Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00061

 

 

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00061

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02019 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч П.Б-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний хөлс болон алдангид 159,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Б.Т хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: П.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х-0627 дугаар зуучлалын гэрээг манай байгууллагатай байгуулж, Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 169 дүгээр хороолол /17031/, то вангийн гудамжны 25-1 тоот хаягт байрлалтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт худалдан борлуулахад зуучлах, зуучилсаны хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгийг төлөхөөр тохирсон. Манай компани барилгыг очиж үзэн, судалгаа хийж 2,900,000,000 төгрөгөөр дуудан 2,700,000,000 төгрөгөөр зарагдах нөхцөлийг бүх талаар бүрдүүлж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 2019 оны 5 дугаар сарын сүүлээр уг үл хөдлөх эд хөрөнгө 2,900,000,000 төгрөгөөр зарагдсан байна. П.Б нь манай компанид ...зараагүй, түрээслэж байгаа гэж худал хэлж, зуучлалын хөлсөө төлөхөөс зугтсан. П.Б ийн хувьд гэрээ цуцлах, татгалзах талаар манай компанид огт мэдэгдэж байгаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Иймд гэрээний 4.1, 4.4, Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т зааснаар харилцан тохиролцсон зуучлалын хөлс болох үл хөдлөх эд хөрөнгийг 2,700,000,000 төгрөгөөр худалдсан үнийн дүнгийн 5 хувь болох 145,000,000 төгрөг, алданги 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 34 хоногийн 14,790,000 төгрөг, нийт 159,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зуучлалын гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ манай компани уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа өөрсдөө худалдан авагчийг олсон бөгөөд Худалдаа хөгжлийн банкинд уг үл хөдлөх эд хөрөнгө байсан ба банкны зүгээс худалдан авагчийг олж өгсөн. П.Б ийн зүгээс 2019 оны 6 дугаар сард банкнаас худалдан авах хүн олж өгсөн тул гэрээнээс татгалзах санал О ХХК-д мэдэгдсэн тул зуучлалын хөлс төлөх боломжгүй, харин зуучлахад гарсан зардлын үнийг тохиролцоод төлж болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.3-т заасныг баримтлан хариуцагч П.Б ээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,790,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 956,900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Гэрээний 4.4-т Гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөрлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлөхөөр талууд тохиролцов гэж заасан нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй болно. Учир нь зуучлалын гэрээний 4.4 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.8-т зааснаар хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч О ХХК нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу ямар нэгэн зуучлалийн үйл ажиллагаа буюу хэлцэл хийх этгээдтэй холбож үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн арга хэмжээ, аваагүй, үүргээ гүйцэтгээгүй болно. Хариуцагч П.Б нь зуучлалийн гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд зуучлагч О ХХК-ийн тусламжгүйгээр худалдсан нь Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичиг болон арилжааны гэрээ, гэрч Юан Шины мэдүүлэг зэргээр нотлогддог болно.

3. Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгээ биелүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх буруу үнэлэлт дүнэлт хийсэн, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар анхан шатны шүүхээс шүүх хуралдаан хийхээс өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ тодруулга хийлгэх, хэрэв тодруулга хийгээгүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бүрдүүлбэрийн шаардлага хангуулахаар буцаах зэрэг ажиллагааг хийхээр байна. Улмаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийснээр зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчийн бодитой гаргасан зардлыг тогтоох, нэхэмжлэлд дурдсанчлан гэрээнд заасан бүх хөлсийг авах эрхтэй эсэхийг тогтоох нөхцөл бүрдэхээр байсан. Гэтэл анхан шатны шүүх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийгээгүй, хариуцагчийн гаргаж буй өөрөөр нь дамжуулсан буюу өөрийнх нь оролцоотой худалдаагүй байхад зуучлалын хөлсийг бүтнээр нь нэхсэн нь үндэслэлгүй гагцхүү бодит гаргасан зардлыг нь нөхөн төлөх үндэслэлтэй гэх тайлбарыг харгалзан үзээгүй, нэхэмжлэгч ямар нэгэн баримт шинээр гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн гүйцэд баримтаар нотлоогүй ба дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс тодруулаагүй, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Яг дээрх маргаантай ижил, төстэй маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2881 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01163 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01598 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын оролцоотойгоор тухайн хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг зөв хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч П.Б-д холбогдуулан гэрээгээр тохирсон хөлс болон алдангид 159,790,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зуучлалын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр О ХХК нь Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Тоо вангийн гудамж 25-1 тоот хаягт байрлалтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 308 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт 2,900,000,000 төгрөгөөс худалдах нөхцөлтэйгөөр үнэлэн шилжүүлэх, гуравдагч этгээдтэй холбож өгөх, П.Б нь хөлс төлөхөөр тохиролцсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-8-13 дахь тал/

 

Дээрх гэрээний дагуу О ХХК нь Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Тоо вангийн гудамж 25-1 тоот хаягт байршилтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 308 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт 2,900,000,000 төгрөгөөс худалдах талаар зар сурталчилгааг www.osmo.mn сайтад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд байршуулсан, Зар мэдээ сонин болон Шуурхай зар сонингийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хэвлэлийн дугааруудад нийтлүүлсэн, тухайн обьектыг сонирхож байсан этгээдэд танилцуулж, зарим тохиолдолд зуучлуулагчтай холбоо тогтоож өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, зуучлалын гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг хүлээдэг байна. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд худалдах худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч О ХХК-ийг худалдааны зуучлагч гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд гэрээг 6 сарын хугацаагаар байгуулсан бөгөөд уг хугацааны дотор хариуцагч П.Б нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ иргэн Li Caixia /Ли Цайша/-тай үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин арилжааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То вангийн гудамж 25 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 1224 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,700,000,000 төгрөгт тооцон өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солилцсон, мөн Капитрон банкны зээлд 700,000,000 төгрөг төлүүлж уг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 2,400,000,000 төгрөгөөр арилжсан болох нь хэргийн 56-57, 100 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон автомашин арилжааны гэрээ болон гэрч БНХАУ-ын иргэн Yuan Xin /Юан Шин/ мэдүүлгээр тогтоогджээ.

 

Хариуцагч П.Б нь зуучлалын гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То вангийн гудамж 25 дугаар байр, 01 тоот хаягт байршилтай, 1224 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад арилжихдаа О ХХК-д мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч арилжихдаа 2019 оны 6 дугаар сард гэрээнээс татгалзах саналыг О ХХК-д мэдэгдсэн гэх боловч тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлөхөөр, гэрээний 4.1-д гэрээний үнэ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 5 хувь байна гэж талууд тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй гэж зохицуулжээ.

 

Талууд гэрээгээр зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж болно гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтай нийцсэн байна.

 

Гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч нь гуравдагч этгээдэд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж арилжсан тул Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дах хэсэг болон зуучлалын гэрээний 4.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлс шаардах эрхтэй. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч П.Б ээс зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд хөлс 120,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,790,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт зааснаар зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулснаас үл хамааран зуучлуулагч нь худалдах худалдан авах гэрээг зуучлагчийн оролцоогүйгээр байгуулах эрхтэй. Энэ нөхцөлд зуучлагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд харин зуучлуулагчийн хувьд гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас алданги шаардсан 39,790,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

1. Хариуцагч талын гаргасан зуучлалын гэрээний 4.4 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн байх тул хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй гэж зохицуулсныг талууд зуучлалын гэрээний 4.4-т гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлнө гэж тусгаж тохиролцсоныг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн, шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

3. Хариуцагчийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах ажиллагааг хийснээр зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгчийн бодитой гаргасан зардлыг тогтоох, нэхэмжлэлд дурьдсанчлан гэрээнд заасан бүх хөлсийг авах эсэх нөхцөл бүрдэх байсан гэх тайлбар болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээний 4.1, 4.4 дэх заалт болон Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь заалтыг үндэслэн зуучлалын гэрээний хөлс болон алданги гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулсан байна. Иймээс хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй, бодитой гарсан зардлыг тогтоох нөхцөл бүрдэх байсан гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ