Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 662

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.С хөтлөн,

улсын яллагч Н.А,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, ХХХХ оны  Х дугаар сарын ХХ-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ХХ дугаар хороо Х-ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:ООХХХХХХ/, Б овгийн Б-н Б-т холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр Баянгол дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С и” ББСБ-ыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслийн хуурамч, хүчингүй гэрчилгээг ашиглан барьцаалж 3.500.000 төгрөгийн зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Үнэхээр амьдралын шаардлагаар ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд: Би “С И” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажилладаг юм ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр ДРХХХХХХХ регистрийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн ХХ дугаар хороо Х дүгээр хороолол Х дугаар байрны ХХ тоотод оршин суух хаягтай Б-н Б  гэх залуу ХХХ онд үйлдвэрлэсэн ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр Монгол улсад орж ирсэн “Nissan Tida” маркийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлийг 1 сарын хугацаатай тээврийн хэрэгсэлийг зогсоолд тавих нөхцөлтэйгээр 3.500.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд, тухайн тээврийн хэрэгсэлийг компанийн зогсоолд байрлуулан, машины гэрчилгээг хүлээлгэн өгч явсан. Түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлээ төлөлгүй алга болсон бөгөөд 3 сарын дараа ирж уулзаад би зээлээ төлнөө хугацаа өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу тээврийн хэрэгсэлийг зарж борлуулахыг хүлээсэн боловч дахин алга болсон. Тэгээд гэрээнд заасны дагуу эрсдэлээ дүгнээд тухайн тээврийн хэрэгсэлийг зарах тухай Б.Бт утсаар мэдэгдсэний дараа 2ХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ний өдөр биеэр ирж уулзаад төлбөр мөнгөө олж чадахгүй байна. Тэгэхээр өнөөдрийн гарсан дүнгээр дахин зээлийн гэрээг шинэчлэн байгуулъя гээд ХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ний өдөр шинээр 1 сарын хугацаатай 5.947.200 төгрөгний зээлийн гэрээ байгуулаад дахин зээлийн хүүгээ төлөлгүй 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ дуусгавар болсон учир тээврийн хэрэгсэлийг нь зарж борлуулан компанийг хохиролгүй болгохоор Автотээврийн Улсын бүртгэлийн газарт хандахад тухайн тээврийн хэрэгсэл Б.Бийн нэр дээр биш “Е Ш” ББСБ-ын эзэмшилд байна та наад асуудлаа цагдаагийн байгууллагад хандаж шалгуул гэж хэлсний дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандах болсон...Анх барьцаанд танихдаа Б.Бийн нэр дээр гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл байсан. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ХХХХ дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “ХХХХХХХ” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний цаас жинхэнэ байна. Дээрх гэрчилгээний дотор талд “гэрчилгээ олгогдсон”, “өмчлөгч”, “тусгай тэмдэглэл” гэсэн хэсгүүдэд байх тэмдгийн дардасууд нь бараар дарагдсан байна. Дээрх гэрчилгээний дотор талд “гэрчилгээ олгогдсон”, “тусгай тэмдэглэл” гэсэн хэсгүүдэд байх гарын үсгүүд  нь бичигч хэрэгслээр зурагдсан байна. Шинжилгээнд дээрх тэмдгийн дардас, гарын үсгийн харьцуулах загваруудыг ирүүлээгүй тул цаашид адилтгалын шинжилгээ хийж жинхэнэ хуурамчийг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 30/  гэжээ.

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: Би тухайн тээврийн хэрэгсэлийг ХХХХ онд 12.000.000 төгрөгөөр Да Хүрээ захаас хувь хүнээс худалдаж авч байсан. Одоо “Ё Ш” ББСБ-ийн нэр дээр ХХХХ онд 3.500.000 төгрөгний зээлийн барьцаанд тавьсан байгаа...Мөнгөний хэрэг гараад Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг таньдаг Ж гэх хүнээр хуурамчаар хийлгээд “С И” ББСБ-д 3.500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай барьцаанд тавьж мөнгийг нь авсан. Зээлж авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Ж одоо Солонгос улсад байгаа. /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

Тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /хх-ийн 79/, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хуурамч /, зээл хүсэгчийн анкетийн хуулбар /хх-ийн 10/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 11, 15/, барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 12/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13/, барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 16/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ны өдрийн ХХХ дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б “Е Ш” ББСБ-ын эзэмшилд байсан “Nissan Tida” маркийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, өөрийн өмчлөлд байгаа мэт ХХХХХХХХ дугаар бүхий хуурамч гэрчилгээг ашиглан ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр   Баянгол дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С и” ББСБ-ыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.500.000 төгрөгийн зээл авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Б-н“...Автотээврийн Улсын бүртгэлийн газарт хандахад тухайн тээврийн хэрэгсэл Б.Бийн нэр дээр биш “Е Ш” ББСБ-ын эзэмшилд байна гэсэн...” гэх мэдүүлэг болон зээл хүсэгчийн анкетийн хуулбар, зээлийн гэрээний хуулбар, аарьцааны гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ХХХХ дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Б.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...мөнгөний хэрэг гараад тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг таньдаг Ж гэх хүнээр хуурамчаар хийлгээд “С И” ББСБ-д 3.500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай барьцаанд тавьж мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “амьдралын шаардлагаар тийм зүйл хийсэн...” гэж мэдүүлсэн нь  давхар батлагдаж нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Б нь С И ББСБ-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Бийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Бийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.М нь “С И ХХК-ийн ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ний өдрийн ХХ/ХХХ дугаартай албан бичгийг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулав.

Уг албан бичигт”...Б.Б нь “Nissan Tida” маркийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай автомашинаа барьцаалж 3.500.000 төгрөгийн зээлийг авсан байдаг. Зээлдэгч Б.Б нь ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд 5.947.200 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулсан байдаг ба зээлийн гэрээний үүргээ дуусгаагүй байснаас үүдэн гарсан хохиролд нийт 7.251.324 төгрөгийн хохирол учирсан талаар цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Зээлдэгчээс 2ХХХ оны Х сарын ХХ-ны өдөр Nissan Tida” маркийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай автомашиныг шилжүүлж, улмаар 5.800.000 төгрөгөөр автомашиныг худалдан борлуулсан болно. 2 тал үлдэгдэл төлбөрийг харилцан тохирч, төлж барагдуулахаар тохирсон болно” гэжээ.

 

Энэхүү тамга тэмдэг бүхий албан бичгээс  Б.Бийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан бодит 3.500.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болох ба хохиролын талаар маргаан гарвал оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлбэл зохино.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

     

Б.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ны өдөр ХХХ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож  ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрхи тэнссэн хугацаанд Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчиж ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ны өдөр “С И” ББСБ-ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тээврийн хэрэгслийн хуурамч хүчингүй гэрчилгээг ашиглан барьцаалж 3500.000 төгрөгийн зээл авч залилсан  гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг мөн хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Иймд шүүгдэгч  Б.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Б.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ны өдөр ХХХ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Бийн  гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Б.Бт энэ тогтоолоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “ Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн...”эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг баримтлан түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                           

                                                                                                           ТОГТООХ нь:

 

  1. Б Б-гийн Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХ дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

4. Б.Бт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХХХ дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Б.Бийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

    

6. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт хураагдсан ХХХХХХХ дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг ХХХХ оны Х дугаар сарын ХХ-ний  өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бийг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.Д