Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00097

 

Г.Грын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/02344 дүгээр шийдвэртэй,

Г.Грын нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 166,563,934 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Гр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулгад:  1.а. 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Т” ХХК-д цахилгааны инженерээр ажилд орж, 2012-2013 онд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд хөдөлмөрийн дотоод журам зөрчөөгүй.

2013 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа аваад тухайн оныхоо 09 дүгээр сард ажилдаа орох гэхэд “...ажил гарахаар дуудна...” гэж хэлсэн боловч дахиж дуудаагүй. Үүнээс хойш компанийн захирал удирдлагуудад хандан ажил олгож, цалин өгөх талаар удаа дараа шаардаж, ажил олгогчдын хариуг хүлээсэн боловч “...санаа зоволтгүй, хүлээж бай, бичиг баримтыг чинь тендерийн материалд ашиглаж байгаа, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг чинь бөглөөд өгнө, таныг ажлаас халаагүй...” гэж Хүний нөөцийн менежер Ж.Дархижав хэлсэн. Үүнээс хойш 20-30 удаа очиж лавлаж, 10-20 орчим удаа компанид хандсан боловч удирдлагууд нь надтай уулзаагүй.

  2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 15 минутад “Т” ХХК-ийн захирал Б.Гантөмөртэй уулзсан бөгөөд  2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Т/13-74 тоот ажлаас халсан тухай тушаалыг надад гардуулсан. Тушаалд ямар зөрчлийг хэдийд гаргасан, хэн шалган тогтоосныг үндэслэн гаргасныг би мэдэхгүй.  2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд намайг буруутай талаар хурлаар хэлэлцэж байгаагүй.

 Миний бие нэгэнт өөр ажилд орсон тул “Т” ХХК-д ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагагүй.

1.б. Харин “Т” ХХК-аас 2012 оны 06, 07 дугаар сарын цалин 1,499,832 төгрөг, 2013 оны 01, 02, 09,10,11, 12 дугаар сарын цалин 10,126,632 төгрөг, 2014 оноос 2017 оны цалин жил тус бүр 20,253,264 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сар хүртэл 3,375,544 төгрөг+16,877,720 төгрөг, 2019, 2020 оны цалин тус бүр 20,253,264 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 13,164,622 төгрөг, нийт 166,563,934 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

1.в. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардан авч, хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийг буцаасан бөгөөд энэ тухай надад мэдэгдээгүй. Тус шүүгчийн захирамжийг хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна.

“Т” ХХК-ийн захирал Б.Гантөмөрийг зүгээс 1,000,000 төгрөг өгөөд эвлэрэх санал гаргасныг би хүлээж аваагүй. Хэрэв компаниас тухайн үед ажлаас халсан тушаалыг надад гардуулсан, энэ талаар мэдэгдсэн бол нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсаны тэтгэмж авах боломжтой байсан. Мөн сургууль төгссөн диплом, ниймгийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг буцааж өгсөн бол ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2.а. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Г.Гр манай компанид 2012 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах төслийн ажилд өндөр хүчдэлийн цахилгааны инженерээр ажилд орсон. 2013 оны 01 дүгээр сард компанийн зүгээс ямар нэгэн төсөл хэрэгжүүлээгүйн улмаас ажилчид сул зогсолттой байсан ба энэ хугацаанд Г.Грыг “Номин констракшн” ХХК-ийн Цэцээ гүн хорооллын барилгын нам хүчдэлийн цахилгаан хангамжийн ажилд чанарын хяналт тавиулахаар томилон ажиллуулсан. Г.Грыг 2013 оны 07 дугаар сард Буянт Ухаа-1 хорооллын барилгын суурин дахь 6 кв-н ЦДКШ шилжүүлэх төслийн ажилд дахин ажиллуулсан.

2.б. Энэ хугацаанд хамт олны дунд ёс зүйгүй байдал гаргаж, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй зөрчил гаргасан тул Г.Гртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн. Тус шийдвэрийг гардуулах гэхэд “...хөдөө орон нутагт байна, Улаанбаатарт очих боломжгүй, бичиг баримтыг хүнээр дайгаад явуулчих...” гэх мэт байдал гаргасаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Мөн Г.Гр “...шуудангаар бичиг баримт явуулчих...” гэдэг боловч тухайн хаягтаа байдаг эсэх нь тодорхойгүй, “...нэг хэсэгтээ хөдөө байгаа...” гэсэн тул иргэний үнэмлэх дээрх хаягаар бичиг баримтыг явуулах боломжгүй байсан.

2.в. Нэхэмжлэгч шийдвэрийг гардан аваад ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 129.3  дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 166,563,934 төгрөгтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний бие 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Т” ХХК-д өндөр хүчдэлийн шугамын инженерээр ажилд орсон бөгөөд 2013 оны 09 дүгээр сард хөдөлмөрийг гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, намайг ажлаас халсан бөгөөд уг тушаалыг надад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан. Улмаар “Т” ХХК-аас удаа дараа бичиг баримт гаргаж өгөхийг шаардсан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай надад хэлээгүй. Үүний улмаас ажилласан жил тасарч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс гадна ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “...бичиг баримтыг нь олчихлоо ирж ав...” гэхэд нь очиход ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан. Тушаал гардуулах хүртэлх хугацаанд “...ажил гарвал дуудна, хүлээж бай...” гэж хэлж байсан. “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажиллгүй байсан хугацааны цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй хохирсоор байна. Тушаал гардаж авсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа эхэлж, хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргаж шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, түүний гаргасан давж заалдах гомдлын хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Г.Гр нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 2.1.“Т” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12/т-13 тоот тушаалаар Г.Грыг цахилгааны инженерийн ажил, албан тушаалд томилж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

  “Т” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн т/13-74 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 13.1.3, Компанийн дотоод журмын 13.2, 13.2.1-13.2.3-т заасныг баримтлан  Г.Грыг компанийн дотоод журамд үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тасалбар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Энэ тушаалыг Г.Гр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаа явуулсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2018/10372 тоот захирамжаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Г.Гр нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангаар төлөөлүүлж оролцож байсан ба шүүх 10372 тоот захирамжийг түүний төлөөлөгчид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулж өгчээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.Гр нь уг захирамжийг гарснаас хойш 1 жил 2 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авсан нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасан 1 сарын дотор гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Энэ тохиолдолд шүүхээс хариуцагчид холбогдуулах аливаа шийдвэр гаргах, үүрэг ногдуулах боломжгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2021/02344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА