Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/ма2022/00248

 

 

А.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/02576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох нотариатч Б.Г-гийн гэрчилсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: А.Т- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/299 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 3-5 тоот гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхээ баталгаажуулсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/84 дугаартай захирамжаар дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 000733736 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. А.Т- нь хамгийн анх 2013 оны 02 дугаар сарын 12-нд Бүгд найрамдах Энэтхэг улсын Дели хотод элэг солиулах хагалгаанд орсон. Үүний дараа 2015 онд Солонгос улсад элэгний судас битүүрсэн тул дахин хагалгаанд орсон. А.Т- нь нийт 15 удаа мэдээ алдуулдаг хүнд мэс засалд орсон тул биеийн байдал байнга тогтворгүй, зарим тохиолдолд хэрхэн, ямар үйлдэл хийсэн зэргээ бүрэн хянаж чаддаггүй байсан. Гэтэл А.Т-ын энэхүү хэлцэл хийх чадваргүй байдлыг ашиглан А.Бат нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо, чулуут АОС 3-5 тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн авсан байна. А.Т- нь энэхүү итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө огт санадаггүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд А.Т-ын биеийн байдал сайжирч дээрх газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх гэсэн боловч түүнийг иргэний эрх зүйн чадамжгүй үед итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд уг итгэмжлэлээр дээрх газрын эзэмших эрхийг иргэн Б.Мөнхзаяад шилжүүлснийг мэдсэн. Иймд Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Г-гийн гэрчилсэн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож итгэмжлэлийг гэрчилсэн бөгөөд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу төлөөлүүлэгчид түүний эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 493 дугаартай итгэмжлэлийн Нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн болно гэсэн хэсгийн ард байх 1 болон 2 дугаар дээр А.Т- нь тус тус 2 удаа гарын үсгээ зурсан байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А.Т- нь Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтээ өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан байх бөгөөд бүртгэлийн дугаар 204-т гарын үсгийн баталгаагаа гэрчлүүлсэн байна. Энэ хүн үйлдлээ бүрэн хариуцах чадвартай байсан болох нь эндээс харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-г баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн А.Т-ын иргэн А.Батад эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн А.Т-ын нотариатч Б.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын агуулга: Итгэмжлэлээр ямар гэрээ, хэлцэл, үүрэг даалгаврыг ямар хугацаанд хэрхэн яаж биелүүлэх нөхцөл болзлыг нөгөө этгээдэд санал болгодог. Нөгөө этгээд саналыг хүлээн авсан бол итгэмжлэлийн агуулгыг өөрчилж болдоггүй тул итгэмжлэл нь нэг талын хэлцэлд тооцогддог. Гэтэл анхан шатны шүүх А.Т-, А.Бат нарын хооронд байгуулагдсан хоёр талын хэлцэл гэсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч А.Т- нь А.Батад өгсөн итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө санадаггүй. Хэлцэл хийх чадваргүй үед А.Бат нь А.Т-оос итгэмжлэл авсан байдаг. Гэтэл хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасны дагуу Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. А.Т-ын хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт байдаггүй бөгөөд үүнийг нотолж чаддаггүй. Нотариатч Б.Г- нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүй уг итгэмжлэлийг гэрчилсний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдсөн. Хариуцагчийн үйлдэл нь тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр болгох эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн.

Нотариатч нь шүүхэд бичгээр өгсөн болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа ...А.Т- нь асуултад энгийнээр хариулж байсан тул хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг тухайн үед ойлгоогүй гэж үзэх боломжгүй... гэж тайлбарладаг. Гэтэл нотариатч нь мэргэжлийн эмч хүн биш. А.Т- нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа-гаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн хэлцэл хийх чадваргүй байдлыг асуултаар мэдэх боломжгүй. Нотариатын итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж, эрх зүйн үр дагавар үүсгэдэг баримт бичиг учир төлөөлүүлэгчийн эрх ашигтай шууд холбогдоно. Гэвч шүүх энэ талаар дүгнээгүй. Нотариатч Б.Г-гийн гэрчилсэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч А.Т- нь хариуцагч буюу нотариатч Б.Г-д холбогдуулан түүний 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөдөлмөрийн чадвараа алдсанаас хүсэл зоригоо зөв илэрхийлж чадаагүй, итгэмжлэлийг хэрхэн, ямар үндэслэлээр өгснөө огт санадаггүй, нотариатч нь үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох дүрэм, журмыг баримтлаагүй гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ асуултад энгийнээр хариулж байсан тул хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг тухайн үед ойлгоогүй гэж үзэх боломжгүй, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож үйлдэл хийсэн гэж тус тус тайлбарласан байна. /хх1-2, 60/

4. Зохигчдын хооронд нотариатч нотариатын үйлдэл хийхдээ холбогдох хууль, дүрэм журмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч А.Т-оос А.Батад эрх олгосон итгэмжлэл 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийгдэж, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 3-5 тоот гэр бүлийн хэрэгцээний газрын эзэмших эрх шилжсэнтэй холбоотой маргаан үүссэн буюу нэхэмжлэгч А.Т-ын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу итгэмжлэлийг гэрчилсэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ. Учир нь, нэхэмжлэгч А.Т- хүсэл зоригоо зөв илэрхийлсэн эсэх, нотариатч Б.Г- үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг баримталсан эсэх үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд энэ нөхцөл байдлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг тогтоох буюу нөхөн гүйцээх, улмаар нэхэмжлэгч А.Т-ын хүсэл зоригийн илэрхийлэл, нотариатч Б.Г-гийн хийсэн үйлдлийн талаар тус тус дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/02576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН