Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 205/МА2019/00024

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

/Говь-Алтай аймгаас онлайнаар/: Ж.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Ж.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт оршин суух иргэн Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Завхан аймгийн Түдэвтэй сумын төвд амьдардаг билээ. 2017 оны 10-р сарын дундуур Сантмаргац сумын иргэн С.******* утасдаад ямааны наймаа хийх мөнгө байна уу хамтарч хийе гэсэн. Мөнгө зээлээр бол олдоно гэсэн чинь тэгвэл хийе зээлийн хүү бол асуудалгүй ашигтай наймаа гээд байхаар нь хоёулаа тохирч зээл авахаар болж наймаагаа дуусгаад зээлээ хүүгийн хамт төлөөд цэвэр ашгийг 30% *******од өгөхөөр тохирч 2017 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 08-ны өдрийг хүртэл ******* банкны мобиалаар 56.500.000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн болно. Ингээд ямаа 35.000-65.000 төгрөгийн хооронд авч эхэлсэн бөгөөд мөн махтайгаа цуг арьс сүүлдээ борлонгийн арьс зуданд хорогдсон ямааны арьс авч байхдаа махаа хот руу явуулж борлуулж байсан юм. Тэгэхээр нь би чинь мах ширнийхээ ашиг орлогоо тооцоод надад хэлээч гэхээр би тэгж тооцдоггүй. Айх зүйлгүй мөнгөө л олж явуул гээд байхаар нь итгээд мөнгө шилжүүлж байсан. Хэд хоногийн дараа би танайд очиж хэд хоноё гэхээр хэрэггүй харин хот явж эндээс явуулсан ачааг зарж борлуул гэсний дагуу хот явж махыг нь борлуулж 27080.0 төгрөгийг *******ын дансанд шилжүүлж 2009300 төгрөгийг тээврийн хөлс 2 жолоочид шилжүүлсэн. Ингээд 03-р сарын 08-нд ачиж явуулсан ачаа нь дутуу ачуулсан байхаар асуусан чинь би ашгаа авсан надад өөр авсан зүйл байхгүй гээд утсаа таслаад аваагүй. Тэгэхээр нь зээлээр хотод өгсөн арьс сүүлд ирсэн 550 ямаа 200 борлон зэргийг Цэрэндоржтой утсаар ярьж 42664,0 төгрөг болгоод зээл хүүгээ төлсөн чинь үндсэн мөнгөнөөс 16,662,00 төгрөг дутаж байна. Энэ талаар *******од хэлэхэд хотод байгаа хамгийн өндөр ханшаар тооцсон. Одоо өгөх мөнгө болсон. Би ч гэсэн адилхан шатсан гээд байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багт оршин суух С.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.******* надад 56,500,000 төгрөгийг мобиалаар шилжүүлж түүхий эд болон мах авхуулсан юм. Энэ мөнгөнд нь би ачааг нь явуулж, өөрөө борлуулалтыг нь хийсэн. Энэ хүн маань надаас 16,662,000 төгрөг нэхэмжилжээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би өөрөөс нь ажлын хөлс авна. Би харин энэ хүнд ачаа бараа явуулаагүй мөнгийг нь ашигласан бол хариуцлага хүлээнэ. Энэ хүн маань борлуулалт хийхэд дандаа дутна. Хэлэхээр чи дуугай бай гэж хэлнэ. Зарим барааны үнэ нь тооцоонд ороогүй. Жишээ нь доод тал нь өлөнгийн үнэ аваагүй гэж хэлдэг юм. Өөрөө мэдэж байгаа. ******* гуай өөрөө арьсаа хүлээж авалгүй. Өөр хүнийг хүлээж ав гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь 300ш арьс солигдсон. Банкны мөнгө хийх гэж байна түргэн ачуул гээд байхаар нь би өөрөө машинаараа Сонгино сум оруулж ачуулсан гэжээ.

 Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 10 сард С.******* надтай хамтран ажиллах санал гаргаж байсан. ******* би сумандаа ямаа авч байна. Ямаа авахуулж байсан хүн маань ямаагаа аваад дуусчихсан хүмүүс ямаа өгье гээд байна. Надад мөнгө байхгүй. Хоёулаа ямааны наймаа хийе гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө бас байхгүй байдаг гэсэн чинь та мөнгө зээл, мөнгө л ол би ямааны мах, арьс шир аваад байж чадна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгө зээлж олно. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хоёулаа хувааж төлнө. Наймаагаа дуусахаар цэвэр ашгаа 30 хувь, 70 хувиар авъя гэхэд ******* тэгье гэсэн. Тэгээд би хүнээс хадгаламж барьцаалсан зээл болон өөрөө зээл авсан. Би эхлээд *******ын данс руу 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш *******ын данс руу нийт 56.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******* ямааны мах авч Улаанбаатар хот руу явуулж зарж байсан. Би сүүлд нь Улаанбаатар хот явж *******ын авсан махыг зараад мөнгийг нь буцаагаад *******ын данс руу шилжүүлж байсан. ******* ямааны арьс шир, махыг 3 удаа Улаанбаатар хот руу ачуулсан. Би түүнийг нь Улаанбаатарт хүлээж аваад зарж борлуулаад мөнгийг нь ******* руу шилжүүлсэн. Тухайн үед цагаан сар тулсан байсан учраас арьс шир, мах авах хүн байхгүй. Үлдэгдэл бараагаа зээлээр өгсөн. Байж байгаад цагаан сарын дараа 03 сарын дундуур үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авсан. Гэтэл наймааны явцад ******* маш их хэмжээний түүхий эд байна машинд багтахааргүй байна гэхээр нь аймгийн төвөөс*******ий гэдэг жолоочтой хөлс мөнгийг нь тохироод том машин явуулсан. Гэтэл над руу 550 ширхэг ямаа, 200 ширхэг борлон, 678 нэхий, 22 үхрийн шир, 1 тэмээний мах арьстайгаа явуулаад одоо болчихсон би өөрөө ашгаа авсан танд өгөх өөр зүйл байхгүй гээд утсаа тасалсан. Би түүхий эд ачсан машинаасаа түрүүлж Улаанбаатар хот ороод ачаагаа хүлээн авч зараад *******той ярилцаж асууж байгаад өгдөг байсан. Би *******од хоёулаа уулзаж тооцоо нийлье гэхэд надад тийм боломж, зав байхгүй гэж хэлсэн. *******ыг надтай ирж уулзахгүй болохоор нь би эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл ******* эвлэрүүлэн зуучлал дээр тохиролцохгүй гэсэн. Тэгээд би *******ыг хоёулаа уулзаад сайн ярилцъя гэхэд ******* уулзаж ярилцах шаардлагагүй гэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******од явуулж байсан мөнгөө нэмж үзэхэд нийт 65.200.000 төгрөг болсон байна. Түүнээс би гар дээрээ 42.660.000 төгрөг миний дансанд эргэж орсон байсан. Би тэр мөнгөнөөс хүнээс зээлсэн мөнгөө төлсөн. Миний үндсэн мөнгөнөөс нийт 16.600.000 гаруй мөнгө дутаж байгаа учраас түүнийг *******оос нэхэмжилж байна. Хамгийн гол нь ******* надтай тооцоо нийлээгүй. ******* руу шилжүүсэн мөнгө дансны хуулга он сар өдөртэйгээ байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. ******* нь *******той ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ямааны наймаа хийхээр болсон. Гэтэл ямааны наймаа нь сүүл рүүгээ түүхий эдийн наймаа болсон. Ингэж наймаа хийхдээ *******аас *******од нийт 56.500.000 төгрөг *******ын данс руу шилжигдсэн. Нийт 3 удаагийн ачаа *******т ирсэн. ******* эхний 2 ачааг хүлээж авч борлуулаад *******од мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Энэ нь нийт 27.800.000 төгрөг болсон. Энэ нь дансны хуулган дээр улбар шар өнгөөр тодруулсан байгаа. 3 дахь ачааг борлуулахад нийт 49.000.000 төгрөг болсон. Түүнээс 9.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр нэг өдрийн дотор *******ын данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулган дээр харагдаж байгаа. Үүнээс үлдсэн 16.500.000 төгрөгийг ******* ачаа нийлүүлсэн гээд өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. ******* *******той тооцоо нийлье гэхээр тооцоо нийлэхгүй яваад байсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 16.662.650 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2017 оны 10 сарын 20-ноос 2018 оны 03 сарын 08 хүртлэх хугацаанд ******* түүхий эд авч өгөөч гэж ******* руу мөнгө явуулдаг байсан. *******ын явуулсан мөнгөөр нь ******* түүхий эд аваад машинд ачиж явуулдаг байсан. *******, ******* хоёрын хооронд хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгний ачаа явуулснаас хэдэн төгрөгний ачаа дутуу буулгаад *******ын явуулсан ачаанаас хэдэн төгрөгний ачаа дутуу буулгасан гэсэн тооцоог ******* хэлж байгаагүй. *******ыг ачаа явуулах болгонд ******* өөрөө хүлээж авдаггүй өөр хүнээр авахуулдаг байсан асуудлууд тухайн үед гарч байсан. Ачаа ачсан машины жолооч ачаа ачуулснаар нь ******* руу ярихаар ******* ******* руу яриад ачаагаа хүлээж ав гэхээр ******* би тэнд явж байна, энд явж байна чи наад хүндээ хүлээлгээд өгчих гэдэг байдлаар явагддаг байсан. Тухайн үед ******* ачаагаа өөрөө хүлээж авдаггүй. Өөр хүний хүлээж авсан ачаанаас нь хэдэн төгрөгний ачаа дутагдалтай байсан, уг түүхий эдээ хэдэн төгрөгөөр борлуулдаг байснаа *******од хэлж ярьдаггүй байсан. ******* ярихдаа би сумандаа арьс шир, нэхий мал, мах авахдаа *******тай утсаар ярилцаж энд ийм үнэ ханштай байна, ийм үнэ ханшаар би авч байна болох уу гэж асуугаад авдаг байсан. Сумаас явуулсан ачааг ******* Улаанбаатар хот оруулж Улаанбаатар хотын ханшаар миний авсан үнэн дээр дор хаяж 8000-10000 төгрөг нэмж борлуулдаг байсан. Түүнээс биш би мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн үед надад ашиг өгнө гэж хэлээд өгөөгүй. Харин ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хүн нь би байх. Би *******аас авсан мөнгөндөө ачааг нь явуулдаг байсан. Надад *******тай тооцоо байхгүй тийм учраас би *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар хэлдэг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх:

1. Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ын нэхэмжлэлтэй С.*******оос хамтран ажиллах гэрээний үүрэгт 16.662.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.260 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

  4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян улаан багт оршин суух С.*******оос /утас ******* дугаартай иргэнээс/ 16.662.000 төгрөг нэхэмжилсэн юм. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд энэ хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү.

Жич: Шүүх хуралд өөрийн биеэр оролцож тайлбар гаргана гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* гэх хүн 2017 оны 10 сарын 20-оор надтай яриад ямааны наймаа хийе гэсэн. Би мөнгөгүй байгаа тул та мөнгө гаргаад хийе ашигтай наймаа гэсэн. Би мөнгө зээлээд бүх наймаагаа дуусаад цэвэр ашгийнхаа 70 хувь, 30 хувиар тохироод наймаагаа эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мобайл банкаар мөнгө шилжүүлсэн. Энэ хооронд 56500 мянган төгрөг шилжүүлсэн. Би сантмаргаз суманд очиж түүхий эд авалцъя гэхэд ******* намайг Улаанбаатар хотод очиж борлуул гэсэн. Би хот явж *******ын таньдаг нутгийнх нь жолоочоор ачаа ирсэн. Тэр барааг нь мах маркетад аваачиж өгсөн. Мах маркетад гологдож аваагүй махыг нь би борлуулсан. Мах маркетад өгсөн махын мөнгө ******* руу тэндээсээ өгөгдсөн байх надад ирээгүй. Энэнээс өмнө надруу яриад Хотруу мах явуулах гэсэн таньдаг хүн байдаггүй гэхэд Хотод мах зардаг таньдаг хүнрүүгээ яриад хүнтэй холбож өгсөн. Тэгсэн *******ын махнаас 70 ширхэг гулуузыг зараад надад 2917.0 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжиж орж ирсэн. Би тэр дор нь ******* руу 3.0 сая төгрөг болгон шилжүүлчээд үлдсэн 10 гаруй тонн махыг ******* борлуулсан. Дараа нь ирсэн гологдсон 339 кг ямааны махыг 2200 төгрөгөөр өгөөд 745.0 мянган төгрөг, 553 кг үхрийн махыг 3000 төгрөгөөр өгөөд 1659.0 мянган төгрөг, 192 кг адууны махыг 3700 төгрөгөөр өгөөд 710400 төгрөг болж, нийт 3150200 төгрөг болсон. Үүнээс эмээлтээс мах нааш нь ачуулсан машины жолоочид 68200 төгрөг өгч үлдсэн 3047.0 мянган төгрөгийг ******* руу 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Маханд ******* Базаа 2-ын хооронд махны зөрүү гарсан. 2 дахь ачаа мөн нутгийн жолооч Базаагаар хонины мах 1250 кг ирсэн. 765 кг махыг 3000 төгрөгөөр өгөхөд 2295.0 мянган төгрөг, 249 кг махыг 2200 төгрөгөөр өгөхөд 547800 төгрөг, 236 кг махыг 1650 төгрөгөөр өгч 389400 төгрөг, нийт 3332200 төгрөг болсныг *******ын данс руу шилжүүлсэн. Мөн ямааны мах цуг ирсэн. 1903 кг ямааны махыг 3000 төгрөгөөр өгөхөд 5709.0 мянган төгрөг, 1142 кг махыг 2100 төгрөгөөр өгөхөд 2398.0 мянган төгрөг болж, нийт 8107.0 мянган төгрөг болсноос таксинд 7000 төгрөгийг өгөөд 8100.0 мянган төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн.

3 дахь ачаа 2018 оны 02 сарын 05-ны өдөр Сантмаргац сумын жолооч *******аар ирэхэд 300 ямааны арьс явуулсан гэсэн боловч 1 ямааны арьс дутсан байсан. Өглөө 7 цаг болж байхаар над руу утсаар эмээлтэд ачаа ирлээ гэж хэлсэн. Намайг эмээлт рүү явж байх хооронд өөр арьстай солигдсон байсан. Өөрийнхөө ярьсан хүнтэй арьс солигдсон байна гэхэд би таныг хохиролгүй болгоод өгье гээд нэг арьсыг 27750 төгрөгөөр авч 8300.0 мянган төгрөг өгсөн. Дараачын ачаа 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цэцэн-Уул сумын Ганжид гэдэг жолоочоор том арьс 345 ширхэг ирснийг 33000 төгрөгөөр өгөөд 11385.0 мянган төгрөг, дундын арьс 50 ширхэгийг 20000 төгрөгөөр өгөөд 1 сая төгрөг, борлонгийн арьс 500 ширхэгийг 17000 төгрөгөөр өгөөд 8500.0 мянган төгрөг, 100 ширхэг арьсыг 17500 төгрөгөөр өгөхөд 1750.0 мянган төгрөг, 30000 төгрөгөөр 2 арьс 60000 төгрөг, тэмээний 11 арьсыг 35000 төгрөгөөр 3850000 төгрөг болж, нийт 23080000 төгрөг. Энэ ачаатай цуг мах ирсэн. Хонины мах 83 кг болсон тэрийг 3400 төгрөгөөр өгөхөд 282200 төгрөг, ямааны мах 21 ширхэг буюу 330 кг махыг 2500 төгрөгөөр өгөхөд 825.0 мянган төгрөг, 27 ширхэг мах 231 кг махыг 1000 төгрөгөөр өгөөд 230000 мянган төгрөг, адууны 162 кг мах 3200 төгрөгөөр өгөөд 518400 төгрөг, үхрийн мах 2 ширхэг 111 кг 2400 төгрөгөөр өгөөд 266400 төгрөг болж, нийт 2223000 төгрөг болсон.

2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан Улиастай сумын жолооч*******ий гэдэг хүнээр ямааны арьс 544 ширхгийг 29000 төгрөгөөр өгөөд 15776.0 мянган төгрөг, борлонгийн арьс 200 ирснийг 16000 төгрөгөөр өгөөд 3200.0 мянган төгрөг, нэхий 678 ирснийг 3500 төгрөгөөр өгөөд 2373.0 мянган төгрөг, 1 тэмээний 200 кг махыг 2000 төгрөгөөр өгөөд 400.0 мянган төгрөг, тэмээний шинэ нэхий 35000 төгрөг, үхрийн шир 22 ширхэгийг 25000 төгрөгөөр өгөөд 550.0 мянган төгрөг, адууны шир 2 ширхэгийг 15000 төгрөгөөр өгөөд 30000 төгрөг болж нийт 22364000 төгрөг болсон. Ингээд нийт *******ын ирсэн барааг улаанбаатар хотод зарсныг тооцож үзэхэд 73163200 төгрөг болж байна. Үүнээс харахад миний 56500.0 мянган төгрөгөөс гадна 26080.0 төгрөг явуулсаныг буцаагаад шилжүүлсэн. Би буцааж шилжүүлснээ хасахад надад 47082950 төгрөг үлдсэн. Бид 2 тохирсноороо зээлийн хүү 2209.0 мянган төгрөг, тээврийн хөлсөнд 3809300 төгрөг, тээврийн хөлсний дутуу 700.0 мянган төгрөгийг хасахад 403963950 төгрөг үлдсэн. Үүнээс би банкны үндсэн зээлээ төлөхөд 16135350 төгрөг дутсан. Энэ мөнгөө би нэхэмжилж байна. ******* ачаа багтахгүй 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 3000-аад ямааны арьс 1000 гаруй хонины нэхий , бодын арьс байгаа гэхээр нь Улиастайгаас 1800.0 мянган төгрөгөөр том машин хөлслөөд явуулсан. Бас машин очисон өдөр банкнаас мөнгө дутаад байна гээд 3000.0 мянган төгрөг авхуулсан. Тэгээд машин ачих гээд очиход 550 ямаа, 200 борлон, 678 хонины нэхий, 1 тэмээний мах ширтэй нь хамт, 22 үхрийн шир ачууллаа гэж жолооч нь над руу ярьсан. ******* руу ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тэгээд хот руу түрүүлээд явсан. Замдаа Тосонцэнгэл сумаас ярихад би байгаагаа явуулсан ашгаа авсан өөр зүйл байхгүй гээд утсаа тасалсан. Би ачаагаа борлуулсан. ******* түүхий эд анх авахдаа ямааны арьс, борлонгийн арьсыг 3000 төгрөгөөр эхлээд 15000 төгрөг, үхрийн ширийг 8000, 9000 төгрөгөөс 30000 төгрөг болтол өсгөсөн. Бид 2 утсаар ярьж байгаад авдаг байсан. Хотод очоод махаа арьс ширэн дээр асуудал гараагүй, ганц нэг арьс дутсан. Нийт 7 арьс дутсан байх. Ийм наймаа болсон боловч тооцоо хийгээгүй. Иймээс би ямааны арьсыг надад зарсан гэж хэлснийг сэжиглээд байгаа. Дундын тооцоогоо нийлье гэхээр тооцоо нийлэхгүй байна. Ашиг гаргах гэж хийсэн байхад хотын үнээр авчаад ашиг болсон гээд байгаа. Би өөрийн зээлийн дутуу мөнгөө авахыг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.******* нь С.*******од холбогдуулаад 16662 мянган төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэнийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж гомдол гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй гэж үзэн дараах тайлбарыг гаргаж байна.

Болсон явдал болон анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтийг эхлээд яръя. Болсон явдал бол нэхэмжлэгч *******тай хариуцагч *******ын утсаар ярьж цуг наймаа хийе. Би эндээс түүхий эдээ авъя, тэгээд ашгаа 70, 30 хувиар хувааж авахаар утсаар ярьсны дагуу түүхий эд авч борлуулж, тээврийн хөлс, зээлийн хүүгээ төлөөд үлдсэн ашгийг 70, 30 хувиар хуваахаар тохиролцож, манай үйлчлүүлэгч мөнгийг нь олж өгөөд ******* түүхий эд авч борлуулсан байдаг. Ингээд 2017 оны 10 сараас 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд *******ын данснаас *******ын данс руу нийт 82580250 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүний 56500.0 мянган төгрөгийг түүхий эд авахаар шилжүүлээд 26080250 төгрөгийг түүхий эд авч байх явцад дундын эргэлтэд буюу хот руу ачуулсан барааг нь борлуулж өгөөд шилжүүлсэн байна. Дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргасан. *******ын зүгээс нийт 73163200 төгрөгийг бараа түүхий эд нийлүүлсэн. Түүнийг Улаанбаатар хотод борлуулахдаа ханшийг нь ярилцаж тохиролцоод 73 сая төгрөгийн түүхий эдээс 26 сая төгрөгийг ахин түүхий эд авч байна гэсэн тул буцаан шилжүүлсэн. Ингээд нийт ирсэн 73 сая төгрөгийн бараанаас 26 сая төгрөгийг шилжүүлэхээр 47082950 төгрөг үлдсэн. Үүнээс 3 удаагийн ачилтын тээврийн хөлсөнд 3809300 төгрөг, зээлийн хүүнд 2209.0 мянган төгрөг, тээврийн хөлсний үлдэгдэл 700.0 мянган төгрөгийг оруулаад нийт 6718300 төгрөгийн бусад зардлыг хасахаад 40364350 төгрөг үлдсэн. Түүхий эд авахаар цэвэр шилжүүлсэн 56500.0 мянган төгрөгөөс 40364350 төгрөгийг 16135350 төгрөг дутаад байна. Нэхэмжлэгч анх бодож өгөхдөө жаахан зөрүү гаргасан. Хамтран ажиллаж байх хугацаанд ******* хамгийн сүүлд 2018 оны 03 сарл ачаа ачуулахад ачаа нь бага байхаар нь юу болсныг асуухад би таны мөнгөнд тааруулаад ачаагаа явуулсан тул илүү зүйл байхгүй би ашгаа авсан тул наад бараагаа та борлуулаад өөрийнхөө мөнгийг гаргаж ав гээд утсаа салгаад алга болсон. 2-уулаа тооцоо нийлж ашиг орлогоо тооцъё гэхээр уулзахгүй байсан. Тэгэхээр нь шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өгөөд дуудуулаад шүүхийн эвлэрүүлэн зууцлуулахад ирэхэд нь наймаагаа ярилцъя гэхэд ******* би ярилцахгүй, тооцоо нийлэх асуудал байхгүй шүүхдээ өгч асуудлаа шийд гээд явсан. Өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцдоггүй, нүүр тулан уулздаггүй. Байнга итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулдаг.

Сая анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө байж гадаа дэлгэцээр харж байгаад шүүх хуралдаан завсарлангуут зугтаасан. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн байдал 2 хүн тооцоо нийлэхгүй, хэдэн төгрөгийн бараа нийлүүлснээ нотолж чадахгүй байна тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна гэж дүгнэсэн. ******* наймаа хийснээ цугтаагаад байхад 2 хүн тооцоо нийлээд нийлсэн баримтаа хавтаст хэрэгт хавсаргах боломжгүй байсан. *******ын данс руу мөнгө шилжүүлсэн баримт дансны хуулга, бараа хүлээж авсан талаар тухай бүрт нь шүүхэд тайлбар өгч байсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцүүлэгт тайлбарласаар байтал хүлээн аваагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир давж заалдах гомдол гаргасан. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд ******* ******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулаад хамтран ажиллах явцад ******* гэрээнээс татгалзсан нь 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр ачаа ачуулаад байгаагаа ачуулсан, би ашгаа авсан та тэр бараагаа зарж борлуулаад ашгаа ав гээд утсаа салгасан. Тооцоо нийлэхгүй цугтаагаад байгаа байдлаас харагдаж байна. Тооцоо хийгээд үзэхэд дээр тайлбарласанчлан 16135350 төгрөг дутуу. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет бусаар бус мөнгөөр нөхөн төлнө, 205.3 дахаь хэсэгт заасан үүргийн зүйлийн ердын элэгдэл хорогдлоос гадна гэмтээсэн, дутаасан, муутгасан, устгасан гэсэн заалт байгаа. Энд 56500.0 мянган төгрөгөөр түүхий эд авахаар шилжүүлсэн мөнгөнөөс нийт 40 сая төгрөгийн бараа нийлүүлсэн үлдсэн 16135350 төгрөгийг нийлүүлээгүй үлдсэн тийм учраас гэрээний үүргээ гүйцэтгэх явцдаа 16 сая төгрөг дутаасан учир ******* төлөх ёстой байсан боловч тооцоо нийлэхгүй асуудлаас болж өнөөдрийг болтол энэ маргаан явж байна. Анхан шатны шүүх нотлох баримт гарган өгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна гэсэн үндэслэлээр үндэслэлгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Говь-Алтай аймгаас онлайнаар/: Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /Говь-Алтай аймгаас онлайнаар/: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Бичгийн нотлох баримт болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр 16 сая төгрөг нэхээд байгаагаа нотолж чадаагүй. Энэ мөнгө нь зээл байсан үндсэн зээл нь 16 сая төгрөг дутсан гээд байгаа. Үндсэн зээлийг ******* гэдэг хүн аваагүй энэ талаар хавтаст хэргийн материалд нотлох баримт байхгүй байгаа. Зээлийн хүү, тээврийн хөлсийг ******* төлөх үүргийг хүлээгээгүй юм. Нэхэмжлэгч хариуцагч нар ямар нэгэн байдлаар хувийн тооцоо нийлсэн баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд 16.662.000 төгрөгийг хэзээ, хаана, яаж хэрхэн зарцуулж хэдэн төгрөг шилжүүлсэн тэрнээс нь ******* бараа авч өгөөгүй юм уу? энэ талаар огт баримт байхгүй. ******* гэдэг хүн Завхан аймгийн Сантмаргац сумын Баян Улаан багт амьдардаг. Энэ хүн нь одоо болтол энэ газраа амьдарч байгаа цугтааж алга болсон зүйл байхгүй юм. Очиж уулзаад тооцоогоо тулгаж үзэх бүрэн боломжтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч С.*******од холбогдуулан 16.662.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байх ёстой ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг болдог. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Гэтэл шүүх нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа түүний нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тогтоож, тэрээр чухамхүү юу хүсч буйг тодорхой болгоогүй хариуцагч ойломжгүй, тодорхой бус тайлбар өгсөн байхад хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хангалттай мэтгэлцэх боломжоор хангаж чадаагүй байна.

Иймээс шүүх хэргийн үйл баримт, маргааны зүйлийг тогтоож, тодорхойлж чадаагүй, хариуцагчийн маргаантай хэсгийг илэрүүлээгүй, хэрнээ ямар үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж ерөнхийд нь эрх харилцааг дүгнэсэн байгаа хэдий ч ямар үйл баримтанд үндэслэн эрх зүйн харилцааг дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтыг шинжлэн судалсаны үндсэн дээр талуудын хооронд ямар харилцаа үүсч, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн , эсхүл биелүүлээгүй маргаан чухамхүү ямар асуудаар хэрхэн үүссэн талаар тодорхой ойлгомжтой төсөөлөл бий болсон тохиолдолд шүүх маргааныг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх зохигчидын хэн нь ямар гэрээ байгуулах санал гаргасаныг хэн нь ямар хэмжээнд хүлээн авсан болох, гэрээг ямар хугацаатай байгуулж, талууд ямар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон болох, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзвэл хураамжаа хэрхэн гаргаж хариуцахаар тохиролцсон болох, хэдэн оны хэдэн сараас хэдэн оны хэдэн сар хүртэл нийт хэдэн удаа мах, түүхий эдийг ямар үнээр бэлтгэж, ямар үнээр хэрхэн борлуулах, хэдэн удаа хэн нь бэлтгэж, хэн нь борлуулах, тээврийн хөлс, зээлсэн мөнгө, мөнгөний хүүг хаанаас хэн нь төлөх, ямар хугацаанд борлуулах, ашиг орлогоо хэрхэн хувиарлахаар тохиролцсон болох, нэхэмжлэгч хэдэн төгрөг нийлүүлээд хэдийг нь ямар байдлаар төлөгдсөн гэж үзээд одоо нэхэмжлээд байгаа 16.662.000 төгрөг нь чухам юу болох зэрэг маргааны үйл баримтыг нэг бүрчлэн тоочиж тогтоогоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ж.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Б.АРИУНБАЯР