Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 135/2016/00500/И |
Дугаар | 001/ХТ2017/00011 |
Огноо | 2017-01-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2017/00011
Н.Дунгармаа нарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дүгээр шийдвэртэй,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 185 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч : Н.Дунгармаа,
Нэхэмжлэгч : А.Энхтуяа,
Нэхэмжлэгч : Н.Одонтуяа,
Нэхэмжлэгч : М.Жаргал,
Нэхэмжлэгч : Ж.Ганцэцэг,
Хариуцагч : Дархан Өргөө политехник коллежид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай
Хариуцагч талын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхтуяа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид тус сургуулийн цайны газарт тасралтгүй 7-9 жил ажилласан үндсэн ажилчид ба нэг ч удаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонбат нь байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай А/30 тушаалыг үндэслэсэн биднийг 2016.02.22-ны 24 дугаар тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн яамны сайд өөрчлөгдөн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц, орон тоог, шинэчлэл батлах тухай 2016.02.06-ны өдөр А/30 тоот тушаал гаргаж, урьд А/126 тоот тушаалыг хүчингүй болгож сургуулийн цайны газарт 4 тогоочийн орон тоотой ажиллахаар баталж цалин хөлсийг төсөвт суулгаж өгсөн. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.11-т заалтын дагуу ямар ч аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан зүйл байхгүй. Тус хуулийн 40.5-р заалт нь ажил олгогч ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэн гэсний дагуу ямар ч мэдэгдэл өгөөгүй. 42.1-т заалтад “ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан. 42.1-д заасан 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3 хуулийн заалтуудын аль нь ч биднийг ажлаас халахад хамаарахгүй байгаа тул энэ заалтыг үндэслэл өөрөө хуулиа зөрчиж байгаа учир биднийг ажлаас халах үндэслэл болохгүй. Т.Отгонбат нь хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан ажилтан ажлаас халагдсаны тэтгэмжийг ажлаас халагдсан өдөрт нь олгоно гэсэн заалтыг зөрчиж биднийг ажлаас халаад 14 хоног болж байхад ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгогдоогүй байгаа тул 42.1-т дэх заалт нь биднийг ажлаас халах үндэслэл болохгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015.6.29-ний өдөр Хөдөлмөрийн сайдын А/126 тушаал гарч цайны газрын орон тоог 2 тогоочтой ажиллуулахаар төсөв, орон тоо батлагдаж ирсэн ба зайлшгүй цомхтгол хийх шаардлага гарч ажлаас гарах мэдэгдэл өгч байсан. Энэ талаар мөн яаманд бичгээр, хүмүүсээ хэрхэн зохицуулж, ажиллуулах орон тоог нэмэгдүүлэх талаар болон хүмүүс ажлаас орон тооны цомхтголоор халагдаж байгаа тухай, орон тоог хэрхэн зохицуулах тухай хүсэлт явуулсан боловч энэ тухай тодорхой хариу шийдвэр ирүүлээгүй байгууллага түүгээрээ зохицуулж ажилла гэсэн зөвлөмж өгсөн. Мөн зайлшгүй тендер шалгаруулах шаардлага гарч тендерт Орчин бадрах ХХК шалгарч дотуур байрны цайны газрыг түрээслэх гэрээ байгуулж ажиллах Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.01.11-ний өдрийн 1-68 тоот зөвлөмжийг хүлээн авсан. Энэ үед 2016.01.20-ны өдрийн Хөдөлмөрийн сайдын А/16 тоот тушаал гарч цайны газарт 2 тогооч, 2 туслах тогоочийн орон тоо батлагдаж ирсэн бөгөөд үүнээс өмнө цомхтголоор халагдсан тогооч нар өөрсдөө сайн дурын үндсэн дээр ажлаас халагдах өргөдлөө гаргаж байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр гэнэт халагдсаны тэтгэмжээ авахаар болсон нь үнэн. Мөн байгууллагын зүгээс дээрхи тендер зарласан компанитай ажлаас халагдсан тогооч нарыг хамтарч ажиллах талаар зөвлөсөн боловч өөрсдөө ажлын ачаалал их, цаашид ажиллах боломжгүй гээд ажиллаагүй. Ажлаас цомхтголоор халагдсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгө 9 сая гаруй төгрөгийг олгохоор яаманд хүсэлт удаа дараа явуулсан боловч төсөвт суугаагүй гэдгээр одоо болтол дээрхи тэтгэмжийн мөнгө олгогдоогүй нь үнэн. Нэгэнт хөдөлмөрийн сайдын тушаал гарч орон тоо цомхотгогдож тендер зарлагдсан үйл ажиллагаа ном журмын дагуу явагдаж байх явцад шинэ сайдын тушаал гарч тогоочийн орон тоог 4 болгон баталсан боловч үйл ажиллагаа, үйл явдал аль хэдийн өрнөөд явагдаж байгаа тул байгууллагын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ, төсөв, цалинжуулах ямар нэг боломж нөхцөл байхгүй. Иймд асуудлыг хууль журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Өргөө политехникийн коллежийн тогоочийн ажилд Н.Дунгармааг, туслах тогоочийн ажилд А.Энхтуяа, Н.Одонтуяа, угаагчийн ажилд Ж.Ганцэцэг, М.Жаргал нарыг эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Өргөө политехникийн коллежоос 4.486.230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дунгармаад, 4.440.000 төгрөгийг гаргуулан А.Энхтуяа, 4.380.000 төгрөгийг гаргуулан Н.Одонтуяад, 3.800.000 төгрөгийг гаргуулан М.Жаргалд, 3.800.000 төгрөгийг гаргуулан Ж.Ганцэцэг нарт тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016.3.01-ний өдрөөс 2016.9.07-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан Өргөө политехникийн коллежид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан Өргөө политехникийн коллежийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 332.681 /262.481+70.200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 185 дугаартай магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас захирамжаар гаргаж буцаан олгосон байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн сайд А/126 тушаал гаргаж Дархан Өргөө политехник коллежийн цайны газрын 6 ажилтантай байсныг цомхотгож 2 орон тоотой болгосон уг тушаалыг сургуулийн зүгээс үндэслэл муутай гэдэг талаар удаа дараа санал хүсэлт тавьж хөөцөлдсөн. Сайдын тушаал гарсан боловч ажил олгогч нь ажилтнуудаа ажлаа хийж бай гээд халах тушаал гаргаагүй байсан. Энэ үеэр дараагийн сайдаар томилогдсон Г.Баярсайхан А/16 тушаал гаргаж 4 орон тоотой болгосон. Гэтэл хуучин ажилчид 4 орон тоогоор ажиллахгүй ажлын ачаалал их байна. Заавал 6 орон тоотой бол бид ажиллана. Тэгэхгүй бол бид халагдана гэсэн шаардлага тавьсан. Энэ тухай 5 нэхэмжлэгчийн сургуулийн захиргаанд гаргаж өгсөн өргөдөл хавтаст хэрэгт байгаа. Хөдөлмөрийн хуулийн 42.1-т заасны дагуу хүн бүрт 3 сарын дундаж цалинтай тэнцэх төгрөгийн тэтгэмж олгож нэхэмжлэгч нар авсан. Харин ажлаас халах тушаалыг өргөдөл өгсөнөөс 4 хоногийн дараа 2016.02.22-нд гаргаж тэднийг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас 2016.03.01-с эхлэн чөлөөлөх болсон. Сум дундын шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангахаар гаргасан шүүхийн шийдвэрийн 3 үндэслэл нь: а. Хэргийн оролцогчид юу гэж ярих нь шүүхэд чухал биш, харин хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хуулийг хэрэглэж, эрх зүйн үр дагавар болгож гаргасан тушаал нь ямар хууль зүйлийн үндэслэж гарсан нь ач холбогдолтой нотлох баримт. Төрийн яамны сайдын гаргасан тушаалын хэрэгжүүлж Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож гаргасан тушаалыг нулимж итгэмжилсэн төлөөлөгчийн үгэнд тэгтлээ шүүх ач холбогдол өгч байгаад гайхаж байна. Мөн хуулийн 42.1-д зааснаар 3 сарын ажил халсан тэтгэмжийг олгосон байхад үүнийг ямар ч хүнд будилахгүй ойлгомжтой байхад үүнийг заавал мөшгөн гуйвуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч ингэж хэллээ гэж шүүх үзэж байгаа нь ИХШХШТ хуулийн 40.1, 40.2-т заасныг зөрчлөө гэж үзэж байна. б. Нэхэмжлэгч нар нь 4 орон тоо батлагдсан тушаал ирэнгүүт сургуулийн удирддагаас 4 орон тоон дээр ажилла гэдэг шаардлага тавьсан. Гэтэл 4 орон тоон дээр ажиллахгүй ажлын ачаалал их, 6 орон тоон дээр ажиллана гэсэн хариу өгсөн. Хэрвээ 4 орон тоо ирэхэд нь бид ажилла гэж хэлээгүй, аль эсвэл ажлаа хийнэ халагдахгүй гээд байхад сургуулийн захиргаа "хүчээр" халсан бол бид 100% буруутай, шүүхийн шийдвэрийн энэ үндэслэлтэй маргах эрх байхгүй. с. Мэдэгдэх хуудас авсанаа нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байхад шүүх нотлогдож байгаа зүйлийг яагаад худлаа санаачлагаараа бичээд байгааг ойлгохгүй байна. Магадлалын хянавал хэсэгт бичсэн зарим хэсгийг ойлгоход бэрхшээлтэй, тодорхой биш байна. Үүнийг та ч гэсэн уншиж танилцах байх, нэгэн танайд ажиллахгүй гээд байгаа хүний юуг нь тодорхойлж, юуг тогтоож ажилласан жил ур чадварыг нь тогтоож байх ёстой юм бэ? Мөн Хөдөлмөрийн хуульд заасан ямар нөхцөл байдлыг бид харгалзаагүй олон мянган дүрэм журмаасаа ямагт нь нийцүүлэх, юуг зөрчсөнийг энэ шийдвэр магадлалаас үзэж шийдэх ёстой юм. Мөн төсвийн газар дээд байгууллагын шийдвэргүйгээр төгрөг зарцуулах эрхгүй бүх хувиарласан хөрөнгө тоо хэмжээтэй. Гэтэл одоо байгаа 4 орон тоон дээр 5 хүн ажилд ав гэсэн шийдвэр гаргасан. Бид давж заалдах гомдолдоо ажилтны хүсэлтээр гэж ганц ч үг үсэг бичээгүй байхад давж заалдах шатны шүүх хуралд оролцогчоо гүтгэж болохгүй. Нотлогдоогүй зүйлийг шийдвэр, магадлалд нотлогдсон мэтээр бичиж байгаа явдал бол хэт нэг талыг барьсан үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нар нь ажлаасаа халагдахгүй тийм учраас тэтгэмж авахгүй гэж ярьдаг болохоос, би ажлаас халагдахгүй гэсэн ч халагдсаны тэтгэмжээ авна гэж ярьдаггүй биздээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Дунгармаа, А.Энхтуяа, Н.Одонтуяа, М.Жаргал, Ж.Ганцэцэг нар нь Дархан-Уул аймаг дахь Дархан Өргөө политехник коллежид холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин болон нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Дархан-Уул аймаг дахь Дархан Өргөө политехник коллеж эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандсан байна.
Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дархан-Уул аймаг дахь Дархан Өргөө политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тушаалаар тогооч Л.Отгончулуун, Н.Дунгармаа, туслах тогооч А.Энхтуяа, Н.Одонтуяа, Угаагч Ж.Ганцэцэг, М.Жаргал нарын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1 заалт, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/30 тоот тушаалыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогчийн тушаалын талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-ийн шаардлагыг хангасан нь баримтаар нотлогдоогүй тул гомдлыг хангах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1181 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 185 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ