Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/00007

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/00007

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоот “Ж” ХХК /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг тоот “ЕББСБ” ХХК /РД: /

 

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.У, хариуцагчийн төлөөлөгч П.Г

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “ЕББСБ” ХХК-д холбогдуулан Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

1.1 Р.А нь “Ж” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг * тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж “Е ББСБ” ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээл авсан.

 

1.2. Дээрх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээг байгуулахдаа “Ж” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл болон компанийн дүрмийг хуурамчаар үйлдэн тус компанийн захирал Р.О-ы гарын үсгийг хуурамчаар зурсан. Ийнхүү хуурамчаар үйлдсэн болох нь эрүүгийн хэргийг шалгаж байх явцад Р.Аийн өгсөн өөрийнх нь мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолоор тогтоогдсон.

 

1.3. “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олгох ба энэ эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал болон захирлын хэн ч олгоогүй байна. Иймд дээрх барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.     

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “ЕББСБ” ХХК нь Р.А-тэй хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Р.А нь зээлийн төлбөр төлөхийг, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг тохирсоны дагуу шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

 

2.2. Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх үед “Ж” ХХК нь залилуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Р.Ат эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татуулсан боловч иргэний журмаар нэхэмжлэл гаргана гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд итгэмжлэл болон барьцааны гэрээнд “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсгийг хуурамчаар зурсан нь эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдохгүй болсон. Учир нь тухайн баримтуудыг хөдөлбөргүй үнэн гэдгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй.

 

2.3. Барьцааны гэрээг “Ж” ХХК-ийн эрх олгосон зөвшөөрөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг үндэслэн Р.Атэй байгуулсан ба Р.Отай гэрээ байгуулаагүй.

 

2.4. Барьцааны гэрээ 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ба уг гэрэээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дууссан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаар захирамж, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Ж” ХХК-иас Р.Ат олгосон итгэмжлэл, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 1806009601212 дугаартай прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/865 дугаартай мэдэгдэх хуудас, “Ж” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай албан бичиг,  “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Ж” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /I-ХХ-5-33, 142-149, 179-181  дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Эрүүгийн 201625012456 дугаартай хэргээс 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогч Л.Б-н мэдүүлэг, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрч Р.Оаас авсан мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3348 дугаар шинжээчийн дүгнэлт, 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч Ц.Батчимэгээс авсан мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Д.Александраас авсан мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1806009601212 дугаартай Прокурорын тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Ж” ХХК-ийн захирал Р.Оаас Р.Ат олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүрэг * тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 92,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “ЕББСБ” ХХК, Р.А нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ  /I-ХХ-ийн 120-140, 187-196 дугаар тал,

 

6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд бичгээр хийгдсэн №17 дугаар бүхий “Барьцааны гэрээ”-тэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх, шийдвэрлэгдсэн бол шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалаас барьцаа хөрөнгө болох “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг * тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй 92.8м2 талбай бүхий орон сууцны үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой бүх баримтууд, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Б-н 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчилсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар /бүртгэлийн дугаар 2121/, уг үйлдэлтэй холбоотой хавсаргасан баримтууд, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1806009601212 дугаар прокурорын тогтоолоор Равсалын А /РД:ФА61030461/-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргээс Р.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол   /I-ХХ-ийн 178 дугаар тал, 217-250, II-ХХ-ийн 1-16, 25-121, 128-131 дүгээр тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Р.А нь “Ж” ХХК-ийн дүрэм, “Ж” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрх олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн “ЕББСБ” ХХК-ийн барьцаанд тавьж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөг авсан. Итгэмжлэл болон барьцааны гэрээ, барьцаалбарт “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсгийг хуурамчаар зурсан нь баримтуудаар тогтоогдсон. “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олгох ба энэ эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал болон захирлын хэн ч олгоогүй болох нь тогтоогдсон. Иймд дээрх барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.     

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “ЕББСБ” ХХК нь Р.Атэй хуулийн дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргаснаар Р.А нь зээлийн төлбөрийг төлөхийг, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус зөвшөөрч, төлбөр төлөх хугацааг тохирсоны дагуу шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх үед “Ж” ХХК нь залилуулсан гэж гомдол гаргаж, Р.Ат эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татуулсан боловч иргэний журмаар нэхэмжлэл гаргана гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд итгэмжлэл болон барьцааны гэрээнд “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсгийг хуурамчаар зурсан нь эрүүгийн хэргийн баримтуудаар тогтоогдохгүй болсон. Тухайн баримтуудыг хөдөлбөргүй үнэн гэдгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй гэж үзэж байна. Барьцааны гэрээг “Ж” ХХК-ийн эрх олгосон зөвшөөрөл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг үндэслэн Р.Атэй байгуулсан ба Р.Отай гэрээ байгуулаагүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.     

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр “ЕББСБ” ХХК-иас Р.А нь 50,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 3.9 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байх ба уг гэрээний үүргийг “Ж” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг * тоотод байршилтай 92.8м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /ХХ-ийн 189-196, 218-231 дүгээр тал/

 

Р.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “ЕББСБ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний үүрэгт 64,715,557 төгрөг төлөх, үүргийг барьцаа хөрөнгөөр хангахыг Р.А хүлээн зөвшөөрч, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацааг талууд тохирч эвлэрсэн байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /ХХ-ийн 147, 234-237 дугаар тал/

 

Дээрх захирамжийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдов. /I-ХХ-ийн 249-250, II-ХХ-ийн 1-16 дугаар тал/

 

4.2. Р.А нь “Ж” ХХК-иас түүнд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайн итгэмжлэлээр “Ж” ХХК-ийн Баянзүрх дүүрэг * тоот хаягт байрлах Ү-*тоот улсын бүртгэлийн дугаартай, * тоот гэрчилгээтэй 92.8м2 талбай бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Банк, ББСБ болон иргэн, хуулийн этгээдэд зээлийн барьцаанд тавих, зээл хүлээн авах, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах, улсын бүртгэлд төлөөлөх, гэрээ бүртгүүлэх эрх”-ийг Р.Ат олгожээ. Уг итгэмжлэлийг “Ж” ХХК-иас олгоогүй буюу итгэмжлэл болон барьцааны гэрээнд “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсгийг хуурамчаар зурсан, мөн компанийн гишүүдийн тоог 2 болгон засвар оруулан өөрчилж Р.А нь өөрийн нэрийг хууль бусаар оруулсан үндэслэлээр гомдол гаргасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцдаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Ж” ХХК-ийн итгэмжлэл, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай барьцааны гэрээ, 11-730752 дугаартай барьцаалбарт зурагдсан гарын үсгүүд Р.Оы гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор мөрдөн байцаагчийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шинжээчээр томилжээ. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3348 дугаар Шинжээчийн дүгнэлтийн 2-т “Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Ж” ХХК-ийн итгэмжлэл, Нийслэлийн БГД-ийн ИХАШШ-ийн архивт хадгалагдаж байх “ЕББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Ат холбогдох 884 дугаартай хэргийн 9-р хуудас дахь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай “Барьцааны гэрээ”, 12-р хуудас дахь 11-730752 дугаартай “Барьцаалбар” зэрэг баримтуудад тус тус зурагдсан гарын үсгүүд нь Р.Оы гарын үсэг биш байна. Уг гарын үсгүүдийг дуурайлган зурсан байна” гэжээ.  Ийнхүү хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад цугларсан баримтуудыг үндэслэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн * дугаар тогтоолоор Р.Аийг “Ж” ХХК-ийн өмчлөлийн 92.8м2 талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, “Ж” ХХК-ийн дүрэм зэрэгт хууль бусаар засвар оруулан ерөнхий захирал Р.Оы гарын үсгийг хуурамчаар үйлдэн Есөн шижир банк бус санхүүгийн байгууллагад 50,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тухайн тогтоолын Олсон нь хэсэгт “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЕББСБ-ын нэхэмжлэлтэй Р.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64,715,557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64,715,557 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн хохирогч Л.Батбаяр нь Ж компанийн зүгээс иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогч П.Г ЕББСБ-ын зүгээс барьцаа хөрөнгөөс хохирол гаргуулах санал тус тус гаргасан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэжээ. /I-ХХ-ийн 22-28, 33, 140 дүгээр тал, II-ХХ-ийн 129-131 дүгээр тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3348 дугаар дүгнэлт нь бичмэл нотлох баримтад хамаарах ба уг нотлох баримтад авагдсан мэдээллийг үгүйсгэсэн ямар нэг баримт хариуцагч тал гаргаж өгөөгүй байна. Иймд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Ж” ХХК-иас Р.Ат олгосон итгэмжлэлд, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээ болон барьцаалбарт зурагдсан гарын үсэг “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсэг биш болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

4.3. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заасан ба энэхүү саналыг нөгөө тал нь хүлээн авснаар талуудын хүсэл зориг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болж гэрээ байгуулагдсан гэж үздэг. Иймд Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн, энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний агуулгад нийцжээ. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иймд барьцааны гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байна.  

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, ... заана” гэжээ. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээний талуудыг буюу барьцаалагч “ЕББСБ” ХХК, барьцаалуулагч Р.А гэж тодорхойлсон байх ба “Ж” ХХК болон Р.О нарыг гэрээний талуудаар тодорхойлоогүй байна. Иймд гэрээний оролцогч биш этгээд болох Р.Оы гарын үсэг гэрээнд зурагдсан нь, уг гарын үсгийг Р.О өөрөө зураагүй нь “ЕББСБ” ХХК, Р.А нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд илэрхийлэгдэж, хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар “ЕББСБ” ХХК, Р.А нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00884 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” захирамжаар “ЕББСБ” ХХК, Р.А нарын зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлаар тохирсон эвлэрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасанд нийцүүлсэн гэж үзнэ.    

 

Харин Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд Р.Оы гарын үсгийг хуурамчаар зурсан нь тухайн гэрээний үүргийг Р.Оаас шаардсан нөхцөлд ач холбогдолтой.     

 

4.4. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүссэнээр өмчийн хязгаарлагдмал эрх үүсдэг тул өмчийн эрх зүйн зохицуулалт нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл барьцааны эрх үүссэнээр өмчлөгчийн өмчлөх эрх хязгаарлагдаж байдаг. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж зааснаар барьцааны хөрөнгө нь барьцаалуулагчийн өмчлөлийнх биш буюу гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө байх тохиолдолд тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалж болох эсэх талаар өмчлөгчийн зөвшөөрлийг авах нь хуульд нийцнэ. Иймд барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байх тохиолдолд уг хэлцэл Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарна.

 

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасан ба уг зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй талаар Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан. Энэхүү зөвшөөрөл болон татгалзал нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар нэг этгээдийн хүсэл зориг байдаг бөгөөд уг хүсэл зоригоо хэлцлийн талуудад мэдэгдсэнээр хүсэл зориг илэрхийлэгдсэн буюу зөвшөөрөл олгосон эсвэл олгохоос татгалзсан гэж үзнэ. Иймд “Ж” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавих зөвшөөрлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр буюу бичгээр Р.Ат олгосон байна. Энэхүү зөвшөөрөлд “Ж” ХХК-ийн захирал Р.Оы гарын үсэг зурагдсанаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болох ба Р.Атэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулах этгээдэд зөвшөөрөл олгосон тухайгаа мэдэгдсэн гэж үзнэ.  

 

Ийнхүү олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийгч талуудын хооронд эрх зүйн ямар нэгэн үр дагавар бий болоогүй байвал хэлцэл хийхээс өмнө зөвшөөрлөө хүчингүй болгож болох бөгөөд энэ тухайгаа мөн хэлцлийн талуудад мэдэгдэнэ. Энэ талаар Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Р.А, “ЕББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө “Ж” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалах зөвшөөрөл олгоогүй болох нь мэдэгдээгүй /илрээгүй/, энэ талаар хариуцагчийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, мэдсэн атлаа гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин барьцааны гэрээ байгуулахаас өмнө “Ж” ХХК-иас зөвшөөрөл олгоогүй болох нь тогтоогдсон, үүнийг хариуцагч мэдсэн, мэдэх боломжтой байсан, мэдсээр атлаа гэрээ байгуулсан бол зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэл болох ба ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хариуцагчийг аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна.   

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах болохыг зохицуулсан. Энэ хэлцэлд тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиартогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарах болохыг Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар “ЕББСБ” ХХК-ийг барьцааны гэрээ байгуулахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэм буруутай, уг зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Иймд “ЕББСБ” ХХК, Р.А нарын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий барьцааны гэрээний оролцогч биш бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гараагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах бөгөөд Р.Ат холбогдох гомдлыг 2018 оны 1 дүгээр сард гаргасан үеэс тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “ЕББСБ” ХХК, Р.А нарын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 17 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА