Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/924

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Бт холбогдох 1905009700684 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн Б, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7-58 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

            Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С. И” банк бус санхүүгийн байгууллагыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тээврийн хэрэгслийн хуурамч, хүчингүй гэрчилгээг ашиглан барьцаалж 3.500.000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Б.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Б.Бийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт хураагдсан 01128748 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Том охин 9 нас, дунд охин 6 нас, бага хүү 1 нас 8 сартай. Эхнэр маань 2 сартай жирэмсэн байгаа. Би өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Уг хэргийн хохирогчид хохирлыг барагдуулсан байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хөнгөрүүлэх журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Б нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд уг хугацаанаас 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 4 cap 17 хоногийн хугацааны ялыг эдэлж, 8 cap 14 хоног үлдсэн байна. Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор” хуульчлан зохицуулжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “С.И” банк бус санхүүгийн байгууллагад 32-27 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд байгаа мэт 01128748 дугаартай гэрчилгээг ашиглаж, уг тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж “зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хорих ялыг оногдуулж, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн ял дээр тэнсэнтэй байсан 1 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сараар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, эдэлсэн хугацааг хасч нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь хуулийн үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн тэнсэн харгалзах ял 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсныг шүүх анхаарах нь зүйтэй. ...Шүүгдэгч Б.Б нь буруу зүйл хийснээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь 2 сартай жирэмсэн, гэр бүл, үр хүүхдүүдээ хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, ахуйн нөхцөл бололцоогоор нь хангадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих зүйл нотлогдоогүй байхад Б.Бийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүх нь шалгавал зохих бүхий л нөхцөл байдлыг шалгаж тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага тооцохоор хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй. Шүүх нь Б.Бийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байх боловч Б.Бийн чухам ямар үйлдэл нь залилах хэргийн эдгээр үйлдэл болж буйг ялгаж салгаагүй нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, хохирогч нь Б.Бийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөгийн зээл авсан, 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 5.947.200 төгрөгийн зээл гаргуулсан гэх боловч нийт хохиролд 7.251.324 төгрөгийг нэхэмжилсэн. Түүнээс 5.800.000 төгрөгөөр автомашин буюу барьцаа хөрөнгийг борлуулан хохирол төлүүлж, үлдэх хохирлыг төлөх хугацаа тохирсон гэснийг үзэхэд Б.Бийн учруулсан бодит хохирол нь хэд болох, хүү, алданги хэд болох нь тодорхой бус байхад шүүх түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ нь шүүхийн дүгнэлтэд Б.Бийг 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтээс үзвэл, Б.Бийн бусдыг хуурч мэхэлсэн гэх 32-27 УНҮ улсын дугаартай, 01128748 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хуурамч биш гэсэн байх бөгөөд чухам уг гэрчилгээн дэх бичилт хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байхад яллах дүгнэлт болон шүүхийн дүгнэлтэд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамч гэж үзэж, Б.Бийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй болно. Дээрх гэрчилгээг Б нь өөрийн танил Жанчив гэх хүнээр гаргуулсан, тэр хүн Солонгос улсад байгаа гэсэн зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөж, энэ талаар ямар нэг шалгалт хийгээгүй нь учир дутагдалтай гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудаас харвал шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах боломж байхад хэргийг шууд шүүхэд шилжүүлэн Б.Бийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан байр суурь зөрүүтэй байна. Б.Б нь унаж явах нөхцөлтэйгөөр тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллага тээврийн хэрэгслийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, лавлагааг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Б.Б нь унаж яваа тээврийн хэрэгсэлдээ дахин өөр хуурамч гэрчилгээ гаргуулж “С.И” банк бус санхүүгийн байгууллагад тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, 3.500.000 төгрөгийг авч байгаа үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийн шинжтэй байна. “С.И” банк бус санхүүгийн байгууллага нь Б.Бтай байгуулсан гэрээ дуусгавар болж, тээврийн хэрэгслийг өөрийн байгууллагын нэр дээр шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв дээр очиход тухайн тээврийн хэрэгсэл нь “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжсэн байсан. Автотээврийн үндэсний төвөөс Б.Бийн “С.И” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бүртгэлд байхгүй, хуурамч гэрчилгээ болох талаар тайлбарласан байдаг. Шүүгдэгч Б.Б нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Жамбал гэх хүнээс авсан талаараа мэдүүлдэг. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С.И” банк бус санхүүгийн байгууллагыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тээврийн хэрэгслийн хуурамч, хүчингүй гэрчилгээг ашиглан барьцаалж, 3.500.000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан болох нь:

хохирогч Д.Бын “...Б гэх залуу 2007 онд үйлдвэрлэсэн, 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Монгол улсад орж ирсэн “Nissan Tiida” загварын 32-27 УНҮ улсын дугаартай, хар хөх өнгийн тээврийн хэрэгслийг 1 сарын хугацаатай, тээврийн хэрэгслийг зогсоолд тавих нөхцөлтэйгөөр 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг компанийн зогсоолд байрлуулан, машины гэрчилгээг хүлээлгэн өгч явсан. ... Эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлээ төлөлгүй алга болсон. ... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шинээр 1 сарын хугацаатай, 5.947.200 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад дахин зээлийн хүүгээ төлөөгүй. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон учир тээврийн хэрэгслийг нь зарж борлуулан компанийг хохиролгүй болгохоор Автотээврийн Улсын бүртгэлийн газарт хандахад тухайн тээврийн хэрэгсэл Б.Бийн нэр дээр биш “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байна, та наад асуудлаа цагдаагийн байгууллагад хандаж шалгуул гэж хэлсэн. ...” /хх 26/,

шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2014 онд 12.500.000 төгрөгөөр Да Хүрээ захаас хувь хүнээс худалдан авч байсан. Одоо “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр 2016 онд 3.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байгаа. ...Мөнгөний хэрэг гараад ... Жанчив гэх хүнээр хуурамчаар хийлгээд “С.И” банк бус санхүүгийн байгууллагад 3.500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай барьцаанд тавьж мөнгө авсан. Зээлж авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Жанчивыг одоо Солонгос улсад байгаа дуулсан. ... Амьдралын шаардлагаар тийм зүйл хийсэн. ...” /хх 44-45/ гэх мэдүүлгүүд, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар, баримт бичгүүд /хх 10-16, 47-56/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 104-106/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжээр илэрдэг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2847 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 01128748 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний цаас жинхэнэ байна. Дээрх гэрчилгээний дотор талд “гэрчилгээ олгогдсон”, “өмчлөгч”, “тусгай тэмдэглэл” гэсэн хэсгүүдэд байх тэмдгийн дардсууд нь бараар дарагдсан байна. Дээрх гэрчилгээний дотор талд “гэрчилгээ олгогдсон”, “тусгай тэмдэглэл” гэсэн хэсгүүдэд байх гарын үсгүүд нь бичигч хэрэгслээр зурагдсан байна. Шинжилгээнд дээрх тэмдгийн дардас, гарын үсгийн харьцуулах загваруудыг ирүүлээгүй тул цаашид адилтгалын шинжилгээ хийж жинхэнэ хуурамчийг тогтоох боломжгүй байна. ...” /хх 28-30/ гэх дүгнэлт гарсан байх боловч шүүгдэгч Б.Б нь уг гэрчилгээг хууль бусаар бусдаар хийлгэснээ мэдүүлсэн байх бөгөөд улсын бүртгэлээр 32-27 УНҮ дугаартай автомашин нь “Есөн Шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй төдийгүй уг байгууллага Б.Бийн автомашиныг барьцаалан зээл олгосон талаар нотлох баримтууд авагджээ.

Автомашины гэрчилгээг дахин гаргуулж, нэг машиныг өөр өөр газар барьцаалан зээл авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч Б.Б нь "Есөн Шижир" банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн "Nissan Tiida" загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг барьцаалж 3.500.000 төгрөг авсан мөртлөө дахин "С.И" банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээ ашиглан зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.500.000 төгрөг авчээ.

Иймд, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн “...Шүүх нь Б.Бийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байх боловч Б.Бийн чухам ямар үйлдэл нь залилах хэргийн эдгээр үйлдэл болж буйг ялгаж салгаагүй нь ойлгомжгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, урьд гэм буруутайд тооцогдсон үйлдэлд ял оногдуулахгүй тэнссэнийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдгээр ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс шүүгдэгч Б.Бийн”...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хөнгөрүүлэх журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...”, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаярын “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 279  дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд хүчингүй болгож, үндсэн ял дээр тэнсэнтэй байсан 1 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 3 сараар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар “С.И” банк бус санхүүгийн байгууллага нь шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн “Nissan Tiida” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн, 5.800.000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Б.Б нь автомашин худалдан борлуулсан мөнгөнөөс 3.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул зөрүү мөнгийг “С.И” банк бус санхүүгийн байгууллагаас шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ