Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1529

 

    О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар

      нарын нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч  Ш.Чулуунцэцэгт холбогдох

           

Хөрөнгө оруулсан 660 944 193 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй

Хохиролд 124 374 443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Банзрагч, Э.Уянга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Г.Тунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар хариуцагч Ш.Чулуунцэцэгтэй 2012 оны 9 дүгээр сараас эхлэн хамтран ажиллах аман хэлцэл байгуулж, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн баруун жигүүрт байрлах, 2 давхар худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгыг тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, худалдан авах, цаашид үйлчилгээний төв болгож тохижуулах, ашиг олох зорилгоор ажиллаж эхэлсэн. Ш.Чулуунцэцэг нь эхний ээлжинд өөрөөсөө 1 400 000 ам.доллар гаргаж дээрх обьектыг худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч О.Одбаяр нь 2013 оны 01 дүгээр сард банкнаас зээл авч 700 000 ам.долларыг Ш.Чулуунцэцэгт төлж үл хөдлөх хөрөнгө хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн ба 2012 оны 9 дүгээр сард Ш.Чулуунцэцэгийн зүгээс С.Гэрэлтуяад 452 000 000 төгрөг шилжүүлэн өгч уг обьектыг зориулалтын дагуу засч тохижуулах ажлыг С.Гэрэлтуяа хариуцан ажиллаж байсан. С.Гэрэлтуяа тохиролцсоны дагуу уг ажиллагаанд зориулан 490 715 000 төгрөг өөрөөсөө гарган ажлаа хийсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байгаа. Түүнчлэн С.Гэрэлтуяа, Ш.Чулуунцэцэг нар тус тусын оруулсан хөрөнгөө баталгаажуулсан баримтыг хамтран үйлдэж 2013 оны 3 дугаар сарын 27-нд нотариатаар гэрчлүүлсэн. С.Гэрэлтуяа нь өөрийн хүү О.Одсайхан, дүү С.Анар нарын хамт 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан. Нэхэмжлэгч тал уг цэнгээний газрын ерөнхий интерьерыг гаргуулж, зураг төслийн дагуу засал хийлгэх, тохижуулахын тулд шаардлагатай барилгын материал багаж, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээл болон Хятадаас, хөгжмийг Англи улсаас худалдан авсан. 2012 оны 12 дугаар сард 4 хүн Хятад улсын Бээжин хотод шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг судлах, бизнесийн шинэ санаа, шийдэл олох, бараа материал худалдан авах зорилгоор томилолтоор зорчиж байсан. Талууд байгуулсан үйлчилгээний газраа цаашид хамтран ажиллуулж олох ашгийг тэнцүү хуваах зорилготой байсан тул “Центро” ХХК-ийг 50:50 хувиар хувьцаа эзэмшиж гүйцэтгэх захирлаар С.Анарыг томилон ажиллуулж байсан. Хариуцагч нь эдгээр бүх үйл ажиллагааны туршид байнга, тодорхой мэдээлэлтэй байсан. Оффисын хэсэг, ресторан, шөнийн клуб, бүжгийн заал, зэргийг засаж тохижуулах бүх ажлыг С.Гэрэлтуяа, О.Одбаяр, О.Одсайхан, С.Анар нар гүйцэтгэхдээ хариуцагч талыг төлөөлөн Ш.Чулуунцэцэг, Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нарыг ажиллуулж байхдаа хариуцагч Ш.Чулуунцэцэг ажлын явцдаа байнга хяналт тавьж том үнийн дүнтэй гэрээ хэлцлийг хийхдээ зөвшилцөж ажиллаж байсан. Ш.Чулуунцэцэг нь засвар тохижуулалтын ажилд оруулах мөнгөө С.Гэрэлтуяагийн дансанд 3 хувааж мөнгөн хэлбэрээр шилжүүлдэг байсан. С.Гэрэлтуяа нь өөрийн оруулах мөнгийг шууд худалдан авалт хийдэг байсан. Талуудын дээрх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэрээний шинж чанарыг агуулж, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч тал мөнгөн хэлбэрээр болон өөрсдөө хөдөлмөрлөх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж ажилласан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.7 дахь хэсэгт зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдахыг С.Гэрэлтуяад даалгасан байх ба ажил гүйцэтгэгч нартай гол хэлцлүүдийг хийхэд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасан харилцан зөвшилцөж байсан болно. С.Гэрэлтуяа хамтран ажиллах гэрээнээс гарсан нь уг ажиллагаанд хохирол учруулахааргүй байгаа. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс гарсан тал болох нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны үр шимээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийн бүртгэлээс хасагдах хэлцлийг 2013 оны 3 дугаар сарын 27-нд хийж үл хөдлөх хөрөнгө худалдан авахад оруулсан 750 000 000 төгрөгөө буцаан авч, хариуцагчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг бүрэн шилжүүлэн өгсөн ба энэ асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй. Харин өөрийн зүгээс засан тохижуулахад оруулсан хөрөнгийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар нэхэмжилж байгаа болно. Үйл ажиллагаа 70 хувьтай явж байхад буюу 2013 оны 3 дугаар сард талуудын хооронд үл итгэлцэл үүсч, хэл амаа ололцоход төвөгтэй байдлыг хариуцагч Ш.Чулуунцэцэг үүсгэсэн, гаргасан зардлыг үндэслэлгүй худлаа байна гэж С.Гэрэлтуяаг байнга шүүмжилдэг болсон. Иймд цаашид үйл ажиллагааг явуулахад бэрх болсон учраас С.Гэрэлтуяа нь биечлэн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, бүтээж бий болгосон тоног төхөөрөмж тэдгээрийг худалдан авахад зарцуулсан мөнгөний баримтуудаа Ш.Чулуунцэцэгт хүлээлгэж өгсөн. Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нар Ш.Чулуунцэцэгтэй хамтарч ажиллагааг үргэлжлүүлсэн. С.Анар, О.Одсайхан нар мөн С.Гэрэлтуяагийн хамт ажиллахаа больсон. 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар С.Гэрэлтуяагаас сар болгон тогтмол цалин авч ажиллаж байсан гэдэгт маргахгүй. С.Анар, О.Одсайхан нар С.Гэрэлтуяагийн хүүхдүүд учраас эхнээсээ ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Гэхдээ О.Анар, О.Одсайхан нар гол ажил үүргийг гүйцэтгэж, гадаад дотоод худалдан авалт, засвар тохижилтын ажиллагааг удирдаж, ямар ч цалин хөлс авахгүйгээр ажиллаж байсан тул Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарын авч байсан цалинтай дүйцэх хэмжээний цалинг нэхэмжилсэн. Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгэээний төвөөр үнэлгээ хийлгэхэд талууд гар бие оролцож, 2013 оын 3 дугаар сар хүртэл С.Гэрэлтуяа нарын бий болгож орхисон хэмжээнд байгаа зүйлүүдийг бодитоор Х.Төрцэцэг, Ш.Мягмарсүрэн нарыг оролцуулж үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийлгэхдээ Ш.Чулуунцэцэгийн бий болгосон бусад зүйлсийг үнэлгээний дүнд оруулахгүй байх зарчмыг барьж ажилласан. Энэ шинжээчийн дүгнэлтээр нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан болох нь харагдаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэлийн шаардлага нь дотроо 4 зүйлтэй, үүнийхээ 2, 4 дэх төрлөөс татгалзаж, 546 944 193 төгрөг нэхэмжилсэн. Үүнд 484 210 158 төгрөг нь мөнгөн хэлбэрээр С.Гэрэлтуяагийн оруулсан дүн, мөн мөнгөн бус хэлбэрээр 62 733 035 төгрөг болж байгаа бөгөөд үүнд С.Анар, О.Одсайхан нарын цалин 24 000 000 төгрөг багтаж байгаа. Иргэний хуулийн хамтран ажиллах тухай гэрээний заалтыг үндэслэж, хамтран ажиллах гэрээ нь одоог хүртэл дуусгавар болоогүй зөвхөн оруулсан хөрөнгөө тодорхойлж гаргуулан авахаар талууд маргалдаж байгаа тохиолдолд шүүхээр шийдвэрлэх үеийг хүртэл хамтран ажиллах гэрээний нөгөө тал хөрөнгөнөөс олж байгаа ашгийг тоймлож, тэр ашгаас өөрийн оруулсан хураамжтай дүйцэх хэмжээний ашиг авах ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ш.Чулуунцэцэг нь “Төгс Монгол трейд” ХХК-д уг үйлчилгээний төвийг түрээслүүлж, түрээсийн мөнгийг банкны дансанд хүлээж авдаг байсан. “Төгс Монгол трейд” ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж, энэ орлогоос өөрийн оруулсан хөрөнгөтэй дүйцүүлж, ашиг авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь ашгийн 20 хувь буюу 114 000 000 төгрөг болно. Иймд нийт 660 944 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Чулуунцэцэг 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 498.74 м.кв талбайтай, мөн 2 дугаар давхарын 689 м.кв талбайтай шөнийн клуб, ресторан пабын зориулалтаар тохижуулан ашиглаж байсан обьектыг худалдан авсан. Улмаар түрээслүүлэхээр ярилцаж байх үед, нөхрийн найз болох н.Төмөртогтох сонсоод “засвар хийгээд зориулалтын дагуу хамтарч үйл ажиллагаа явуулья” гэсэн саналыг Б.Цэрэндоржид тавьсан. Энэхүү саналыг бид хүлээн авсны дараа н.Төмөртогтох нь “засварын хүмүүс авчирч, засвараа 350 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон гээд засварын багтай ирж уулз” гэхэд н.Төмөртогтохын хамтрагч О.Одбаяр гэх залуу цуг ирсэн байсан. н.Төмөртогтох нь О.Одбаярыг өөрийн найз дээрх үйл ажиллагаанд хамтарч ажиллана гэснийг нөхөр бид 2 зөвшөөрч, тэдэнтэй худалдаж авсан обьектын хүмүүстэй ярилцаж байтал О.Одбаяр нь би өөрөө мэргэжлийн баг ольё гэж тохиролцсон. Ингээд 2 хоногийн дараа Next Natur гэх засварын компани олсон гэж хэлсэн. Үүний дагуу уг компани дээр О.Одбаяр, түүний гэргий С.Гэрэлтуяа, Б.Цэрэндорж нар очиж уулзсан. Уг компани зураг төсөл, засварын ажлыг хөлстэйгээ нийт 600 000 000 төгрөгт бүх юмаа хийгээд түлхүүрээ хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл О.Одбаярын эхнэр С.Гэрэлтуяа нь “үгүй, хүнд зүгээр мөнгөө өгөхгүй би энд цуг байж засварын үйл ажиллагааг хянана” гэснийг бид хоорондоо ярилцан зөвшөөрсөн. Ийнхүү тохиролцохдоо дээр дурдсан зураг төсөл, засвар, түүний ажлын хөлсний зардлыг ч гэсэн 2 тал 50 хувиар гаргахаар болсон. Гэвч С.Гэрэлтуяа нь өөрийн хүү болон дүү О.Одсайхан, С.Анар нартай хуйвалдан засварын зардлыг огт үндэслэлгүйгээр өсгөж, хууль бусаар баримт цуглуулан биднээс тохиролцсоноосоо их мөнгө нэхсэн. Нөхөр бид 2 засвар болон тоног төхөөрөмжийн зардалд зориулж нийт 452 000 000 төгрөгийг С.Гэрэлтуяад өгсөн. Энэ мөнгийг С.Гэрэлтуяа хэрхэн яаж, юунд зарцуулсан талаар одоог хүртэл тайлагнаагүй байгаа ба мөн өөрөөсөө хэдэн төгрөгийг засварын зардалд гаргасан талаар бидэнд мэдэгдэж байгаагүй. Засварын ажлыг гүйцэтгэж байх явцад бидний зүгээс С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нарт удаа дараа засварын зардлыг үндэслэлгүйгээр хэт өсгөж байсан талаар, мөн засварын үйл ажиллагаанд болон түүний зардлын тооцоонд манай талаас хяналт тавьж, 2 талын гарын үсэгтэйгээр мөнгө зарцуулж байхыг шаардаж, маргалдаж байсан бөгөөд энэхүү хууль ёсны шаардлагыг С.Гэрэлтуяа хүлээж аваагүй. Эцэст нь миний бие тухайн обьектод хийсэн засварын ажлын төсвийг мэргэжлийн хүнээр гаргуулан авснаар С.Гэрэлтуяа болон О.Одбаяр нар нөхөр бид хоёрыг хууран мэхэлж, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй хэт их мөнгө авч байсныг мэдсэн бөгөөд цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй гэдгийг тэдэнд хэлсэн. Нөхөр бид хоёр нэхэмжлэлд дурдсан хүмүүсээс зөвхөн О.Одбаяртай л хамтарч ажиллах тухай тохирсон ба харин бусад хүмүүстэй хамтарч ажиллах тухай яриагүй. Өөрөөр хэлбэл, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нар хамтын үйл ажиллагааны оролцогчид биш. Тиймээс миний хувьд засварын ажлын зардалд зориулж тохиролцсон ёсоороо өөрийнхөө мөнгийг өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Мөн нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт энэхүү обьектод хамтран өмчлөгчөөр С.Гэрэлтуяа орж мөнгөө өгөөд, сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасуулсан байдаг. Үүнээс хойш 600 000 000 төгрөгийн засварын ажил хийсэн. Тиймээс энэхүү обьектыг ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд Ш.Мягмарсүрэн, Х.Төрцэцэг нар гардан гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг Б.Цэрэндорж, Ш.Чулуунцэцэг нар хийсэн. Тиймээс 114 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах ...обьектийг 1 400 000 ам.доллараар худалдаж авсан. С.Гэрэлтуяатай 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажилласан. Гэтэл энэ хугацаанд 452 000 000 төгрөгийг С.Гэрэлтуяад засварын мөнгө гэж өгсөн боловч 452 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгдээгүй. Хятад улсаас авсан бараа бүтээгдэхүүн хэт өндөр үнээр бичигдсэн тул шалгаж үзэхэд 124 374 443 төгрөгийн зөрүү гарсан байна гэж хэлэхэд С.Гэрэлтуяа нь энэхүү тооцоог би өөрөө бүрэн хариуцна гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Тиймээс үндэслэлгүйгээр бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлсэн 124 374 443 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Э.Уянга нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон өмгөөлөгч Г.Банзрагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Ш.Чулуунцэцэг, түүний нөхөр н.Цэрэндорж нар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад мөнгө нь дутсан учраас О.Одбаяраас 100 000 000 төгрөг бэлнээр зээлж аваад зээлсэн мөнгөө эргүүлж төлөх үед тэдний зүгээс 50x50 хувиар хөрөнгө оруулж хамтран ажиллаад олсон ашиг орлогоо хуваая гэсэн санал тавьсны дагуу хамтран ажиллаж эхэлсэн. Ш.Чулуунцэцэгийн зүгээс 452 000 000 төгрөг оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн нэхэмжлэлд дурдсаны дагуу 512 000 000 төгрөг бэлнээр оруулснаас гадна 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл бүтэн 6 сар С.Гэрэлтуяа, С.Анар, С.Одсайхан нар ямар ч цалин хөлсгүй ажиллаж заслын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн, ихэнхи эд хогшил, бараа материалыг Бээжингээс худалдан авсан. Энэ хугацааны ажлын хөлс, бизнесийн санаа, шийдэл зэрэг шууд бус хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бүх оруулсан шууд болон шууд бус хөрөнгө оруулалтаа үндэслэн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оруулсан хөрөнгө болон олох ёстой байшин ашиг орлогоо нэхэмжилсэн байгаа. Бээжингээс авсан бараа материалын хувьд баримтын зөрүү гарсныг хүлээн зөвшөөрсөн, тийм ч учраас шүүхэд аль аль баримтыг нь өгсөн бөгөөд нэхэмжлэлийн дүнгээ гаргахдаа эх баримтыг үндэслэн тооцож гаргасан. Мөн энэхүү баримтын зөрүүнээс маргаан үүссэн учраас талууд шинжээч томилуулан бодит хөрөнгийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл батлагдаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Центро клубын барилгын засварын ажил 689 428 323 төгрөг, эд хогшил 422 666 154 төгрөгөөр нийт 1 000 000 000 гаруй төгрөгийн хөрөнгө үнэлэгдсэн байдаг. Засварын ажлын хөлсөнд Некст натур компанид 200 000 000 төгрөг өгсөн болохыг хариуцагч маргахгүй байгаа учраас Нэкст натур компанийн Ж.Чинтулгаар үлдэгдэл засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байдаг. Гэтэл хариуцагчийн тайлбарлаж байгаачлан өөрөө 452 000 000 төгрөг өгснөөс 124 374 443 төгрөгийг завшсан бол үндсэндээ 320 000 000 орчим төгрөг л одоо байгаа 1 тэр бум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгө бий болсон байж таарна. 320 000 000 төгрөг нь засварын ажилд зарцуулсан 200 000 000 төгрөг хасахад цаана нь 120 000 000 төгрөгөөр бүх бараа материал, эд хогшилыг Бээжингээс худалдан авч, бусад бүх ажил, урсгал зардлыг гаргасан болно. Энэ нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй. Хариуцагчийн шаардах эрх тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагчийг яаж завшаад, яаж хохироосон нь мөн 124 000 000 төгрөгийг хэрхэн тооцсон, түүнийг яаж нотолж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн балгас байсан байшинг худалдаа үйлчилгээ явуулах орчин үеийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгосон бөгөөд хариуцагч өнөөдрийг хүртэл уг газрыг сарын 38 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа атал яаж хохирсон нь огт ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 522 944 193 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 138 000 000 төгрөг, хариуцагч Ш.Чулуунцэцэгийн 124 374 430 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 227 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 779 830 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 1 392 671 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 772 671 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Одбаяр нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч О.Одбаяр нараас 2 000 000 төгрөг, хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 6 000 000 төгрөг тус тус гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар, хүсэлтэд үндэслэлгүй дүгнэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах итгэмжлэлийг Г.Тунгалагт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аливаа хугацаагүйгээр, С.Гэрэлтуяад 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар тус тус олгосон. Хэрэгт авагдсан итгэмжлэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Тунгалаг нь /Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар/ 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл оролцсон болох илэрхийлэгдэж байна. Гэтэл шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлтуяа нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг танилцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх зөрчлийг арилгуулахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа шаардсан боловч шүүх нэхэмжлэгч О.Одсайхан, С.Анар нарт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа гэж үзэж хүсэлтийг хүлээн аваагүй юм. Гэтэл Өмгөөлөгч Г.Банзрагчийн нэхэмжлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар үүсээгүй бөгөөд 2016 оны 5 дугаар сард үүсч байхад нэхэмжлэгч нарыг төлөөлөх эрхгүй өмгөөлөгч Г.Банзрагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан захирамж гаргаж, шүүх хуралдаанд оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм.

2. Нэхэмжлэгч тал 2013 оны 12 дугаар сарын 12-нд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 892 670 төгрөг дутуу төлж, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж
төлөх хугацааг 14 хоногоор хойшлуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55/90 дугаар захирамж гаргасан байдаг. Дээрх шүүгчийн захирамжийн хугацаа дуусгавар болоход нэхэмжлэгч нараас дутуу төлсөн тэмдэгтийн хураамж болох 1 892 670 төгрөгийг төлөөгүй бөгөөд дахин хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 359/5735х дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлага болох 660 944 193 төгрөгийг бүхэлд нь шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр зөвлөмжийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийг бүрэн төлүүлэх үүрэгтэй байтал тухайн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, хариуцагч Ш.Чулуунцэцэг нарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, То Вангийн гудамж 34 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 689 м.кв талбай бүхий барилгын засварын ажлыг хамтран хийж гүйцэтгэх талаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн боловч тухайн засварын ажилд нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, хариуцагч Ш.Чулуунцэцэг нарыг хэдэн төгрөг оруулсан талаар зөв дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Шүүхээс талуудын оруулсан хөрөнгийг дүгнэхдээ "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээг үндэслэл болгосон ба тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Талуудын хүсэлт болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6712х дугаар шуүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололын Үйлчилгээний төвийн баруун жигүүрийн 1, 2 давхарт байрлах бар, ресторан, караоке зориулалттай үйлчилгээний цогцолборын бар, ресторан, караоке үйлчилгээний барилгын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэл, барилгын засварын ажилд нийт хэдэн төгрөгийн зардал гарсныг тогтоолгох зорилготой байсан. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн шинжээч нар шүүгчийн захирамжийн ...маргалдаж буй барилгын засварын ажилд 625 234 098 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хариуцагч Ш.Чулуунцэцэгээс оруулж тухайн барилга ашиглалтанд бүрэн орсон байсан юм /хөрөнгө оруулсан талаар 3 хавтас нотлох баримт авагдсан/. Түүнчлэн нэхэмжлэгч С.Гэрэлтуяаг засварын ажлаас гарах үед тухайн барилгын засварын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан талаар гэрч н.Чинтулга, н.Мягмарсүрэн, н.Төрцэцэг нар мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлгийг тэргүүлэх зэргийн төсөвчин Ц.Сарангэрэл, төсөвчин Н.Мартбаяр, Н.Шүхэрдулам нарын гаргасан ажлын төсөв баталгаажуулж байгаа. Харин "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар “хөрөнгө оруулалт”-ыг үнэлсэн тайланд төсөвчин Ж.Насанжаргал, Г.Төгөлдөр нар төсөв гаргасан талаар төсөвчингийн тэмдгийг дарж баталгаажуулаагүй байхад тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Хөндлөнгийн Аудитын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтийг төсөвчин гаргасан эсэх нь тодорхойгүй төсөвчний тэмдэг дарагдаагүй байхад тухайн дүгнэлтийг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ямар нотлох баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Хариуцагчаас 522 944 193 төгрөг гаргаж шийдвэрлэсэн хэдий ч ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн хэнд нь хэдэн төгрөг ямар шаардлагад хамааруулан ямар нотлох баримтыг үндэслэн гаргаж буй нь тодорхой бус байгаагаас үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Гаалийн Ерөнхий газраас О.Одбаяр, С.Гэрэлтуяа, О.Одсайхан, С.Анар нар 2012 оиы 9 дүгээр сараас 2013 оны 3 дугаар cap хүртэл хугацаанд гаалийн мэдүүлэг бүрдүүлэн бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн талаар лавлахад Гаалийн Ерөнхий газрын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03-3/1757 тоотоор нэхэмжлэгч нарыг гаалиар мэдүүлэн аливаа бараа, бүтээгдэхүүн худалдан аваагүй болохыг тодохойлсон. Нэхэмжлэгч С.Гэрэлтуяа өөрийн гаргаж өгсөн тооцоо болон 2013 оны 02 дугаар сарын 09-нд Ш.Чулуунцэцэгт гаргаж өгсөн албан бичгээр засварын тооцооны зөрүү 87 251 099 төгрөгийг өөрөө хариуцахаар хүлээн зөвшөөрсөн байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

         Нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа, С.Анар, О.Одсайхан нар хариуцагч Ш.Чулуунцэцэгт холбогдуулан оруулсан бодит хөрөнгийн үнэ 38 733 035 төгрөг, хөрөнгө оруулалт 484 211 158 төгрөг, С.Анар, С.Одсайхан нарын цалин 24 000 000 төгрөг, олох байсан ашиг 114 000 000 төгрөг нийт 660 944 193 төгрөг гаргуулахаар шаардсан ба  хариуцагч Ш.Чулуунцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 124 374 443 төгрөгийн хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

       Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003710 дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То вангийн гудамж 34 тоотод байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 689 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч /1 дүгээр хх-ийн 23 дугаар тал/ Ш.Чулуунцэцэг нь 2012 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч нартай харилцан тохиролцож, дээрх үл хөдлөх хөрөнгийг шөнийн клуб, паб, караоке болгон үйлчилгээний зориулалтаар ажиллуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

        Талууд ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээснээр  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээг амаар хийх хэлцлийн шаардлагад нийцүүлэн, хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон талаар анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

       

        Хамтран ажиллах гэрээний дагуу талууд 2012 оны 9 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч С.Гэрэлтуяа, О.Одбаяр нар нь С.Анар, О.Одсайхан нарыг оролцуулан, дээрх үйлчилгээний барилгад хийх засварын ажил болон төсөв хөрөнгийг хариуцан ажиллаж, хариуцагч Ш.Чулуунцэцэг нь хамтын үйл ажиллагаанд нийт 452 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

      

        Талуудын хооронд засварын ажлын зардлын талаар маргаан үүссэний улмаас 2013 оны 3 дугаар сараас нэхэмжлэгч нар хамтран ажиллах гэрээнээс гарснаар талуудын хоорондох хамтын ажиллагаа дуусгавар болж, гэрээнээс гарч буй талын хувьд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар хамтын ажиллагааг үргэлжлүүлж буй үлдсэн талуудаас өөрт ногдох хувийг мөнгөөр  эргүүлэн олгохыг шаардах эрхтэй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Харин талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байгааг залруулан, шүүхийн шийдвэрийн үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.         

 

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд буюу нэхэмжлэгч талыг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

          Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Анар, О.Одсайхан нараас Г.Тунгалагт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан /3 дугаар хх-ийн 70-71 дүгээр тал/ хэдий ч 2016 оны 5 дугаар сарын 12-нд дахин итгэмжлэл олгосон /6 дугаар хх-ийн 18 дугаар тал/, нэхэмжлэгч С.Гэрэлтуяагаас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Г.Тунгалагт 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /3 дугаар хх-ийн 72 дугаар тал/ хүчинтэй байх тул төлөөлүүлэгч этгээдийн эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байсныг шүүхийн шийдвэрийг хүчингүй болговол зохих ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

          Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эрхээ  хэрэгжүүлэхэд хуулиар хориглоогүй ба тухайлан хугацаа тогтоогоогүй. Ийм учраас нэхэмжлэгч С.Гэрэлтуяагаас эрх зүйн  туслалцаа үзүүлэх гэрээг “Одгэрэл энд  Партнерс” ХХН-тэй байгуулж, улмаар өмгөөлөгч Г.Банзрагч, Э.Уянга нарыг тус хэрэгт томилсон байх /3 дугаар хх-ийн 96-98 дугаар тал/ тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

 

          Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байсныг залруулж дахин шинжээч томилуулах байсан гэсэн агуулга бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн гомдол мөн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  дагуу дахин шинжээч томилуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн /5 дугаар хх-ийн 195-196 дугаар тал/ 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 7432 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй.

                    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотлох баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэл болох бөгөөд нэхэмжлэгч талаас “Мөнгөн хэлбэрээр оруулсан хөрөнгө оруулалтын тооцоо 484 211 058 төгрөг болсон...” гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

 

         Анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6712/х дугаар захирамжаар ...бар, ресторан, караоке үйлчилгээний барилгын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гадаад дотоод засал чимэглэл, барилгын засварын ажлын үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлтээр... “ нийт 1 066 517 071 төгрөгийн зардал /4 дүгээр хх-ийн 20-29 дүгээр тал/ гарсан байна. Мөн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2015/08112 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 26 тоот шинжээчийн дүгнэлтэд 45 578 406 төгрөгийн тоног төхөөрөмжийг үнэлгээг оруулсан /үнэлсэн эсэх талаар/ эсэхийг тодруулахаар хүргүүлсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 216 тоот шинжээчийн дүгнэлтээр “Үнэлгээний дүнд ороогүй эдгээр тоног төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн нийт үнэ 45 568 400 төгрөгийн зардал гарсан”  /4 дүгээр хх-ийн 205-206 дугаар тал/ гэжээ.

         Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх тул шүүх хуралдаанд гэрч Б.Цэрэндоржийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 60 тал/, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн энэхүү үнэлгээг нийт үнэлгээнд оруулж тооцох боломжгүй.

 

         Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ...нийт 1 066 517 071  төгрөгийн зардлаас хариуцагчийн  оруулсан  хөрөнгө оруулалт болох 452 000 000 төгрөгийг хасч  тооцоход 614 517 071  төгрөг  болж  байх   бөгөөд   нэхэмжлэгч   талаас   шүүх   хуралдаан  дээр 484 211 158 төгрөгийн хөрөнгийг мөнгөн хэлбэрээр оруулсан гэж тайлбарласан байна.

 

Талууд ажлын хөлс болон мөнгөн бус хөрөнгө оруулалтыг хэрхэн тооцсон талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.                         

      

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн бус үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр гаргасан дүн, талуудын мэтгэлцсэн байдалтай /6 дугаар хх-ийн 57, 63 дугаар тал/ харьцуулан үнэлж, 484 211 158 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч О.Одбаяр, С.Гэрэлтуяа нар гаргасан гэж үзэх тул хариуцагч Ш.Чулуунцэцэгээс уг мөнгөн хөрөнгийг гэрээнээс татгалзсантай холбоотой шаардах эрхтэй.

 

          Харин хамтын ажиллагааны улмаас хохирол учирсан гэх нөхцөл байдал,  нэхэмжлэгч С.Анар, О.Одсайхан нарт бусдын цалинтай дүйцүүлэн 24 000 000 төгрөгийн цалин олгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн бус хөрөнгө оруулалтыг гаргуулах шаардлага хангагдах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

         Хариуцагч Ш.Чулуунцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 124 374 443 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Иймээс хохирол арилгуулахаар шаардаж буй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

       

Анхан  шатны  шүүх  нэхэмжлэгч  нараас  улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 392 671 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Чулуунцэцэгээс 484 211 158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  С.Гэрэлтуяа,  О.Одбаяр  нарт  олгон,  нэхэмжлэлийн  шаардлагаас  үлдэх 176 733 035 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш.Чулуунцэцэгийн 124 374 443 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “...2 772 671 ...” гэснийг “...2 579 006 ...” гэж  тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Чулуунцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3 552 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА