Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00220

 

 

Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02294 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК, П.Н нарт холбогдох, гэм хорын хохирол 228,350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 228,420,200 төгрөгийг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: У ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал П.Н нь Г б ХХК-тай 2014 оны 03 сарын 04-ний өдөр Картын төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээ-г байгуулан тус банкны Пос терминал машиныг ашиглах болсон. Гэвч П.Н нь ажил үйлчилгээ явуулахгүйгээр БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан Канад Улсад бүртгэлтэй иргэдийн олон улсын төлбөрийн картыг ашиглан 2014 оны 03 сарын 04-ний өдрөөс мөн сарын 17-ны өдрийн хооронд 33 удаагийн үйлдлээр нийт 228,350,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлж түүнийгээ Улаанбаатар хотод байрлах АТМ бэлэн мөнгөний машинуудаас гаргуулан авсан байдаг. Ийнхүү У ХХК-ийн захирал П.Н нь дээрх гэрээний 1.2, 4.2.12-т заасныг зөрчиж банкны итгэлийг эвдэн хуурамч картаар гүйлгээ хийсэн.

Дээрх үйлдэлд нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 166 дугаар зүйлийн 1661.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хаасан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 720 дугаар тогтоолд хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй талаар дурдаж иргэний хариуцагч хохирлыг барагдуулж дуустал битүүмжлэгдсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй болохыг тогтоосон. Урьд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоосон.

Иймд хариуцагч У ХХК болон П.Н нараас гэм хорын хохирол 228,350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 228,420,200 төгрөгийг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: П.Н Г б ХХК-д бодитоор хохирол учруулаагүй. П.Н нь БНХАУ-ын иргэдээс авсан 10,000,000 төгрөгийг тус банкинд төлсөн. Мөн өөрийн худалдаж авсан 1,000,000 төгрөгийн Пос терминал машиныг Цагдаагийн байгууллагад хураалгуулсан.

П.Н-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа иргэний хариуцагчаар У ХХК-ийг татан шалгаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар дугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Хариуцагч нарын гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар иргэний журмаар хянан шийдвэрлэж болохгүй. Прокурорын тогтоолоор хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон гэж үзэх боломжгүй. Шүүхийн тогтоол байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Дүүрэнжаргалын гаргасан дүгнэлтийн агуулга: У ХХК, П.Н нар хамтран гэмт хэрэг үйлдсэн, Г б ХХК-тай Пос машины гэрээ байгуулж Канад Улсын иргэдийн картыг хуулбарлан хуурамч карт ашиглан нийт 33 удаагийн үйлдлээр Г б ХХК-аас 228,350,000 төгрөг авсан байна. Иймд гэм хорын хохирлыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-аас 218,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,70,200 төгрөг гаргуулах, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн ... хаягт байршилтай газар, хувийн сууц, гараж, 0000 улсын дугаартай Рэнж Ровер маркийн автомашин, У ХХК-ийн эзэмшлийн ... байрлах 60,000 м.кв газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах болон хариуцагч П.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,299,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,249,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д буцаан олгожээ.

 

5.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Хэрэгт авагдсан У ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл, Монгол банкны хянан шалгагчийн дүгнэлт, У ХХК-ийн дансны зарлагын гүйлгээний хуулга, БНХАУ-ын иргэн Дилан руу 6,500 юань шилжүүлсэн баримт зэргээр нэхэмжлэгчид 228,350,000 төгрөгийн гэм хор учруулсан этгээд нь П.Н юм. Мөн хэргийн 3 дугаар хавтасны 241 дүгээр талд авагдсан албан бичигт ...тус хэлтэст шалгагдаж байгаа Монгол Улсын иргэн П.Н, БНХАУ-ын иргэн Дилан нарын 2014 оны 03 сарын 04-ний өдрөөс 2014 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагаар дамжуулан Дилан нь өөрийн данс руу 6,500 юань гуйвуулсан болно гэжээ. Энэ баримтыг 2014 оны 03 сарын 17-ны өдөр мэдээллийн хүснэгтийн хамт ирүүлсэн байдаг. 6,500 юаныг тухайн өдрийн ханшаар буюу 286,42 төгрөгөөр тооцоход 1,861,730 төгрөг болох ба үлдэх хэсгийн ханш тодорхойгүй байдаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргийн хуваарилалт П.Н-д байсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох, Иргэний хуульд заасан санаатай хууль бус үйлдлээр гэм хор учруулах гэдэг ойлголтууд нь тусдаа юм. Мөн хариуцагч нь гэм хорын хохирол болох 10,000,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 12-ны өдөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Тэрээр 2014 оны 06 сарын 22-ны өдөр ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэж бичсэн нь санаатай үйлдлээр гэм хорын хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. байгаа хэлбэр гэж үздэг. Энэ нь хэргийн 125, 126 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогддог. Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 231 дүгээр талд авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 720 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хохирогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. П.Н нь хохирол болох 228,350,000 төгрөгийг ашиглаагүй, хөрөнгө оруулалт хийнэ гэсэн БНХАУ-ын иргэнд залилуулсан гэж байгаа ч энэ нь нотлогдоогүй. Хариуцагч П.Н нь энэ хэргийг үйлдэхийн тулд буюу Г б ХХК-д хохирол учруулахаар У ХХК-ийг байгуулсан тул У ХХК болон П.Н нарт хариуцуулж өгнө үү.

Иймд П.Нгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 228,350,000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс хариуцагч П.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь түүнд холбогдох эрүүгийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Мөн түүнийг бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. П.Н-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад У ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Г б ХХК-тай хамтран ажиллах гэрээг У ХХК байгуулж, төлбөр тооцооны гүйлгээ тус компанийн данс руу орсон. Г б ХХК-аас П.Н-г хамтран хариуцах ёстой гэж байгаа боловч хариуцагч тус бүрээс хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

Иймд анхан шатны шүүхээс П.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: У ХХК-аас 218,358,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00138 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г б ХХК-аас хариуцагч У ХХК-ийн терминал машинаас картаар гүйлгээ хийсэн хохирлыг холбогдох байгууллагад хэзээ, хэрхэн төлж барагдуулсан талаар нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн баримтыг ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн У ХХК-ийн дансанд 2014 оны 03 сарын 04-ний өдрөөс мөн сарын 17-ны өдрийн хооронд гүйлгээ хийгдсэн. Гэтэл 2014 оны 04 сарын 15-ны өдрийн виза олон улсын үйлчилгээний журам гарсан байх бөгөөд уг журмыг гараагүй байхад У ХХК-ийн данснаас дээрх мөнгөний гүйлгээ хийгдсэн учраас гадаадын байгууллага мөнгөн хөрөнгө суутгасан гэсэн нь эргэлзээтэй. Г б ХХК-аас хэдэн төгрөг суутгасан талаарх баримт одоог хүртэл байдаггүй буюу энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн үнийн дүнгүүд зөрүүтэй байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд Г б ХХК-аас ямар байгууллага, хэдэн төгрөг суутгасан талаарх баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хэрэгт шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзвэл АНУ, Канад Улс дахь байгууллагаас нэхэмжлэгч талаас хэдэн ам.доллар суутгасан талаарх баримтыг Монголбанкнаас дүгнэлт гаргуулах боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан буцаан нэхэмжлэх оролдлого амжилтгүй болсон баримтыг баталгаат орчуулгаар орчуулуулсан. Мөн Эрүүгийн хэрэгт авагдсан картуудаар үйлдэгдсэн хохирлын дүн бүхий баримтууд хэргийн 2 дугаар хавтасны 210-211 дэх талд авагдсан. Хариуцагч талаас энэ үнийн дүнг тодорхойгүй гэдэг боловч Г б ХХК-ийн гадаад улсад байрших 83018540060200 тоот ам.долларын данснаас У гэсэн нэртэй гүйлгээ гарсан баримтаар нотлогддог. Виза олон улсын үйл ажиллагааны журамд нь үл маргах журмаар данснаас суутгаж авах тухай заалтгүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн гэдэг нь үндэслэлгүйн. Хэргийн 3 дугаар хавтасны 37 дугаар талын 3 дахь дэд хэсэгт авагдсан баримтад визагийн хэрэглэгчид нь үүссэн нөхцөл байдлаас хамааран дүрэмд заасны дагуу торгууль, шийтгэлийг оногдуулах эрх нь Виза олон улсын байгууллагад олгодог ба хэрэглэгчид хүлээн зөвшөөрдөг гэсэн заалтын дагуу шалтгааны код 62 буюу хуурамч карт ашигласан луйврын гүйлгээний үнийн дүнг үл маргах журмаар дундын данснаас суутган авна гэснийг хэрэгт өгсөн байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Жавхлангийн бэлтгэсэн мэдээллийг үнэлээгүй ба У ХХК-ийн үндсэн дансны орлого, Г б ХХК-ийн дансны зарлагын гүйлгээ болон шалтгааны код 62 гэсэн баримтуудыг үнэлсэн. Олон Улсын гүйлгээ хийхдээ Г б ХХК нь Олон улсын виза интернэйшнл байгууллагатай гэрээ байгуулан өөрийн хийсэн гүйлгээг бусад улсуудад хүлээн зөвшөөрүүлдэг. Үүнийг үндэслэн гадаад улсад данс нээж, тухайн данснаас гарсан гүйлгээг авахаар зохицуулагдсан байдаг. Үүний дараа хэрэв энэ гүйлгээ ямар нэг асуудалгүй байвал тооцоо нийлж, хугацаа нь зөрүүтэй явагддаг. Г б ХХК-ийн ажилтнуудын өгсөн мэдүүлгийн үнийн дүн зөрсөн нь мөн энэ хугацаатай холбоотой юм. Гүйлгээг хянах зааварчилгаа өгөх үүргээ Г б ХХК биелүүлсэн бөгөөд хэргийн 3 дугаар хавтасны 108-109 дэх талд авагдсан н.Батцэцэгийн мэдүүлгээр тогтоогдоно. Монголбанкнаас гомдолд дурдсан асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан ба П.Н-гийн эзэмшлийн 6 карт мөн бөгөөд энэ дансаар гарсан байх боломжтой гэсний дагуу эрүүгийн мөрдөгч Хас банк ХХК, Хаан банк ХХК болон бусад банкуудаас картуудын хуулгыг авсан. 2014 оны 04 сарын 15-ны өдрийн огноо нь Олон улсын виза интернэйшнл байгууллагатай байгуулсан гэрээг орчуулж өгсөн хугацаа бөгөөд нэхэмжлэгч нь тус байгууллагатай 2009 оны 02 сарын 23-ны өдөр картын эрхийн гишүүнчлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ хэргийн 3 дугаар хавтасны 33 дахьталд авагдсан.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

1.   Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч хариуцагч П.Н, У ХХК нарт холбогдуулан, гэм хорын хохирол 228,350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 228,420,200 төгрөгийг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 183/ЕШ2021/02873 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Мөнхбаярыг, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Оюунбилэг, шүүгч Ж.Сэмжид нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /1хх 249/

 

Гэтэл хэргийн 2 дугаар хавтас 21-29 дэх талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээс үзвэл, тус хэргийг шүүгч Б.Мөнхбаяр /даргалагч/, шүүгч Дэ.Энхцэцэг, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, тус иргэний хэргийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон шүүх бүрэлдэхүүнээс өөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

3.   Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02294 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 1,299,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г б ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч У ХХК нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР