Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 661

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 924 дүгээр магадлалтай, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  2018 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, ......овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж өмнөх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн ял дээр тэнсэнтэй байсан 1 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сараар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, эдэлсэн хугацааг хасч нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь хуулийн үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн тэнсэн харгалзах ял 2019 оны 02 дугаар 26-нд дуусгавар болсныг шүүх анхаарах нь зүйтэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлийн хувьд шүүгдэгч Б.Б- нь буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь 2 сартай жирэмсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирогч “С И” ХХК-ийн гомдлоор Б.Б-т эрүүгийн хэрэг нээж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг анхаарч үзээгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж Б.Б-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.  1. Шүүхийн шийтгэх тогтоол нь нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад Б.Б-ийг  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. 2. Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуулийг буруу хэрэглэсэн байх боловч Б.Б-ийн чухам ямар үйлдэл нь залилах хэрэг гэж үзэж ял оногдуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 3. Түүнчлэн хохирогч “С И” банк бус санхүүгийн байгууллага нь Б.Б-ийг  2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээл авсан, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5 947 200 төгрөгийн зээл гаргуулсан нийт хохиролд 7 251 324 төгрөгийг нэхэмжилсэн түүнээс 5 800 000 төгрөгөөр автомашин буюу барьцаа хөрөнгийг борлуулж хохирол төлүүлж, үлдэх хохирол болох 2 сая төгрөгийг төлөх хугацааг тохирон гэрээ хийснээс үзэхэд Б.Б-ийн учруулсан бодит хохирол нь хэд болохыг тогтоогоогүй, шүүх бодит хохирол 3 500 000 сая төгрөг гэсэн атал хохирогч нь хохиролд автомашиныг авч 5 800 000 төгрөгөөр борлуулж, үлдэх хохирлыг төлөх хугацааг тохирсон гэснийг хохирогчид хохирол учраагүй гэж үзэх үндэслэл харагдаж байна. Энэ нь шүүхийн дүгнэлтэд Б.Б-ийг 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэнтэй нийцэхгүй байна. 4. Мөн шинжээчийн 2847 дүгнэлтээс үзвэл Б.Б-ийн бусдыг хуурч мэхэлсэн гэх .... улсын дугаартай автомашины 01128748 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “...хуурамч биш, жинхэнэ...” гэсэн байх бөгөөд уг гэрчилгээний бичилт хууль ёсны эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байтал яллах дүгнэлт болон шүүхийн дүгнэлтэд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч гэж үзэж Б.Б-ийг  гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй болно. “ЕС” ХХК-ийн зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хаасан байдаг. “С И” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөгийн зээл авсан. 5. Дээрх нөхцөл байдлуудаас харвал шүүх хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид учирсан хохирол тодорхой бус, хохирогчид хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй, яллах дүгнэлт бичигдэхээс өмнө хохирогч 5,8 сая төгрөгийг төлбөрт авсан тодорхойлолт гаргасан байтал Б.Б-ийг  бусдыг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Б.Б-ийг “С И” ХХК-д хуурамч, хүчингүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Б.Б- нь урьд нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан машиныхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг засуулж дахин “С И” ХХК-д тавьж 3 500 000 төгрөгийн зээл авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. “С И” ХХК гэрээний хугацаа дуусгавар болмогц Автотээврийн үндэсний төвд хандахад “ЕС” ХХК-д шилжсэн машин байна гэж мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд няцаасан үндэслэлээ тодорхой тусгасан. Хохирлын хувьд “С И” ХХК 3 500 000 төгрөгөөр залилуулсан гэж үзээд прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч 5 700 000 төгрөг төлснийг хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ..........нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С И” банк бус санхүүгийн байгууллагыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тээврийн хэрэгслийн хуурамч, хүчингүй гэрчилгээг ашиглан барьцаалж 3 500 000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан нөхцөл байдал хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж хэргийн нөхцөл байдлын болон хууль зүйн дүгнэлтийг давхардуулан хийжээ.

Хоёр шатны шүүх Б.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг гэж дүгнэлт хийхдээ уг үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар харилцааг зөрчсөн буюу өрсөлдөх бусад хориглосон хэм хэмжээг тайлбарлалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “С И” банк бус санхүүгийн байгууллагатай 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж “Nissan Tiida” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан бөгөөд барьцаалагч “С И” банк бус санхүүгийн байгууллага уг барьцааны хөрөнгийг зарсан үнээс өөрсдийн зээл, хүүгийн тодорхой хэсгийг авчээ.

Уг барьцаа хөрөнгө “С И” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдахаас өмнө “ЕС” ХХК-д барьцаалагдсан боловч “ЕС” ХХК барьцааны хөрөнгөтэй хамааралгүйгээр зээл, хүүгийн төлбөрөө Б.Б-аас авч дууссан, “ЕС” ХХК-д уг автомашиныг барьцаалсан асуудал нь “С И” банк бус санхүүгийн байгууллага болон Б.Б- нарын хооронд хийгдсэн барьцааг бодит байдалд хуурамч, зээл уг эд хөрөнгөөр барьцаалагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Б- нь барьцаа хөрөнгийн хуурамч гэрчилгээг ашигласан боловч бодит байдалд уг эд хөрөнгийг “С И” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан бөгөөд тэдний ийнхүү хийгдсэн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс зээлдэгч тал төлбөрөө гаргуулсан, Б.Б- нь уг зээлийг хуурамч барьцаагаар далимдуулан буцаан өгөхгүй байхыг хүссэн “Залилах” гэмт хэргийн субъектив тал /men`s rea/ тогтоогдоогүй тул уг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Харин Б.Б- нь уг зээлийг авахдаа барьцаанд тавих автомашиныхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайлбал, төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь уг эд хөрөнгийг тухайн этгээдийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулах эрхэд байгааг нотолж буй баримт бөгөөд түүнийг хуурамчаар үйлдэх, ашиглах үйлдлийг Эрүүгийн хуулиар “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг гэж үзэж, хориглосон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй боловч Б.Б-ийн ийнхүү үйлдсэн гэмт хэрэг нь дараах хууль зүйн үр дагавар, нөхцөл байдлыг үүсгэжээ.

Б.Б- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, уг зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн бөгөөд уг тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тэнсэнгийн хугацааг хүчингүй болгож, хорих ял оногдуулах шийдвэр гаргах үндэслэл болсон байх тул энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр “ял хөнгөрүүлэх, цагаатгах” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 924 дүгээр магадлалын тогтоох хэсэгт

“Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.”,

“Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Б.Б-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаатай хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН