Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00235

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02980 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З-т холбогдох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны үнэ 180,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: Д.Г нь Б.Зтой байгуулсан 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу ...  тоот хаягт байрлах 90.59 м.кв талбайтай, гэрчилгээний 0000, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.З-т шилжүүлсэн боловч тэрээр орон сууцны төлбөр 180,000,000 төгрөгийг төлөөгүй. Энэхүү гэрээний дагуу төлбөр шаардсан боловч Б.З уг гэрээнд гарын үсэг зураагүй талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар өөрчилж байна.

2018 оны 08 сард нэхэмжлэгчид мөнгө хэрэгтэй болсон тул дээрх орон сууцыг Б.З-т худалдах талаар санал болгосон. Д.Г нь өөрийн төрсөн эгч Д.О-ээс орон сууцны өмчлөх эрхийг 2018 оны 10 сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан. Ингээд Б.З-той орон сууцны үнийг 180,000,000 төгрөг гэж амаар тохиролцсоны дагуу тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б.З-ын нэр дээр шилжсэн. 2021 оны 11 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд Б.З нь орон сууцны үнийг 180,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч, орон сууц 90.59 м.кв гэдэгтэй маргахгүй гэсэн тайлбар гаргасан.

Маргаан бүхий гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтаар Б.З нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан орон сууцыг 2020 оны 09 сарын 17-ны өдөр Ц.Ц-т худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул орон сууцны үнийг шаардаж байна. Хариуцагч тус орон сууцыг бусдад худалдан борлуулснаас үзэхэд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн захирамжаар Д.Г нь өөрт холбогдуулж гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, дээрх орон сууцын үнэ 180,000,000 төгрөг гаргуулах тухай Д.О-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр 180,000,000 төгрөгийг Д.О-д олгохоор шийдвэрлэсэн.

2018 оны 10 сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Д.Г болон Б.З нарын хооронд байгуулагдаж, орон сууцны үнийг тохиролцож, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Харин Г М К ХХК, М и ХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь өөр тусдаа гэрээ юм. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний тухайд маргаж байгаа болохоос Г М К ХХК арматур авсан эсэх асуудлаар тайлбар хийх эрх олгогдоогүй.Г М К ХХК, М и ХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2018 оны 11 сарын 01-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулаагүй мөн барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Д.Г-той 2018 онд ажил хэргийн шугамаар анх уулзаж, арматур болон цахилгаан шат худалдан авах, барааны үнийг тодорхой хугацааны дараа төлөх талаар харилцан тохиролцож, гэрээний үүргийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.З-ийн нэр дээр сайн дураараа шилжүүлсэн. Б.З нь дээрх орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зориг байгаагүй.Г М К ХХК буюу Д.Г нь арматур, цахилгаан шатыг авч, тус орон сууцны өмчлөх эрхийг Б.З-ийн нэр дээр шилжүүлсэн.Г М К ХХК буюу тухайн компанийн захирал Д.Г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, арматурын төлбөр 112,234,500 төгрөг, алданги 56,117,250 төгрөг, цахилгаан шатны төлбөрөөс 15,400 ам доллар, алданги 7,700 ам долларыг тус тус төлөөгүй 2 жил өнгөрсөн тул барьцааны гэрээний 2-т зааснаар орон сууцыг худалдан борлуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3-т зааснаар орон сууцны төлбөрийг эд хөрөнгөөр буюу арматур бетон зуурмагаар хийсэн гэж ойлгож болно.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа 2018 оны 11 сарын 01-ний өдөр Д.Г нь өөрийн өмчлөлийн 2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.З захирлын нэр дээр шилжүүлээд авч ирсэн. Үүнээс хойшГ М К ХХК мөнгөө төлөөгүй.Г М К ХХК-д нэгэнт арматурыг шилжүүлж, лифтийг нийлүүлж, угсарч гүйцэтгэх ажлыг хийж, энэ талаар ямар нэгэн байдлаар маргаагүй, М и ХК нь Б.З захиралд төлбөр тооцоо, арматуртай холбоотой хөрөнгүүдийг шилжүүлж, худалдан борлуулах эрхийг олгосон тул орон сууцыг худалдан борлуулж, М и ХК-д төлбөрийг шилжүүлсэн.

Талуудын хооронд хэлцэл хийгдэж байж Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан асуудал хөндөгдөнө. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж байгаа бол гэрээ байгуулагдсаны маргааш нь буюу 2018 оны 11 сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулах шаардлагагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2 компанийн хооронд хийгдсэн тохиролцоо буюу арматур, барьцааны гэрээний талаар тайлбар өгөх боломжгүй гэдэг. Гэтэл энэ маргааны гол үйл явдал зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээтэй шууд холбоотой тул энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцэхгүйгээр хэргийн бодит байдал тогтоогдохгүй. Гэрээ байгуулаагүй байж, гэрээний дагуу шаардах эрх хэрэгжүүлж, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг болохыг нэхэмжлэгч тал анхаарах хэрэгтэй. Орон сууцыг арматур, лифтний төлбөрт тооцож авсан гэдэгт маргахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.З-т холбогдох ... тоот хаягт байршилтай 90.59 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны үнэ 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

а/. Б.З-той 2018 оны 10 сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, уг гэрээг үндэслэн өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, хариуцагчийн өмчлөлд орон сууцны өмчлөх эрх шилжсэн. Гэрээнд Б.З гарын үсэг зураагүй гэж маргаж, шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг биш болох нь тогтоогдсон боловч худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулахад хариуцагч өөрийн бичиг баримтаа нотариатчид өгсөн үйлдэл, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, цааш Ц.Ц гэх хүнд худалдан борлуулсан үйлдлийн талаар шүүх Б.З-ийг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах шууд сонирхолгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

б/. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

в/. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг илтэд гуйвуулж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг ялгаж, салгалгүйгээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барьцааны гэрээний талаар дүгнэж, холбогдох нотлох баримтуудыг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг дүгнэж, үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий орон сууцаар хангуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

г/. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт болох М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, барьцааны гэрээнүүдийг үнэлэхдээ хууль зөрчсөн.

д/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу М и ХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй атлаа М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх гэрээнүүдийг дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Д.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцааны талаар маргаж байхад хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний талаар дүгнэсэн нь энэ талаар тайлбар гаргах боломж, эрх олголгүйгээр хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийг бодитой үнэлж, зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйн улмаас давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

 

3.   Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.З-т холбогдуулан 2018 оны 10 сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа /1хх 1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцны үнэ 180,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ. /1хх 180-181/

 

4.   Хариуцагч Б.З нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...маргаан бүхий орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зориг байгаагүй, М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Г өөрөө Б.З-ийн нэр дээр орон сууцыг шилжүүлсэн, улмаар компани хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрт тооцож бусдад худалдсан... гэсэн үндэслэл заан маргасан байна. /1хх 19, 211-212/

 

5.   Анхан шатны шүүх дээрх иргэдийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч бус этгээдүүд болох М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийн үүрэгт маргаан бүхий орон сууцыг тооцсон талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал ...М и ХК, Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь уг маргаанд хамааралгүй тусдаа гэрээ... гэж, хариуцагч тал ...Гурван марал констракшн ХХК нь арматур, цахилгаан шатыг авч, орон сууцны өмчлөх эрхийг Б.З-ийн нэр дээр шилжүүлсэн, улмаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлээгүй учир орон сууцыг бусдад худалдан борлуулж үнийг гаргуулсан... гэж тус тус тайлбарладаг.

 

Хэргийн оролцогчийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор М и ХК,Г М К ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 25-26/, Барьцааны гэрээ /хх 27-28/-г тус тус нотлох баримтаар гарган өгч, эдгээр гэрээний талаар зохигчид харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцэж байгаа тохиолдолд шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцны үнэ шаардсан нэхэмжлэлийг няцаах үндэслэлд хуулийн этгээд хооронд үүссэн гэх өр төлбөрийн асуудал хамааралтай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу тэдгээр хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчоос гаргасан М и ХХК-ийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг шүүхийн зүгээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа хуулийн этгээд хооронд байгуулагдсан хэлцлийн үүрэгт маргаан бүхий орон сууцыг тооцсон талаар дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

М и ХК,Г М К ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхээс хамааран зохигчдын хооронд үүсэх эрх зүйн харилцаа, түүнд хэрэглэвэл зохих хууль хэрэглээний талаарх дүгнэлтэд өөрчлөлт орж болзошгүй юм.

 

6.   Дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 1,057,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР