаярыг өөрийн найз дээрх үйл ажиллагаанд хамтарч ажиллана гэснийг нөхөр бид хоёр зөвшөөрч, тэдэнтэй худалдаж авсан объектын хүмүүстэй ярилцаж байтал О.Одбаяр гэх залуу нь би өөрөө мэргэжлийн баг олъё гэж тохиролцсон. Ингээд 2 хоногийн дараа Next Natur гэх засварын компани олсон гэж хэлсэн. Үүний дагуу уг компани дээр О.Одбаяр, түүний гэргий С.Гэрэлтуяа, Б.Цэрэндорж бид нар очиж уулзсан. Уг компани нь зураг төсөл, засварын ажлыг хөлстэйгээ нийт 600.000.000 төгрөгт бүх юмаа хийгээд түлхүүрээ хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл О.Одбаярын эхнэр С.Гэрэлтуяа нь үгүй ээ, хүнд зүгээр мөнгөө өгөхгүй би өөрөө энд цуг байж засварын үйл ажиллагааг хянана гэснийг бид хоорондоо ярилцан зөвшөөрсөн юм. Ийнхүү тохиролцохдоо дээр дурдсан зураг төсөл, засвар, түүний ажлын хөлсний зардлыг ч гэсэн 2 тал 50 хувиар гаргахаар болсон. Гэвч С.Гэрэлтуяа нь өөрийн хүү болон дүү болох О.Одсайхан, С.Анар нартай хуйвалдан засварын зардлыг огт үндэслэлгүйгээр өсгөж, хууль бусаар баримт цуглуулан биднээс тохиролцсоноосоо их мөнгө нэхсэн. Нөхөр бид 2 засвар болон тоног төхөөрөмжийн зардалд зориулж нийт 452 000 000 төгрөгийг С.Гэрэлтуяад өгсөн. Энэхүү мөнгийг С.Гэрэлтуяа хэрхэн яаж, юунд зарцуулсан талаар одоог хүртэл тайлагнаагүй байгаа ба мөн өөрөөсөө хэдэн төгрөгийг засварын зардалд гаргасан талаар бидэнд мэдэгдэж байгаагүй болно. Засварын ажлыг гүйцэтгэж байх явцад бидний зүгээс С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нарт удаа дараа засварын зардлыг үндэслэлгүйгээр хэт өсгөж байсан талаар, мөн засварын үйл ажиллагаанд болон түүний зардлын тооцоонд манай талаас хяналт тавьж, 2 талын гарын үсэгтэйгээр мөнгө зарцуулж байхыг шаардаж, маргалдаж байсан бөгөөд энэхүү хууль ёсны шаардлагыг С.Гэрэлтуяа хүлээж аваагүй. Эцэст нь миний бие тухайн объектод хийсэн засварын ажлын төсвийг мэргэжлийн хүнээр гаргуулан авснаар С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нар нөхөр бид хоёрыг хууран мэхэлж, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт их мөнгө авч байсныг мэдсэн бөгөөд цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй гэдгийг тэдэнд хэлсэн. Нөхөр бид хоёр нэхэмжлэлд дурдсан хүмүүсээс зөвхөн О.Одбаяртай л хамтарч ажиллах тухай тохирсон ба харин бусад хүмүүстэй нь хамтарч ажиллах тухай яриагүй юм. Өөрөөр хэлбэл, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нар хамтын үйл ажиллагааны оролцогчид биш гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тиймээс миний хувьд засварын ажлын зардалд зориулж тохиролцсон ёсоороо өөрийнхөө мөнгийг өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн эсэх нь энэ хэргийг хэлэлцэх явцад зайлшгүй тогтоох үндэслэл болно. Анх нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ 481 830 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой байдаг. Гэтэл анх нэхэмжлэл гаргах үедээ 1 000 000 төгрөг төлсөн бөгөөд түүний дараа улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах боломжгүй гэсэн хүчин төгөлдөр захирамжийг гаргасан байдаг. Энэхүү захирамж гарснаас хойш нэхэмжлэгч нар нь 500 000 төгрөг төлсөн байдаг. Нийт нэхэмжилсэн 546 944 193 төгрөгөнд 1 500 000 төгрөгийг төлсөн. тэмдэгтийн хураамжид 2 892 670 төлөх ёстой байснаас 1 500 000 төгрөг төлсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн үнийн дүндээ тэмдэгтийн хураамж төлсөн байна гэж харагдаж байна. Ш.Чулуунцэцэг нь 2012 оны 09 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19-н үйлчилгээний төвд байрлах объёктыг худалдаж авахдаа өөрөө 100 хувь өмчлөгч болохоор худалдаж авсан. Улмаар тухайн объектыг түрээслэхээр ярилцаж байхад Ш.Чулуунцэцэгийн нөхрийн найз Төмөртогтох гэдэг хүн засвар хийж хамтарч ажиллая гэдэг саналыг Цэрэндоржид гаргасан байдаг. Энэхүү саналыг хүлээн авч 350 000 000 төгрөгөөр засвар хийх боломжтой гэснээр Төмөртогтох нь О.Одбаяр гэдэг хүнийг авчирч, ингээд тухайн объектыг засварлая гэж Нэкст натур төвийн засварын газраар хийлгэхээр болж үнийн талаар судлахад, бүрэн засвар хийж бэлэн болоход 600 000 000 төгрөг болно гэсэн. Гэтэл Гэрэлтуяа нь 600 000 000 төгрөгийг хэмнэж бага мөнгөөр засвар хийх боломжтой. Харин 600 000 000 төгрөгийг Ш.Чулуунцэцэг, Б.Цэрэндорж нарыг гаргаарай гэсний дагуу нэхэмжлэгч нар нь өөрсдөө засварын ажлыг гардаж хийнэ гээд завсарын ажлыг эхлүүлсэн. Ингээд Ш.Чулуунцэцэг нь 452 000 000 төгрөгийг банкаар 3 удаа, бэлнээр 1 удаа тус тус Гэрэлтуяад өгсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт энэхүү объектод хамтран өмчлөгчөөр Гэрэлтуяа орж мөнгөө өгөөд, сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны 03 сарын 27-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасуулсан байдаг. Үүнээс хойш 600 000 000 төгрөгний засварын ажил хийсэн. Тиймээс энэхүү объёктийг ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар гардан гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг Б.Цэрэндорж, Ш.Чулуунцэцэг нар хийсэн. Тиймээс 114 000 000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч нарт олгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 498,74 м.кв, 689 м.кв талбай бүхий 2 дугаар давхар Вайт даймонд ХХК, иргэн Оюунтуяа нараас 1 400 000 ам.доллараар худалдаж авсан. Улмаар О.Одбаяр, С.Гэрэлтуяа нар надад 2012 оны 09 дүгээр сарын 20-нд шөнийн клуб караокены үйл ажиллагааг хамтран эрхэлье, засварыг хамтран хийе гэж гуйсны дагуу тохиролцон хамтарч ажиллахаар болсон. Анх энэхүү объектийг 1 400 000 ам.доллараар худалдаж авсан. Гэрэлтуяатай 2012 оны 02 сарын 20-оос эхэлж ажилласан. Гэтэл энэ хугацаанд 452 000 000 төгрөгийг Гэрэлтуяад засварын мөнгө гэж өгсөн боловч 452 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдээгүй. Хятад улсаас авсан бараа бүтээгдэхүүн нь хэт өндөр үнээр бичигдсэн тул шалгаж үзэхэд 124 374 430 төгрөгийн зөрүү гарсан байна гэж хэлэхэд С.Гэрэлтуяа нь энэхүү тооцоог би өөрөө бүрэн хариуцна гэсэн бичгийг хийж өгсөн байдаг. Тиймээс үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн 124 374 430 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Г.Тунгалаг, Э.Уянга нар шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Г.Банзрагч нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ ...ингээд дээрх обьектыг түрээслэх тухай ярьж байтал миний нөхөрийн найзын найз О.Одбаяр, С.Гэрэлтуяа нар надад болон миний нөхөрт 2012 оны 9 сарын 20-дын үед Шөнийн клуб караокены үйл ажиллагаа хамран эрхэлье, засварыг хамтран хийе гэж гуйсны дагуу тохиролцон хамтран ажиллах болсон хэмээн бодит байдлыг гуйвуулан бичжээ. Үнэн хэрэгтээ Чулуунцэцэг, түүний нөхөр Цэрэндорж нар нь нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад нь мөнгө нь дутсан учраас Одбаяраас 100 000 000 төгрөг бэлнээр зээлж авсан юм. Зээлсэн мөнгөө эргүүлж төлөх болох үед тэдний зүгээс 50x50 хувиар хөрөнгө оруулж хамтран ажиллаад олсон ашиг орлогоо хуваая гэсэн санал тавьсны дагуу бид хамтран ажиллаж эхэлсэн. Чулуунцэцэгийн зүгээс 452 000 000 төгрөг оруулсан. Нэхэмжлэгчийн миний зүгээс үндсэн нэхэмжлэлд дурьдсаны дагуу 512 000 000 төгрөгийг бэлнээр оруулснаас гадна 2012 оны 9 сараас 2013 оны 3 сар хүртэл бүтэн 6 сар С.Гэрэлтуяа, С.Анар, С.Одсайхан нар бүтэн ямар ч цалин хөлсгүй ажиллаж заслын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн, ихэнхи эд хогшил, бараа материалыг Бээжингээс худалдан авсан. Энэ хугацааны ажлын хөлс, бизнесийн санаа, шийдэл зэрэг шууд бус хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бүх оруулсан шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаа үндэслэн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оруулсан хөрөнгө болон олох ёстой байшин ашиг орлогоо нэхэмжилсэн байгаа билээ. Бээжингээс авсан бараа материалын хувьд баримтын зөрүү гарсныг хүлээн зөвшөөрсөн, тиймч учраас бид шүүхэд аль аль баримтыг нь өгсөн бөгөөд нэхэмжлэлийн дүнгээ гаргахдаа эх баримтыг үндэслэн тооцож гаргасан. Мөн энэхүү баримтын зөрүүнээс маргаан үүссэн учраас талууд шинжээч томилуулан бодит хөрөнгийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл батлагдаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Центро клубын барилгын засварын ажил нь 689 428 323 төгрөгөөр, эд хогшил нь 422 666 154 төгрөгөөр нийт 1 000 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө үнэлэгдсэн байдаг. Засварын ажлын хөлсөнд л гэхэд Некст натур компанид 200 000 000 төгөрг өгсөн болохыг хариуцагч маргахгүй байгаа. Маргаагүй учраас Нэкст натур компанийн Ж.Чинтулгаар үлдэгдэл засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байдаг. Гэтэл хариуцагчийн тайлбарлаж байгаачлан өөрөө 452 000 000 төгрөг өгснөөс 124 374 443 төгрөгийг завшсан бол үндсэндээ 320 000 000 орчим төгрөг л одоо байгаа 1 тэр бум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгө бий болсон байж таарна. 320 000 000 төгрөг нь засварын ажилд зарцуулсан 200 000 000 төгрөг хасахад цаана нь 120 000 000 төгрөгөөр бүх бараа материал, эд хогшилыг Бээжингээс худалдан авч, бусад бүх ажил, урсгал зардлыг гаргасан болно. Яаж ч бодсон энэ нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй юм. Хариуцагчийн шаардах эрх нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийг яаж завшаад, яаж хохироосон нь тодорхойгүй. Нэхэмжлээд байгаа 124 000 000 төгрөгийг хэрхэн тооцсон, түүнийг яаж нотолж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т заасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт нь байхгүй байна. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч нь хариуцагчийн балгас байсан байшинг худалдаа үйлчилгээ явуулах орчин үеийн үл хөдлөх хөрөнгө болгон үнэ цэнэтэй болгосон бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл уг газрыг сарын 38 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа атал тэрээр яаж хохирсон нь огт ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанд гэрч Ж.Чинтулга, Б.Цэрэндорж, Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нар нь хариуцагч Ш.Чулуунцэцэгт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 546 944 193 төгрөг гаргуулахаар шаардсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 114 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 660 944 193 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Уг шаардлагад нэхэмжлэгч нарын мөнгөн хэлбэрээр оруулсан хөрөнгө 484 211 158 төгрөг, С.Анар, О.Одсайхан нарын цалингийн 24 000 000 төгрөг, мөнгөн бусаар оруулсан 38 733 035 төгрөг тус тус гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Ш.Чулуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарт холбогдуулан үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн 124 374 430 төгрөгийн хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 522 944 193 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.Чулуунцэцэг нь 2012 оны 9 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдээр Хан-Уул дүүргийн 19-р хороо То Вангийн гудамж 34 тоотод байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 689 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2012 оны 9 сарын 19-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206003710 дугаарт бүртгүүлж, уг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /1-р хх-ийн 23/

Үүний дараа буюу 2012 оны 9 сард нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, уг эд хөрөнгө болох 2 давхар үйлчилгээний зориулалт бүхий барилгыг шөнийн клуб, паб, караокетой үйлчилгээний төв болгон ажиллуулах зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцож, уг засварын ажлыг нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа нар хариуцан ажиллахаар болсон байна.

 

Уг засварын ажилд хариуцагч Ш.Чулуунцэцэг нь нийт 452 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгч нарт шилжүүлсэн болон нэхэмжлэгч С.Гэрэлтуяа нь уг ажилд туслалцуулах зорилгоор С.Анар, О.Одсайхан нар нь хамтран ажилласан талаар тайлбар гаргасныг зохигчид маргаагүй байна.

 

Түүнчлэн талууд 2012 оны 9 сараас 2013 оны 3 сарыг хүртэл хамтран ажиллаж, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн засварын ажлыг С.Гэрэлтуяа нь хариуцан, төсөв мөнгийг захиран зарцуулж ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна.

 

Түүнчлэн талууд уг эд хөрөнгийн засварын ажилд гарсан өөр өөрсдийн зардлын тооцоог хийсэн баримтыг хавтаст хэрэгт нэхэмжлэгч тал Центро ХХК-ийн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг /2-р хх-ийн 224-250, 3-р хх-ийн 1-45/, хариуцагч тал Centro клубын засварын ажлын төсвийг /3-р хх-ийн 211-255/ тус тус ирүүлсэн байна.

 

Дээрх засварын ажилд хэт их зардал гаргаж, улмаар үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө гарсан, худалдан авсан барааны үнийн дүн зөрүүтэй байна гэсэн хариуцагчийн гаргасан шаардлагаас маргаан үүсч улмаар нэхэмжлэгч нар нь 2013 оны 3 сараас хамтран ажиллахаа больж улмаар уг засварт оруулсан хөрөнгөө буцаан гаргуулна гэснээс маргаан үүссэн байна.

 

Талуудын уг эд хөрөнгийг засварлахад оруулсан хөрөнгө болон засварын ажлын гүйцэтгэл, гаргасан зардал болон бусад ач холбогдол бүхий байдлыг тогтоолгохоор зохигч талуудын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нар нь дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

 

Уг дүгнэлтэд: ... 1. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Тоо вангийн гудамж 34 тоот 19-р хорооллын үйлчилгээний төвийн баруун жигүүрийн 1, 2 давхарт байрлах Y-2206007753 улсын бүртгэлийн дугаартай бар, ресторан, караокены зориулалттай үйлчилгээний цогцолборын... тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэл, барилгын засварын ажилд 2012 оны 9 сараас 2013 оны 3 сард нийт 1 1123 085 471 төгрөгийн зардал гарсан; ... 3. Центро клубд хийгдсэн хөрөнгө оруулалт, засварын ажлыг тухайн барилгад орсон бодит хэмжээгээр нь тухайн үеийн үнээр тооцож гаргасан тул санхүүгийн бүх баримтыг үндэслэл болгоогүй болно гэжээ.

 

Шинжээч нар нь талуудын маргаан бүхий байдлуудыг тодруулан тогтоож, түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудад болон зохигч талуудаас гаргаж ирүүлсэн баримтад үндэслэж, улмаар зохигч талуудын хамт Центро клубд газар дээр нь очиж ажлыг хийж дүгнэлтээ гаргасныг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоосон дүгнэлтийг гаргасан байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ... ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болно, мөн хуулийн 477.1, 477.2-т гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, ...хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заажээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэснээр 2013 оны 3 сараас гэрээнээс гарч, талуудын хамтын ажиллагаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгч нарыг гэрээнээс гарсан асуудлаар хэн аль нь маргахгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.4-т зааснаар нэхэмжлэгч буюу гэрээнээс гарч байгаа тал үлдэж байгаа тал буюу хариуцагчаас оруулсан хөрөнгөө мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нар нь хариуцагчийг Центро клубыг түрээслүүлж ашиг олж байгаа бөгөөд түрээслүүлж байгаа тул 114 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2013 оны 3 сараас дуусгавар болж нэхэмжлэгч нар нь гэрээний нэг тал биш болсон байх тул түрээсийн орлогоос шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нарын хариуцагч Ш.Чулуунцэцэгээс С.Анар, О.Одсайхан нарын ажлын хөлсөнд 24 000 000 төгрөг шаардсныг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүүс нь ямар гэрээ, тохиролцооны үндсэн дээр ямар, ажил албан тушаалд ажиллаж, хэдий хэмжээний цалин хөлсийг хэнээс авахаар тохиролцсон талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Ш.Чулуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарт холбогдуулан үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн 124 374 430 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь хариуцагч Ш.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хятад улсаас авсан бараа бүтээгдэхүүн нь хэт өндөр үнээр бичигдсэн тул шалгаж үзэхэд 124 374 430 төгрөгийн зөрүү гарсан байна гэж хэлэхэд С.Гэрэлтуяа нь энэхүү тооцоог би өөрөө бүрэн хариуцна гэсэн бичгийг хийж өгсөн гэх тайлбарыг гаргаж, уг баримтыг ирүүлсэн байна./5-р хх-ийн/

 

Гэвч дээрх баримтаар нэхэмжлэгч нарыг бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж 124 374 430 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх ба энэ нь мөн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл зохигчид нь дээрх бараа худалдан авсан гэх баримтуудын талаар маргаантай байдаг бөгөөд энэ байдлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 522 944 193 төгрөгийг /660 944 193-138 000 000/ хангаж, үлдэх 138 000 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн 124 374 430 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 1 392 671 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар Шүүхийн зардалд шинжээчийн зардал хамаарах бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулахаар баримтыг ирүүлсэн байна./4-р хх-ийн 5/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн зардлыг зохигч талууд харилцан тохиролцож шийдвэрлээгүй байх тул хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 6 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч О.Одбаяр нараас 2 000 000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 116, 118 дугаар зүйлүүдэд

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 522 944 193 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 138 000 000 төгрөгийг, хариуцагч Ш.Чулуунцэцэгийн 124 374 430 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 227 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 779 830 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 1 392 671 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 772 671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Одбаяр нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч О.Одбаяр нараас 2 000 000 төгрөгийг, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ш тэй 㺺 , , 뺺 㺺 энэхүү шийдвэрийг авснаас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд , зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ