Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

 

2019            9            12                                              2019/ДШМ/910                                  

 

Д.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Д.Барсүрэн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дт холбогдох 1903001490156 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... Д, 1985 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 9-ний шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Сансар” үйлчилгээний төвийн урд замд “Toyota corolla rumion” загварын, 16-60 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалтад “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Энхтүвшингийн жолоодож явсан “Toyota harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай, Г.Даваацэрэнгийн жолоодож явсан “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota harrier” загварын, 79-58 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Дорлигт нийт 2.749.000 төгрөгийн хохирол, “Mazda Demio” загварын, 62-45 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Даваацэрэнд 1.693.000 төгрөгийн хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....... Дыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Д.Дт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Даас 593.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 18-36 тоотод оршин суух, ЧБ64121119 регистрийн дугаартай, иргэний нэхэмжлэгч Г.Даваацэрэнд, 2.868.459 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус олгож, Х.Бизьяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.009.042 төгрөгийг, Б.Бы нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Бизьяа, иргэний нэхэмжлэгч Б.Б, Г.Даваацэрэн нар эрүүл мэндийн болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг, Д.Дын иргэний болон жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Б давж заалдах гомдолдоо: “...Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, А33-3-12 тоотод оршин суух хаягтай боловч одоо дүү Үүрийнцолмонгийн хашаа байшинд ам бүл 6, дүү, сургуулийн насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Нөхөр маань 2017 онд нас барсан. 2019 оны 2 дугаар сарын 9-ний орой сар шинийн золголт хийж яваад зам тээврийн осолд орж, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны хохирол учирч, улсын болон хувийн эмнэлэгт 23 хоног хэвтэн эмчлүүлсэн. Уг ослыг иргэн Д.Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрж, олон тооны хашлага хайсыг эвдэн миний сууж явсан иргэн Г.Даваацэрэнгийн “Mazda demio” загварын автомашиныг мөргөн миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 110 хоног буюу 3 сар 20 хоног цагдаа, шүүх, прокурорт хянагдсаны эцэст 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж, хэргийг шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн. Уг хурлаар шүүгч Б.Дашдондов нь согтуугаар машин жолоодсон, хүний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан, урсгал сөрсөн, хайс хашлага эвдсэн зэрэг олон буруутай үйлдэл гаргасан шүүгдэгч Д.Дын хэргийг илтэд нэг талыг баримтлан шүүх хурлыг явуулсанд гомдолтой байна. Д.Д нь адилхан эмэгтэй хүн байж, миний гоо сайхан болон бие махбодид хохирол учруулсан гэм буруугаа ухаарч ойлгохгүй надтай үл тоон харьцсанд туйлын их гомдолтой байна. Согтуу хүний буруутай, ухамсаргүй үйл ажиллагаанаас болж, нүүрэндээ маш урт хэмжээний эвгүй гүн сорвитой үлдэж байгаад харамсалтай байна. Миний хөмсөг задарч оёдол тавиулаад, нүдний зовхи татагдаж оёгдсоноос болж 2 нүд том, жижиг бас хөмсөг зөрж, гоо сайхнаараа хохирсон. Шүүгдэгч Д.Д нь согтуу гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож, олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт үйлдлээ ухамсарлахгүй, жолоодох эрхийн үнэмлэхээ хураалгасан атлаа тээврийн хэрэгсэл жолоодож явааг нь шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Гэм буруугаа ойлгосон бол ийм айхтар осол гаргасан хүн жолооны ард суухгүй байсан. Энэ хүнийг гэм буруугаа ойлгосон гэхэд итгэхгүй байна. ...Д.Даас болж би болон миний гэр бүл давхар хохирч, амьдралд маш их өөрчлөлт орж, уур уцаартай, тайван бус амьдарч байна. Д.Дын буруутай, амиа бодсон, согтуу гэдгээ мэдсээр байж автомашин жолоодсон буруугаас болж миний биед хүзүүний 6 үеийн сэртэн яс хугарсан, зүүн талын дал хөндлөн хугаралтай, баруун талын духнаас нүдний төгсгөл хүртэл 10-12 см урт оёдолтой, 2 хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, нүдний ухархай өөрчлөлттэй, баруун чихнээс хоолой хүртэл зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт язралт гэх мэт шарх сорви үүссэн. Ослын улмаас мартамхай болж, байнга толгой өвдөж хатгуулдаг, даралт 150-с дээш ихэсдэг, эм уудаг, хүзүүний хөдөлгөөнд хүзүүвч зүүж 2 сар болсноос хойш шохойжиж хөшсөн, нүдний хараа илт муудаж, дотор муухайрах, нүд эрээлжилдэг болсон, өвчин намдаах эм удаан хугацаагаар ууснаас болж ходоод өвддөг болсон, далны хөдөлгөөнийг хорьж гарын сойлт зүүж удсанаас гар бүрэн тэнийхгүй болсон зэрэг үр дагаварууд гарч байна. Би эмнэлэгт олон хоног өвдөж, эм тариа хийлгэн унтаж амарч байхдаа ОРРА-А7 загварын гар утсаа хулгайд алдсан ба тухайн гар утсыг 1 сар барьсан, шинэ утас байсан бөгөөд энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Ослоос болж хиймэл шүд сугарч хугараад хийлгэж чадахгүй, хоол идэх үед хэцүү байгаа учраас шүдний наалт байнга хэрэглэж байна. Би барилгын бригадад тогооч хийдэг байсан ба ажлаа хийж чадахгүй 4 сар болж, эдийн засгийн хүнд хохиролд орж байна. Монгол Улсын иргэн аюулгүй орчинд амьдарч, хөдөлмөрлөх, амьд явах эрхтэй гэж хуульд заасан. Гэтэл бид ямар нийгэмд, яаж амьдраад байгаа юм бэ. Автотээврийн хэрэгт хөнгөн ял оногдуулж буруутай этгээдийг өөгшүүлж байхад яаж энэ төрлийн гэмт хэрэг буурах вэ. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянхошуунаас Яармаг руу явах замд Сонгинохайрхан дүүргийн 10 буудлын орчим автын осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэргийг иргэн Д.Д гэгч согтуугаар автомашин барьж, урсгал сөрөн миний сууж явсан “Mazda demio” загварын автомашины эгц урдаас хүчтэй мөргөн осол гаргасан. Эрүүгийн хэрэг 3 сар хянагдсаны эцэст 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд иргэний төлөөлөлгүйгээр шүүгч Б.Дашдондов даргалж, шүүх хуралдаан болсон. Уг хуралдаанаар хүний биед гэмтэл учруулж эрүүл мэндээр хохироосон шүүгдэгч Д.Дыг өмгөөлж, хамгаалсан маягтай шүүх хурал болсон гэж үзэж байна. ...Тухайн ослын улмаас миний биед нурууны диск хазайн 3 үе урагдаж гэмтсэн, бөөрөнд өөрчлөлт орж үрэвссэн, хөдөлмөрийн чадвар алдагдсан, нуруу гэмтсэнээс болоод босож суух хэцүү байсан, хүзүү хөшиж, баруун гар даагдахгүй зэрэг олон гэмтэл учирсан. Гэтэл шүүх миний эмчилгээ хийлгэсэн болон автомашин унаагаар үйлчлүүлсэн баримтыг авч хэлэлцэлгүй надад 175.000 төгрөгийн хохирол гаргуулахаар тооцсонд гомдолтой байна. Д.Дт улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, ял өгөхгүйгээр 1 жил тэнссэнд гомдолтой байна. Би Д.Даас болж 2 сар ажлаа хийж чадаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн нуруундаа MRI хийлгэх шаардлагатай ч мөнгөгүй учраас хийлгэж чадахгүй өвчин намдаах эм ууж байна. Иймд надад гарсан хохирлыг барагдуулж, хэргийг дахин хянаж үзнэ үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Согтуугаар жолоодсон гэдгээр хүндрүүлэх ёстой гэж яриад байна. Гэхдээ шүүхээс эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан. Өөр ял Эрүүгийн хуульд байхгүйг анхаарч үзнэ үү. Учруулсан хохирлын хувьд, хохирогч нарт учруулсан бодит хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан, гэм буруугаа ойлгож чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол гаргаж, сүрдүүлж байгаад хэдэн төгрөг нэмж авах санаатай байгаа байх. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг шийдвэрлэсэн, өөр нэмж гаргах нотлох баримтаар тогтоогдсон төлбөр байхгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэн, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, эсрэг урсгал сөрж орсноос 2 хүний биед хүндэвтэр, хөнгөн хохирол, 2 тээврийн хэрэгсэл мөргөж 4.443.000 төгрөгийн хохирол, мөн автомашины хөдөлгөөнийг тусгаарлах зорилгоор тавьсан төмөр сараалжин хайсыг /9 ширхэг/ дайрч эвдэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 3.046.059 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс Д.Дыг “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй хэдий ч цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон...” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал гэдэгт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэмт хэргийн улмаас хэд хэдэн хүн, машин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулсан байдал хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд хохирлоо нөхөн төлсөнд тооцоход учирсан хохирол болон түүнийг нотлох баримтууд хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

Д.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Х.Бгийн нүүрэнд учирсан сорвийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, иргэний нэхэмжлэгч Г.Даваацэрэнд учруулсан хохирлоос 593.000 төгрөг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд учруулсан 2.868.459 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, шийтгэх тогтоолоор дээрх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирол төлөөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролтой холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулаагүй, хор уршгийг арилгаагүй, үлдэх хохирлыг хэзээ, ямар хэлбэрээр, хэдэн төгрөгийн хэмжээнд, аль эх үүсвэрээр, хэрхэн төлж барагдуулахаа нотлож чадаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч нар эвлэрэн хэлэлцээгүй байхад анхан шатны шүүх хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын нэхэмжилсэн зарим хохирлыг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, улмаар шүүгдэгч Д.Дыг “цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр түүнд ял оногдуулахгүйгээр тэнссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

 

Цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шалгуур нөхцөл хангагдсан байхыг, мөн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд түүний “хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, өөрөөр хэлбэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ойлголтоор тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ хэлбэрийн хувьд авч үзэхгүйгээр шүүгдэгч бодитой байдлаар илэрхийлж байгаа, тодорхой хугацаанд хохирлыг төлөх санхүүгийн чадвартайгаа нотолсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг баримтын хэмжээнд төлж барагдуулсан, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг объектив шалгуурыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгтэй харьцуулан үнэлэх замаар авч үзэх нь тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний мөн чанарт нийцнэ.

 

Анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө шүүгдэгч илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.

 

Түүнчлэн уг ослын улмаас хохирогч Х.Бд духны баруун талын дунд хэсгээс эхлэн доош уруудан хөмсөгний голоор үргэлжлэн ухархайн ясны дээд гадна ирмэгийг дагаж, нүдний гадна булангийн түвшинд гадагш чиглэлтэй үргэлжилсэн хагас дугуй хэлбэртэй ойролцоогоор 8,5 см урттай хатуу овгор оёдол тавиулсан сорви үүссэн /1хх 133-135, 166/ байх ба шүүгдэгч нь энэ хохирол, хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээ аваагүй, идэвхи санаачилга гаргаагүй байна.

 

Мөн энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын “...учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Дт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН