Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/03599

 

 

 

 

  2022          08         22                                         101/ШШ2022/03599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххх дүүргийн хххххх хороо, ххххххх байрны 0 тоотод оршин байх А.к ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх  дүүргийн 00 хороо, 00 дугаар хороолол, ххххххххх гудамж, 35 байрны А1 тоотод оршин суух Бүргэд овгийн Д. А /00000000/-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунболд, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. к ХХК нь хххххх  дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, хххххх гудамж, 000 дугаар байрыг бид иргэн Н.О-ийн захиалгаар 7 автомашины зогсоолтой, үйлчилгээний талбайтай, 44 айлын орон сууцыг холбогдох туслан гүйцэтгэгч байгууллагуудын хамтаар гүйцэтгэснийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66/2017 дугаартай актаар улсын комисс хүлээн авсан. Энэхүү орон сууцнаас А1 тоотод байрлах 8 м.кв талбайтай объектыг өөрсдөө барьсан тул худалдан борлуулахгүй гэж шийдэж, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А. К ХХК-ийн хууль ёсны өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч байсаар байтал энэхүү байрыг хариуцуулж өгсөн хүнээс Д.А гэгч нь түлхүүрийг аваад цоожны голыг солиод одоог хүртэл хууль бусаар эзэмшиж байна. Би суллуулах талаар түүнд хэлэхэд чаддаг юм бол гарга, чиний өмч биш гэж удаа дараа ухамсаргүй хандлага гаргасан. Үүнтэй холбоотой баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт байгаа. Бид хариуцагчийг хүчээр хөөж гаргаж чадахгүй, аргагүй байдалд ороод 2021 оны 08 дугаар сард шүүхэд хандсан. Иргэний хуулийн 106.1-д зааснаар бид шаардах эрхтэй, 106.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй тул үүнийхээ дагуу шүүхэд хандсан. А2, А3 тооттой холбоотой үүнтэй яг ижил маргаан мөн тус шүүхэд явагдаад, гүйцэтгэх хуудас гарсан боловч хариуцагч нар биелүүлэхгүй зугтаасаар байгаа. Өнөөдрийг хүртэл бид орон сууцандаа амьдарч чадахгүй байх тул А1 тоотын хууль бус эзэмшлээс Д.А-г чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Д.А миний бие нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй. Уг орон сууцанд жижүүр, үйлчилгээний ажил эрхэлдэг. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэл хууль бус. Нэхэмжлэлд дурдсан 8 м.кв жижүүрийн өрөөг тус компани анх улсын комисст хүлээлгэж өгсөн байдлыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. СӨХ уг өрөөг засан сэргээж, байрны камер, цахилгааны пускатель зэрэг орон сууцанд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулсан байдаг бөгөөд нийт оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Тус жижүүрийн өрөө болон техникийн өрөөнүүдийг мэргэжлийн хяналтын зохих байгууллага нь үнэлж дүгнээд, компани гэрчилгээ гаргуулж өмчилсөн байдал нь компани болон СӨХ-ны аль аль нь өмчлөгч байж болохгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл А. К ХХК яаж, ямар үндэслэлээр гэрчилгээ гаргуулсан нь тодорхойгүй. Д.А миний бие энэ бүхнээс дүгнээд үзэхэд хариуцагч биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ /хх-ийн 6,7/, Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд татгалзлаа илэрхийлсэн тайлбар /хх-ийн 16, 17/, Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтын хамт, /43-55 тал/, хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 66/2017 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /хх-ийн 30,31/ тус тус нотлох баримтаар шүүхэд гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. К ХХК, хариуцагч Д.А-д холбогдуулан ххххх дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороолол, хххххх гудамж, 00 байрны 00 тоотод оршин байх 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хариуцагч биш, нэхэмжлэгч гэрчилгээ гаргуулсан нь эргэлзээтэй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Шүүх хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 08 дугаар сарын 22-ны өдөр товлосон. Энэ хугацаанд хариуцагч болон түүний төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан буюу татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ нотолсон баримт, хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч А. К ХХК ххххх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, хххххх гудамж, 00 байрны 00  тоотод орших 8 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д нийцээгүй гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хариуцагч нотлох баримтын хэмжээнд үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй. Нэхэмжлэгч тус А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэлийг бий болгохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тус А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилсөн гэх үйл баримт болон хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгохоор бүртгэх байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж эрх зүйн маргаан үүсгэсэн эсэх нь хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийг тус А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Шүүхэд гаргасан талуудын тайлбараар маргаж буй А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч гэр бүлийн хэрэгцээнд байнга амьдрах зорилгоор бус А 00 СӨХ-ны жижүүрийн ажлын байрны зориулалтаар эзэмшиж байгаа талаар тайлбарласан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчийг тус үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар оршин сууж байгаа гэж тайлбарласан.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг амьдран суух болон ажлын байрны зориулалтаар хариуцагчид эзэмшүүлэхээр зохигч тохиролцсон, хэлцэл хийсэн болох нь, мөн хариуцагчийн эзэмшил хууль ёсны болохыг тэрээр шүүхэд нотлоогүй байна. Хариуцагч нь А 00 СӨХ-ны жижүүрээр ажилладаг гэх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч А. К ХХК, А 00 СӨХ нарын хооронд тус А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглах тухай, А 00 СӨХ-ны ажилтны хувиар хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг ажлын байрны зориулалтаар эзэмшиж байгаа гэх үйл баримт мөн тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийг, нэхэмжлэгчийн өмчлөлийн тус А1 тоотод орших 8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж тус А1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч Д.А-аас шаардах эрхтэй. Хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшээгүй бол нэхэмжлэгчийн анхны шаардлагаар эзэмшлийг чөлөөлж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул хххххх дүүргийн 00  дугаар хороо, 00  дугаар хороолол, хххх  гудамж, 00  байрны А1 тоотод орших 8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагч Д.А-г шүүхийн журмаар албадан чөлөөлж шийдвэрлэв.

Шүүх хариуцагч Д.А-ийн 0000000, төлөөлөгч Д.М-ын 0000000 дугаараар дамжуулан, мөн хариуцагчид түүний шүүхэд мэдүүлсэн ххххххх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол  ,ххххххх гудамж, 00 байрны А1 тоот хаягаар тус тус шүүх хуралдааны товыг хүргэсэн, хариуцагч тал товыг хүлээн авсан байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагч талд шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч Бүргэд овгийн Дугаржавын А /000000000 /-г, нэхэмжлэгч А. К ХХК /00000000/-ийн өмчлөлийн хххххх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, ххххххх гудамж, 00 байрны А1 тоотод орших 8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000  дугаар бүхий, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А. К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ