Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00276

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00276

 

 

 

АК-ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/04049 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АК-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Тус компанийн гүйцэтгэх захирал О.О- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжинд байрлах 35 дугаартай, 44 айлын орон сууцыг бүтээн байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.

Энэхүү бүтээн байгуулсан орон сууцнаас А1 тоотод байрлах 8 м.кв талбайтай эд хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр шийдэж 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн компани болох АК-ХХК-д шилжүүлсэн. Гэтэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь байхад энэхүү байрыг хариуцуулж үлдээсэн хүнээс Д.А- гэгч нь түлхүүрийг олж авч хууль бусаар өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.А-тай нэг биш удаа уулзаж орон сууцыг чөлөөлж өг гэх мэдэгдлийг амаар хэлсэн боловч үл тоож өөдөөс гарахгүй чадахгүй гэж, ухамсаргүй үйлдэл гаргаж байна. Иймд АК-ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжинд байрлах 35 дугаар байрны А1 тоотод хууль бусаар амьдарч байгаа Д.А-г тус орон сууцнаас албадан нүүлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй. Уг орон сууцанд жижүүр, үйлчилгээний ажил эрхэлдэг. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэл хууль бус. Нэхэмжлэлд дурдсан 8 м.кв жижүүрийн өрөөг тус компани анх улсын комисст хүлээлгэж өгсөн байдлыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. СӨХ уг өрөөг засан сэргээж, байрны камер, цахилгааны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан байдаг бөгөөд нийт оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Тус жижүүрийн өрөө болон техникийн өрөөнүүдийг мэргэжлийн хяналтын зохих байгууллага нь үнэлж дүгнээд, компани гэрчилгээ гаргуулж өмчилсөн байдал нь компани болон СӨХ-ны аль аль нь өмчлөгч байж болохгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл АК-ХХК яаж, ямар үндэслэлээр гэрчилгээ гаргуулсан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.А-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатар гудамж 35 байр а 1 тоот хаягт байршилтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АК-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

АК-ХХК нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахдаа 8 м.кв хэмжээтэй гаргуулсан байдаг. Гэтэл иргэн О.О-ийн улсын комисст хүлээлгэж өгсөн барилгын зурагт уг өрөөг 13.48 м.кв хэмжээтэйгээр хүлээлгэж өгсөн. Анхан шатны шүүхийн шүүгчид уг баримтыг шүүхийн журмаар улсын төв архиваас гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүйгээр шийдсэн. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Хэрэгт авагдсан сидид хариуцагч Д.А- нь ажлын байранд удаа дараа ирж дарамт учруулдаг, гараад явсан ч орох оронтой, өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байгаагаа илэрхийлсэн. Тус өрөөг барилгыг бариулсан газар Барилгын
тухай хуулиараа сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөх ёстой. Миний бие нь
сууц өмчлөгчдийн холбоотой ажлын гэрээ байгуулсан ажилтан юм. Өрөөнд камер, цахилгааны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж байгаа. Ганц минии биш 44 айлын эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч АК-ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13340/ Дандарбаатар гудамж 35 дугаар байрны а 1 тоот хаягт байршилтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндэсний төв архиваас 35 дугаартай үйлчилгээтэй орон сууцны барилгын анхны архитекторын зургийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхийг зөрчжээ. / хх-ийн 75, 76 /

Талууд маргаж буй хөрөнгийн зориулалтын талаар маргаж байгаа тул хариуцагчийн хүсэлтэд дурдсан улсын комисст хүлээлгэж өгсөн барилгын зураг хэрэгт ач холбогдолтой. / хх-ийн 66/

3. Мөн хариуцагч Д.А- ...Алдар-35 СӨХ-д ажилладаг. Ажлын байрны зориулалтаар уг өрөөг эзэмшиж байгаа... гэж тайлбар гаргаж байгаа тохиолдолд хариуцагч нь Алдар-35 СӨХ-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцанд амьдардаг эсэх, хариуцагчийн эзэмшлээс чөлөөлснөөр Алдар-35 СӨХ-ны эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгааг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ. /хх-ийн 16, 73/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/04049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ