Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00125

 

 

 

 

 

 

 

 

Р.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03057 дугаар шийдвэртэй

Р.Агийн нэхэмжлэлтэй, “Е” ХХК-д холбогдох

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Р.Аг “Е” ХХК-аас 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд хүү, алданги болох 17,000,000 төгрөг нийт 67,000,000 төгрөгт эвлэрч, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12/ШШ2017/00884 дугаартай захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн хувьд 17 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүлээн зөвшөөрч байна.

Харин 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Р.Аг Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/5 дугаартай байрны 1 тоот орон сууцыг “Ж” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг хуурамчаар үйлдэж, “Е” ХХК-д барьцаанд тавьж зээлийн гэрээ хийсэн. Мөн зээлийн хамтран зээлдэгчээр Р.Оюуныг оролцуулж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1806009601212 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, өөрөө хэргээ хүлээсэн мэдүүлэг, тус хэрэгт гэрчээр н.Александрын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 1806009601212 дугаартай хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3348 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг нөхцөл байдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 17 дугаартай “Зээлийн гэрээ”-г хэвээр үлдээж, Баянзүрх дүүрэг 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 44/5 дугаар байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан “Зээл болон барьцааны гэрээ”-тэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр 4 жил гаруй хугацаагаар үргэлжлэн явагдаж байгаа боловч өнөөдрийн байдлаар төлбөр төлөгдөөгүй. Барьцаа хөрөнгөнд ажиллагаа явагдаж эхэлтэл “ Ж” ХХК-аас гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар түдгэлзүүлж манай эрх, ашгийг хохироосон. 2016 оны “Барьцааны гэрээ”-гээр аль аль талаас тооцоход гэрээний болон гарын үсгийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн Р.Аг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Е” ХХК-д холбогдох 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Барьцааны гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Р.Аг нь манай компаниас гаргасан "зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр гаргуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад барьцааны гэрээ, гарын үсгийн талаар огт маргаагүй, одоо маргаад байгаа үйл явдлын талаар ямар нэг тайлбар хүсэлтийг тухайн үед гаргаагүй, эрхээ огт хэрэгжүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчиж, иргэний хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргаж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Энэхүү хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 4 жил гаруй хугацаанд явагдаж байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй, “Ж” ХХК нь энэхүү асуудлын талаар өмнө нь нэг ч өргөдөл, гомдол гаргаж байгаагүй атлаа барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах зэрэг барьцаа хөрөнгөнд ажиллагаа хийх үед хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаа дараа түдгэлзүүлж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчигдөж байна.

Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгааг үл харгалзан шууд барьцаа хөрөнгийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь илт нэг талыг барьсан учраас гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь зөвхөн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол” байх бөгөөд энэхүү тогтоол бүхий эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4/865 дугаартай мэдэгдэх хуудсаар “...Яллагдагч Р.Аг нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, Энхтайваны оргон чолөо 44/5 дугаар байрны 1 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ж" ХХК-ийн өмчлөлийн 92 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, “Ж" ХХК-ийн дүрэм зэрэгт хууль бусаар оруулан ерөнхий захирал Р.Оюуны гарын үсгийг хуурамчаар үйлдэн “Есөн шижир инвест” ББСБ-д 50,000,000 төгрөгийг барьцаанд тавьж залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн нотлох баримт, үйл баримтыг үнэлсэнгүй. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр прокурорын шийдвэр байсаар байтал шүүгч үүнээс давж барьцааны гэрээг шууд хүчингүйд тооцож шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны шүүхийн шийдвэр биш болохыг нотолж байна. Мөн энэхүү эрүүгийн хэргийг болон шинжээчийн дүгнэлт бусад холбогдох баримтуудыг ямар нэг байдлаар дүгнэж, шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байхгүйг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл дүгнэлт байна. Талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан бичгээр хийж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ямар нэг зөрчилгүй гэрээ болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Барьцаалуулагч тал болох Р.Аг, Р.Оюун нар нь “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох нь “Ж” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, тамга тэмдгээр нотлогдож байгаа учир энэхүү гэрээг байгуулахад хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчөөгүй, хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон ийм баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал гаргаагүй болохыг шүүх анхаарч дүгнэсэнгүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өрийн 102/ШШ2017/00884 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, мөн Р.Агт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр прокурорын тогтоол байсаар байтал барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 102/ШШ2021/03057 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсгээгүй. Харин барьцааны гэрээ нь хуурамч нотлох баримтыг үндэслэж, “Ж” ХХК-ийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан асуудал нь эрүүгийн хэргийн баримтаар нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр барьцааны гэрээ болон зээлийн гэрээнд зурсан гарын үсгийг биш гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад тодруулаагүй, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг  шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Р.Аг нь хариуцагч “Е” ХХК-д холбогдуулан тус компанитай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 17 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх 17 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 64,715,557 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Аг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 64,715,557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сар бүрийн 29-нд 7,190,617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7,190,621 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцлүүдийг тодорхойлсон бөгөөд уг нөхцөлүүд байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэх буюу шаардах эрх үүснэ

Гэтэл барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлдээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд  хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээрээ нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан юу шаардаж байгаа буюу зөрчигдсөн ямар эрхээ сэргээлгэх нь тодорхой бус байна.

Үүнтэй холбоотойгоор Р.Аг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан сонирхогч этгээд буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нөхцөл байдал тодорхой бус байх бөгөөд үүнийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.

5. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан байх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/03057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

       Э.ЗОЛЗАЯА