Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00085

 

                                                             У.Ө-ын нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаар магадлалтай,                                                                                                                                   

У.Ө-ын нэхэмжлэлтэй,

С.Б-эд холбогдох

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 542 м.кв талбайтай газрын үнэ 250,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Б.Намсрай  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  У.Ө нь хариуцагч С.Б-эд холбогдуулан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 542 м.кв талбайтай газрын үнэ 250,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-ээс 246,532,065 /хоёр зуун дөчин зургаан сая таван зуун гучин хоёр мянга жаран тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Ө-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,467,935 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,390,610 /нэг сая гурван зуун ерэн мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Ө-т олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаар  магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,390,610 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.15-ны өдрийн 101/ШШ2022/05293 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаартай магадлалыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-д заасны дагуу эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 11 сарын 29-ны 43 дугаар тогтоол, албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасны дагуу буцаан олгох хөрөнгийг тооцоолохдоо эхлээд надад олгогдсон хөрөнгийг тогтоож, тогтоогдсон хөрөнгийг гаргуулж, буцаан олгох зохицуулалттай. Ингэхдээ анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдааны үр дүнд гуравдагч этгээдэд шилжсэн ...тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542м.кв талбайтай.эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй газрыг С.Б- төлбөр авагчид олгогдсон хөрөнгө гэж Монгол улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр, хууль хэрэглэж үндэслэлгүй тогтоосон.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 11 сарын 29-ны 43 дугаар тогтоолын 16 дугаар зүйлийн 16.3.-т "Мөн зүйлийн 48.9-д заасан "өмчлөх эрхийг шилжүүлсэн... тухай шийдвэр" гэж энэ хуульд заасан журмын дагуу явагдсан албадан дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ амласан худалдан авагчийн буюу дуудлага худалдааны ялагчийн нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, эд хөрөнгийн унийг бүрэн төлсөн тухай болон өмчлөх эрх үүсэх үндэслэлийг тусгасан албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн гарын үсэг бүхий бичгээр үйлдсэн баримтыг хэлнэ” гэж заасан байдаг. Тус тайлбар зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөх эрх шилжин очих этгээдийн нэр тусгасан байх тухай тайлбарласан байна. Үүний дагуу тус дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ амласан Л.Т ялж "өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай шийдвэр"-ээр түүнд өмчлөх эрхийг шилжүүлсэн. Улмаар 2012.01.31-ний өдөр өмчлөх эрхийг түүнд шилжүүлэн өгсөн байдаг. Тус газрын өмчлөх төлбөр авагч С.Б- надад эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд олгогдоогүй, огт ирээгүй.

Гэтэл анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс тус тогтоолд тайлбарласнаас өөрөөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай шийдвэрт нэр нь тусгагдаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд мөнгөн хөрөнгө хүлээн авсан төлбөр авагч С.Б- надад тус газрын өмчлөх эрх олгогдсон гэж дүгнэж, хуулийг хэрэглэж, тус газрын үнэ 246,535,065 төгрөгийг надаар төлүүлэхээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хяналтын журмаар гомдол гаргаж буй шүүхийн шийдвэр, магадлал болох 2022.12.15-ны өдрийн 101/ШШ2022/05293 тоот шийдвэр, түүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаартай магадлалын дагуу нэг үйл баримт, нэг гэм буруугийн асуудлаар иргэн С.Б- би 2 дахь удаагаа шүүгдэж өмнө 7,330,000 төгрөгийн төлбөр төлж, одоо нэмж 246,535,065 төгрөгний төлбөрт төлөх нөхцөл бүрдсэн буюу “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” тухай.

С.Б- нь 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01822 дугаар ИХШХШТХ-ийн 182 дугаар зүйлийн 182.1-т заагдсан шийдвэрээр ШШГТХ-ийн 119 дугаар зүйлийн 119.1-т заасны дагуу 7,226,975 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Ө- нь тус төлбөрийг хүлээн авсан энэ тухай 2022 оны 11 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн байдаг.

Одоо түүний төрсөн эцэг Д.У, С.Ш нараас 38,523,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ тухай хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлдээ дурдсан. Анхан болон давж заалдах шатны шүүхэд учирлан тайлбарласан. Үүний дагуу 101/ШШ2019/01822 дугаар шүүхийн шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байна. Энэ нь тус нэхэмжлэл (ШШГТХ 119.1 зүйлийн дагуу үүссэн шаардах эрх) нэг үйл баримт, нэг гэм буруутай холбоотой бөгөөд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 66.1.6-д заагдсан "хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” нөхцөл байдал тогтоогдоно.

Энэхүү шалтгааны улмаас өмнө шийдвэрлэсэн, гүйцэтгэх ажиллагаа явагдаж төгрөг буцаан авах эрх үүсгэсэн шийдвэртэй ШШГТХ-ийн 119.1-т заагдсан шаардлага бүхий тус нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзах зохицуулалттай байна. Улмаар шүүхээс шүүх хуралдааны явцад энэхүү нөхцөл байдал илэрвэл ИХШХШТХ-ийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байдаг. Гэтэл Магадлалын 7-д “нэхэмжлэгч У.Ө- нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн нь маргаан бүхий газрын бүртгэлтэй холбоотой байна. Харин уг маргаан газрын үнийг хариуцагчаас гаргуулах тухай байх тул захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал бий болсон гэж дүгнэх үндэслэлгүй” гэсэн нэг өгүүлбэртэй Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хянуулах хүсэлтэй байна. Бодит байдал дээр шүүхийн энэхүү процесс ажиллагааны алдааны улмаас С.Б-эд ШШГТХ-ийн 119.1-т заасны дагуу үүсэх нэг үйл баримт, нэг гэм бурууд холбоотой харилцаанд 2019.06.18-ны өдөр нэгдэх удаагаа, одоо маргаж буй Шүүхийн шийдвэр, магадлалаар хоёрдох удаагаа төлбөр гаргуулах нөхцөл байдал үүсээд байна.

Нэхэмжлэгч нь одоо ШШГТХ-ийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй ба тухайн газартай холбоотой гэм буруугийн асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа. Ийнхүү гэм буруугийн асуудлаас үүссэн хохиролтой холбоотой нЭхэмжлэл гаргаж өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх боломжтой байхад ийнхүү дахин нэг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь гэм буруутай этгээд нь түүний эцэг Д.У болох учраас юм. Тус газрыг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дуудлага худалдаанд оруулсан шүүхийн шийдвэр гарах болсон шалтгаан болох нь түүний эцэг Д.У нь хүү У.Ө-аас У.Ө- бид нар гэр бүлийн дотоод зөрчлөөс болж таарч тохирохгүй байсан. Тийм учраас шүүгчийн шаардлагаар итгэмжлэл авч болохгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг нууж газрын албатай холбоотой маргаанд орно гэж итгүүлэн 2011.03.31-ний өдөр итгэмжлэл авсан” гэх хууль бус үйлдлээс улбаатай болох нь түүний шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэх тухай шүүх хуралд гаргасан тайлбараас харагддаг.

Иймээс нэхэмжлэгч өөрийн төрсөн эцэг Д.У-ийг хариуцагчаар татахаас зайлсхийж ШШГТХ-ийн 119 дугаар зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан нэг үйл баримтад тулгуурлаж, гурван холбогдогч байхад зөвхөн надад холбогдуулж 2 дахь удаагаа төлбөр төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн авч, зөвхөн намайг хариуцагчаар тогтоож, 246,535,065 төгрөгийг дахин гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Давж заалдах шатны болон анхан шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан зохицуулалтыг хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь тул энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Өмнө дурдсанчлан ШШГТХ-ийн 119 дугаар зүйлийн 119.1-т заагдсан зохицуулалт нь гэж заасны дагуу буцаан олгох хөрөнгийг тооцоолохдоо эхлээд надад олгогдсон хөрөнгийг тогтоож (мөнгөн хөрөнгө), тогтоогдсон хөрөнгийг гаргуулж (7,226,975 төгрөг түүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн), буцаан олгох (С.Б-ээс 7,226,975 төгрөг + Д.У, С.Ш нараас 38,523,825 төгрөг = 45,750,800 төгрөг буцаан олгох) зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс заасныг эсрэгээр нь тайлбарладаг ба ингэхдээ төлбөрт төлөгчөөс гаргуулсан хөрөнгийг тогтоож (газрын өмчлөх эрх), тогтоогдсон хөрөнгийг гаргуулж (газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх), буцаан олгуулах болон боломжгүй бол үнийг төлүүлэхээр гэсэн дарааллаар тус хуулийг тайлбарлан хариуцагчаас шаарддаг ба ингэж тайлбарлах агуулга, үзэл баримтлалд байхгүй, зөв, оновчтой ойлгогдохгүй. Улмаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс ийнхүү тус зохицуулалтыг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан шаардлага гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь мөн хуулийг агуулга, үзэл баримтлалаас нь зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл байдал болно.

Нөгөөтээгүүр хэдий 2011 оны 6 сарын 6-ны өдрийн 1322 дугаар шүүхийн шийдвэр хүчингүй болсон ч тухайн хэргийн хариуцагч болох У.Ө-, С.Ш, Д.У нар 2012 оны 1 сарын 31-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөхгүй үндэслэл болохгүй. Хэрэв тэд шүүхийн шийдвэрийг өөрсдөө биелүүлсэн бол тухайн газрыг дуудлага худалдаанд оруулах нөхцөл байдал үүсэхгүй байсан. Иймд хяналтын гомдолд дурдсан үндэслэлүүдийн дагуу У.Ө-аас иргэн С.Б-эд холбогдуулан гаргасан 2022.12.15-ны өдрийн 101/ШШ2022/05293 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.20-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00432 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагч С.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн                                     

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч У.Ө- нь хариуцагч С.Б-эд холбогдуулан Баянзүрх дүүргийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн газрын үнэ гэж 250,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 7. Анхан шатны шүүх хариуцагч С.Б-ээс 246,532,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Ө-т олгож, нэхэмжлэлээс 3,467,935 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

8. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлж, газрын үнийг тогтоохдоо Д.З-ийн “М” ХХК-тай байгуулсан гэрээний үнэ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын гаргаж байсан үнийн санал, маргаан бүхий газартай ойролцоо газрын одоогийн зах зээлийн үнэ ханш зэргийг үндэслэсэн гэжээ. 

9. Хариуцагч нь “... У.Ө-ын нэхэмжлэлтэй хэргийг дахин шийдвэрлэж, 2 шийдвэрийн зөрүү мөнгө болох 7,330,000 төгрөгийг С.Б- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушааж, У.Ө-т олгосон тул Д.Б-ийн хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй,  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг үндэслэл болгон маргасан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдааны ялагчийн хувьд өмчлөх эрхээ бүртгүүлсэн Л.Т-ийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан Д.З-ийн болон “М” ХХК-ийн эзэмших эрхийн талаар гарсан хууль ёсны бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох зохицуулалт биш болохыг дурдаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тайлбарласан байна.  

10. Хэргийн баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011.06.06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр хариуцагч У.Ө-, Д.У, Д.Ш нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-эд олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Баянзүрх дүүргийн 542 м.кв талбайтай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2011.07.18-ны өдрийн 5425 дугаар захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн үйл баримт тогтоогдсон болно.   

11. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2011.09.01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн 542 м.кв газрыг битүүмжлэн, хураан авч, төлбөр төлөгч нар газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч С.Б- нь мөн 300,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг гаргасан байна.  

12. Анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч тухайн газар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг 2011.12.02-ны өдөр  явуулж, ба худалдааны ялагч Л.Т-д газрыг 54,020,000 төгрөгөөр худалдан борлуулж, 53,522,910 төгрөгийг төлбөр авагч С.Б-эд олгосон байх бөгөөд хоёр дахь дуудлага худалдаанд Д.З /С.Б-ийн эхнэр/ оролцож байсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011.12.26-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

13. Дуудлага худалдааны ялагч Л.Т нь дээрх газрыг Д.З-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Д.З нь уг газрыг зэргэлдээ бусад газрын хамт “М” ХХК-д худалдсан байх бөгөөд хариуцагчийн “...Л.Т-тай бэлэглэлийн гэрээг халхавчилж хийсэн, худалдах-худалдан авах гэрээ байсан” гэсэн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.  

14. У.Ө- нь дээрх биелэгдсэн шийдвэрийг /2011.06.06-ны өдрийн 1322 дугаар/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02. 22-ны өдрийн 101/ШТ2019/00103 дугаар тогтоолоор хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосны дагуу хэргийг дахин хэлэлцүүлж, мөн шүүхийн 2019.06.18-ны өдрийн 1822 дугаар шийдвэрээр тухайн хэргийн хариуцагч У.Ө-аас 7,635,000 төгрөг, Д.У, С.Ш нараас 38,175,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгосон шийдвэр хүчин төгөлдөр болжээ.  

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, ...” боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” гэж зохицуулсны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсноор биелэгдсэн шийдвэр цуцлагдсан боловч барьцааны зүйл байсан газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бусдад худалдан борлогдсон тул уг газрыг бодитойгоор гаргуулах боломжгүй юм.  

16. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авахад 300,000,000 төгрөгөөр үнэлгээний санал өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2011.10.12-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх энэ үнэлгээг баримталж газрын үнэ 300,000,000 төгрөгөөс 45,810,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 485,935 төгрөг, С.Б-ээс зөрүү төлбөрт төлсөн 7,172,000 төгрөг, нийт 53,467,935 төгрөгийг хасаж, 246,532,065 төгрөгийг хариуцагч Д.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

17. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч У.Ө-ыг хариуцагч С.Б-ээс газрын үнэ шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

18. Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасныг зөв хэрэглэсэн байх тул хариуцагч С.Б-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй болно.

19. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга болон үндэслэлтэй адил байх бөгөөд гомдлын үндэслэл тус бүрд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, гомдлыг хангахгүй орхисон нь зөв байна.

Иймээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2023/00340 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар  хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,391,826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

         ШҮҮГЧИД                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                                                Д.ЦОЛМОН                                                           

                                             Х.ЭРДЭНЭСУВД