Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/02853

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 06 101/ШШ2023/02853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- А ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Д.А д холбогдох,

өмчлөлийн орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, 4,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэн Д.Ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 1***************** байрны А1 тоотод хууль бусаар амьдарч байгаа Д.Аг тус орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан /хх-1-2/.

 

1а. Нэхэмжлэгч А ХХК нь манай өмчлөлийн ажлын байрны зориулалттай байранд 3 жил 8 сар буюу 44 сарын хугацаанд ашигласан төлбөрт 4,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр нэмэгдүүлсэн /хх-162/.

 

1б. Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 1***************** байрны А1 тоотын орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, уг орон сууцыг 44 сарын хугацаанд ашигласан төлбөрт 4,400,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 1*********** байрыг бид иргэн н.Оийн захиалгаар 7 автомашины зогсоолтой, үйлчилгээний талбайтай, 44 айлын орон сууцыг холбогдох туслан гүйцэтгэгч байгууллагуудын хамтаар гүйцэтгэснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай актаар улсын комисс хүлээн авсан. Энэхүү орон сууцнаас А1 тоотод байрлах 8 м.кв талбайтай объектыг өөрсдөө барьсан тул худалдан борлуулахгүй гэж шийдэж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр А ХХК-ийн хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн.

Гэтэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч байсаар байтал энэхүү байрыг хариуцуулж өгсөн хүнээс буюу А СӨХ-ийн үйлчлэгчээс Д.А гэгч нь түлхүүрийг аваад цоожны голыг солиод одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байна. Би тэр байранд очиж үзэж байсан. Д.Атай нэг биш удаа уулзаж байрыг чөлөөлж өгөх талаар хэлэхэд чадахгүй, чаддаг юм бол гарга зэрэг ёс зүйгүй үйлдлүүд гаргаж байсан. Үүнтэй холбоотой баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт байгаа.

Бид хариуцагчийг хүчээр хөөж гаргаж чадахгүй, аргагүй байдалд ороод 2021 оны 8 дугаар сард шүүхэд хандсан. Иргэний хуулийн 106.1-д зааснаар бид шаардах эрхтэй, 106.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй тул үүнийхээ дагуу шүүхэд хандсан. Өнөөдрийг хүртэл бид орон сууцандаа амьдарч чадахгүй байх тул А1 тоотын хууль бус эзэмшлээс Д.Аг чөлөөлж өгнө үү.

Сүүлд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа мөн дэмжиж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын 100.000 төгрөгөөр тооцож 4.400.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй. Оршин суух хаягийн тодорхойлолтыг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ бол А СӨХ-ийн жижүүрийн өрөө юм. Хэрэгт энэ талаар баримт авагдсан байгаа. Хариуцагч нь тухайн хаягт байрлаж ажилладаг. Тус өрөөнд цахилгааны хянах самбар, байрны камер зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан тул энэ асуудал нийт оршин суугчдын эр ашгийг хөндөж байгаа. Анх жижүүрийн өрөөний зориулалттай байсан өрөө юм. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тухайн өрөөнд амьдарч эхэлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. А СӨХ-ийн эрх ашиг энд хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх хариуцагчийг гаргасан ч дараагийн ажилтныг байрлаж ажиллуулах нөхцөл байдал үүснэ гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, төлөөлөгчөөр Г.Оыг томилсон итгэмжлэл /хх-5/, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, ***************** байрны а1 тоотын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-6/, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, ***************** байрны а1 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А ХХК 2021-6-22-ны өдөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-7/, төлөөлөгчөөр Г.Оыг томилсон итгэмжлэл /хх-111-112/, А ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-113/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-162/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-163/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагчаас байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-10/, иргэний үнэмлэх хуулбар /хх-11/, хариу тайлбар /хх-16-17/, төлөөлөгчөөр Д.Мыг томилсон итгэмжлэл /хх-20/, иргэн Д.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-205/, А СӨХолбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020-6-01-ний өдрийн Д.Аг харуул, цэвэрлэгчээр ажилд авсан тушаал /хх-206/, А СӨХолбоо, Д.А нарын 2020-6-01-ний өдөр байгуулсан ***** дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-207-210/, А СӨХолбоо, Д.А нарын 2021-5-25-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ /хх-211/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

4в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017-02-24-ний өдрийн ****** дугаартай акт /хх-3031/, сиди бичлэгт үзлэг хийсэн 2021-11-15-ны өдрийн тэмдэглэл /хх-43-44/, Архивын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектурын ажлын зураг /хх-176-201/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

4г. Хэргийн 164, 173-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь иргэн Д.Ад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 1***************** байрны А1 тоотын орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, 44 сарын хугацаанд ашигласан төлбөрт 4,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ А ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 1*********** байрыг иргэн н.Оийн захиалгаар 7 автомашины зогсоолтой, үйлчилгээний талбайтай, 44 айлын орон сууцыг холбогдох туслан гүйцэтгэгч байгууллагуудын хамтаар гүйцэтгэснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаар актаар улсын комисс хүлээн авсан. Энэхүү орон сууцны А1 тоотод байрлах 8 м.кв талбайтай объектыг өөрсдөө барьсан тул худалдан борлуулахгүй гэж шийдэж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ************** ХХК-ний хууль ёсны өмчлөлд шилжүүлэн бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 106.1-д зааснаар бид шаардах эрхтэй.

Гэтэл А СӨХолбооны үйлчлэгч Д.А гэгч нь А1 тоотын түлхүүрийг авч цоожны голыг сольж ороод одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан боловч Д.А нь өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч, бид өмч хөрөнгөө ашиглаж чадахгүй байгаа. Д.Агийн дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласан 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын 100.000 төгрөгөөр тооцож 4.400.000 төгрөгийг хохирол нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гардуулснаар тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болно /хх-203/.

 

4. Хариуцагч тал тухайн хаягт оршин сууж амьдардаггүй, нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх гээд байгаа объект нь А СӨХолбооны жижүүрийн өрөө, тус өрөөнд цахилгааны хянах самбар, байрны камер, шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг байршуулсан байдаг. Д.Аг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тухайн өрөөнд амьдарч эхэлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин энд А СӨХолбооны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхээр байна. Д.А энэ сууц өмчлөгчдийн холбооны жижүүр цэвэрлэгчээр 24 цагаар байрлан ажилладаг. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Д.Аг энэ байрнаас гаргасан ч дараагийн ажилтныг энд байрлуулж ажиллуулах л болно. Иймд хариуцагч тухайн объектыг хууль бусаар эзэмшээгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр А ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-7/.

 

А ХХК /*******/-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Очир овогтой Оийг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хийгдсэн байна /хх-4/.

 

Архивын ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхрын байгуулалтын зургийн өрөөний тодорхойлолт хэсгийн 3-рт харуулын өрөөг 13,48 м.кв, ариун цэврийн өрөөг 2,61 м.кв гэж бичигдсэн байна /хх-180/.

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай актад барилга байгууламжийн нэрийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо иргэн О.Оийн захиалгатай 7 автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилга гэж бичигдсэн байна /хх-30-31/.

 

Хариуцагчаар татагдсан Д.Агийн байнга оршин суугаа хаягийн 2021 оны 9-р сарын 8-ны өдрийн лавлагаанд хаягийг Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 5 хэсэг их дахь эх гудамж 532 тоот гэж /хх-10/, 2021 оны 9-р сарын 13-ны өдөр гаргасан хариу тайлбартаа дээрх хаягийг бичсэн /хх-17/ байна.

 

А СӨХолбооны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ажилд авах тухай ****** дугаартай тушаалд Д.Аг харуул, цэвэрлэгчээр ажилд томилсон /хх-206/, ***** дугаартай хөдөлмөрийн гэрээнд Д.Агийн албан тушаалын нэрийг үйлчлэгч, жижүүр гэж, ажлын цагийг 1, 2, 3, 4, 5, 6, 7 өдрүүдэд ажиллана гэжээ /хх-207-210/.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай өмчлөлийн хөрөнгийг хариуцагчийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх зөрчигдсөн гэж тодорхойлж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар А ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг өмчлөгч шаардах эрхтэй.

 

Харин өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад хариуцагч тухайн хөрөнгийг бодитойгоор эзэмшиж байхаас гадна түүний эзэмшил хууль бус эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А СӨХолбооны үйлчлэгч, жижүүрийн ажил эрхэлдэг, тухайн харуулын байранд сууц өмчлөгчдийн холбооны техник тоног төхөөрөмж, тухайн байрын камерийн төхөөрөмж суулгасан байдаг гэх тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаартай гэрчилгээнд Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай 8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдсэн байхад нэхэмжлэгч нь а1 тоотын орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэхээр байна /хх-7/.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай орон сууц нь иргэн О.Оийн захиалгаар Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 44 айлын орон сууцын барилга мөн болох нь нотлогдохгүй байна.

 

Гэвч Архивын ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхрын байгуулалтын 3-рт бичигдсэн харуулын өрөөг нэхэмжлэгч тал 8 м.кв талбайтай А1 тоотын орон сууц мөн гэж, хариуцагч тал А СӨХолбооны харуулын 3 тоот хаалга гэж тус тус тайлбарласан.

 

Дээрх барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн шифр:******** дугаар нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017-2-24-ний өдрийн ****** дугаартай актад бичигдсэн шифр дугаартай тохирч байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А СӨХолбооны зөвшөөрөлгүй ашиглаж байсан техникийн давхрын өрөөг чөлөөлүүлсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхрын байгуулалтын 3-рт бичигдсэн харуулын өрөөний талаар А СӨХолбоонд холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй болохыг, ажилтан Д.А ажлаа хийж амьдарч байгаа болохыг тайлбарлаж байна.

 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай, 8 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр иргэн О.Оийн захиалгаар Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 44 айлын орон сууцын барилгыг хариуцсан А СӨХолбоонд үйлчлэгч, харуул, жижүүрээр ажилладаг болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.А хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийн орон сууцнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Архивын ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхарын 3 тоотын харуулын өрөөг хариуцагч Д.А хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс 4,400,000 төгрөгийн хохирол шаардах эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтыг шүүх хуралдаанд оролцсон талуудад танилцуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дурдсан үйл баримтуудаар нэхэмжлэгч А ХХК нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай, 8 м.кв талбайтай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байна.

 

Харин А СӨХолбоо нь Архивын ерөнхий газраас ирүүлсэн Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн О.Оийн захиалгатай, үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилгын барилга архитектур, технологийн байгуулалтын ажлын зургийн 1-р давхарын 3 тоотын 13,48 м.кв талбайтай харуулын өрөө, 2,61 м.кв талбайтай ариун цэврийн өрөөг ашигладаг болох нь тогтоогдож байх тул 8 м.кв талбайтай орон сууцнаас хариуцагч Д.Аг албадан нүүлгэх, хохиролд 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2021-8-18-ны өдөр төлсөн 70,200 төгрөг /хх-3/, 2023-4-4-ний өдөр төлсөн 85,350 төгрөг /хх-163/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ний хариуцагч Д.Ад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22-р хороо, 1***************** байрны А1 тоот хаягт байршилтай, 8 м.кв талбайтай, орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, хохиролд 4,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,550 төгрөг /70,200+85,350/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я