Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 606

 

Д.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 910 дугаар магадлалтай, Д.Д-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Д.Д-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-аас 593,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Д-д, 2,868,459 төгрөг гаргуулж ....ажлын албанд тус тус олгож, Х.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,009,042 төгрөгийг, Б.Б-ы нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б, Г.Д нар эрүүл мэндийн болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Д-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх шударга шийдвэр гаргасан байхад магадлалаар хүчингүй болгосон. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээнд үндэслэж дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Д.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Х.Б-ийн нүүрэнд учирсан сорвийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, ...анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирол төлөөгүй, хор уршгийг арилгаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлөөгүй байхад ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Д.Д- нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлын хувьд үнэнч шударгаар ажилладаг төрийн албан хаагч юм. Хохирогчийн мөнгө нэхэмжилсэн баримтуудад хуурамч баримтууд байсан буюу өөрийн гэсэн регистртэй, дарга, нягтлангууд гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байсан.

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гуйж, “Harrier” загварын .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 2,749,000 төгрөг, “Mazda Demo” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Д-д 1,693,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 175,000, хохирогч Х.Б-д 1,860,750 төгрөг төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг нь нэхсэн хэмжээгээрээ авна гэснийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Бодит хохирлыг төлөхөөс биш давж заалдуулахгүйн тулд төлбөр төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Д.Д- нь цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Оюунчимэг хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримталж дүгнэсэн нь учир дутагдалтай байсан. Хохирогчийг хохиролгүй болгосон гэсэн хоёр үгээр гомдолгүй болсон гэж үзэж болохгүй. Шүүгдэгч тухайн үед согтуу байсан бөгөөд энэ нь нийгэмд аюултай гэмт хэрэг тооцогдоно. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын хохирлыг бодитоор төлөөгүй. Мөн эмэгтэй хүний гоо сайхны асуудал яригдаж байгаа. Д.Д- нь хохирогчийн сорвийг нь арилгуулахаар дагуулаад явж болох байсан. Өмгөөлөгчийн хувьд хохирлыг төлөхгүй гэж байгаа нь үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж байна. Х.Б нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос шүүгдэгч Д.Д-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу орсны улмаас хоёр хүний биед хөнгөн, хүндэвтэр хохирол, хоёр тээврийн хэрэгсэлд 4,543,000 төгрөгийн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 3,046,059 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохиролд тохироогүй,  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирол төлөгдөөгүй байхад төлөгдсөн мэт дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Д-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д- нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Тоёота королла румион” загварын 16-60 УН.... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа эсрэг урсгал сөрж “Тоёота Харриер” загварын ....улсын дугаартай, “Мазда Демио” загварын .....улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Бизъяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота харриер” загварын .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Д-т 2 749 000 төгрөгийн, “Мазда демио” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Д-д 1 693 000 төгрөгийн, ....албанд 2 868 459 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримтыг тогтоож, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, дээрх гэмт хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй дүгнэгдэх нөхцлүүд мөн бөгөөд хуулийн шаардлагад нийцжээ.

Гэвч уг шийдвэрийн эрүүгийн хариуцлагын талаарх үндэслэл, дүгнэлт нь хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахад шүүгдэгч Д.Д-ыг учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршгийг арилгаагүй байхад энэхүү хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, тэр талаар огт дүгнэлт хийгдээгүй зөрчлийг давж заалдах шатны шүүх тогтоож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Учир нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх боловч “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн нөхцлийн агуулга бодит байдалтай хэрхэн нийцэж байгаад дүгнэлт өгөх учиртай.

Шүүгдэгч ямар боломжид үндэслэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг зөвхөн түүний хэлсэн үгээр дүгнэж, улмаар үүнийг үндэслэн хорих оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн байх агуулгыг алдагдуулах бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг тул шүүхүүд энэ талаар заавал дүгнэлт хийвэл зохино.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул энэ талаар огт тайлбар, дүгнэлт хийгээгүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 910 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН