Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00016

 

 

 

 

 

 

А ХХК, А К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК, А К ХХК-ийн хариуцагч ...эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан ...100,000 мкв талбайтай газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, ...15870 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэлтэй, ...100,000 м.кв газар, ...10,000 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандА К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...100,000 м.кв талбайтай газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, ...15,870 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулж өгнө үү.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

“...” ХХК, А ХХК, А К ХХК 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №1/2-1159 тоот төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. А ХХК нь үндсэн зээл 4,820,000,000 төгрөг, хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт 5,816,069,781.74 төгрөгийн үлдэгдэлтэй болсныг талууд хүлээн зөвшөөрсөн. Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.2.а-д зааснаар ... нь А ХХК-ийн зээлийн өр төлбөрт тооцон ...66 тоотод байрлах, 200 м.кв асьфалт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай иж бүрэн обьект /барьцааны үнэ 3,500,000,000, ...10 000 м.кв үйлдвэрийн зориулалттай газар /барьцааны үнэ 350,000,000,А К ХХК-ийн эзэмшлийн ...байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч, өр төлбөрийг бүрэн хаахаар тохиролцсон. 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А ХХК-ийн өмчлөлийн 200 м.кв асьфалт, бетон хольцын үйлдвэрийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, үйлдвэрийн эзэмшил газрын хамт 3,200,000,000 төгрөгөөр үнэлэн бүртгэж авсан. Ийнхүү хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, дансандаа бүртгэж авснаар 1159 тоот гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу А ХХК банкинд төлөх өрөө бүрэн төлж хаасан.

Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ...ХХК-ийн зээлийн өрийг харилцан тохиролцсон ба гэрээний 1.1б-д зааснаар тус компани нь үндсэн зээл 1,635,326,109.11 төгрөг, үндсэн хүү 306,278,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.04 төгрөг, нийт 1,973,517,583.2 төгрөг болсон. Улмаар тус компанийн өр төлбөрт тооцонА К ХХК-ийн өмчлөлийн ...дугаарт бүртгэгдсэн ...65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект барьцааны үнэ 2,200,000,000 төгрөг, ...ашиглалтын зөвшөөрөл \барьцааны үнэлгээ байхгүй\ зэргийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өр төлбөрийг бүрэн хаахаар тохиролцсон.

Банк төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу ...ХХК-ийн зээлийн өрөндА К ХХК-ийн 500 м.кв бетон зуурмагийн үйлдвэрийг 1,320,000,000 төгрөгөөр, А ХХК-ийн асфальт бетон хольцын үйлдвэрийг 1,175,326,109.11 төгрөгөөр, А ХХК-ийн Асфальт бетон хольцын үйлдвэрийг дахин 460,000,000 төгрөгөөр,А К ХХК-ийн эзэмшлийн ...байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 /10га/ м.кв газрыг 300,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн, нийт ...ХХК-ийн 1,973,517,583.2 төгрөгийн зээлийн өр төлбөрт 3,255,326,109.11 төгрөгийн хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг банк нэр дээрээ шилжүүлэн авч, дансандаа бүртгэн авснаар ...ХХК ...инд төлөх өрөө бүрэн хаасан. Нэхэмжлэгч тал хөрөнгөө банкинд шилжүүлэн өгч, зээлээ бүрэн хаасны дараа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний хооронд нийт 4,479,719,606.08 төгрөгийг банкинд бэлнээр төлсөн. Тодруулбал, А ХХК зээл 4,820,000,000 төгрөг, хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт төлбөр 5,816,069,782 төгрөг, ...ХХК зээл 1,635,326,109.11 төгрөг, хүү 306,276,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.41 төгрөг, нийт төлбөр 1,973,515,583 төгрөгөөс 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш банканд 4,479,719,605.08 төгрөг төлж, 3,145,460,349.24 төгрөг илүү төлсөн. Нэхэмжлэгч нарын зүгээс банкинд төлсөн төлбөрийн дүн нь гэрээгээр тохиролцсон А ХХК, ...ХХК-ийн үндсэн ба нэмэгдүүлсэн хүү, ...ХХК-ийн зээлийн үндсэн өрийг хаагаад, илүү 1,510,134,240.13 төгрөг төлөгдсөн тул ...ХХК-ийн зээлийн өрөнд тооцон авсанА К ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн 500 м.кв бетон зуурмагийн үйлдвэр,А К ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн баригдсан газар болох ...-ийн эзэмшилд байсан 15 870 м.кв газар эзэмших эрх, ...ХХК-ийн зээлийн өрөнд дансанд 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэн бүртгэгдэж, банкны эзэмшилд шилжсэн байгааА К ХХК-ийн эзэмшилд байсан ...байрлах амины орон сууцны зориулалттай 100 000 /10га/ м.кв газар зэргийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.1.а, 1.2.а-д зааснаар А ХХК-ийн ...инд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт дүн 5,816,069,781.74 төгрөг, ...ХХК-ийн ...инд төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,973,517,853.2 төгрөг болсныг талууд тус тус хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрт тооцон дурьдсан хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг ... нэр дээрээ шилжүүлэн авч балансдаа бүртгэснээр А ХХК, ...ХХК-ийн банкинд төлөх өр бүрэн төлсөнд тооцсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3 дах заалт бүрэн хэрэгжсэн. Хариуцагч ... нь нэхэмжлэгч нараас төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу 7,789,587,364.94 төгрөгийн зээлээ хаах зорилгоор гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авч зээлийг бүрэн барагдуулчихаад, тухайн хөрөнгүүдийг буцааж өгнө гэж бэлнээр 4,479,719,606.08 төгрөг, нийт 12,269,306,971.02 төгрөгийн эд хөрөнгө, бэлэн мөнгө авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. ...инд зээлийн өрөнд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг худалдан авах зорилгоор 2011 оны 6 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 4 479,719,606.08 төгрөгийг банкинд бэлнээр шилжүүлсэн тул талуудын хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.2.1 дэх заалтыг үндэслэн дээр дурьдсан төлбөрийн хэмжээнд банкны өмчлөлд шилжсэн эд хөрөнгүүдийн өмчлөгч болохыг тогтоон, уг хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “...” ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу ..., түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, Банкны эрх хүлээн авагчаас ...чанаргүй активыг төлүүлэх, төрд учирсан хохирлыг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна.

“...” ХХК, А ХХК, ...ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ½-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулахаас өмнө А ХХК нь ...наас 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,620,000,000 төгрөг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдэн авсан. 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээ байгуулж 650,000,000 төгрөг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр А ХХК болон ...хооронд 45 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотекийн гэрээ/-г байгуулж 10 000 м.кв газрын эзэмших эрх, мөн өдөр ... болонА К ХХК-ийн хооронд 45 дугаартай батлан даалтын гэрээгээр 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, Самсовал автомашин 6 ширхэг, бетон зуурмаг шахагч машин 2 ширхэг, миксер машин 12 ширхэг, эксковатор 2 ширхэг, ковш 3 ширхэг, задгай цемент тээвэрлэгч машин 1 ширхэгийг тус тус барьцаалсан. ...ХХК нь М 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000 төгрөг сарын 1.2, жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авч, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээгээр өмнө авсан зээлээ 460,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Монгол шуудан банк болон “Алтан аураг констаркшн” ХХК, ...ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр НБГ/02, НБГ/03 дугаартай барьцааны гэрээгээр 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, 200 м.кв талбайтай асфальт бетон хольцийн иж бүрэн үйлдвэрийг тус тус барьцаалсан.

...хувь нийлүүлэгчдийн хурал, Монголшуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10-05/07 дугаартай хамтарсан тогтоол, мөн өдрийн 01 дугаартай Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монголшуудан банкны зарим актив пассив хөрөнгийг ...инд шилжүүлсэн. Үүнд Монгол шуудан банкнаас ...ХХК-д олгосон дээрх зээлийн өр төлбөрийн шаардах эрх ...инд шилжсэн.

“...” ХХК, А ХХК, ...ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ½-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулах өдрийн байдлаар А ХХК-ийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай зээлийн гэрээ, 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээний өр төлбөр зээл 4,820,000,000 төгрөг, хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт 5,816,069,781.74 төгрөг. ...ХХК-ийн 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээний өр, төлбөр үндсэн зээл 1,635,326,109.11 төгрөг, үндсэн хүү 306,278,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.4 төгрөг, нийт 1,973,517,583.2 төгрөг, 2 зээлийн гэрээний нийт төлбөр 7,789,587,364.94 төгрөг байсан.

“...” ХХК, А ХХК, ...ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 1.1.а-д А ХХК-ийн нийт 5,816,069,781.74 төгрөгийн өр төлбөрт тооцуулан барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаалуулсан байсан ...дугаарт бүртгэлтэй, ...200 м.кв талбайтай асфальт бетон хольцийн иж бүрэн үйлдвэр, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газрын эзэмших эрх, А ХХК-аас нэмж төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон 100,000 м.кв газар эзэмших эрхийг ...инд шилжүүлэх. Гэрээний 1.1.б-д ...ХХК-ийн нийт 1,973,517,583.2 төгрөгийн өр төлбөрт тооцуулан барьцааны гэрээгээр барьцаалуулсан байсан 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, 51 га хайрганы ордын 13784А ашиглалтын тусгай зөвшөөрлийг ...инд шилжүүлэхээр заасан.

А ХХК нь 2013 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд “...” ХХК, А ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ½-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ...өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлж 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ ...нэр дээр гарсан. Мөн газар эзэмших эрх нь ...инд шилжиж газар эзэмших эрхийн гэрчилгээ ...нэр дээр гарсан. ...инд барьцаа хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг шилжүүлсэн боловч бодит байдал дээр нэхэмжлэгчээс хөрөнгүүдийг өөрийн эзэмшил, ашиглалтанд бодитоор байлгаж, үйл ажиллагаа явуулж, орлого олоод зогсохгүй банкнаас хөрөнгийн ашиглалт, чанар байдалтай танилцахаар очиход харуул хамгаалалт гарган нэвтрүүлээгүй. Төлбөр төлөгчөөс нийт 7,789,587,364.94 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй өнөөдрийн байдлаар өр төлбөрийн үлдэгдэл 3,595,305,259 төгрөг байна. 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшил ...инд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд:

3.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “...” ХХК-ийн өмчлөлийн ...дугаарт бүртгэлтэй, . асфальт бетон хольцийн үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд ..хөрөнгийг А ХХК-ийн эзэмшлээс, ...дугаарт бүртгэлтэй ... 65 тоот хаягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэлийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийгА К ХХК-ийн эзэмшлээс, .... 100,000 м.кв газрыг тус тус А ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, А ХХК-ийн эзэмшилд байгаа .... 10,000 м.кв газар эзэмших эрхийг “...” ХХК-д шилжүүлэхийг А ХХК-д даалгуулна. ...өмчлөлд шилжсэн хөрөнгийн эзэмшлийг нэхэмжлэгч тал сайн дураар шилжүүлэн өгөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “...” ХХК нь Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлсэн нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд тус банк тухайн эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчлөх эрхгүй.

...ХХК “М” банк ХХК-тай 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/96 тоот зээлийн, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НЗГ/01 тоот нэмэлт зээлийн гэрээний дагуу нийт 1,973,517,583.69 төгрөгийн өр төлбөртэй байсан. “М” банк болон ...ХХК,А К ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан НБГ/02 дугаартай барьцааны гэрээгээрА К ХХК-ийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот батлан даалтын гэрээгээрА К ХХК-ийн 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, 2010 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн №46 тоот батлан даалтын гэрээгээр 15,870 кв.м газар эзэмших эрхийг барьцаалсан. Төлбөр төлөгч нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш нийт 4,479,719,606.08 төгрөг төлсөн нь ...ХХК-ийн гэрээгээр төлөх ёстой байсан 1,973,517,583.69 төгрөгийн төлбөрийг хааж үлдэх 2,506,202,023 төгрөгийн хэмжээнд А ХХК-аас гэрээнд заагдсан төлөх ёстой төлбөрөөс төлөгдсөн. Нэхэмжлэгч нийт 4,479,719,606.08 төгрөг төлсөн боловч ... барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, өмчлөл, эзэмшлийг шилжүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч ...эрх хүлээн авагчаас ...100,000 мкв талбайтай газрын эзэмших эрх болон эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчА К ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ...15,870 мкв газрын эзэмших эрхийг ...эрх хүлээн авагчаас гаргуулах тухай шаардлага, А ХХК-ийн ...100,000 мкв талбайтай газрыг хамтран эзэмших эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг болон хариуцагч ...эрх хүлээн авагчийн нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үйлдвэрийн зориулалттай объект, ...100,000 мкв талбайтай газрыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ..., 10,000 мкв талбайтай газрын эзэмших эрхийг А ХХК-аас гаргуулж өөрт олгохыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч А ХХК нь .... 10,000 мкв талбайтай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай үйлдвэрийн зориулалттай обьектыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч ...эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 6,637,086 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчА К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,657,575 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагчаас 15,664,868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчА К ХХК-нд олгож, хариуцагч сөрөг шаардлагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөрийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр ...инд Банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан “...” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан.

6.1 Анхан шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг бүх талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн үндсэн зарчим болох гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчиж, хуулиар хориглоогүй хэлцлийг хуульд заагаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Харин шүүхээс энэ хуульд заагаагүй бол хүчин төгөлдөр бус гэрээ мөн гэсэн нь Иргэний хуулийг хэн нэгний эрх ашгийг хохироогоогүй талуудын хүсэл зоригоос давсан, заавал хэрэгжүүлэх хэм хэмжээ буюу албадлагын шинжтэй, зөвхөн Иргэний хуульд заасан гэрээний агуулга, хэлбэр хүчинтэй байх ёстой мэтээр ташаарсан байна. Гэрээний эрх чөлөө, гэрээний талуудаас гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх чөлөө, гэрээний хэлбэрийг сонгох эрх чөлөө, гэрээ байгуулах талаа сонгох эрх чөлөө, гэрээ байгуулах, эс байгуулах эрх чөлөө, түүнчлэн хэд хэдэн гэрээнээс бүрдсэн буюу холимог гэрээ байгуулах эрх чөлөө, нэг гэрээнээс үүдсэн хоорондоо хамааралтай бусад гэрээг байгуулах эрх чөлөө зэрэг ойлголтууд нь улс төр, эдийн засгийн чөлөөт дэглэмтэй улс орнуудын хувьд Иргэний хууль, түүний гэрээний эрх зүйг тайлбарлах суурь ойлголт буюу “эхлэлтийн цэг” нь болж байдаг.

Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Логик дараалалгүйгээр төлбөр барагдуулах гэрээг шууд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь алдаатай болгож байна. Төлбөр барагдуулах гэрээг хуулиар хориглоогүй. Шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн атлаа тухайн хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрх нь мөн хуулийн 56.5 дах хэсэгт заасны дагуу шилжинэ гэжээ. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгийн шилжүүлэг бий болсон бол талуудын хооронд хөрөнгийн шилжүүлэг хийх үүрэг үүсэхгүй тул Иргэний хуулийн 56.5 дах хэсэг бие даасан шаардах эрх болохгүй.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын жагсаалт. Гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйл нь үүргийн гүйцэтгэлийн хангах аргуудыг хязгаарласан бус, харин жишээлсэн жагсаалт гэж үзэх нь Иргэний хуулийн мөн чанар, түүний үзэл санаа, зорилтоос ойлгох боломжтой. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан “хуульд заасан бусад арга” гэснийг хуульд заасан төрөл, хэлбэрийн гэрээ хэлцэл ашиглаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хэрэглэх боломжтой гэж ойлгох нь зүйд нийцнэ. Буцаан худалдан авах эрхийг худалдагчид олгосон худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт заасан худалдах, худалдан авах гэрээний нэг хэлбэр тул энэхүү гэрээний хэлбэрийг ашиглах нь хууль зөрчсөнд тооцогдохгүй. Болзол тавьж хийсэн худалдах худалдан авах гэрээ гэдэг нь ихэнх тохиолдолд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах “болзол” тавьж хийсэн гэрээ байдаг бөгөөд шүүгчийн логикоор энэ гэрээний төрлийг Иргэний хуулийн 231.1 дэх хэсэгт дурдаагүй тул  хүчин төгөлдөр бус гэрээ болохоор байна. Гэтэл энэ төрлийн гэрээ нь олон улсад төдийгүй, Монгол улсын банк, санхүүгийн салбарт өргөн хэрэглэгддэг ба үүний жишээ Төв банкнаас банкуудад санхүүжилт олгохдоо ашигладаг Репо санхүүжилтийг нэрлэж болно. Шүүх гэрээг барьцааны үүрэг гүйцэтгэж байна, барьцааны эрх гэдэг нь зөвхөн хуульд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх байх ёстой гэж numerus clausus зарчмыг баримтлан дүгнэлтэд хүрсэн байж болзошгүй байна. Шүүхээс энэ таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан тохиолдолд тус зарчмын алдаатай ойлголт, хэрэглээ гэж үзэх нь зүйтэй.

6.2 Нэхэмжлэлийн шаардлагыг давсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус, тус гэрээг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ өрийн ихэнх хэсгийг буцаан төлсөн тул үлдсэн өрөндөө нэг тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг үлдээж, бусад хөрөнгөө буцаан гаргуулах тухай байсан. Гэтэл шүүх гуравдагч этгээд болон талуудын эрх ашгийг хохироогоогүй, харилцан хүлээн зөвшөөрсөн байсан гэрээг, алдаатай үндэслэл олж хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас давсан, Иргэний хуулийн зорилго мөн чанарт нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

6.3 Олон улсын жишиг, хэрэглээ. Үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдах тохиролцоотойгоор худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь дэлхийн бусад улс орнуудад түгээмэл байдаг. Мөн нийтлэг эрх зүйд “моргэйж” гэдэг үг нь анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлээд, зээлээ төлсөн цагт зээлдэгч буцаан шилжүүлж авдаг эрх зүйн харилцааг хэлдэг. Дэлхийн олон улс оронд хуулийг ингэж ойлгож хэрэглэж байхад зөвхөн манай улсад ийм тайлбар зохино гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тогтоосон журмыг зөрчиж, өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргасан. Анх нэхэмжлэгч А ХХК, А К ХХК төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн хууль ёсны өмчлөгчийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас тус нэхэмжлэлийн шаардлагад “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өмнө шүүхээс дүгнэлт хийж, талуудын эвлэрлийн үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх хариу тайлбар гаргасан. А ХХК нь “...” ХХК, А ХХК, ...ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг өмнө хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тус шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн нь талуудын харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүчин төгөлдөр гэрээ гэсэн үйл баримтыг өмнө нь шүүх тогтоосон. Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгүүдийг өөрийн өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдаагүй, хамааралгүй харилцаанд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Зохигчид “...” ХХК, А ХХК, ...ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнээс хальж, дур мэдэн талуудын хооронд маргаан үүсээгүй үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.5 Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд тулгарах асуудал. Шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний төрлийг зөвхөн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар ойлгон хязгаарлах нь эдийн засагт, ялангуяа банк, санхүүгийн салбарт өрнөдөг үйл ажиллагааг зогсоох, өмнө нь бизнесийн байгууллагуудын хооронд байгуулсан гэрээ хэлцлийг тодорхойгүй байдалд хүргэх эрсдэлтэй байна.

6.6 Шүүхийн шийдвэрийн улмаас банкны эрх хүлээн авагчийн барагдуулахаар ажиллаж байгаа төрийн байгууллагуудад учирсан хохирол дээр нэмж хохирол учирч байгаад гомдолтой байна. Талууд харилцан тохиролцож, хүчин төгөлдөр гэрээ байгуулан, нэхэмжлэгчээс зээлийн барьцаа, батлан даалтанд тавьсан зарим хөрөнгийг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж, зээлийн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсний дараа хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний талууд үүргээ биелүүлэх явцад нэхэмжлэгч нь тохирсон төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Үүний улмаас энэ хэмжээгээр зардал, чирэгдэл учирч, эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр төлбөрөө бүрэн төлөх хугацаа нэмж олгосоор өнөөдрийг хүрсэн. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад шүүх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын дундуур орж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулан, гэрээгээр тохирсон нөхцөлийн буруу, зөвийн талаар байр сууриа илэрхийлсэн нь шүүх төвийг сахих, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч А ХХК-ийн ...100,000 м.кв талбайтай газрыгА К ХХК-тай хамтран эзэмших, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ...10,000 м.кв талбайтай газрыг эзэмших, нэхэмжлэгчА К ХХК-ийн мөн дээрх хаягт байрлах 100,000 м.кв газрыг А ХХК-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, .... 15,870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох, ...байрлах эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдэн 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай объектыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг хариуцагч ...эрх хүлээн авагч эс зөвшөөрч ...100,000 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай болон ...дугаартай үйлдвэрийн зориулалтай объектуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ... байрлах ...10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулахыг даалгахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар “...” ХХК-ийг албадан татан буулгаж, тус банканд банкны эрх хүлээн авагчийг томилсон ба банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж байна. /1хх59-65/

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. “...” ХХК, А ХХК, ...ХХК,А К ХХК 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус өдрийн байдлаар А ХХК нь “...” ХХК-д 5,816,069,781 төгрөгийн, ...ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулсан. А ХХК нь зээлийн өр төлбөртөө тооцон тус компанийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр М банктай байгуулсан 45 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан А ХХК-ийн өмчлөлийн ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс 16101 гудамжны 66 тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг ...10,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын хамт,А К ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ... дугаартай 100,000 м.кв талбайтай газар, ...ХХК-ийн өрөнд 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НБГ/02 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсанА К ХХК-ийн өмчлөлийн ...дугаартай .... 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект, .... зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар ...өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон байна. Талууд гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны нэр дээр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцох .., төлбөр төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг суллаж банкинд хүлээлгэж өгөх .., гэрээний үүргээ биелүүлсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож, ..., ...дугаартай объектыг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 100,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлжээ. Харин ...10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлээгүй байна. Нэхэмжлэгч тал 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд зээлийн төлбөрөөс нийт 4,479,719,606 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,309,867,758 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. /1хх10-14, 2хх15-18/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... зээлийн төлбөрийн ихэнх хэсгийг буцааж төлсөн учраас үлдсэн өр төлбөртөө ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай объектыг үлдээж, бусад хөрөнгөө буцаан гаргуулна” гэж тайлбарладаг. /3хх80/

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар захирамжаар А ХХК, ...хооронд 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан S-1159 тоот төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэх үндэслэлээр татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ тохиолдолд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч шүүхээс талуудын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн асуудал биш. /1хх78-80/ 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үл хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг бусдын өмчлөлд шилжүүлэх замаар өр төлбөрийн үүргийг хангах тохиролцоог хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус арга гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, талуудын байгуулсан гэрээний агуулгыг зохигчдын мэтгэлцсэн хэмжээгээр, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох боломжтой гэж үзлээ. Талуудын байгуулсан гэрээ нь “төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх” гэж нэрлэгдсэн байгаа боловч зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрээний агуулгыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч тал эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр ...эрх хүлээн авагчид тус банкинд төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгө худалдаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж дүгнэхээр байна.

“...” ХХК, А ХХК, ...ХХК,А К ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ½-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга гэдэгт эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ хамаарах бөгөөд гэрээний зүйлийн талаар хуулиар хязгаарлалт тавиагүй тул уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл болох боломжтой.

Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заасан боловч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 4,479,719,606 төгрөг төлж, 3,309,867,758 төгрөг төлж барагдуулаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал буюу ...эрх хүлээн авагчид эд хөрөнгийг худалдан авагчид буцаан шилжүүлэх үүрэг одоогийн байдлаар бүрэн үүсээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүд ...эрх хүлээн авагчид шилжсэн боловч хөрөнгийг нэхэмжлэгч тал бодитойгоор эзэмшиж, ашиглаж байна. Иймд өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулна, 10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг өнөөдрийг хүртэл манайд шилжүүлж өгөөгүй ...” гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А ХХК-ийн ...байрлах ...10,000 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч  энэ нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дах хэсэгт заасан. Талууд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч тал буюу эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан этгээдийн хувьд тодорхой мөнгөн төлбөрийг төлсөн байна. Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч талыг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн нь тогтоогдсон.

            Төлбөрийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд шударга эзэмшигчийн зүгээс гэрээтэй холбоотой үүссэн үүргийн талаар харилцан шаардлага гаргаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч талын эзэмшлээс чөлөөлүүлэх боломжгүй. Түүнчлэн гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч уг эд хөрөнгүүдийг барьцааны зүйлийн хэмжээгээр тусд нь өр төлбөрт тооцож тогтоогоогүй, нийт үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн өр төлбөрт тооцсон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК 6,256,918 төгрөг төлөхөөс 6,637,086 төгрөг илүү төлсөн, нэхэмжлэгчА К ХХК 17,600,918 төгрөг төлөхөөс 7,657,575 төгрөгийг дутуу төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Хариуцагч ...эрх хүлээн авагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч А ХХК-ийн ...100,000 м.кв талбайтай газрыгА К ХХК-тай хамтран эзэмших эрхтэй, .... байрлах ...10,000 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй, нэхэмжлэгчА К ХХК-ийн ...100,000 м.кв газрыг А ХХК-тай хамтран эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, ... 15,870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох, ... байрлах эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдэн 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай объектыг өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч ...эрх хүлээн авагчийн ...100,000 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай болон ...дугаартай үйлдвэрийн зориулалтай объектуудыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, .... байрлах ...10,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,894,004 төгрөгөөс илүү төлсөн 6,637,086 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,256,918 төгрөг болон нэхэмжлэгчА К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,943,343 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 7,657,575 төгрөгийг нэхэмжлэгчА К ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч ...эрх хүлээн авагч сөрөг нэхэмжлэлд холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

  

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                        А.МӨНХЗУЛ