Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00502

 

 Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК-иудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2048 дугаар магадлалтай,

 Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК-иудын нэхэмжлэлтэй,

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох,

БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 тоот хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлалтай нэгж талбарын 8023/0003 дугаар бүхий 15,870 м.кв үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, СХД-ийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100,000 м.кв, амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрх, БГД-ийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот 10,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн төлбөрт банкны өмчлөл, эзэмшилд шилжсэн дээрх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Алтан аураг констакшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, А.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011.06.15-ны өдөр Хадгаламж банк ХХК болон Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК нарын хооронд №1/2-1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээний 1.1.а дэх хэсэгт Арияа ХХК-ийн Хадгаламж банк ХХК-тай 2010.06.03-ны өдрийн 45 тоот зээлийн гэрээ, 2010.06.03-ны өдрийн 46 тоот зээлийн шугамын гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,816,069,781.74 төгрөг, мөн гэрээний 1.1.б дэх хэсэгт Говь повер ХХК-ийн Монгол шуудан банк ХХК-тай 2009.08.27-ны өдрийн ЗГ/96 тоот зээлийн гэрээ, 2010.01.15-ны өдөр байгуулсан НЗГ/01 тоот нэмэлт зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,973,517,583.69 төгрөгийн тус тус зээлийн өр төлбөртэй болохыг баталж, уг зээлийн өрийг хаах зорилгоор барьцаа болон батлан даалтын гэрээн дэх хөрөнгүүдийг нийт дүнгээр нь тооцож шилжүүлэхээр тохиролцож, Арияа ХХК-ийн эзэмшлийн 10,000 м.кв газраас бусад эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг банкны нэр дээр шилжүүлэн өгсөн.

Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Гэрээний 2.1-д заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэж заасны дагуу 2.1-д заасан нөхцөл биелэгдэж, бид зээл, хүүгээ бүрэн төлж банктай үүссэн өр төлбөрийн харилцааг бүрэн дуусгавар болгосон. Талуудын хооронд 1/2-1159 тоот гэрээ байгуулах үед банкны зүгээс танай барьцаа хөрөнгөөр чинь зээлийг чинь бүрэн хаана. Гэхдээ та нар 2013.12.31-ний дотор бэлэн мөнгө төлөөд хөрөнгөө буцааж шилжүүлэн авч болно. Банкны хувьд одоогоор энэ хөрөнгийг шууд зарж чадахгүй байна гэсний дагуу бид зөвшөөрч Хадгаламж банкны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг буцаан худалдан авах зорилгоор 2011.06-р сараас 2015.08-р сар дуусах хүртэлх хугацаанд нийт 4,479,719,606.08 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрдөг. Банк дээрх эд хөрөнгийг өөрийн өмчлөх бусад үндсэн хөрөнгийн дансандаа бүртгэн авсан. Эд хөрөнгөтэй холбогдон гарах шууд зардлыг бүрэн хариуцаад эд хөрөнгүүдийг эзэмшилдээ байлгаач гэж хүссэний дагуу бид өнөөдрийг хүртэл бүх зардлыг хариуцан эзэмшилдээ байлгаж байна. Хариуцагч нь 2011.12.30-ны өдөр 121/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,075,024,864.94 төгрөгийн зээл олгосон, энэ зээлийн үлдэгдлээ төл гэдэг тайлбар хийдэг. Энэхүү зээлийг нэхэмжлэгч Арияа ХХК нь авч ашиглаагүй бөгөөд банк өөрөө авч ашигласан байдаг.

Эд хөрөнгөө буцаан авахаар 4,479,719,606.08 төгрөгийг төлсөн тул үүндээ дүйцүүлж, Алтан аураг констракшн ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Арияа ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м кв газрын эзэмшил, Баяваа ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15,870 м.кв газрын эзэмшил, Алтан аураг констракшн ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100,000 м.кв газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн өгнө үү. Тухайн үед барьцааны гэрээ байгуулж байхад үйлдвэр 2,200,000,000 төгрөг, 15,870 м.кв газрын эзэмшил 300,000,000 төгрөг, 10,000 м.кв болон 100,000 м.кв газрын эзэмшил тус бүр 350,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болно гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт заасны дагуу Хадгаламж банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банк ХХК-ийн чанаргүй активыг төлүүлэх, төрд учирсан хохирлын төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна.

Арияа ХХК нь Хадгаламж банк ХХК-иас дараах зээлийг авсан. Үүнд: 2010.06.03-ны өдөр 45 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 4,620,000,000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. 2010.06.03-ны өдөр 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Арияа ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөрт нь Арияа ХХК болон Хадгаламж банк ХХК-ийн хооронд 45 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ (Ипотекийн гэрээ)-г байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Мөн Хадгаламж банк ХХК болон Алтан аураг констракшн ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, хөдлөх эд хөрөнгүүдийн хамт барьцаалсан. Говь повер ХХК нь Монгол шуудан банк ХХК-иас 2009.08.27-ны өдөр зээлийн гэрээгээр 1,200,000,000 төгрөгийг сарын 1.2, жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлдэн авсан ба 2010.01.15-ны өдөр авсан мөнгийг 460,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Говь повер ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг тус тус барьцаалсан байна. Монгол шуудан банк ХХК 2010.03-р сард Хадгаламж банк ХХК-д нэгдсэн. Арияа ХХК-ийн зээлийн өр 5,816,069,781.74 төгрөг, Говь повер ХХК-ийн зээлийн өр 1,973,517,583.2 төгрөг, нийт 7,789,587,364.94 төгрөгийн зээлийн өрийг барагдуулах зорилгоор Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэрээгээр нийт 7,789,587,364.94 төгрөгийн өр төлбөрийг 2013.12.31-ний өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, тэр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаанд байсан Арияа ХХК-ийн асфальт бетон хольцын үйлдвэр, тус үйлдвэрийн байрлаж буй 10,000 м.кв газрын эзэмших эрх, Алтан аураг констракшн ХХК-ийн өмчлөл эзэмшлийн бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 100,000 м.кв газар эзэмших эрхийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлнэ, эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн нөхцөл биелснээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, хэрэв төлбөр төлөгч 2013.12.31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, төлбөр төлөгч үүргээ 2013.12.31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авна, төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацааны тухайн барилга, байгууламжийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардлыг бүрэн хариуцна гэж тохиролцсон юм. Арияа ХХК нь урьд шүүхэд 2013 онд Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж, үүнээсээ татгалзаж шийдвэрлэгдэж байсан.

Дээрх хөрөнгүүдийг Хадгаламж банк ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ Хадгаламж банк ХХК-ийн нэр дээр гарсан. Хөрөнгийг банкны өмчлөх бусад эд хөрөнгийн дансанд бүртгэсэн. Нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдийг манайд бүрмөсөн шилжүүлээд өр төлбөрөө хаасан, одоо буцаан худалдан авч байна гэж байна. Энэ нь тийм биш. 3 жилийн хугацаанд төлбөрөө төл, энэ хүртэл хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд авна гэсэн ба тэдний зээлийг бүрмөсөн хаасан биш. Хэрэв тэгсэн бол хөрөнгийг бид өөр дансанд бүртгэх байсан. Хөрөнгүүдийг энэ хооронд зарагдвал төлбөрт нь тооцох байсан. Нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл одоо 3,595,305,259 төгрөг байна. Хөрөнгөө буцаан авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд Банкны эрх хүлээн авагчаас Арияа ХХК-д удаа дараа өр төлбөрийг төлөх, хөрөнгийн эзэмшлийг хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, урьдчилан өгсөн мэдэгдлийн дагуу томилогдсон ажлын хэсэг үйлдвэрийн эзэмшлийг шилжүүлэн авахаар 2018.10.22-ны 11:00 цагт үйлдвэр дээр очиход хамгаалалтын компани хөлслөн ажлын хэсгийг дотогш оруулаагүй. Амины орон сууцны зориулалттай /100,000 м кв/ газрын тухайд Арияа ХХК нь тус газар дээр харуул буулган өөрийн эзэмшилд байлгаж байна. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ Хадгаламж банк ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлээгүй байна. Иймд манай өмчлөл, эзэмшилд шилжсэн 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон 100,000 м.кв газрыг Арияа ХХК-ийн эзэмшлээс, 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг Алтан аураг констракшн ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг Арияа ХХК-д даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд Хадгаламж банк ХХК нь Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулан, өмчлөл, эзэмшилдээ шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул Хадгаламж банк ХХК тухайн эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчилж, эзэмших эрхгүй. Төлбөр төлөгчийн зүгээс төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд нийт 4,479,719,606.08 төгрөг төлсөн боловч Хадгаламж банк ХХК нь барьцаалсан хөрөнгүүдээс нэг ч төгрөг болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлж, буцаан өмчлөл, эзэмшлийг шилжүүлээгүй. Арияа ХХК, Баяваа ХХК, Алтан аураг констракшн ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдийг Хадгаламж банк ХХК нь хуульд заасны дагуу манай компанийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атал тухайн обьектуудыг албадан чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан Алтан аураг констракшн ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100,000 м.кв, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалган, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8023/0003 дугаар бүхий 15,870 м.кв газар, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 10,000 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай асфальт, бетон хольцын үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100,000 м.кв газрыг Арияа ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг Алтан аураг констракшн ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг Арияа ХХК-д даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,837,348.21 төгрөгөөс 16,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,907,950 төгрөгийг, улсаас 6,679,398.21 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2048 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 265 дугаар зүйлийн 265.1 гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 265 дугаар зүйлийн 265.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай, асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг, мөн хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10,000 м.кв газар эзэмших эрхийг хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг тус тус нэхэмжлэгч Арияа ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100,000 м.кв газрыг Арияа ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг Алтан аураг констракшн ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 2048 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

1. Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны тухай:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Банкны тухай хуульд заасан төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр Хадгаламж банкинд Банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар өөрийн хөрөнгө алдагдсан Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэж, дээрх ажиллагааг хийж гүйцэтгэхийг Банкны эрх хүлээн авагчид даалгасан.

Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч банкны активыг төлүүлэх, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Хадгаламж банк нь тухайн үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс.сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн даатгалын корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 108.7 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр Төрд хохирол, зардал учирсан. Одоо Банкны эрх хүлээн авагчаас энэ хохирлыг банкны зээлдэгч нарын бодит төлбөрөөс барагдуулахаар ажиллаж байна.

2. Хяналтын гомдлын агуулгын тухай:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2.1. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ-г талууд огт маргаагүй байхад дүгнэн, тодорхойлж, маргаагүй үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэхэд талууд Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээний тухайд маргаагүй, энэ гэрээний хэлбэр, төрлийг талуудын хэн аль нь тодорхойлохыг хүсээгүй, харин тус гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан нэхэмжлэгч шаардаж, хариуцагч татгалзаж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар л маргасан.

Учир нь Хадгаламж банк ХХК, Арияа ХХК, Говь повер ХХК-ийн хооронд 2011.06.15-ны өдөр байгуулагдсан 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г өмнө хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Арияа ХХК нь 2013.04-р сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.05.21-ний өдрийн 737 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн. Эндээс тус гэрээг талуудын харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл буюу хүчин төгөлдөр гэрээ гэсэн үйл баримтыг өмнө нь шүүх тогтоож, дүгнэлт өгсөн.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тус гэрээг маргаагүй байхад тайлбарлан, дүгнэлт хийж, талуудын илэрхийлсэн хүсэлт зоригоос өөр байдлаар тодорхойлон хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалдаа талуудын хооронд 2011.06.15-ны өдөр байгуулагдсан 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл болохыг үндэслэлтэй тодорхойлсон байх боловч эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэн, Иргэний хуулийн тусгай ангийн холбогдох зохицуулалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээний урьдчилсан нөхцөлийн нэг нь талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх явдал юм.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй. Дээр дурдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээгээр талууд хоорондын нийт өр төлбөрийн хэмжээг тогтоож, төлбөрийн хуваарь тохирсон бөгөөд ийнхүү гэрээ байгуулснаар банк зээлийн гэрээний дагуу нэмж хүү тооцохоо зогсоосон байдаг. Мөн зээлийн өр төлбөрийг төлүүлэх зорилгоор харилцан тохиролцож, тус гэрээнд заасан эд хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн байдаг.

Эндээс үзэхэд төлбөр төлөгч талыг талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох хөрөнгийг худалдагч, төлбөр авагч талыг худалдан авагч тал гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгчийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн худалдагч гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Энд зөвхөн зээлийн гэрээний өр төлбөрийн харилцаанаас гадна өөр өр төлбөрийг нэмж тооцсон байдгийг дурдах нь зүйтэй.

2.2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад талууд маргааны зүйл болох хөрөнгийн үнэлгээний тухайд ямар нэгэн тодорхойлох нотлох баримтгүй байхад нэхэмжлэгч нь 4,479,719,606.08 төгрөгт тооцон, зарим хөрөнгийг шилжүүлж авах, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байршилтай, асфальт хольцын үйлдвэрийн зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үлдэгдэл төлбөр болох 3,595,305,259 төгрөгт тооцон үлдээх нь үндэслэлтэй хэмээн дүгнэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно.

Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээний 1.2.6-д зааснаар талууд нийт өр төлбөрийг барагдуулж дууссанаар дээр тус гэрээгээр банкны эзэмшил, өмчлөлд түр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, энд аль нэг хөрөнгийг салган үнэлэх, төлөлтийн хэмжээнд тохируулан хөрөнгийг хуваарилах боломжгүй байхад шүүх хөндлөнгөөс дур мэдэн салган үнэлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, маргаагүй үйл баримтыг тогтоон шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

2.3. Шүүхийн шийдвэрийн улмаас Банкны эрх хүлээн авагчийн барагдуулахаар ажиллаж буй Төрд учирсан хохирол дээр нэмж хохирол учирч байгаад гомдолтой байна.

Талууд харилцан тохиролцож, хүчин төгөлдөр гэрээ байгуулан, нэхэмжлэгчээс зээлийн барьцаа, батлан даалтад тавьсан зарим хөрөнгийг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж, зээлийн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсний дараа хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Үүнтэй холбоотой талууд маргаагүй бөгөөд гэрээний талууд үүргээ биелүүлэх явцад нэхэмжлэгч нь тохирсон төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Үүний улмаас бидний ажилд энэ хэмжээгээр зардал, чирэгдэл учирч, эрх ашиг сонирхол маань зөрчигдөж байгаа боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр төлбөрөө бүрэн төлөх хугацаа нэмж олгосоор өнөөдрийг хүрсэн. Гэтэл ийнхүү талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад шүүх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын дундуур орж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулан, гэрээгээр тохирсон нөхцөлийн буруу, зөвийн талаар байр сууриа илэрхийлсэн нь шүүх төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Энэ шийдвэрийн улмаас бид барьцаа хөрөнгөгүй болж, энэ зээлийн өр төлбөрийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч, Банкны эрх хүлээн авагчийн барагдуулахаар ажиллаж буй Төрд учирсан хохирол дээр нэмж хохирол учирч байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн хяналтын журмаар гаргаж буй гомдлыг бүхэлд нь хангаж, давж шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Арияа ХХК, Алтан аураг констракшн ХХК нь Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 тоот хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлалтай нэгж талбарын 8023/0003 дугаар бүхий 15,870 м.кв үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, СХД-ийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100,000 м.кв, амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрх, БГД-ийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот 10,000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын өмчлөгч, эзэмшигчээр тогтоолгох, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэхийг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, зээлийн төлбөрт банкны өмчлөл, эзэмшилд шилжсэн дээрх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх Алтан аураг констракшн ХХК-ийг БГД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж 65 хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, СХД-ийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100,000 м.кв, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг хөрөнгүүдийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг засч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2011.06.15-ны өдрийн №1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэж тодорхойлжээ.

 Тус гэрээнд нэг талаас төлбөр авагч Хадгаламж банк, нөгөө талаас төлбөр төлөгч Арияа ХХК, Говь повер ХХК-иуд оролцож, гэрээний 1-д Арияа ХХК-ийн зээлийн төлбөр 5,816,069,781.74 төгрөгт тооцож 2010.06.03.-ны өдөр Монгол шуудан банк ХХК-тай байгуулсан 45 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан, Арияа ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоотод байрлах, 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай иж бүрэн объектыг нэгж талбарын 8023/5017 дугаартай 10,000 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт, Алтан аураг констракшн ХХК-ийн эзэмшлийн СХД-ийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000 м.кв газрыг, Говь повер ХХК-ийн 1,973,517,583.2 төгрөгийн өр төлбөрт 2010.01.15-ны өдрийн НБГ/02 тоот Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалагдсан Алтан аураг констракшн ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэгдсэн БГД-ийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүр /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объектыг /Үл хөдлөх эд хөрөнгө/, Төв аймгийн Алтанбулаг сумын Гишүүний ам-1 нэртэй газарт орших 51 га хайрганы ордны 13784А дугаартай ашиглалтын зөвшөөрлийг тус тус зээлийн төлбөрийг төлж барагдуулах 2013.12.31-ний өдрийг хүртэл хугацаагаар банкны өмчлөлд болон эзэмшилд шилжүүлэхээр, гэрээний 2-т үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ Банкны нэр дээр гарснаар өмчлөл шилжсэнд тооцож, төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, 3.1.4.-т төлбөр төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж Банкинд хүлээлгэж өгөх, 4.1.2.-т төлбөр төлөгч нь өр төлбөрөө бүрэн төлсөн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг банк буцаан шилжүүлэх үүрэг хүлээхээр тус тус харилцан тохиролцжээ.

 Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэл болгосон боловч дээрх гэрээг хоёр өөрөөр тайлбарласан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ тодорхой заагаагүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг агуулга, үндэслэлд нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтыг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж дүгнэсэн атлаа тус гэрээ нь өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгож, эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний үүргийг тохиролцсон байна гэж эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул худалдах-худалдан авах гэрээ нь хоёр талын, хэн алины харилцан тохиролцсон, сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байх учиртай.

 Гэтэл хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлсэн, зохигч хэрхэн хэлэлцэн тохиролцсон нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шийдвэрт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа талаар заагаагүй, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах хуульд заасан шаардлагад нийцээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 Талуудын хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг 2011.06.15-ны өдрийн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэл болгож байх тул шүүх дээрх гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Дээрх нөхцөл байдлын улмаас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2048 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөрийн гомдлын заримыг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                           Г.ЦАГААНЦООЖ

                                                  Д.ЦОЛМОН

                                                          Х.ЭРДЭНЭСУВД