Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0308

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар221/МА2017/0308

Улаанбаатар хот

Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1, Байгаль  орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Жамсрангийн Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан Цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, дутуу олгосон тэтгэмжийн 6 584 374 төгрөгийг хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаал шинээр гаргахыг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдоржид даалгаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганболор давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлоо гаргаж байна.

1.            Анхан шатны шүүх нь шүүх хурал хийсэн өдрөө шийдвэрээ амаар танилцуулсан бөгөөд амаар танилцуулсан шийдвэр, бичгээр гарсан шийдвэр нь илт зөрүүтэй гарсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг амаар танилцуулахдаа Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгосон юм. Мөн дутуу олгогдсон шүүх нэг хүний эрх ашгийг хүчээр хамгаалж, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөж болохгүй юм. Мөн дутуу олгогдсон тэтгэмжийн хэмжээг шүүхийн шийдвэрт огт танилцуулаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шинээр тушаал гаргахыг даалгасан шийдвэр гаргасан нь хуулийг илтэд зөрчжээ. Тухайн үед шүүхийн шийдвэрийг танилцуулж байхад шинээр тушаал гаргахыг даалгасан ямар ч шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа энэ талаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс энэ асуудал бүрэн нотлогдох болно.

2.            Нэхэмжлэгч Ж.Ө нь Дорнод хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилладаг байсан бөгөөд байгаль хамгаалагчийн цалин авч ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь ТЗ-2-5 зэрэглэлээр цалин авдаг байхад анхан шатны шүүх нь улсын байцаагчийн цалингаар бодож тэтгэмж олгуулахаар шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг зөрчиж шийдвэрээ гаргажээ ...

3.            Засгийн газрын 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дахь “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын” заасны дагуу тэтгэмжийн хэмжээг Ж.Ө-ийн хамгийн сүүлд хашиж байсан нэг сарын үндсэн цалинг нь төрийн албан ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэмцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалийн нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухай албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаар тооцож тогтооно” гэж заасны дагуу тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэж заасны дагуу Хамгаалалтын захиргаа нь дараах хүснэгтийн дагуу 17 803 322 төгрөгөөр үнэн зөв бодож нэхэмжлэгчид олгосон юм ...

Иймд анхан шатны шүүх нь Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт гаргаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ж.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

            Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг буруу ойлгож, маргаан бүхий захиргааны актыг зөв тодорхойлж шийдвэрлээгүй байх тул зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Засгийн газрын 405 дугаар тогтоолыг шүүх зөрчсөн. Хамгийн сүүлд хашиж байсан албан тушаал нь байгаль хамгаалагч байхад улсын байцаагчийн цалин хөлс авч байгаагүй хүнд энэ албан тушаалаар бодож тэтгэврийг тооцсон нь хууль бус юм” гэжээ.  

Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.Ө-т Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгохдоо түүний авч байсан төрийн захиргааны албан тушаалын ТЗ-2 зэрэглэлд хамаарах байгаль хамгаалагчийн цалингийн дунджаар тооцож 17.803.322 төгрөгийг олгожээ.

Нэхэмжлэгч Ж.Ө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авч,  Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ”, 3-д “Мэргэжлийн хяналтыг сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч болон байгаль хамгаалагч тус тус ажиллана”, 4 дэх хэсгийн 1-д “улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д “Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна” гэж тус тус заасны дагуу улсын байцаагчийн эрхтэйгээр байгаль хамгаалагчийн албан тушаалыг эрхэлж байжээ. 

Өөрөөр хэлбэл Ж.Ө нь байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “... зөрчил илэрвэл тэмдэглэл хөтөлж, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар холбогдох арга хэмжээ авхуулах” гэж заасны дагуу өөрөө болон бусад байгаль хамгаалагчийн илрүүлсэн зөрчилд улсын байцаагчийн хувьд хяналт тавьж, арга хэмжээ авах хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан, хариуцагчаас ч Ж.Ө-ийг улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч улсын байцаагчийн буюу ТЗ-6 зэрэглэлээр цалин авч байгаагүй гэж тайлбарладагаас үзвэл нэхэмжлэгч нь бусад байгаль хамгаалагчаас ялгаатай, байгаль хамгаалагч болон улсын байцаагчийн албан тушаалд ажиллаж байсан гэх үндэслэлтэй байна. 

Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлээр улсын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6 зэрэглэлд хамаарч байна.

            Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.2-т “... үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан  тушаалын нэг сарын үндсэн цалингийн гурван жилийн дунджаар тооцож тогтооно” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн “хамгийн сүүлд авч байсан үндсэн цалингийн дунджаар тооцох” талаар заагаагүй, харин “хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын үндсэн цалин”-ийн дунджаар тооцож нэг удаагийн тусламжийг олгохоор байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар төрийн жинхээн албан хаагч нь хуульд заасан тусламжийг авах эрхтэй бөгөөд төрийн байгууллагаас жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалинг дутуу өгч байсан нь нэг удаагийн тусламжийг дутуу өгөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч нь Ж.Ө-ийн хамгийн сүүлд ажиллаж байсан ТЗ-6 зэрэглэлийн улсын байцаагчийн албан тушаалын үндсэн цалингийн дунджаар нэг удаагийн тусламжийг тооцоогүй нь дээрх хууль, журмын заалтыг зөрчсөн байх тул дутуу олгосон тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн гомдолдоо “... шүүх ТЗ-6 зэрэглэлийн 5 шатлалаар олгосон нь буруу хэрэв ТЗ-6 ангилал гэж үзвэл 1 дүгээр шатлалаар тооцох ёстой” гээд тооцооллыг гаргажээ.

            Төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдүүлэх, шатлал ахиулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хууль журмууд болох Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ... цалин хөлсийг өөрчлөх ...” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын Долоо дахь хэсгийн 7.1-д “А”, “В” үнэлэгдсэн тохиолдолд цалингийн шатлалыг ахиулах, нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор тус тус заажээ.

Ж.Ө нь ТЗ-2 зэрэглэлийн 5 дугаар шатлал буюу хамгийн дээд шатлалаар цалинжиж байсан, байгаль хамгаалагч, улсын байцаагчаар 30 жил ажилласан нь нэхэмжлэгчийн  тайлбар, хөдөлмөрийн  дэвтрийн хуулбараар тогтоогдож байгаа зэргээс дүгнэвэл Ж.Ө нь тухайн байгууллагад үр дүнтэй, удаан жил ажилласан байх тул ТЗ-6 зэрэглээр цалинжиж байсан бол шатлал ахихгүй тухайн албан тушаалд анх томилогдсон иргэнтэй адил 1 дүгээр шатлалаар цалинжих байсан гэж үзэхээргүй байна. 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг буруу ойлгож, тусламж олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дутуу олгосон тусламжийг олгох шийдвэр шинээр гаргахыг даалгасан нь ойлгомжгүй болжээ. 

Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч Ж.Ө-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх  тул уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн нэг удаагийн тусламжийг бүрэн олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон тусламжийг Ж.Өт олгохыг хариуцагчид даалгах агуулгатай өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3, 4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Ж.Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын Ж.Өт төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тусламжийг бүрэн олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон 6.584.374 төгрөгийг Ж.Өт олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ж.Ө-ийн гаргасан “Дорнод аймгийн Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ