Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 619

 

К.Т-өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 906 дугаар магадлалтай, К.Т-өд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч прокурор А.Бямбацэемаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, С овогт К.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх К.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын дотор буюу нэг сард 150 000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар К.Т-өөс 2 654 000 төгрөг гаргуулж Л.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос К.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Т-өд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус дүүргийн прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч К.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч, прокурор А.Бямбацэемаа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

1. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан. Хохирогч Л.Б нийт 5 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн мэдүүлэг бүрт К.Т-ийг хоолойг нь боож, заамдаж аваад 3-4 удаа нүүр рүү нь цохисон талаар удаа дараа, тогтвортой мэдүүлдэг. Мөн хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Ц.Т-н “...бид нар уг пабд үйлчлүүлж дуусаад гарах дөхөж байхад Б, З хоёртой маргалдаад бид 3 гарсан. Бид 3 маргалдаж байхад цаана Т, Б маргалдаад хэрэлдээд байж байсан. Би Б, З хоёртой маргалдаад байж байсан болохоор Т Б-г цохисныг хараагүй. Харин маргалдаж байхыг харсан..., Т-тэй маргалдсан. Түүний дараа Б ахын нүд нь хавдаж, шүднээс нь цус гарсан байсан. Бас Т ахын гар нь халцарч, гарт нь шүдний ором гарсан байсныг харсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...3795 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогддог.

Хэдийгээр тухайн цаг хугацаанд хохирогч Л.Б нь бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зодолдсон талаар бусад гэрчүүд мэдүүлдэг боловч энэ нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан К.Т-ийн үйлдлийг үгүйсгэх нотлох баримт биш бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, хохирол, хор уршиг, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шалгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд буюу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж, хохирогч Л.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төр хамгаалахад, нөгөөтэйгүүр К.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хангалттай цугларсан гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад хүргэсэн үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг хуульчилсан бөгөөд хохирогчийн “К.Т- миний хоолойг боож, 3-4 удаа цохисон” гэх мэдүүлгүүд байдаг. Мөн гэрч н.Төмөрсүх үүнийг давхар нотолдог. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл учирсан нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын эсэргүүцлийг үндэслэн К.Т-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх К.Т- нь Баянзүрх дүүргийн ....нутаг дэвсгэрт иргэн Л.Б-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл, зүүн зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч К.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх К.Т-ийн үйлдэл хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн болохыг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгож болохгүй” гэж хууль тогтоогч эрх хэмжээг нь хуульчилжээ.

Энэхүү хэм хэмжээний агуулга нь анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтынхаа нотолгоо болгосон аливаа баримтыг эсрэг агуулгаар нь тайлбарлах, үгүйсгэж тайлбарлан шинээр үйл баримт тогтоох, тогтоосон үйл баримтыг үгүйсгэхэд ашиглахыг хориглосон агуулгатай байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзнэ.

Харин, эсрэг агуулгатай, үйл баримтыг нь үгүйсгэсэн нотлох баримтыг ашигласан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх агуулгыг илэрхийлж чадахгүйд хүргэдгээс гадна, уг нотлох баримтыг үгүйсгэж, эсхүл няцааж чадаагүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцогддог тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлдэг.

Гэвч энэхүү тохиолдолд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл К.Т-ийн үйлдлийг нотолсон баримтуудыг шууд үгүйсгэсэн хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй, гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар маргалдаж, К.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Л.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан, үүнийг гэрч, шинжээчийн дүгнэлт хангалттай баталж, нотолсон гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 906 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН