Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00435

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т ын нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03067 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч И Э Э ХХК-д холбогдох 52,831,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т , хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: И Э Э ХХК нь Монгол улсад цахилгаан станц барих зорилгоор үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба тус компани санхүүгийн бэрхшээлд орж, үйл ажиллагааны хувьд удаа дараа доголдсон. Улмаар И Э Э ХХК болон компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Т Г /W T/ нар 20,000 ам.доллар түр хугацаанд зээлээч гэж гуйсны дагуу иргэн Ч.О нь 2017 оны 01 сарын 16-ны өдөр ... тоотод ерөнхий захирал Ү Т Г /W T/, монгол талын гүйцэтгэх захирал Ц.Х нарт 20,000 ам.доллар бэлнээр өгч, ...гаднаас хөрөнгө оруулалтаа авч үйл ажиллагаа хэвийн болонгуут зээлсэн 20,000 ам.долларыг 3 сарын дотор буцаан өгнө... гэж тохиролцсон. Гэтэл хугацаа өнгөрснөөс хойш одоог хүртэл 20,000 ам.долларыг буцаан өгөөгүй. Иргэн Ч.О нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн талаар Г.Т д мэдэгдэж, 20,000 ам.долларыг өгөх талаар И Э Э ХХК болон Ү Т Г /W T/, монгол талын гүйцэтгэх захирал Ц.Х нарт удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байна. Иймд И Э Э ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Т Г /W T/ нараас 2017 оны 01 сарын 16-ны өдөр зээлдүүлсэн 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул захирал Ү Т Г /W T/-аас татгалзаж компаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь ...И Э Э ХХК болон түүний хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Ү Т Г /W T/ нар нь Ч.О-ээс 2017 оны 01 сарын 16-ны өдөр компанийн үйл ажиллагаа доголдож, мөнгөний бэрхшээлд орсон тул 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг зээлсэн... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй юм. И Э Э ХХК нь Ч.О-ээс 20,000 ам.доллар буюу 52,831,600 төгрөгийг зээлээгүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй... гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И Э Э ХХК-аас 52,831,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 422,108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

а. И Э Э ХХК-ийн данс битүүмжлэгдсэн байсан тул 2017 оны 01 сарын 16-ны өдөр 20,000 ам.долларыг зээлсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 11/21 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор зөвхөн эд хөрөнгийг битүүмжилсэн, зээлсэн гэх цаг хугацаанаас хойно байгаа баримтыг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй.

б. Мөн БНСАУ-ын иргэн Ү Т Г /W T/, Ц.Х нарын хооронд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээний баруун дээд буланд төсөл гэж бичсэн албажаагүй, Ц.Х-ыг ажиллуулах талаар ярилцаж байхдаа хийсэн гэрээ ба ажиллуулах шаардлагагүй гэж үзэж талууд гэрээнд гарын үсэг зураагүй байхад албажиж, хэрэгжсэн мэтээр шүүх дүгнэж, И Э Э ХХК-ийг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ү Т Г /W T/ гэдгийг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэв дээрх хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх огнооноос өмнө бичсэн гэх 2017 оны 12 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирал Ц.Х-ы гарын үсэгтэй, иргэн Ч.О-д хүргүүлсэн зээл төлөх хугацааг хойшлуулах агуулга бүхий албан бичгийг И Э Э ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй ба Ч.Оийн шаардах эрхийг шилжүүлж авсан Г.Т нь Ц.Х-тай компанийн эсрэг үйл ажиллагаанд үгсэн хуйвалдаж оролцсон тул компанийн зүгээс эдгээр хүмүүстэй харилцахаа больсон албан бичгийн хувьд манай зүгээс мэдэхгүй байгаа. Байгууллагын албан бичигт үлдсэн хувь байдаггүй атал хариуцагч талын хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

в. И Э Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү Т Г /W T/, Ч.О нарын хоорондын харилцаа, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээс харахад ямар нэгэн баримтгүйгээр зээл олгох этгээд биш болох нь тогтоогдох ба И Э Э ХХК-ийн дансанд бэлэн болон бэлэн бусаар ороогүй 20,000 ам.долларыг яагаад нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Ц.Х нь бүх мөнгийг цалин тавихад зарцуулсан гэдэг атлаа шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо гаргаж өгсөн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар гэх Ц.Х-аас 10,000 ам.долларыг түрээсийн төлбөр, түрээсийн барьцаа гэх утгатай Ү Д М /W D M/ гэх этгээдэд шилжүүлсэн баримтыг үнэлсэн. Ц.Х нь дээрх мөнгийг Ү Т Г /W T/-ы охинд шилжүүлсэн гэдэг боловч Ү Д М /W D M/ нь Ү Т Г /W T/-ы охин биш бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атал шүүх эргэлзээ бүхий баримтыг үнэлсэн төдийгүй, Ү Т Г /W T/ болон түүний охинд мөнгө шилжүүлсэн гэж байгаа бол тэдгээр хүмүүсээс мөнгөө нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Ч.О нь И Э Э ХХК-д 2 жил гаруй, Ц.Х нь 5-6 жилийн хугацаанд ажилласан. Тухайн үед компанийн хөрөнгө санхүүгийн байдал хүндэрч, Ч.О-ээс 20,000 ам.доллар зээлсэн ба Ч.О данснаасаа 20,000 ам.долларыг И Э Э ХХК-ийн удирдах албан тушаалтанд хүлээлгэж өгсөн. И Э Э ХХК-аас ирүүлсэн албан бичигт ...20,000 ам.долларыг удахгүй буцааж өгнө, компанийн санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учраас удаж байгаад уучлаарай... гэж тусгасан бөгөөд И Э Э ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан, тухайн үеийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Х гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Ц.Х нь компанийг бүхий л үед төлөөлж ажилладаг. Хэрэгт Ц.Х-ыг гүйцэтгэх захирлаар ажилладаг болохыг нотлох гэрээ авагдсан. Хариуцагч талаас татгалзлаа нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

3.   Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч И Э Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,831,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, Ч.Оээс 20,000 ам.доллар зээлж аваагүй... гэж маргажээ. /хх 1-2, 36, 184/

 

4.   Иргэн Ч.О нь 2018 оны 08 сарын 08-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр И Э Э ХХК-д зээлдүүлсэн 20,000 ам.долларыг шаардан авах эрхийг Г.Т д шилжүүлсэн, уг гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд Г.Тулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ. /хх 26/

 

5.   Хэрэгт авагдсан иргэн Ч.О-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь ам.долларын Депозит дансны хуулга-д 2017 оны 01 сарын 16-ны өдөр 21,514 ам.долларын зарлагын гүйлгээ хийгдсэн тухай бичилт /хх 53/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Гадаад шилжүүлгийн даалгавар-т 2017 оны 01 сарын 18-ны өдөр 10,000 ам.долларыг Ц.Х-аас Ү Д М /W D M/-д шилжүүлсэн тухай тэмдэглэгээ /хх 171, 172/, И Э Э ХХК-ийн лого бүхий 2017 оны 12 сарын 08-ны өдрийн албан бичигт ...2017 оны 01 сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай иргэн Ч.О танаас авсан 20,000 ам.долларыг удахгүй буцааж өгнө... гэж дурдсан байдал /хх 40/, гэрч Ц.Х-ны 2021 оны 12 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...Зээлсэн нь үнэн. Компанийн үйл ажиллагаа доголдож, 12 дугаар сард цалин тавьж чадахгүй хүнд байдалд орсон, ...И Э Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ү Т Г /W T/ намайг дуудаад 20,000-50,000 ам.доллар яаралтай зээлээд аваад ир гээд аман үүрэг өгсөн..., ...10,000 ам.доллар Солонгос руу өрөнд явсан, ...Захирлын төрсөн охин Ү Д М /W D M/-ы данс руу шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх 185, 185-арын нүүр/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлвэл И Э Э ХХК нь Ч.О-ээс 20,000 ам.долларыг зээлж авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.

 

6.   Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

а. 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ төсөл байсан, албажаагүй гэж хариуцагч тал тайлбарлах боловч уг хөдөлмөрийн гэрээнд нэг талаас И Э Э ХХК-ийн захирал Ү Т Г /W T/, нөгөө талаас Ц.Х тус тус гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байна. /хх 74-82/

б. Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 41/, өмнө дурьдсан Хөдөлмөрийн гэрээ /хх 74-82/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 5/275/ тоот И Э Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х танаа гэж хаягласан албан бичиг /хх 84/, И Э Э ХХК-ийн тамга бүхий 2018 оны 07 сарын 17-ны өдрийн 16/18 тоот ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн танаа гэж хаягласан албан бичиг /хх 85/ зэрэг баримтуудад хариуцагч компанийг төлөөлж Ц.Х гарын үсэг зурсан зэргээс үзвэл Ц.Хыг тухайн үед И Э Э ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд байсан гэж үзнэ.

в. Улсын бүртгэлд компанийн захирлаар Ц.Х бүртгэгдээгүй гэх асуудал нь тухайн компанийн бүртгэл хийлгэх үүрэгтэй холбоотой асуудал байх бөгөөд энэ нь И Э Э ХХК-ийг төлөөлж түүний бусадтай хийсэн хэлцлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Тиймээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх... заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И Э Э ХХК-аас 52,831,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 422,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР