Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00360

 

 

 

 

 

 

 

 

 

ӨМБШЭ компанийн

/IMBSHER/

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02436 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ӨМБШЭ ХХК-ийн /IMBSHER нэхэмжлэлтэй, хариуцагч Ю Б М С ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ю Б М С ХХК болон ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанийн хооронд 2016 оны 11 сарын 05-ны өдөр 2016/11-02 дугаар бүхий Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу худалдан авагч тал 2016 оны 11 сарын 07-ны өдөр 20,000 тонн нүүрсний төлбөр болох нийт 640,000 ам.долларын урьдчилгаа төлбөрийг худалдагч талд шилжүүлсэн. Худалдагч тал гэрээний дагуу 2017 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 20,000 тонн нүүрс нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй.

Худалдагч тал 2016 оны 12 сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 сарын 30-ны өдрийн хооронд зөвхөн 5,555.15 тонн нүүрс буюу нийт 177,764.80 ам.долларын үнэ бүхий нүүрсийг худалдан авагч талд нийлүүлсэн бөгөөд одоо 14,444.85 тонн нүүрс нийлүүлэх буюу нийт 462,235.20 ам.долларын үлдэгдэл өртэй байгаа учир гэрээний 8.2.5, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасны дагуу худалдагч талын гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

Худалдан авагч өөрт учраад байгаа нөхцөл байдлын талаар хариуцагчид удаа дараа анхааруулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан.

Иймд хариуцагчаас үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсний үнэ болох 462,235.20 ам.доллар буюу 2018 оны 04 сарын 10-ны өдрийн Монгол Банкнаас зарласан албан ёсны ханш болох 2,391.45 төгрөгөөр тооцон нийт 1,105,412,369 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2016 оны 11 сарын 05-ны өдөр байгуулагдсан 2016/11-02 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 640,000 ам.долларыг хариуцагч нь гэрээний оролцогч эзэмшигч, худалдан авагч талуудын хүсэл зориг, тухайн үед байгуулагдсан 2016/1104 тоот гэрээний дагуу захиран зарцуулалтыг хийсэн тул төлбөрийн үлдэгдэлгүй, тухайн гэрээнүүдийн харилцаа дуусгавар болсон. Тодруулбал, 177,764.80 ам.долларын үнэ бүхий 5,555.15 тонн нүүрсийг нийлүүлсэн бөгөөд Т Т ХК-ийн дансанд тухайн үеийн Монгол Банкнаас зарласан ханшаар 410,000 ам.долларыг шилжүүлсэн. Энэ үнэд тооцогдох нүүрсийг Т Т ХК-аас авах, ачих ажлыг нэхэмжлэгч байгууллага зохион байгуулаагүй, тус компанийн дансанд төлбөр байгаа болно.

Дээрх 3 талт гэрээнүүдийн зорилго нь Хятад улсын 2 компани нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Монгол улсын хил гаалиар нэвтрүүлэх эрхгүй байсан тул Ю Б М С ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсны үндсэн дээр нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон. Ийнхүү зуучлалын гэрээний төлбөр болох 230,000 ам.долларыг зуучлалын хөлсөнд авч, тухайн үед гэрээний талуудын хүсэл зоригийн дагуу зарцуулалтыг хийсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю Б М С ХХК-аас 1,105,412,369 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ӨМБШЭ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,685,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 5,685,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю Б М С ХХК-аас шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулан Элит орчуулгын товчоо-нд олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02436 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а/. Анхан шатны шүүх ...Талуудын хооронд гурван талт нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 20,000 тонн нүүрсний үнэ болох 640,000 ам.долларыг шилжүүлсэн... гэж дүгнэсэн атлаа энэ гэрээний худалдагч талыг үнэн зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ гэж хуулийг буруу тайлбарласан. Худалдагч буюу нүүрсний өмчлөгч Т Т ХК зөвхөн 100,000 тонн нүүрсний эзэмших эрхийг Inner Mongolia Guo Ju Import and Export Trade Co., LTD компанид олгосон нь нүүрс худалдагч нь тухайн 2 хуулийн этгээд байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь зөрчигдөж байгаа хуулийн этгээдүүдийг оролцуулаагүй. Гэрээний зүйл болж байгаа нүүрс нь Т Т ХК-ийн өмчлөлийн нүүрс байхад ийнхүү өмчлөгчийг тодорхойлоогүй атлаа худалдааны зүйл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч тал нь зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн.

б/. Шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Учир нь иргэний хэрэг үүсгэсэн захирамжид нэхэмжлэгч нь ӨМБШЭ ХХК гэж заасан атлаа А.А, Т.М нарт олгосон итгэмжлэл нь ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанийг төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл байхад ийнхүү төлөөлөх эрхийг нэхэмжлэгч компани олгосон" гэсэн нь итгэмжлэлийг үнэн зөв үнэлээгүй.

в/. ӨМБШЭ ХХК-ийг төлөөлж компанийн захирал Ли Пэй Чөн гарын үсэг зурсан байна. Гэтэл хэрэгт авагдсан ӨМБШЭ ХХК-ийн дүрмийн 21 дүгээр зүйлд зааснаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь хууль ёсны төлөөлөгч байна. Энэ дүрэм нь 2016 оны 01 сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд дүрмийн 23 дугаар зүйлд захирлуудын бүрэн эрхийн хугацаа 3 жил гэж заасан. Улмаар компанийн захирлын бүрэн эрх нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй. Итгэмжлэл нь агуулгын хувьд Л П Ч буюу иргэнээс олгосон итгэмжлэл юм.

г/. ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компани нь тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд энэ компани нь хариуцагч компанитай гэрээ байгуулж, 640,000 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл ямар итгэмжлэл, эрхийн хүрээнд ӨМБШЭ ХХК нь ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, гэрээг шаардах эрх үүссэн нотлох баримтгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

д/. Шүүх хариуцагчид 640,000 ам.доллар шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй гэсэн дүгнэлт нь хариуцагчийн тайлбарыг үнэн зөв үнэлээгүй бөгөөд хариуцагч нь ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компаниас авсан гэсэн болохоос биш нэхэмжлэгч талаас хүлээн авсан гэж тайлбарлаагүй.

е/. Түүнчлэн ӨМБШЭ ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанид Ю Б М С ХХК болон Т Т ХК-тай коксжих нүүрс тээврийн гэрээ байгуулах эрхийг олгосон гэж дүгнэсэн. Гэтэл тухайн албан бичиг нь нэхэмжлэгч компаниас ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанид шаардах эрх олгосон баримт биш. Хэрэв шүүхийн үнэлсэн дээрх албан тоотыг гэрээ хэлцэл байгуулах эрхийг олгосон гэж үзвэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

ё/. Хэрэгт нэхэмжпэгч болон ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй бөгөөд хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан нотариатын гэрчилгээ нь хуулбар үнэнг гэрчилсэн болохоос биш эх баримтын үнэн зөвийг гэрчлээгүй. Олон Улсын гэрээнд Монгол Улс болон БНХАУ нэгдэн орсон тул тухайн итгэмжлэл, нотариатын гэрчилсэн баримтад Олон улсын апостиль гэрчилгээ дарагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус баримт

болно.

ж/. Гурван талт гэрээний 2.1-д зааснаар нүүрсний өмчлөгч нь Т Т ХК,
гэрээний 4.1-д Т Т ХК-ийн үнээр нийлүүлнэ гэж заасан. Тухайн гэрээний 4.2-т зааснаар худалдан авагч тал нүүрсний тээвэрт холбогдох бүх ажлыг хариуцах, 8.2.4-т зааснаар худалдагч талын уурхайд мөрдөх ХАБЭА журмыг мөрдөхөөр заасан бөгөөд хариуцагч тал нь уурхайгүй, харин Т Т ХК-ийг ийнхүү заасан. Түүнчлэн гэрээний 9.5-д
зааснаар худалдан авагч тал тээврийг тасралтгүй явуулах үүрэгтэй ба өдөрт 20 ширхэгээс багагүй тооны машинуудын ачилтыг хийнэ. Гэтэл нүүрс Т Т ХК-ийн уурхайд өнөөдрийг хүртэл байгаа. Мөн нэхэмжлэгчийн нэхэж буй нүүрсний мөнгө Т Т ХК-д одоог хүртэл байгаа гэдгийг тус компани хүлээн зөвшөөрч
тайлбарласаар ирсэн.

з/. Гурван талт гэрээний 1.1-д зааснаар гэрээний хугацаа 2017 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд 2021 оны 04 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32021/04656 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд 2020 оны 03 сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ийнхүү шүүхэд
нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хугацаа дуусгавар болсон.

и/. Шүүх өмнө нь 2021 оны 01 сарын 19-ны өдрийн 181/Ш32021/00789 тоот шүүгчийн захирамжаар ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компанийн нэрийн өмнөөс ӨМБШЭ ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, төлбөр нь ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компаниас шилжсэн, түүнчлэн нүүрс нь Т Т ХК-д байгаа зэрэг үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд энэ захирамжид заасан алдааг залруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч итгэмжлэлийн алдааг
залруулахыг нэхэмжлэгч талд анхааруулж байсан болно. Ийнхүү процессын алдааг хэргийн зохигчид хүртэл хүлээн зөвшөөрч мэдэж байсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02436 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал гомдолдоо зуучлагчийн үүрэг хүлээж гэрээнд оролцсон гэж байгаа боловч тус гэрээ нь гурван талт нүүрс нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээ гэсэн нэршилтэй бөгөөд Ю Б М С ХХК нь худалдагч тал, нэхэмжлэгч нь худалдан авагч тал гэсэн байгаа.

Мөн шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гэрээнд оролцсон ӨМБШЭ ХХК-ийн Г М салбар компани нь ӨМБШЭ ХХК-ийн салбар компани юм. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар салбар компани нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй, толгой компани нь өмнөөс нь хариуцлага хүлээдэг. Хятад Улсын хуульд ч мөн адил салбар компани хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.

Хариуцагч талаас итгэмжлэлд апостиль гэрчилгээ ирээгүй, итгэмжлэл шаардлага хангахгүй гэж маргадаг. Хэрэгт авагдсан итгэмжлэл Иргэний хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. Итгэмжлэлд компанийн тамга дарагдсанаар эх хувиар Монгол Улсад ирж, баталгаат орчуулгаар орж тамга дарагдсан тул шаардлага хангасан итгэмжлэл гэж үзэж байна. Хариуцагчийн хэлж буй албан тоотын хувьд салбар компани, толгой компани хоёрын бичиг баримтуудын агуулгаас харахад салбар компани, толгой компани гэсэн харилцаатай болох нь нотлогдоно.

Албан ёсоор ирж байгаа хуулийн этгээдийн бичиг баримтууд нь тэндээс эх хувиараа ирсэн буюу тухайн улсын нотариатаар гэрчлүүлсэн баримтыг заавал апостиль хийлгэх шаардлагагүй.

Хэргийн 78-81 дүгээр талд авагдсан баримтууд толгой компаниас салбар компанид чиг үүрэг олгож буй албан бичиг юм. Худалдан авагч тал нь гэрээнийхээ үүргийг биелүүлээд ачилтын автомашинуудыг тухай бүрд нь оруулж байсан. Т Т ХК-аас нүүрс олголтыг зогсоосон, түүнээс хойш худалдан авагч тал нь удаа дараа нүүрсээ авахыг шаардсан. Сүүлдээ нүүрс авахаа болиод аваагүй үлдэгдэл мөнгөө авья гэж шаардаж байгаа.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд худалдан авагч тал 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс шүүхэд хандаж, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.   Нэхэмжлэгч ӨМБШЭ ХХК /IMBSHER/ нь хариуцагч Ю Б М С ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20,000 тонн нүүрсний үнэ 640,000 ам.долларыг шилжүүлсэн боловч 5,555.15 тонн нүүрс буюу 77,764.80 ам.долларын нүүрсийг хүлээн авсан, худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үлдэгдэл 462,235.20 ам.доллар буюу 1,105,412,369 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна... гэсэн агуулгаар тайлбарладаг.

 

3.   Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...талууд зуучлалын гэрээ байгуулсан, 640,000 ам.доллараас зуучлалын хөлсөнд 230,000 ам.долларыг суутган авч 410,000 ам.долларыг Т Т ХК-д шилжүүлсэн, нэхэмжлэгч өөрөө Т Т ХК-ийн талбайгаас нүүрсээ аваагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

4.   Хэрэгт авагдсан 2016 оны 11 сарын 05-ны өдрийн 2016/11-02 тоот Нүүрс нийлүүлэх-худалдах, худалдан авах гэрээ-нд эзэмшигч гэж Өвөр Монголын Г Ж И Э Э Трейд компанийг худалдагч гэж Ю Б М С ХХК-ийг, худалдан авагч гэж ӨМБШЭ ХХК-ийн Г М салбарыг  тус тус тодорхойлсон, мөн уг гэрээний удиртгал хэсэгт ...Т Т ХК болон эзэмшигч тал нь 2016 оны 09 сарын 05-ны өдөр Нүүрс экспортын 00 тоот гэрээ байгуулсан тухай, Энэхүү гэрээ нь Т Т ХК-ийн талбай дээр байрлаж буй эзэмшигч талын өмчлөлийн нүүрсийг экспортлох зорилгоор байгуулсан гэдгийг талууд үүгээр хүлээн зөвшөөрч баталгаажуулж байгаа тухай тус тус дурдсан зэргээс үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, энэ талаарх хариуцагч талын тайлбарыг анхаараагүй байна. /хх 12-20/

Өөрөөр хэлбэл, гэрээг 3 тал байгуулсан байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёрыг нь оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн гэрээнд Т Т ХК-тай холбоотой асуудлууд тусгагдсан /Гэрээний удиртгал хэсэг, гэрээний 2.1, 4.1, 5.1/, мөн хариуцагч талаас Т Т ХК-ийг дурьдан татгалзлаа тайлбарлаж байхад тухайн этгээдийн эрх, үүрэг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

5.   Түүнчлэн, гэрээний 8.2.1-д Худалдан авагч тал нь ачилтад орох тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа бүрэн бүтэн байдлыг хангаж, ачилтад бэлэн байлгах үүрэгтэй, 8.2.2-т Худалдан авагч тал нь тээврийн хэрэгсэлд нүүрс ачих ачилтыг хариуцна, 8.2.3-т Худалдан авагч тал нь уурхайн талбай болон тээвэрлэлт хийх маршрутын туршид Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, уурхайгаас гаргасан дарааллын болон бусад журам, сахилга бат, худалдагч талын төлөөлөгчийн өгсөн зааварчилгааг хатуу баримтлан ажиллах үүрэгтэй, 8.2.4-т худалдагч талын уурхайд мөрдөгдөх ХАБЭА-ны стандарт зааврыг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд түүнтэй холбоотой үүсэх бүхий л эрсдэлийг бүрэн хариуцна гэж тус тус заасныг гэрээний удиртгал хэсэгт Энэхүү гэрээ нь Т Т ХК-ийн талбай дээр байрлаж буй эзэмшигч талын өмчлөлийн нүүрсийг экспортлох зорилгоор байгуулсан гэдгийг талууд үүгээр хүлээн зөвшөөрч баталгаажуулж байгаа гэж дурдсантай харьцуулан үзвэл, нэхэмжлэгч ӨМБШЭ ХХК нь Т Т ХК-ийн талбай дээр байрлаж буй Өвөр Монголын Г Ж И Э Э Трейд компани эзэмшлийн нүүрсийг тээвэрлэн зөөх ажлыг хариуцах үүргийг дээрх гэрээгээр хүлээсэн гэж дүгнэхээр байна.

Уг үүргээ нэхэмжлэгч компани зохих ёсоор биелүүлсэн эсэх нь мөн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

6.   Хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны зүйлд хамааралтай үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

7.   Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байх тул гэрээний нэг тал болох ӨМБШЭ ХХК-ийн Г М салбарын  өмнөөс ӨМБШЭ ХХК /IMBSHER шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, мөн Монгол Улсын нэгдэн орсон Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц-д БНХАУ нэгдэн ороогүй тул хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг апостиль гэрчилгээ-гээр баталгаажуулах шаардлага тавигдахгүй учир хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгүүд үндэслэлгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхэд талууд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ю Б М С ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 5,685,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР